Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00467/И |
Дугаар | 510 |
Огноо | 2016-08-03 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 510
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах, 2553848 регистрийн дугаартай, “Ундарга Увс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суух, 1973 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ73121919, Галзад овогт Магсарын Жанчивд холбогдох,
Бензин, шатахууны үнэ 13.401.777 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ундарга Увс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Шижирболд, хариуцагч М.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ундарга Увс” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Норовсамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Жанчив нь 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 07-ны хүртэлх 6 жилийн хугацаанд Наранбулаг сумын шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгчээр ажилласан. М.Жанчив нь 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлэхэд 13.461.777 төгрөгийн бензин шатахууны дутагдал гаргасан байна. Дээрхи хохирлыг М.Жанчивыг барагдуулахыг шаардахад 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн барагдуулна гэсэн тайлбар өгсөн байна. М.Жанчив нь уг хугацаандаа 60.000 төгрөг барагдуулсан байна. Үлдэгдэл өр болох 13.401.777 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Иймд М.Жанчиваас 13.401.777 төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж 224.959 төгрөг төлсөн болно” гэжээ.
Нэхэмжлэгч “Ундарга Увс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Шижирболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ундарга Увс” ХХК нь хариуцагч М.Жанчиваас 13.401.777 төгрөг нэхэмжилсэн гэтэл М.Жанчив нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 1.900.000 төгрөг төлсөн. Мөн 60.000 төгрөгийг төлсөн байгаа тул 1.960.000 төгрөгийг хасч 11.441.777 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иймд хариуцагч М.Жанчиваас үлдэгдэл өр болох 11.441.777 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч М.Жанчив шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Наранбулаг суманд “Ундарга Увс” ХХК-нд ажиллаж байхдаа хүмүүст зээл өгсөн гэх мэт дутагдлаас болоод 13.401.777 төгрөгийг өртэй болсон. Энэ мөнгөнөөс 1.960.000 төлсөн ба одоо үлдэх 11.441.777 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Нэхэмжлэгч “Ундарга Увс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Шижирболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч М.Жанчив нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тул гаргах тайлбар алга” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ундарга Увс” ХХК нь хариуцагч М.Жанчтваас бензин, шатахууны үнэ 13.401.777 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 11.441.777 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч М.Жанчив нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлага болох бензин шатахууны үнэ 11.441.777 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн болох нь түүний шүүх хуралдаанд “Ундарга Увс” ХХК-иас нэхэмжилсэн 11.441.777 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Шижирболдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд хариуцагч М.Жанчив нь нэхэмжлэгч “Ундарга Увс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “Ундарга Увс” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 224.959 төгрөг төлсөн ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч М.Жанчиваас 11.441.777 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 198.018 төгрөг гаргуулж “Ундарга Увс” ХХК-нд олгож, “Ундарга Увс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224.959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Ундарга Увс” ХХК-ийн бензин, шатахууны үнэ 11.441.777 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Жанчив төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч “Ундарга Увс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224.959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч М.Жанчиваас улсын тэмдэгтийн хураамж 198.018 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ундарга Увс” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Жанчив сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР