Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01049

 

 

 

 

 

 

 

 

    2024          05            17                                        210/МА2024/01049

 

 

Г ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/00788 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.М-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 228,016,895 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн,

Зээлийн гэрээний 2.1.6 дахь хэсэг заасныг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2,100,000 төгрөг гаргуулах, нэр бүхий тээврийн хэрэгслүүдийн эзэмших эрхийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, Т.Х, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн өмгөөлөгч С.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Ц.М 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ************* тоот зээлийн гэрээг Г ХХК-тай байгуулж, 200,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан.

1.1. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, ************* тоот ипотекийн гэрээгээр Ц.М-ийн өмчлөлийн *********** улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд ар хороолол /16051/ Хатанбаатар магсаржав гудамж, **********тоот 40.72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ************* тоот ипотекийн гэрээгээр Ц.М-ийн өмчлөлийн ************ улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ************* 16 м.кв автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *************-А тоот барьцааны гэрээгээр Ц.М-ийн өмчлөлийн ******** улсын дугаартай, N80510395 арлын дугаартай Huyndai маркийн экскаватор, *************-Б тоот барьцааны гэрээгээр Ц.Мийн өмчлөлийн *********** улсын дугаартай, ********************арлын дугаартай robex маркийн экскаватор, *************-В тоот барьцааны гэрээгээр Ц.Мийн RОВЕХ маркийн экскаватор, Арлын дугаар 0 , Марк:3700LС-7, улсын дугаар:*******УН, *************-Г тоот шаардах эрх, гэрээний орлого барьцааны гэрээгээр Ц.М-ийн өмчлөлийн Doosan 470 маркийн гинжит экскаватор тус тус барьцаалсан.

1.2. Зээлдэгч зээлээс энэ хугацаанд үндсэн зээлд 88,071,308 төгрөг, хүү 74,796,176 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,046,314 төгрөг, нийт 164,913,799 төгрөг төлсөн. Зээлдэгч 2019 оны 02 дугаар сараас хойш төлөөгүй. Харин төлбөрт тооцож барьцаа хөрөнгөөс шилжүүлснийг зээлийн төлбөрөөс хасч тооцсон. Сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 7,000,000 төгрөгийн тухайд өмнөх удаагийн төлөлтөөс хойш хугацаанд хуримтлагдсан байсан хүүнээс хассан. Сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон.

1.3. Зээлийн гэрээний 2.5-д зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр төлөх дарааллыг тухайлан тохиролцсон тул үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дууссан хэдий ч зээлийн гэрээний төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол үндсэн зээл, зээлийн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Иймд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 111,928,691 төгрөг, хүү 101,676,181 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,412,022 төгрөг, нийт 228,016,895 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.4. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ************* тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан *********** тоот үл хөдлөх эд хөрөнгө, *************-А тоот барьцааны гэрээгээр барьцаалсан *************** тоот арлын дугаартай, *********** улсын дутаартай, Hyundai robex 3000LС маркийн экскаватор, *************-Б тоот барьцааны гэрээгээр барьцаалсан N80510395 тоот арлын дугаартай, ******** улсын дугаартай, Hyundai robex3000LС-7А маркийн экскаваторуудаас тус тус хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжилсэн зээлийн үнийн дүн тооцооллын хувьд алдаатай, буруу байна. Тодруулбал, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг зээл төлөлтөд оруулан тооцоогүй. Мөн 2021 оны 09 дүгээр сард төлсөн 7,000,000 төгрөгийг үндсэн зээлээс бус харин хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хассан байна. Энэ нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн.

2.1. Нэхэмжлэгч хүү тооцон авах эрхээ алдсан байна. Монгол Улсын Засгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8-т заасныг үндэслэн нэхэмжлэгч байгууллагад хандан ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор үйл ажиллагаа зогсож, зээлээ хэвийн төлөх боломжгүй болсон талаар мэдэгдэж, зээлийн эргэн төлөлтийн графикийг хойшлуулах, графикт өөрчлөлт оруулж өгөх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч талаас тодорхой хариу өгөлгүй, эс үйлдэхүй гаргасан. Миний гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үргэлжлүүлэн тооцсон. Зээлийн өр төлбөр хуримтлагдан нэмэгдсээр байхад шүүхийн байгууллагад хандалгүй, зээлдэгч миний эрх зүйн байдлыг улам дордуулсанд гомдолтой байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйл 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3 болон Засгийн гарын 2020 оны 183 дугаар тогтоолын 8-д заасныг тус тус зөрчсөн тул нэхэмжлэгч байгууллага хүү тооцон авах эрхээ алдсан гэж үзэж байна.

