Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 509

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, ОЙ66073009 регистртэй, Тайчууд овогт Цаянгийн Мунгаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмардарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Мунгаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 16 настайгаасаа буюу 1982 оны 07 дугаар сараас эхлэн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. Одоо 4 хүүхэдтэй, өндөр насны тэтгэврээ тогтоолгох нас болсон тул бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон юм. Миний тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас намайг Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1982 оны 07 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмардарь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Мунгаа нь миний ээж тул би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь оролцож байна. Ээж маань 1982 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. Дандаа бог мал маллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдсэн учраас түүний Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг нь тогтоож өгнө үү” гэв.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Мунгаа нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргаж ирүүлсэн Цаянгийн Мунгаагийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Ц.Мунгаагийн 134 тоот төрөлтийн түүхэд түүний ажлын газрыг Өмнөговь суманд малчин гэж бичжээ,

3. Гэрч Р.Пүрвээгийн шүүхэд өгсөн: “Би 1978 оноос Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн харьяа Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажилд орж 1985 он хүртэл ажиллаад Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Үйлдвэр бригадад тракторчноор 1990 он хүртэл, “Цог” компанид 1992 оны 6 дугаар сар хүртэл тракторчноор ажиллаж байсан. Ц.Мунгаа 1982 онос Өмнөговь сумын “Цог” нэгдэлд малчнаар ажилд орж нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1990 он хүртэл ажилласан юм. Түүний нөхөр мөн малчин байсан. Одоо ч гэр бүлээрээ малаа маллан амьдарч байгаа хүмүүс юм. Бид нэг байгууллагад хамт ажиллаж байсан нь үнэн юм. Тухайн үед нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

4. Гэрч Г.Батхишигийн шүүхэд өгсөн: “Миний бие 1973 оноос Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Үйлдвэр бригадад тракторчин, комбайнчнаар ажилд орж 1992 онд нэгдэл хувьчлагдах хүртэл ажиллаад 1993 оны 3 дугаар сард “Цог” ХХК болоход нь үргэлжлүүлэн 2003 он хүртэл тус тус ажилласан юм. Ц.Мунгаа нь 1982 оноос 1989 оны хооронд “Цог” нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм. Түүний нөхөр Эрдэнэсүрэн нь мөн л малчин байсан ба одоо ч гэр бүлээрээ мал маллаад Өмнөговь сумандаа амьдарч байгаа хүмүүс юм” гэх мэдүүлэг,

5. Гэрч Р.Пүрвээ, Г.Батхишиг нарын Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

        Нэхэмжлэгч Ц.Мунгаа нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн Ц.Мунгаагийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, төрөлтийн түүх, гэрч Р.Пүрвээ, Г.Батхишиг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Ц.Мунгаагийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 7 жил, 6  сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мунгаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайчууд овогт Цаянгийн Мунгаагийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 7 /долоо/ жил, 6 /зургаа/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мунгаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР