Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01050

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2024          05            17                                        210/МА2024/01050

 

 

Э ХХК, Ч.Э нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00758 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э ХХК, Ч.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч БНХАУ-ын иргэн Ю-дхолбогдох,

БНХАУ-ын иргэн Ю-ээс Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э ХХК-ийн өмгөөлөгч Т.Э, нэхэмжлэгч Ч.Э-ы өмгөөлөгч С.У, Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Э ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан БНХАУ-ын иргэн Я нь Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ биелүүлэхгүй, компанид шууд хохирол учруулсан үйл ажиллагаа явуулсаны улмаас их хэмжээний зээлийн болон татварын өр үлдээгээд 2012 оны сүүлээр БНХАУ руу буцаж явсан, өнөөдрийг хүртэл холбоо барихгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна. Үүний улмаас компанийн уурхайн үйл ажиллагаа 2013, 2014 онд бүрмөсөн зогсож, өр төлбөр, хураамж, лицензийн төлбөр, хайгуулын зардал зэрэг их хэмжээний өр төлбөрийн дарамтад орсон.

1.1. БНХАУ-ын иргэн Я нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.7, 31 дүгээр зүйлийн 31.1, 42 дугаар зүйлийн 42.1, Газрын хэвлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 26, 486, 490, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 10 дугаар зүйлийн 10.1, Хог хаягдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 10 дугаар зүйлийн 10.2.5, Усны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 28 дугаар зүйлийн 28.11, 28.18, 30 дугаар зүйлийн 30.1.3, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.7, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Хэмжилзүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 67 дугаар тогтоолын 2 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 4.9 дэх заалтыг тус тус зөрчсөн.

1.2. БНХАУ-ын иргэн Я-д 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг яаралтай зарлах тухай шаардлагыг хүргүүлсэн боловч ямар нэг арга хэмжээ аваагүй, компанид хамааралгүй БНХАУ-ын иргэн Ю-дкомпанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг өгч компанид хохиролтой үйл ажиллагаа явуулсан.

1.3. Дээр дурдсан нөхцөл байдлыг шийдвэрлэх, компанийн удирдлагыг тодорхой болгох үүднээс хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хойшлогдсон хурлаар БНХАУ-ын иргэн Я-ыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд Монгол Улсын иргэн Ч.Ч-ыг томилсон. Иймд БНХАУ-ын иргэн Ю-ээс Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хувьцаа эзэмшигч Ч.Э нь компанийн дүрмийн 5.1, 6.1, 7.1, 7.2, 7.3, 8.1, 8.2, 8.4-д заалтуудыг зөрчиж, компанийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, компанийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Я нарт мэдэгдэлгүйгээр хувь нийлүүлэгчдийн эрхийг зөрчиж, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит болон ээлжит бус аль хэлбэрээр зарлан хуралдуулсан нь тодорхойгүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээгүй атлаа хийсэн мэтээр үндэслэлгүйгээр гүйцэтгэх удирдлагыг шинээр сонгох, гүйцэтгэх захирлыг дур мэдэн томилсон. Нэхэмжлэлд хавсаргасан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэл зэрэг нь албан ёсны шийдвэр, тэмдэглэл биш.

2.1. Ч.Э нь БНХАУ-ын иргэн Я-ыг 2012 онд Монгол улсаас гарсан шалтгаан нөхцөлийг мэдэж байсан.

2.2. Компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа 2013, 2014 онд бүрмөсөн зогсож, өр төлбөр, хураамж, лицензийн төлбөр, хайгуулын зардал зэргийг тус компанийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Я-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч БНХАУ-ын иргэн Юминий бие барагдуулж өнөөдрийг хүртэл компанийн ашиглалтын лиценз, уурхай болон олборлолт борлуулалтыг аль болох хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нийцсэн байдлаар зохицуулж ирсэн. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн Ю-ээс Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Эы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Ч-ын нэхэмжлэлтэй БНХАУ-ын иргэн Ю-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: БНХАУ-ын иргэн Янь Э ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ биелүүлэхгүй, өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх БНХАУ-ын иргэн Ю-д компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг өгсөн.

Улмаар БНХАУ-ын иргэн Ю нь компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, компанийн татварт ногдох орлогыг хувийн дансаар авах замаар нуун дарагдуулж, компанийн хөрөнгө мөнгийг үрэлгэн, замбараагүй захиран зарцуулж, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалт хийлгэхгүй, хувьцаа эзэмшигч нарын санал, шаардлагыг үл тоож, компанийг зохиомлоор дампууруулж хувиараа ашиг олох зэрэг компанид хохиролтой зохисгүй, хууль бус үйлдэл удаа дараа гаргасан.