2.2. Нэхэмжлэгч зарим барьцаалаагүй, барьцаанаас чөлөөлөгдсөн хөрөнгийг барьцаанд байгаа мэтээр нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тодруулбал, улсын бүртгэлийн ************ дугаартай, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, **********тоотод хаягтай 16 м.кв зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн гинжит эксковатор зэрэг барьцаанд бүртгэлгүй, шилжүүлсэн. Улсын бүртгэлийн *******УН дугаартай robex маркийн эксковаторыг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Г ХХК-тай хэлэлцэж тохиролцсоны үндсэн дээр буюу зээлийн гэрээний 3.1.8-д заасан нөхцөлийн дагуу барьцааны бүртгэлээс чөлөөлөн Ч.М-д 250,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, зээлийн өр төлбөрийг барагдуулсан. Одоо тухайн хөрөнгө иргэн Ч.Мөнхзулын нэр дээр бүртгэлтэй, барьцаа хөрөнгөөс чөлөөлөгдсөн. Миний өмчлөлийн *****УН улсын дугаартай, N80510395 арлын дугаартай Hyundai маркийн эксковатор, мөн ******* УН улсын дугаартай ********************арлын дугаартай Robex маркийн эксковатор зэргийг нэхэмжлэгч байгууллага өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Барьцааны бүртгэл хийлгэхээр Автотээврийн үндэсний төвд хандаж байна гэж миний зүгээс ойлгож байсан. Учир нь барьцааны гэрээнд өмчлөх эрхийн бүртгэлийг шилжүүлэх талаар ямар нэгэн тохиролцоо байхгүй. Гэтэл нэхэмжлэгч барьцааг бүртгүүлэх нэрийдлээр өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн бүртгүүлснийг нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэж мэдсэн. Энэ гэрээнүүд Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг зөрчсөн гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Ц.М-ээс 177,653,796 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХК-долгож, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5, 202.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Г ХК-аас 2,021,240 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.М-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,363,099 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78,760 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд ар хороолол, Хатанбаатар магсаржав гудамж, *************тоотод байрлах 40,72 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, *********** улсын дугаартай, ********************арлын дугаартай, 3000LC, Huyndai robex маркийн экскаватор, ******** улсын дугаартай, N80510395 арлын дугаартай, 3000LC-7А, Huyndai robex маркийн экскаватор зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Г ХК-д холбогдох тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрхийг хариуцагчид буцаан шилжүүлэхийг даалгах тухай Ц.Мийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.3-т “...202.2.5-д "гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон" бол гэрээний стандарт бус нөхцөл хүчин төгөлдөр бус байна...”, "...Иймд шүүх гэрээний 2.1.6-д бодитоор гарсан зардлыг хэт өндрөөр нэмэгдүүлсэн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл гэж үзнэ..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.1. Зээлийн гэрээний 2.1.6-д заасан зээлийн эрсдэл, менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь буюу 2,000,000 төгрөгийг зээлийн шимтгэлд Ц.М нь банканд урьдчилан төлсөн. Нэхэмжлэгч тал зээлийн шимтгэлд төлсөн төлбөрийн задаргааг гарган өгсөн боловч шүүх задаргаатай холбоотой нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй атлаа хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн анхан шатны баримт болон бусад баримтаар тогтоогдохгүй тайлбарыг үндэслэн шимтгэлийн зардал нь 78,760 төгрөг гарсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч зээл олгох нөхцөл болзлыг өөрөө тогтоох эрхтэй. Тодруулбал, банкны зээлийн шимтгэл нь нэг удаагийн шинжтэй, нийтэд урьдчилан мэдээлсэн байдаг бөгөөд талууд гэрээний 2.1.6-д заасан шимтгэлийн талаар талууд тохиролцож, банк зээлдэгчээр төлүүлсэн. Хариуцагч нь хожим буюу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэгэнт зээлийн шимтгэл төлөх, уг үүргийг нотлох, үүргийг биелүүлэхийг шаардах, эсхүл биелүүлэх ёсгүй болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь гэрээний үүрэгтэй холбоотой тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан нэхэмжлэл гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гаргасан зээлийн гэрээний 2.1.6-д заасан зээлийн шимтгэлийн хэмжээ үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй учраас буцаан гаргуулах гэсэн үндэслэл нь гэрээний энэ үүргээсээ татгалзсан агуулгатай тул нэхэмжлэл гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж үзэж байна.

4.2. Зээлдэгч нь банканд “...зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зогсоох, хаагдсан зээлийн ангилал өөрчлүүлэх...” тухай хүсэлтүүдийг гаргаж байсан бөгөөд банкны зүгээс тухайн хүсэлтүүдийг зохих хариуг тухай бүр утсаар холбогдож мэдэгдэж байсан. Банк зээлдэгч Ц.М-д зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрэлт үүсэж эхэлсэн тэр цаг хугацаанаас эхлэн мэдэгдэл өгөх, шүүхэд нэхэмжлэл гаргах, эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах гэх мэт ажиллагаануудыг хийж байсан зэргээс үзэхэд банк зээлийг буцаан төлүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн. Г ХК-ийн зүгээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 болон зээлийн гэрээний 2.2, 2.5, 3.1.3-т тус тус заасны дагуу хариуцагч нь зээлээ төлөх өдөр хүртэл гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 50,363,099 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Ц.М өмнө нь 4 удаа Г ХК-аас зээл авсан бөгөөд зээл авах бүрт зээлийн 1 хувийн шимтгэл авч байсан. Шимтгэлийг 1 хувиар тогтоож байгаа талаараа банк өөрөө нотлох үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгч байгууллага шимтгэл авч байгаа талаараа нотолж чадаагүй. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д заасан үндэслэлээр шүүх шийдвэрлэсэн. Өмнө нь 4 удаа зээл судлагдсан байхад заавал барьцаа хөрөнгийг судлаад байх шаардлага байхгүй. Гэтэл хариуцагч Ц.М-д анх удаа зээл авч байгаа зээлдэгчтэй адил шимтгэл тооцсон. Зээлийн хорооны санал, дүгнэлтээр хариуцагч нь тухайн үед сайн зээлдэгч байсан болох нь тогтоогдсон. 2,000,000 төгрөгийн шимтгэл авах үндэслэлгүй бөгөөд зээлийн шимтгэл авч байгаатай холбоотой баримтуудыг нэхэмжлэгчээс шаардсан боловч гарч ирдэггүй. Тооцооллуудыг үнэлэх ямар ч боломжгүй. Удаа дараа зээл авч байгаа зээлдэгчийн нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзаж үзсэн нь үндэслэлтэй. Ц.М нийт 164,000,000 төгрөгийн зээл төлсөн бөгөөд шүүхийн шийдвэрээр нэмж 177,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Нийт 200,000,000 төгрөгийн зээлийг 341,000,000 төгрөг болгож төлөх үүрэг хүлээж байна. Энэ нь банканд гомдолтой шийдвэр биш гэж үзэж байна. Зээлдэгч 2020 оны 02 дугаар сараас 2021 оны хооронд барьцаа хөрөнгөөр зээлээ төлж байсан, удаа дараа хүсэлт гаргаж байсан. Хавтаст хэргийн 165 дугаар талд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээл авахаас 6 хоногийн өмнөх оршин суугаа хаягийн лавлагаа авагдсан. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.М-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2022 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд Г ХК нь зээлдэгч Ц.М-тэй байнгын харьцаж байсан бөгөөд Ц.М нь эрэн сурвалжлуулж байгаа талаар мэдээгүй гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Барьцааны гэрээний зүйл болох ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн *********** дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь нэхэмжлэгч талаас эдгээр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн нь Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт заасны дагуу барьцааны эрх өөр хэлбэрээр тасалдалгүй баталгаажуулж буй хэлбэр гэж үзсэн. Ийм учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардаж болохгүй гэж дүгнэсэн.

