Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01043

 

 

 

 

 

 

 

 

2024 05 17 210/МА2024/01043

 

 

Ж.М-гийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/01665 дугаар шийдвэртэй,

Ж.М-гийн хүсэлттэй, Ж.Б-г эрх зүйн чадамжгүй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний дүү Ж.Б нь F71.0 буюу оюуны бэрхшээлийн хүнд хэлбэрийн оноштой, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох хэмжээний чадамжгүй бөгөөд группд байдаг.

1.1. Ж.Б нь Д.Б-тэй гэр бүл болж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулсан байсан. Ж.Б гэрлэлт батлуулсан талаар өөрөө сайн ойлгохгүй, бие даан өргөдөл гаргаж батлуулснаа санадаггүй. Манай гэр бүл Д.Б-ийг гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах үед манай дүү Ж.Бтай гэрлэлтээ батлуулсаныг мэдсэн. Ж.Б нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, алтай 27 дугаар гудамжны 121а тоотод байрлах газрыг Т ХХК-аас худалдан авч, мөнгөөр нь орон сууц авсныг манай гэр бүлийнхэн мэдээгүй.

1.2. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд ...Ж.Б-г өөрийгөө удирдах чадамжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.3-т зааснаар Ж.Б-г сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй этгээд болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга: Ж.Б нь өөрийн хийсэн үйлдлийг ойлгодог. Бид өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж гэрлэлтээ батлуулсан. Ж.Б-гийн ээж энэ талаар мэдэж байсан. Гэр бүл болж амьдрах хугацаанд намайг зодсон учраас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ж.Б-гийн эгч Ж.М бидний амьдралыг мэдэхгүй. Т ХХК Ж.Б нь ажил хийж, шагнал авсан байдлын талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-г иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, Ж.М-г Ж.Б-гийн асран хамгаалагчаар тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үидэслэлээр эс зөвшөөрч байна.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт зааснаар сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг уг иргэний гэр бүлийн гишүүн эсхүл сонирхогч бусад этгээд /сонгуулийн хороо сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга/, асран хамгаалах байгууллага, эрүүл мэндийн байгууллага шүүхэд гаргана гэж заасан. Ж.Б-гийн хувьд түүний гэр бүлийн гишүүн нь эхнэр миний бие бөгөөд бид 2001 оноос хойш хамтын амьдралтай байгаа тухай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны өрхийн бүртгэл, Засаг дарга нарын тодорхойлолт болон гэрлэлтийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогддог.

4.2. Ж.Б-гаас Ж.М-д олгосон 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэлд төлөөлүүлэгч Ж.Б нь төлөөлөгч Ж.М-д гэрлэлтийн бүртгэлтийг хүчингүй болгуулах асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний бүртгэлийн хэлтэс болон захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрх-ийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлд тулгуурлан иргэний хэрэг үүсгэсэн.

4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.М-г нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцуулсан атлаа хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэрт түүнийг хүсэлт гаргагч гэх байр суурьтайгаар тодорхойлсон. Ж.М-г ямар хэргийн оролцогч болох нь тодорхойгүй байна.

4.4. Миний бие 2021 онд Ж.Б-гаас гэрлэлт цуцлуулж, эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсгэн Ж.Б-г хариуцагчаар татаж хэргийн оролцогчийн эрх, үүрэгт танилцуулан баримтад гарын үсэг зуруулсан. Үүний дараа Ж.М нь Ж.Б-гаа эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Ж.Б бид хоёр амьдрах хугацаанд Ж.Б сэтгэцийн хувьд өөрчлөлттэй гэж анзаарагдаагүй байсан бөгөөд 2010 онд групп тогтоолгосныг мэдсэн. Ж.Б-г өвчтэй гэж хэлэхгүй Ж.М эд хөрөнгийн ашиг сонирхлын үүднээс эсхүл өс хонзонгийн эсрилгоор Ж.Б-г эрх зүйн чадамжгүйд тооцуулах зорилгоо илэрхийлсэн гэж үзэж байна.

4.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.М улсын бүртгэлийн байгууллагын хянан шалгах хороонд өргөдөл өгч бидний гэрлэлтийг хүчингүй болгуулах асуудлаар хандсаныг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн.

4.6. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, Сэтгэл зүйн шинжилгээний дүгнэлтүүд нь шинжлүүлэгчийн өөрийнх нь аман яриаг үндэслэсэн хэт нэг талыг баримталж, нотлох баримтгүйгээр дүгнэлт гаргасан. Гэтэл Ж.Б-г унадаггүй, уналтын эсрэг эм уудаггүйг би гэр бүлийн гишүүн болон хамт амьдардагийн хувьд баттай сайн мэддэг. Харин эсрэгээрээ 2001 оноос хойш тогтвортой ажил хөдөлмөр эрхэлж амьдралын төлөө идэвхтэй, сайн ажилладаг хэмээн шагнуулж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хүсэлт гаргагчийн тайлбарын агуулга: Дүү Ж.Б оюуны бэрхшээлтэй байнгын группд байсан. Биднийг мэдээгүй байхад бичиг үсэг мэдэхгүй дүү Ж.Б-тай маань гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон байсан. Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаснаар бидний зүгээс Д.Б, Ж.Б нарыг гэрлэлтээ бүртгүүлсэн талаар мэдсэн. Гэр бүл болох үйл явцад манай гэр бүлийн зүгээс нэг ч хүн оролцож байгаагүй. Д.Б дүүг маань сэтгэцийн хувьд эрүүл гэсэн лавлагаа гаргуулж, гэрлэлтээ бүртгүүлсэн байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газарт үүнтэй холбоотой гомдол гаргасан боловч шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсний дараа гомдлыг шийдвэрлэнэ гэсэн. Д.Б үндэслэлгүйгээр дүүгийн маань байрыг булаан авах үйлдэл хийж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг 2 удаа шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Тус шинжээчийн дүгнэлтээр Ж.Б-г эрх зүйн чадамжгүй гэх дүгнэлт гарсан. Дүү маань уншиж, бичих, өөрийгөө авч явах чадваргүй болох нь аливаа зүйлд учрах үр дагаврыг ойлгож чадахгүй, 10-13 настай хүүхдийн түвшний сэтгэхүйн чадвартай болох нь харагдана. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ж.М нь төрсөн дүү Ж.Б-г эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлт гаргасныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.3-т заасны дагуу Ж.Б-г эрх зүйн чадамжгүйд тооцох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах тухай сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг уг иргэний гэр бүлийн гишүүн, эсхүл сонирхогч бусад этгээд /сонгуулийн хороо, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга/, асран хамгаалах байгууллага, эрүүл мэндийн байгууллага шүүхэд гаргана. гэж заасан. Харин хүсэлт гаргагч Ж.М нь Ж.Б-гийн төрсөн эгч нь мөн боловч түүний гэр бүлийн гишүүн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул Ж.Мг уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гэж үзнэ.

4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүхээс залруулж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ж.Б-г эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/01665 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ж.Б-г эрх зүйн чадамжгүй болохыг тогтоолгох тухай Ж.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЦОГТСАЙХАН