Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2023/0005

 

“Хтбн ” ГҮТББ-ын  нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яаманд

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Х.Батсүрэн

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                 Д.Батбаатар

                                П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:        М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал  

Нэхэмжлэлийн шаардлага: “Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” 217 дугаар тушаалын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах”,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г -О-ыг оролцуулан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 102 дугаар зүйлийн 102.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасныг баримтлан “Хтбн ” ГҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар тушаалын 3 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдол

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г , С.Д нараас “... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “6... уг тушаалын 3 дахь заалтыг үндэслэхдээ уг санал нь тухай тушаалын зорилгод нийцэх эсэх, бусад хууль тогтоомжтой зөрчилдөх эсэх, хүн, хуулийн этгээдийн ашиг сонирхол зөрчигдөх эсэхийг харгалзан үзэлгүй баталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуульд нийцсэн байх” гэж заасанд нийцээгүй байна” дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь Барилга, хот байгуулалтын сайд дээрх маргаан бүхий актыг батлахдаа Барилгын тухай хуулийн 33.1.10-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Сангийн сайдаас ирүүлсэн саналд үндэслэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1 дэх заалтад нийцүүлэн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-т “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гарсан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэх, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т “жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж, хэрэгжүүлэх” гэх заалтуудын хэрэгжилтийг хангахад чиглэсэн байгааг шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа харгалзан үзээгүй байна.
  1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “7.Барилгын тухай хуулиар хариуцагчид тухайн хэм хэмжээний актыг батлах бүрэн барилгын асуудлын тарифт цалин батлах асуудал нь хөдөлмөрийн харилцааны нэг хүчин зүйл болохын хувьд Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, цалин хөлсийг тогтоохтой холбоотой олон улсын гэрээ, зөвлөмжөөр тогтоосон суурь зарчмуудтай нийцүүлэх үүрэгтэй” гэж дүгнэсэн нь хууль тогтоогчийн хүсэл зориг болон барилгын хуулийн үзэл баримтлалыг шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа буруу тайлбарласан гэж дүгнэж байна. Тодруулбал, Барилгын тухай хуулийн 33.1.10-т “санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн барилга байгууламжийн нэгж хүчин чадлын үнэлгээ, үнийн индекс, барилгын ажлын тарифт цалинг батлах” гэж хуульчилсан нь хууль тогтоогч уг асуудлуудыг санхүүгийн харилцааны бүрэлдэхүүн хэсэгт хамааруулан хуульчилсан байхад шүүхийн бүрэлдэхүүн уг харилцааг хөдөлмөрийн харилцааны бүрэлдэхүүн хэсэгт гэж дүгнэсэн нь буруу байна.
  1. Дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэжээ.
  2. Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох;” гэж тус тус зааснаар захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд хүн, хуулийн этгээд захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй; шүүх эдгээр хоёр нөхцөл зэрэг тогтоогдсон тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох боломжтой юм.
  1. Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... “Хтбн ” ГҮТББ нь 2021 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд манай холбоонд нийт 40 гаруй аж ахуйн нэгжүүд гишүүнчлэлтэй, эрх хууль ёсны эрх ашиг сонирхлоороо нэгдэж үйл ажиллагаа явуулж байна ... манай байгууллагын хувьд гишүүнчлэл бүхий аж ахуйн нэгжүүдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангаж, хамгаалах үйл ажиллагаа явуулдаг төдийгүй барилгачдын эрх ашгийг хамгаалан ажиллаж үйл ажиллагаагаа явуулдаг болно. Барилга, хот байгуулалтын сайдын “Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар тушаалын 3 дугаар заалт болон 5 дугаар заалт нь хоорондоо зөрчилтэй байгаагаас олон барилгын компаниуд санхүүгийн хохиролд орох нөхцөл байдал үүсэж байна ...” хэмээн зөрчигдөж болзошгүй эрхээ тайлбарласан; нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ***дугаартай гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг “Төрийн захиалгаар барилгын ажил гүйцэтгэгч компаниудын эрх ашгийг хамгаалах ...” гэсэн боловч бусад баримтуудтай харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэдэг нь тогтоогдохгүй байна.