6.1. Хариуцагчийн хувьд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгчийн нэгэн адил захиран зарцуулах боломжгүй байдалд хүрсэн гэж үзэж байна. Барьцааны гэрээгээр хөдлөх эд хөрөнгө барьцаална гэдэг нь тухайн хөрөнгийн өмчлөгчийн туйлын эрхийг хязгаарлана гэсэн үг биш. Тодруулбал, тухайн тээврийн хэрэгслийг аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрхийг хязгаарлаж болохгүй. Харин барьцааны зүйлийг худалдан борлуулсны орлого нь барьцааны зүйл байхаар Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд хуульчилсан тул барьцаалагчийн эрхийг хөндөхгүй. Нэхэмжлэгчийн хувьд гагцхүү барьцааны гэрээ байгуулсан атлаа өмчлөх эрхийг шилжүүлэн авч өмчлөх эрхийг хязгаарлаж байгаа нь  хуулийн зөрчилд хамаарна. Мөн Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх зохицуулалт нь гагцхүү тээврийн хэрэгслийн барьцаанд хамаарах нарийвчилсан тусгай зохицуулалт бөгөөд үүнийг ерөнхий зохицуулалтаар орлуулан хэрэглэж болохгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч тал нь фидуцийн гэрээ байгуулаагүй, харин барьцааны гэрээ байгуулсан атлаа тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг ямар учраас шилжүүлэн авсан зорилго, үндэслэлээ тайлбарлаж чадаагүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Барьцааны эрх нь өөр хэлбэрээр тасалдаагүй баталгаажсан бол анх баталгаажсан үеэс баталгаажсанд тооцно. Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шүүх зөв дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Ц.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 228,016,895 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах шаардлага гаргажээ.

Дээрх шаардлагыг хариуцагч Ц.М эс зөвшөөрч зээлийн гэрээний 2.1.6 дахь хэсэг заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2,100,000 төгрөг гаргуулах, нэр бүхий тээврийн хэрэгслүүдийн эзэмших эрхийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Г ХК, Ц.М нар 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ************* тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 200,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар уг зээлийн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ./1хх7-10/

Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

4. Зээлдүүлэгч Г ХК нь зээлийн гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зээлдэгч Ц.М-д шилжүүлж зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн байна.

5. Хэрэгт авагдсан дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл Ц.М нь зээлийн гэрээний үүрэгт нийт 164,913,799 төгрөг төлсөн байна. Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Зээлдүүлэгч Г ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч Ц.М-ээс шаардах эрхтэй.

6. Анхан шатны шүүх зээлдэгчээс тус банкинд зээл төлөх хугацаа хойшлуулах хүсэлтийг удаа дараа гаргасан байхаас гадна 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр харилцан тохирч барьцаа хөрөнгөөс зарим хэсгийг бусдад худалдан борлуулах замаар зээлийг хэсэгчлэн төлүүлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлдэгч зээл төлөх үүргээс зайлсхийгээгүй, нэхэмжлэгчийн үйлдэл, эс үйлдэхүй хүүгийн хэмжээ нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

6.1. Зээлдэгч зээл, тохиролцсон хүүгийн хамт гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаанд хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй байх ба зээлдэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг гэрээ болон хуулиар хүлээсэн байна.