4.1. Тус компанийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Э миний зүгээс гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Я-д хандан 2020 оны 06 дугаар сарын 09 болон 2021 оны 03 дугаар сарын 10, 2023 оны 01 сарын 13-ны өдрүүдэд албан шаардлага хүргүүлсэн боловч хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаагүй, компанид үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэх зохих арга хэмжээ авалгүй, шаардлагыг биелүүлэхээс татгалзсан.

Ийнхүү компанийн гүйцэтгэх захирал нь компанийн эсрэг хууль бус үйл ажиллагаанд оролцож, компани болон бусад хувьцаа эзэмшигчдэд хохирол учруулсан тул үүнийг нэн даруй шийдвэрлэхээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг товлон зарлаж хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн С, БНХАУ-ын иргэн Я нарт хурлын зар албан ёсоор хүргүүлсэн боловч, тус хуралд хүрэлцэн ирээгүйн улмаас хойшилсон. Ингээд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар БНХАУ-ын иргэн Я-ыг компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд Ч.Ч-ыг томилж, компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг гүйцэтгэх захирал Ч.Ч-д хүлээлгэн өгөх шийдвэр гаргасан.

Улмаар 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардсан мэдэгдлийг БНХАУ-ын иргэн Я-д хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг хүлээлгэж өгөөгүй.

4.2. Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар ямар нэгэн маргаан үүсгээгүй байхад шүүхээс “хувьцаа эзэмшигчдийн хурал хийхдээ бусад хувьцаа эзэмшигчдэд хурлын зар хэрхэн хүргэсэн нь тодорхойгүй нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн. Нэхэмжлэлийн шаардлага хувьцаа эзэмшигч нарын хоорондын маргаан биш бөгөөд компанид хамааралгүй этгээд компанийн тамга, тэмдгийг ашиглаад байгаа хууль бус үйлдлийг зогсоож гэрчилгээ, тамга, тэмдгээ хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардсан.

4.3. Хэрэгт хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн БНХАУ-ын иргэн Я-ны БНХАУ-ын иргэн Ю-д олгосон гэх итгэмжлэлд “...Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд миний эзэмшиж буй хувьцааны эрхийн дагуу хуралд саналын эрхтэй оролцох, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, тогтоол, тэмдэглэлд гарын үсэг зурах эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгож байна” гэсэн байна. Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь хэсэгт зааснаар дээрх итгэмжлэл нь зөвхөн тухайн хуралд хүчинтэй байх бөгөөд Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх, үүргийг хэрэгжүүлэх компанийн гэрчилгээ, тамга, тэмдгийг ашиглах эрхийг итгэмжлэлээр олгоогүй байна.

Гэтэл гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Я нь компанид хамааралгүй, хөндлөнгийн этгээд болох БНХАУ-ын иргэн Ю-д дамжуулж, хууль бусаар ашиглуулан, компанид хохиролтой үйл ажиллагаа явуулж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддог. Тухайлбал, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа компанийн тамга, тэмдгийг дарж, гарын үсэг зурсан, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэлд хариу хүргүүлэх талаар албан бичиг мөн Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17-04-024/11 дугаартай үйл ажиллагааг хэсэгчлэн сэргээх тухай актад компанийг төлөөлж тамга дарж гарын үсэг зурсан зэргээр нотлогдож байхад анхан шатны шүүхээс энэхүү үйл баримтуудад зөв үнэлэлт, дүгнэлт өгөлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д “Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ” гэсэн хэдий ч үндэслэх хэсгийн 6-д “Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн...65.11, 65.1.3-65.1.8, 65.1.10-0 заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ч-ын нэхэмжлэлтэй БНХАУ-ын иргэн Ю-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж хоёр өөр тодорхойгүй дүгнэлтийг хийсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулсан гэх боловч ямар нэгэн байдлаар Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж, хувьцаа эзэмшигч нарт мэдэгдсэн зүйлгүй. Хаана, хэзээ хуралдаад ямар шийдвэр гаргасан талаар мэдэгдээгүй. Хэрэгт цахимаар харилцсан вечат нотлох баримтаар авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул тус шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Э ХХК, Ч.Э нар нь хариуцагч БНХАУ-ын иргэн Ю-д холбогдуулан Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Э ХХК нь 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А-2126 дугаар тушаалыг үндэслэн 3 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан, уг компанид ашигт малтмалын хайгуул хийх үйл ажиллагааны чиглэлээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байх ба тус компанийн гүйцэтгэх захирлаар Yang овогтой Benijian-ыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр томилсныг бүртгэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгожээ./хх-43/

3.1. Үүнээс хойш хугацаанд тус компанийн гүйцэтгэх захирал өөрчлөгдөөгүй, өөрчлөгдсөн талаар улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгээ хийгдээгүй байх тул анхан шатны шүүх иргэн Ч.Чыг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэснийг буруутгахгүй.

