Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0448

 

С.Н-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0394 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу С.Н-гийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0394 дүгээр шийдвэрээр: “Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүл мэндийн сайдад холбогдуулан гаргасан “Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Тэтгэмжийн тухай” 1а/5006 дугаар албан бичгийн хавсралтын С.Н-д холбогдох хэсгийн 12 жил гэснийг хүчингүй болгож, 33 жилээр тогтоон тэтгэмж олгож, тэтгэмжийн зөрүү 10.279.500 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий С.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Н давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгчийн зүгээс “...бусад салбарын байгууллагад” гэдгийг эрүүл мэндийн болон төрийн өмчийн бусад байгууллагад ажилласан байхаар ойлгоно гэж үзэж маргасан, харин хариуцагчийн зүгээс “зөвхөн эрүүл мэндийн салбарт 25 жил ба түүнээс дээш жил ажилласан байх шаардлагыг хангаагүй” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг тайлбарласан.

Энэ тохиолдолд шүүхээс дээрх хуулийн заалтын “Бусад салбарын байгууллагад” гэдгийг хэрхэн ойлгохыг үг зүйн талаас нь буюу үгийн утгаар, хууль зүйн заалтын зорилгоор нь тайлбарлах шаардлагатай бөгөөд эрүүл мэндийн байгууллагад болон төрийн өмчийн бусад салбарын /боловсролын болоод шүүх эрх мэдлийн/ байгууллагад 33 жил 11 сар гаран ажилласан байдал хуулийн энэ нөхцөлийг хангасан гэж үзэж байгаа. Нэгэнт хуулийн зохицуулалтад хамаарах субъектийг хуульд тодорхой заасан байхад шүүхээс үндэслэлгүй дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Дээрх хуулийн заалтыг нийтэд дагаж мөрдөхөөр тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр тайлбар гараагүй боловч хуулийг нэг хүн, нэг эрх бүхий албан тушаалтан, шүүх шат шатандаа өөр өөрөөр ойлгож тайлбарлаж байгаад харамсалтай санагдаж байна. Миний төрийн байгууллагад 33 жил 11 сар, үүнээс эрүүл мэндийн салбарын байгууллагад 12 жил гаран ажилласан байдал нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан нөхцөлийг хангасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэгч миний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1а/5006 дугаар албан бичиг, түүний хавсралтаар[1] өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа эмнэлгийн бусад мэргэжилтнүүдэд тэтгэмж олгохоор шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч С.Н-д 5.874.000 /12 сар х 489.500 төгрөг/ төгрөгийн тэтгэмжийг олгожээ.

Нэхэмжлэгчээс дээрх тэтгэмжийг олгохдоо “Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.2, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405, 2015 оны 338 дугаар тогтоолын дагуу 12 сар бус улсад ажилласан 33 сар /33 жил 11 сар/ тооцон олгох ёстой байтал үндэслэлгүйгээр бага тэтгэмж олгож шийдвэрлэсэн” хэмээн тайлбарлан маргасныг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, С.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно”, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 338 дугаар тогтоолын 21 –д “Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т тус тус заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн хэмжээг энэ журмын 3, 4 дэх заалтад заасны дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 5.4-5.8-д заасан хугацааг оруулан тооцно. Мөнгөн тэтгэмжийг энэ журмын 6-10-т заасныг баримтлан олгоно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь улсад 33 жил 11 сар ажилласнаас эрүүл мэндийн байгууллагын бусад ажилтнаар 12 жил ажилласан, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд ажиллаагүй байх бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй байна.

Дээрх хууль, журмаар Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан шаардлагыг хангасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад түүнд олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405, 2015 оны 338 дугаар тогтоолоор зохицуулсан цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийн дагуу олгохоор зохицуулжээ.

С.Н нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан хоёр шалгуур нөхцөлийг хангаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, “төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эрүүл мэндийн бусад ажилтан” гэх нөхцөлийн хувьд Эрүүл мэндийн тухай хуулийн зорилт нь эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэний гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд “төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад” гэдгийг төрийн өмчийн эсхүл бусад эрүүл мэндийн салбарын байгууллагад ажилласан байх гэж ойлгохоор байх тул нэхэмжлэгчийн Дархан хот дахь Барилгын техник мэргэжлийн 2 дугаар дунд сургуулийн тооцооны нягтлан бодогчоор[2], Дархан хотын шүүхэд нягтлан бодогчоор[3], Үйлдвэр худалдааны яамны харъяа Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Дархан-Уул төвд нярав, бичиг хэргийн ажилтнаар[4] ажиллаж байсныг “бусад салбарын байгууллагад” ажилласан гэх нөхцөлд хамруулан үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн тухай хуулиар өмчийн хэлбэрээс үл хамааран эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, түүний ажилтан албан хаагчтай холбоотой харилцааг зохицуулсан тул эрүүл мэндээс бусад өөр салбарт ажиллаж байгаа албан хаагчтай холбоотой харилцааг зохицуулсан гэж үзэхгүй тул уг асуудлаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахааргүй байна.

Хариуцагч Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан шаардлагыг хангахгүй байгаа нэхэмжлэгчид тэтгэмж олгохдоо цалингийн хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 405, 338 дугаар тогтоолд заасан аргачлалаар тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасны дагуу 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0394 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                            Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                            С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-49 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-34, 35 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-36 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-32 хуудас