6.2. Хэрэгт авагдсан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол нь зээлийн гэрээний нөхцөл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгчийн төлсөн төлбөр, төлбөр хийсэн огноо зэргийг үндэслэн нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийг тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 111,928,691 төгрөг, хүү 101,676,181 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,412,022 төгрөг, нийт 228,016,895 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,556,648 төгрөгөөр багасгаж, 226,460,247 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

6.3. Иймд хариуцагч Ц.М-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 226,460,247 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

6.4. Мөн нэхэмжлэлийн хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

7. Зээлийн хүү нь зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хариу төлбөр бөгөөд зээлийн гэрээ дуусгавар болсон гэх үндэслэл нь хууль болон гэрээгээр хүлээсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардах эсэх нь Г ХК-ийн эрх учир уг эрхээ хэрэгжүүлээгүй гэж түүнийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Талууд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр *************-А тоот барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Ц.М-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд ар хороолол, Хатанбаатар магсаржав гудамж, *************тоотод байрлах 40,72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалжээ./1хх11-13/

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн,  гэрээ хүчин төгөлдөр байх тул барьцаалагч Г ХК-дүүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар барьцаалуулагч Ц.М-ээс шаардах эрхтэй.

Иймд анхан шатны шүүх барьцааны зүйл болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

8.1. Харин анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан *************-А тоот, *************-Б тоот барьцааны гэрээний зүйл болох ***********, ******** улсын дугаартай экскаваторуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээгээр хөдлөх эд хөрөнгийг ***********, ******** улсын дугаартай экскаватор гэж тодорхойлсон боловч гэрээний зүйлийн өмчлөх эрхийг банкинд шилжүүлжээ. Энэ нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.1.2-т тус тус заасан барьцаалуулагч нь барьцаагаар хангагдах үүргийг барьцааны зүйлийн үнээс тэргүүн ээлжид шаардлагаа хангуулахаар эрхийн зохицуулалтад нийцэхгүйгээс гадна барьцааны зүйлийн өмчлөх эрхийг нэгэнт шилжүүлж авсан бол барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хэрэгжүүлэх боломжгүй байна.   

8.2. Нэхэмжлэгч Г ХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус байхад анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж, барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь буруу юм.

Иймд нэхэмжлэгч нь *********** улсын дугаартай, ********************арлын дугаартай, 3000LC, robex маркийн экскаватор, ******** улсын дугаартай, N80510395 арлын дугаартай, 3000LC-7А, Huyndai robex маркийн экскаватор зэрэг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.  

8.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгахдаа ******** улсын дугаартай, N80510395 арлын дугаартай Huyndai маркийн экскаватор, *********** улсын дугаартай, ********************арлын дугаартай robex маркийн экскаваторуудын өмчлөх эрхийг Ц.М-д буцаан шилжүүлэхийг Г ХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

9. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний 2.1.6 дахь хэсэг заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл гэж дүгнэж, сөрөг нэхэмжлэлээс 2,021,240 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Учир нь талууд зээл олгосны шимтгэлийг харилцан тохиролцож болох бөгөөд нэхэмжлэгч нь тухайн зээлийг олгохдоо ямар хэмжээний зардал гарсан гэдгийг нотлох үүрэгтэй, уг нотлох үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу Г ХК-аас зээлийн шимтгэлд суутгаж авсан 2,021,240 төгрөгийг гаргуулан Ц.М-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/00788 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 177.653.796 /нэг зуун далан долоон сая зургаан зуун тавин гурван мянга долоон зуун ерэн зургаан/ гэснийг “226,460,247” гэж, “... 50.363.099 ...” гэснийг “1,556,648” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ц.М-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд ар хороолол, Хатанбаатар магсаржав гудамж, *************тоотод байрлах 40,72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар  хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

3 дахь “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар *********** улсын дугаартай, ********************арлын дугаартай, 3000LC, robex маркийн экскаватор, ******** улсын дугаартай, N80510395 арлын дугаартай, 3000LC-7А, Huyndai robex маркийн экскаваторын эзэмших эрхийн бүртгэлийг хариуцагч Ц.М-д буцаан шилжүүлэхийг Г ХК-ддаалгасугай.” гэсэн заалтыг нэмж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...893.468/823.268+70.200/ гэснийг “1,290,251“ гэж,

3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г ХХК-ийн төлсөн 419,872 төгрөг, хариуцагч Ц.Мийн төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Г.ДАВААДОРЖ

 

                 ШҮҮГЧИД                             Э.ЗОЛЗАЯА

 

                                                Д.ЦОГТСАЙХАН