Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 511

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 12-27 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, ОЮ85021274 регистртэй, Борлууд овогт Лхайсүрэнгийн Отгонбаярын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, регистрийн дугаар 9062572, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,

    Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Л.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Отгонбаяр миний бие нь 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт “Ланд круйзер”-100 маркийн автомашинаа 30.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон худалдах, худалдан авах гэрээ байгуулан улмаар автомашинаа хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу 30.000.000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах байсан боловч хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд өр төлбөрөө барагдуулахаар ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр өдийг хүрлээ. Иймд Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас 30.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Улаангом сумын Засаг даргын Тамгын газар нь 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар гэрээгээр иргэн Л.Отгонбаяраас 30.000.000 төгрөгийн өртөгтэй Ланд-100 маркийн автомашиныг худалдан авсан. Гэрээнд заасан хугацааны дагуу төлбөрийг 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах байсан боловч төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас гэрээний хугацаа өнгөрсөн байгаа болно. Сумын орон нутгийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж, сумын ИТХ-аар давсан орлогыг зарцуулах эрхийг батлахад сумын Засаг даргын Тамгын газар авсан Ланд-100 маркийн автомашины үнийг төлнө” гэжээ.

      Нэхэмжлэгч Л.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Батжаргалын шүүхэд гаргасан талйбартай танилцлаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Л.Отгонбаяр нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч Л.Отгонбаярын нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 30.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Батжаргалын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газар нь Л.Отгонбаярын нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 30.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

         Нэхэмжлэгч Л.Отгонбаяр нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөг төлсөн ба тал хувь болох 153.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 153.975 төгрөг, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас 153.975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Отгонбаярт олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Отгонбаярын худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Отгонбаярын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгөөс 153.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 153.975 төгрөг, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас 153.975 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Отгонбаярт олгосугай.

    3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР