Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 216/МА2024/00004

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 216/МА2024/00004

 

 

Т а з нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

    Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

      Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 134/ШШ2024/00082 дугаар шийдвэртэй,

      Нэхэмжлэгч Т а з нэхэмжлэлтэй

      Хариуцагч Ц.Э, П.С, П.Т, Г.Э, Д.Б нарт холбогдох

     Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 16,889,095 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч П.Т, хариуцагч Ц.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,  хариуцагч Д.Б, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч П.С өмгөөлөгч Э.Сайханаа нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч Б.Наранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Хариуцагч П.Т, П.С, хариуцагч Ц.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Д.Б, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч П.С өмгөөлөгч Э.Сайханаа, нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

  Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар хуралдаанаар Хурлын нарийн бичгийн дарга А.Д үүрэгт ажлаас нь чөлөөлж 80 дугаартай тогтоолыг гаргасан. Энэ тогтоолыг А.Д эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0010 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 0488 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 491 дугаартай тогтоол гарсан ба уг тогтоолоор ...80 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.Д ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар тушаалаар А.Д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 7,187,851 төгрөгийг олгосон. Мөн А.Д нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олгворыг нэхэмжлэн шүүхэд хандсаны дагуу Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхна шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн  00112 дугаар захирамжаар ...нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн. Энэ захирамжийн дагуу Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/11 дүгээр захирамжаар 1,500,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/14 дүгээр захирамжаар 3,400,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/18 дугаар захирамжаар 3,400,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1,401,244 төгрөг, нийт 9,701,244 төгрөгийг А.Д олгосон. Дээрх захиргааны болон иргэний хэргийн шийдвэрийн дагуу нийт 16,889,095 төгрөгийг олгосон байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална” гэж хуульчилсан. Тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр нь хамтын зарчмын үндсэн дээр гаргасан шийдвэр болно.

     Иймд, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 16,889,095 төгрөгийг /Төрийн албаны зөвлөлийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд/ буруу шийдвэр гаргасан нэр бүхий ...тэргүүлэгчдээс гаргуулж өгнө үү гэжээ.

     2. Хариуцагч Ц.Э, П.Т, Г.Э, Д.Б нарын татгалзал, тайлбарын агуулга:

    Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-д заасан зохицуулалтаар төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас иргэнийг хохироосон бол төр хохирлыг барагдуулахаар зохицуулсан байгаа. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч гэж хэнийг хэлэх вэ гэж тодорхой заасан байдаг. Уг хуулийн төрийн албан хаагч гэдэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хамаарахгүй. Иймд хэргийн жинхэнэ хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож өгнө үү гэжээ.

      3. Хариуцагч П.С татгалзал, тайлбарын агуулга:

А.Д ажилд нь томилсон Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны  06 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг гаргахдаа миний биеийг оролцуулаагүй, өөрийнхөө гаргасан шийдвэрийг хамгаалж, мэтгэлцэх, тайлбарлах боломж олгоогүй учир мөнгө нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзээд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

       4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

    Албан тушаалтан, гэм буруутай хэсэг хүмүүсийн буруу гаргасан шийдвэрээс болж төр хохирсон учир хохирол төлөх ёстой гэжээ.

    5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

     Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1., 50.2., Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 497.3., 498 дугаар зүйлийн 498.5.-д заасныг баримтлан хариуцагч Ц.Э 3,377,819 төгрөг, хариуцагч П.Т 3,377,819 төгрөг, хариуцагч Г.Э 3,377,819 төгрөг, хариуцагч П.С 3,377,819 төгрөг, хариуцагч Д.Б 3,377,819 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т а з нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ц.Э, П.Т, П.С, Д.Б, Г.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 68,995 төгрөгийг тус тус гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

     6. Хариуцагч талуудын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

     Хариуцагч нар нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 11 дүгээр зүйлд заасан албан тушаалтан биш байхад Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан албан тушаалтан гэсэн үндэслэлээр гэм хорын хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрт “иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид” төрийн албан тушаалтан болж байгаа үндэслэлээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг  зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 1-р зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.7 дахь заалтуудаар албан тушаалтан болно гэж үзсэн нь тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэхээр хүчилсэн нь хууль хэрэглээний хувьд эрх зүйн үндэслэл авцалдаагүй болсон, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх байр сууриа олоогүй байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 1-р зүйлийн 1.1-д “нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад оршино” гэсэн бол Авлигын эсрэг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцаагаар зохицуулсан. Дээрхи хуулийн зохицуулалтаас үзэхэд “иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч” нь нийтийн албан тушаалтан байж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль зэргийн үйлчлэлд хамаарах этгээд юм. Харин Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны мэргэшсэн тогтвортой, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоосон ба Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлд “төрийн улс төрийн албан тушаал”, “төрийн захиргааны албан тушаал”, “төрийн тусгай албан тушаал”, “төрийн үйлчилгээний албан тушаал” хамаарахаар зохицуулсан. Төрийн албан тушаалд “иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч” гэсэн албан тушаал байхгүй бөгөөд “иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч” нь төрийн албан тушаалтан биш юм. ...Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг бол төлөөллийн зарчмаар хуульд заасан тодорхой үндэслэлээр шийдвэр гаргадаг. Иргэдийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргасны төлөө хариуцлага хүлээх ёсгүй гэж бодож байна. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