  1. Тодруулбал, дээр дурдсан ***дугаартай гэрчилгээг үзэхэд, хариуцлагын хэлбэрийг “Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж заасан бөгөөд гишүүдийн тоо 4 гэж (хавтаст хэргийн 8 дахь тал); тус төрийн бус байгууллагын дүрмийн үүсгэн байгуулагч хэсэгт Ч.Н, Ц,Ц , З.М , Н.Н  гэж тус тус дурдаж эдгээр иргэд гарын үсэг зурсан (хавтаст хэргийн 32-33 дахь тал); Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны  эрх барих этгээдийн мэдээлэлд өөр иргэдийн нэр байгаа ч гишүүний мэдээлэлд мөн дурдсан дөрвөн иргэний нэрс байгаа (хавтаст хэргийн 34 дэх тал) бөгөөд хавтаст хэрэгт нэхэмжлэгч хуулийн этгээдийн мэдээллийг агуулсан өөр баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул өмнө дурдсан “... манай холбоонд нийт 40 гаруй аж ахуйн нэгжүүд гишүүнчлэлтэй ...” гэх үйл баримт тогтоогдохгүй; бусад хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй тул “... манай байгууллагын хувьд гишүүнчлэл бүхий аж ахуйн нэгжүүдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангаж хамгаалах үйл ажиллагаа явуулдаг төдийгүй барилгачдын эрх ашгийг хамгаалан ажиллаж үйл ажиллагаагаа явуулдаг ...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзэх үндэслэлгүй.
  1. Түүнчлэн, маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгч “Хтбн ” ГҮТББ-ын, эсхүл гишүүн иргэдийнх нь ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй болох нь, мөн түүнийг хүчингүй болгосноор сэргэх, эсхүл хамгаалагдах эрх нь тодорхойгүй байхад давж заалдах шатны шүүх эдгээр баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүй “... /уг тушаалын/ улмаас барилгын ажил эрхлэгчдийн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй ...” гэсэн нь буруу болжээ.
  1. Хоёр. Нэхэмжлэгчээс “Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” 217 дугаар тушаалын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, энэхүү заалтын улмаас аж ахуйн нэгжүүд хохирч байгаа талаар үндэслэлдээ дурдсан боловч тухайн тушаал нь аль хуулийн ямар заалтыг зөрчсөн талаар дурдаагүй; давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлд дурдаагүй Хөдөлмөрийн тухай хууль болон Монгол Улсын олон улсын конвенцын холбогдох заалтыг зөрчсөн талаар дүгнэж, тушаалын хэсгийг хүчингүй болгосон нь мөн үндэслэлгүй байна.
  1. Учир нь, “Тэгш шан хөлс олгох тухай” олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар конвенцын удиртгал хэсэгт “Чуулганы хэлэлцэх хэргийн долдугаар асуудал болох эрэгтэй, эмэгтэй ажилчдад тэгш шан хөлс олгох зарчмын тухай тодорхой саналыг батлахаар шийдвэрлэж” гэсний зэрэгцээ давж заалдах шатны шүүхийн үндэслэсэн Хоёрдугаар зүйлийн 1-д “Гишүүн улс бүр шан хөлсний хэмжээг тогтоох аргад нийцүүлэн адил хөдөлмөр эрхэлж буй эрэгтэй, эмэгтэй ажилчдад тэгш шан хөлс олгохыг дэмжиж, уг зарчмыг бүх ажилчдын хувьд хэрэгжүүлнэ” гэх болон бусад зүйлийг нэгтгэн авч үзэхэд уг конвенц нь хөдөлмөрийн шан хөлсийг хүйсийн ялгаатай байдалд үндэслэж тогтоохын эсрэг чиглэсэн агуулгатай буюу Барилга, хот байгуулалтын сайдаас барилгын ажилтны тарифт цалинг баталсантай холбоотой маргаанд хамааралгүй.
  1. Түүнчлэн шүүхийн тогтоох хэсэгт баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтууд (2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон) нь маргаан бүхий тушаалыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлах үед хүчин төгөлдөр болоогүй байхын зэрэгцээ тухайн үед хүчин төгөлдөр байсан Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино” гэж зааснаар уг хууль нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажил олгогч, ажилтан нарын хоорондын эрх зүйн үндсийг тогтооход чиглэсэн буюу мөн нийтийн эрх зүйн хүрээнд гарч буй маргаан бүхий тушаалын эрх зүйн үндэслэлд дүгнэлт өгөхөд хэрэглэгдэхгүй, шүүхийн “... барилгын ажилтны тарифт цалин батлах асуудал нь хөдөлмөрийн харилцааны нэг хүчин зүйл болохын хувьд Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, цалин хөлсийг тогтоохтой холбоотой олон улсын гэрээ, зөвлөмжөөр тогтоосон суурь зарчмуудад нийцүүлэх үүрэгтэй ...” гэсэн нь үндэслэлгүй байна.
  1. Гурав. Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” 217 дугаар тушаалын 3 дахь заалтаар “Тарифт цалингийн жишгийг шинэчлэн баталсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө барилга, байгууламжийн зураг төсөл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн төсөл, арга хэмжээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 263 дугаар тушаалаар баталсан тарифт цалингийн жишгийг хэвээр мөрдөж ажилласугай” гэж шийдвэрлэжээ.
  1. Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлд “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага барилгын үйл ажиллагааны дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 33.1.10-т “санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ, үнийн индекс барилгын ажилтны тарифт цалинг батлах;” гэж заасны дагуу тухайн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөн байх (гипотез) нөхцөлийг хуульд тусгайлан заажээ.