Учир нь Ч.Ч-ыг Э ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөн бүртгэгдсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул түүнийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасан гүйцэтгэх удирдлага гэж дүгнэхгүй.

3.2. Иймд анхан шатны шүүх хариуцагч БНХАУ-ын иргэн Ю-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Э ХХК-ийн  нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж дүгнэнэ.

Ч.Ч нь Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахын тулд тус компанийн эрх бүхий этгээд болохоо нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаар Ч.Ч-ыг Э ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилоогүй байхад тэрээр компанийн гэрчилгээ, тамга, тэмдгийг шаардах эрхгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч БНХАУ-ын иргэн Ю-д холбогдох Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Э ХХК/Ч.Ч/-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Э ХХК-ийн шинэчилсэн дүрмийн 5.1-д “хувь нийлүүлэгч Ч.Э хамтарсан компанийн нийт хөрөнгийн 30 хувьтай тэнцэх 100 ширхэг хувьцаа, БНХАУ-ын иргэн Янь компанийн нийт хөрөнгийн 30 хувьтай тэнцэх 100 ширхэг хувьцаа, БНХАУ-ын иргэн С нь компанийн нийт хөрөнгийн 40 хувьтай тэнцэх 133 ширхэг хувьцаа эзэмших”-ээр харилцан тохиролцсон байна.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна.” мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна.” гэж зохицуулжээ.

Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус компанийн захирал БНХАУ-ын иргэн Я-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулахаар шаардлагыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар гаргах эрхтэй бөгөөд харин уг санал, шаардлагыг компанийн бусад хувьцаа эзэмшигч нарт хүргүүлсэн, тэдгээр нь хүлээн авсан байдал тодорхой бус, хэргийн баримтаар тогтоогдоогүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахтай холбоотой хуульд заасан журмыг баримтлаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иймд Э ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигч нарт ээлжит бус хурал зарлах санал, шаардлагыг хүргүүлээгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурал явуулах боломжгүй юм. Энэ тохиолдолд тус хурлыг явуулсан гэх тэмдэглэлд “...Э ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Э оролцов.” гэж тусгадсан байдлыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. ь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно.” гэж заасны дагуу Ч.Э нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шийдвэрийг бие даан гаргах эрхтэй гэж дүгнэхгүй юм.

5. Дээрх хурлын шийдвэрийг үндэслэн Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаар тогтоолоор компанийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Я-ыг чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Ч.Чыг ажиллуулсан үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Учир нь Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Э нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс бус бие даан компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг бусад этгээдээс шаардах эрх хуулиар олгогдоогүй болох нь нотлогдсон тул нэхэмжлэгч шаардлага гаргах эрхгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамтай нийцсэн байна.

6. Харин шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Компанийн тухай хуульд заасан журмын дагуу тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулахад энэ магадлал саад болохгүй.

7. Нэхэмжлэгч талын тайлбар болон давж заалдах гомдлын үндэслэлдээ 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр БНХАУ-ын иргэн Я нь БНХАУ-ын иргэн Ю-дитгэмжлэл олгосон нь зөвхөн тухайн хуралд хүчинтэй бөгөөд компанийн гэрчилгээ, тамга, тэмдэгийг ашиглах эрхийг итгэмжлэлээр олгоогүй, компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага, төлөөлөх удирдах зөвлөлөөс бусад этгээд компанийн хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхгүй, компанийн бизнесийн үйл ажиллагаанд саад болсон гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд зааснаар өөрийн шаардлага, үндэслэлийг нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлыг хийж, компанийн захирлаар Ч.Ч-ыг томилсон нь хуульд нийцсэн талаарх үндэслэлээ нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул компанийн гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн гэж үзэхгүй.

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй тул уг гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00758 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүлийн 34.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн Ю-дхолбогдох БНХАУ-ын иргэн Ю-ээс Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Эы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ЗОЛЗАЯА

 

 ШҮҮГЧИД                             Э.ЭНЭБИШ

 

                                                        Д.ЦОГТСАЙХАН