Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00115

 

 

                                                Э.Зоригтын нэхэмжлэлтэй

                                                     иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 654 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Э.Зоригтын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Хишигдэлгэрт холбогдох

2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд

            Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Зоригтын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 4 дүгээр байр, 5 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгч нь Энхболд овогтой Зоригт би байгаа юм. Намайг эзгүйд надад мэдэгдэлгүй миний найз болох шинэ хорооллын 2 дугаар байрны Батням, 3 дугаар байрны Энхбаатар нарт мөнгө өгч миний өмнөөс гарын үсэг зуруулж орон сууц бэлэглэлийн гэрээг хийсэн С.Хишигдэлгэрт гомдолтой байна. Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хууран мэхлэж хийсэн хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцно гэсэн тул хууран мэхлэгч С.Хишигдэлгэрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлэгч Д.Болд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би сая Зүүнхараа ороод ирэхдээ дүү Э.Зоригттой уулзаж байрны тухай ярилцан ээжийн чинь хийсэн гэрээ байдаг юм. Туслах боломж байна уу гэхэд дүү маань хасагдах хэлцэлийг би хийгээгүй, энэ 2 хүн миний өмнөөс гарын үсэг зурсан. А хуульч хүн тул мэдэж байгаа миний өмнөөс хийсэн хуурамч бэлэглэлийн гэрээг, зээлийн гэрээг хүчингүй болгож өг гэсэн. 2008 оны 10 дугаар сарын 14-ний гэрээ. Иргэний хуулийн 56.5-аар энэ хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгч тул шаардах эрхтэй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд ч байна. Үл хөдлөх өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болох үйлдлийг арилгуулахаар шаардах эрхтэй. Эрх нь зөрчигдөж байна. Уранхишиг анх 2 000 000 төгрөг зээлье гээд түүнийгээ 4 000 000 төгрөг болгоё гэхэд нь ганцаараа өмчлөгч байвал шилжүүлнэ гэхээр Зоригт, Ирээдүй 2-ыг хасуулан мөнгө авч гарын үсэг зуруулсан гэдэг. Цагдаагийн газарт шалгуулж байх үедээ                    8 000 000 төгрөг өгчихвөл саадгүй байрыг нь буцааж өгнө гээд байсан, яагаад хэлсэн ярьснаасаа буцаад байгаа юм. Би нотлох баримтыг үндэслэн ярьж байна. 2009 оны    08-а шийдвэрийн 4 дүгээр хуудаст өөрийх нь хэлсэн зүйл байгаа. Зохигчдын тайлбар, нотлох баримтыг үзэхэд гэсний дараа. Хүний юмыг авчихаад жаргачихна гэж бодоогүй биз. Иргэний хуулийн 1 дүгээр заалт байна. Зоригт нь өмчийн халдашгүй байдлыг хамгаалж, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээнэ гэсэн байна. Мөн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4-т яаж хамгаалахыг заасан байна. Бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх гэсэн байна. Мөнгөө аваад, байрыг өг, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хорооллын 4 дүгээр байр 5 тоот байрны маргаан нь 7-8 жил өргөдөл, гомдлоор үргэлжлээд шүүхээр удаа дараа орж хэлэлцсээр 2015 онд хамгийн сүүлийн удаа Улсын дээд шүүхээр хянагдаж, шийдвэрлэгдэж дууссан, шийдвэр хүчин төгөлдөр болсон Д.Болд нь дахин дахин өргөдөл болон нэхэмжлэлийг өөрийн болон бусдын нэрийн өмнөөс гаргаж ажил амьдралд чирэгдэл учруулж байгаа нь үнэхээр хэцүү байна. Надтай гэрээ хийхээс өмнөх байрны өмчлөлөөс хасагдсан асуудлыг холбож бичээд байгааг ойлгохгүй байна. Би Зоригт, Ирээдүй нарыг мэдэхгүй. Уранхишиг бид нар 2008 оны 10 дугаар сард гэрээ хийсэн. 7 дугаар сарын 1-ний үед уулзсан. Анх зар өгөх үед энэ 2 хүний нэр байгаагүй, Ханд, Уранхишиг нарын нэр дээр гэрчилгээ байсан, шилжүүлэх асуудлыг хууль зүйн дагуу л хийсэн. Зоригт, Ирээдүй нарын хасагдах хэлцэл надад хамааралгүй” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 654 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Зоригтын итгэмжлэгдсэн төлөлөөгч Д.Болдын хариуцагч С.Хишигдэлгэрт холбогдуулан гаргасан Дархан сумын 11 дүгээр баг 4 дүгээр байрын 05 тоот орон сууцыг Д.Уранхишгээс С.Хишигдэлгэрт шилжүүлсэн 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Болдын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд давж заалдах гомдолдоо:

2016-04-20-ны Дугаар 654 тоот шийдвэрийг 2016-05-03-нд хүлээн аваад эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 9-р зүйл иргэний эрх зүйн хамгаалалт 9.1 иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна. 9.4.8 Иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох

56-р зүйл Хүчин төгөлдөр бус байх хэлцэл.

56.4. Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно.

56.6. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж хуулинд заажээ. Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хууль зүйн үндэслэлгүй гаргасан 2016-04-20-ны дугаар 654 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э.Зоригтын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд нь 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн С.Хишигдэлгэр Д.Уранхишиг нарын хооронд хийгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг 6 дугаар хороолол 4 дүгээр байрны 5 тоот 2 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг дараах байдлаар ноцтой зөрчжээ. Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

Үүнд: Нэхэмжлэгч Э.Зоригтын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байхад иргэний хэрэг үүсгэхдээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэх захирамжинд Э.Зоригтын нэхэмжлэлтэй гэж нэхэмжлэгчийг буруу тодорхойлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчсөн.

2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Болдод гардуулсан. /хх-ийн 11 дүгээр хуудас/

Энэ өдрөө эрх үүрэг тайлбарласан атлаа хэргийн материал танилцуулсан ажиллагаа хийсэн /хх-13,19/ хэрэг танилцуулсан баримт нь 2016 оны 04 дүгээр сарын 0 өдөр гэсэн огноотой ч өдөр нь тодорхойгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-г зөрчсөн.

Хариуцагч Хишигдэлгэр 2016 оны 04 дүгээр сарын 06-нд хариу тайлбар гаргасан мэт харагдаж байгаа боловч “6” гэсэн тоог балаар гараар бичсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбартай танилцах боломж олгоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлээгүй.

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр буюу шүүх хуралдаан хийсэн өдрөө хэргийн материал дахин танилцуулсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хариу тайлбартай танилцах, нотлох баримт, хүсэлт гаргах эрхийг олгоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 зөрчсөн.

Мөн нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, зээлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй байхад зээлийн гэрээг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-г зөрчсөн.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн байх тул шүүх хэргийн шийдвэрлэлтийг байдалд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй ба давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөн засах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 654 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН

 

                                                                   ШҮҮГЧИД                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                         С.УРАНЧИМЭГ