  1. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас “Тарифт цалингийн жишгийн шинэчлэл”-ийг хэлэлцээд “... Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж батлах ...” гэж шийдвэрлэсэн; үүний дагуу Барилга, хот байгуулалтын сайд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/3772 тоот албан бичгээр сангийн яаманд тушаалын төсөл болон холбогдох материалыг хүргүүлсэн; Сангийн яамнаас нь дээрх албан бичгээр хүргүүлсэн тушаалын төсөл болон холбогдох материалтай танилцаад 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9/8227 тоот албан бичгээр хариуг ирүүлэхдээ “барилгын ажилтны тарифт цалингийн жишиг шинэчлэгдсэнээр барилга байгууламжийн төсөвт өртөг 1.3, 1.5 дахин өсөхөөр байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэх гол шалтгаан болохоор байна ... уг цалингийн жишгийг Төсвийн тухай хуулийн 6.2.5-т заасны дагуу 2021 оноос шинээр эхлэх төсөл арга хэмжээнд ашиглах шаардлагыг тавьж тушаалын төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт нь гарч барилга угсралтын ажил эхэлсэн төсөл арга хэмжээнээс бусад барилга байгууламжид ашиглах тухай тусгайлсан заалт нэмж оруулах ...” гэсэн санал ирүүлснийг үндэслэн Барилга, хот байгуулалтын сайдын “Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” дээрх 217 дугаар тушаалын 3 дахь заалтад тусган баталсан зэрэг үйл баримт тогтоогджээ.
  1. Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төсөв нь Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх бөгөөд төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад дараах зарчмыг баримтална:” гээд 5.1.1-д “төсвийн тогтвортой байдлыг хангасан байх;” гэж; мөн хуулийн 6.1-д “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”,  6.2-т “Энэ хуулийн 5.1.1-д заасан төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:” гээд 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гарсан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад баримтлах үндсэн зарчмыг хууль тогтоогч баталгаажуулахдаа төсвийн жилийн дундуур зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргахаар бол дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байхыг тусгайлан зохицуулжээ.
  1. Тиймээс маргаан бүхий тушаалыг гаргахын өмнө Барилгын тухай хуульд заасан шаардлагыг ханган Сангийн сайдтай зөвшилцөж, Төсвийн тухай хуулиар хүлээлгэсэн дээрх зарчмыг баримталж, 3 дахь заалтаар (2020 оны Төсвийн хууль батлагдсаны дараа) шинэчлэгдсэн тарифт цалингийн жишгийг барилга, байгууламжийн зураг төсөл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн төсөл, арга хэмжээнд хэрэглэхгүй байхаар, өөрөөр хэлбэл, эдгээр төсөл, арга хэмжээнд өмнөх Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 263 дугаар тушаалаар баталсан тарифт цалингийн жишгийг хэвээр мөрдөхөөр заасан нь холбогдох хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд өмнө дурдсан хуулиудад нийцсэн, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.
  1. Гэтэл давж заалдах шатны шүүх “... Харин уг тушаалын 3 дахь заалтыг Сангийн сайдаас ирүүлсэн саналыг үндэслэхдээ уг санал нь тухайн тушаалын зорилгод нийцэх эсэх, бусад хууль тогтоомжтой зөрчилдөх эсэх, хүн, хуулийн этгээдийн ашиг сонирхол зөрчигдөх эсэхийг харгалзан үзэлгүй баталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д ... нийцээгүй ...” гэсэн нь үндэслэлгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... Төсвийн тухай хуулийн /6.2.5, 6.2.2 дахь заалтын/ хэрэгжилтийг хангахад чиглэсэн байгааг шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа харгалзан үзээгүй ...  хууль тогтоогчийн хүсэл зориг болон барилгын хуулийн үзэл баримтлалыг шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа буруу тайлбарласан ... Барилгын тухай хуулийн 33.1.10-т “санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн барилга байгууламжийн нэгж хүчин чадлын үнэлгээ, үнийн индекс, барилгын ажлын тарифт цалинг батлах” гэж хуульчилсан нь хууль тогтоогч уг асуудлуудыг санхүүгийн харилцааны бүрэлдэхүүн хэсэгт хамааруулан хуульчилсан байхад шүүхийн бүрэлдэхүүн уг харилцааг хөдөлмөрийн харилцааны бүрэлдэхүүн хэсэгт гэж дүгнэсэн нь буруу ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
  1. Нэгтгэн үзвэл, маргаан бүхий тушаалын заалт хуульд нийцсэн, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, зөрчигдөж болзошгүй нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г , С.Д  нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
  1. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн нэрийг “Г.Г...” гэж буруу бичсэн болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.10, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хтбн ” ГҮТББ-аас Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан гаргасан “... сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” 217 дугаар тушаалын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, С.Д  нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Х.БАТСҮРЭН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                   Д.БАТБААТАР

                                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                          М.БАТСУУРЬ