     7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ханджамцын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

     Анхан шатны шүүхээс зөв шийдвэр гарсан гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар буруутай албан тушаалтнуудаас хохирлыг нэхэмжилж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

   Давж заалдах шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр шийдвэрт найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

   1. Нэхэмжлэгч Т а з нь Ц.Э, П.Т, П.С, Г.Э, Д.Б нарт холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 16,889,095 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нар нь “бид төрийн албан хаагч биш” гэсэн үндэслэлээр маргасан.

    2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Ц.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Д.Б, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч П.С өмгөөлөгч Э.Сайханаа, хариуцагч П.Т нар эс зөвшөөрч “тусгай харилцааг зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж,  хууль буруу хэрэглэсэн, бид нар төрийн албан тушаалтан биш”  гэсэн агуулгаар гомдол гаргажээ.

    3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

3.1. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тогтоол гарч, нарийн бичгийн дарга А.Д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1хх-ийн 8-13/

    3.2. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 113/ШШ2018/0010 дугаар шийдвэрээр А.Д нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх тогтоолыг хүчингүй болгож, ...нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7,117,651 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.  /1хх-ийн 14-27/

    3.3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, “хуулийн зүйл заалтыг буруу баримталсан” үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /1хх-ийн 28-41/

      3.4. Ийнхүү А.Д Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 44 дүгээр тогтоол гарч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар “Хөрөнгө хуваарилах тухай” тушаалаар А.Д ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7,187,851 төгрөг олгогдсон. /1хх-ийн 42-44/

    3.5. Түүнчлэн А.Д нь хариуцагч Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нэхэмжилсэн хэргийг Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2019/00112 дугаар шүүгчийн захирамжаар ...зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  /1хх-ийн 45-47/

    3.6. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс А.Д нийт 9,701,244 төгрөг олгосон байна. /1хх-ийн 48-55/

     4. Анхан шатны шүүх үйл баримтыг зөв дүгнэсэн боловч хууль хэрэглээний хүрээнд буруу дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх залруулж, өөрчлөх боломжтой гэж үзлээ.

     5. Хариуцагч Ц.Э, П.Т, П.С, Г.Э, Д.Б нар нь Говьсүмбэр Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байхдаа Хурлын нарийн бичгийн дарга А.Д үүрэгт ажлаас нь халсан нь хууль зөрчсөн болохыг Захиргааны хэргийн шүүх тогтоосноор түүнд ажилгүй байсан хугацааны цалин олговорт төрөөс нийт 16,889,095 төгрөгийг олгож, улмаар Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг үндэслэн төр өөрт учирсан хохирлыг нэхэмжилсэн нь  албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-д заасныг хэрэглэх үндэслэл болно.

    Тодруулбал, албан тушаалтан буюу хариуцагч нарын хариуцлага хүлээх үндэслэл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж зааснаар үүснэ.

    Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэснээр нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байна.

     6. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлан хариуцагч нарыг “нийтийн албан тушаалтан”-д хамаарах үндэслэлээр хохирлыг хариуцуулахаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

  Учир нь, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан захиргааны байгууллага болохын хувьд төрийн албан хаагчийг ажлаас халсан хууль бус шийдвэр гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас төрөөс нөхөн төлбөр төлсөн үйл баримт тогтоогдсон байх тул шийдвэр гаргасан этгээдүүд нь гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

    7. Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас гэм хорын хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн зохицуулалтын хүрээнд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

    8. Иргэдийн төлөөлөгчийн зүгээс хариуцагч нарыг “буруу шийдвэр гаргаснаас болж төр хохирсон учир хохирол төлөх ёстой” гэсэн дүгнэлт гаргасан нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлтэй нийцэж байна.

     9. Хариуцагч нарын давж заалдсан гомдлыг хангаагүй тул тэдний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 344,975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 134/ШШ2024/00082 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад:

 “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д ...” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Д.Б, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч П.С өмгөөлөгч Э.Сайханаа, хариуцагч П.Т нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 344,975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      О.ОДНЯМАА

        ШҮҮГЧ                                            А.САЙНТӨГС        

              ШҮҮГЧ                                            Б.НАРАНЧИМЭГ