| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0439/Э |
| Дугаар | 483 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 483
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Э.Оюунтунгалаг, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н овогт Д.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 04 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эйвридэй” худалдааны төв дотор иргэн Б.Отой маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “…Би найз Сэргэлэнгийн хамт шорлогны газар шорлог идэж байтал нутгийн хоёр дүү орж ирсэн. Хажуу талын ширээнд 3 эрэгтэй нэг эмэгтэй архи ууж байсан. Тэгээд зөөгчийг нь дуудаад пиво авчихъя гэсэн чинь манайх архи пиво зардаггүй гэсэн. Энэ хажуу талын ширээн дээр архи уугаад байна ш дээ гэхэд тэр хүмүүс бид нар мэддэгийн гээд байсан. Би “та нар дарга байж болно гэхдээ олон нийтийн газар архи дарс ууж болохгүй шдээ” гээд маргалдсан. Шорлогны Дэмбэрэл гэх хүн “та нар явчих тэгэх үү гээд” гуйгаад байсан. Тэгээд яваад өгсөн. Сүүлд 11 сарын үед хэрэг үүсгэсэн гэдгийг мэдсэн. Цохисон нь миний буруу, өөрсдөө олон нийтийн газар архи уучихаад, намайг цагдаа дуудах гэхээр явчихъя салъя гэчихээд өөрсдөө цагдаа дуудсан байсан.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-6/, Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 7/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Б.Ооос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 8-10, 17-19/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Х.Булган-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20-21/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Дэмбэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8562 дугаар дүгнэлт /хх-н 31/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 36-38/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 44-45/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 54-55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалагаас шүүгдэгч Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эйвридэй” худалдааны төв дотор иргэн Б.Отой маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Эйвридэй” худалдааны төв дотор иргэн Б.Отой маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Оын хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн: "... Тухайн өдрийн орой шорлогны газар дөрвүүлээ хоол идээд сууж байтал зүүн хойд ширээн дээр сууж байсан 3 согтуу залуу орилж босч ирээд нэг согтуу залуу нь нэг юм хэлээд бид 4 рүү дайрсан. Эхлээд манай Дэмбэрэл босоод “за болио” гэж хэлэхэд тухайн залуу миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохиод авсан. Өмсч байсан дээлний энгэрийг өмсч байсан доторхи цамцтай нь хамт урсан. Намайг уг хувцсаар боосон. Болдбаатар гэх залуу надтай ирж уулзаж байсан. Харин уучлалт гуйгаагүй, намайг цохьсон нь зөв юм шиг юм яриад байсан." гэх мэдүүлэг /хх-н 19/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Булган-Эрдэнийн өгсөн: “...Би нутгийн ах болох Болдбаатар, Сэргэлэнбат нартай уулзсан. Хажуу ширээнд сууж байсан 3 хүн чанга яриад байсан. Бид нар хоорондоо энэ газарт архи ууж болдог юм байхдаа гэж ярьсан. Бидний ярьсаныг тухайн хүмүүс сонссон юм шиг байна лээ. Болдбаатар ах энд ингэж болохгүй шдээ гээд тэр ахтай маргалдсан. Тэгээд бие биенээ хэл амаар доромжлоод барьцалдаад авсан. Би Болдбаатар ах тухайн хүмүүсийг салгаад машиндаа суулгаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-н 21/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Дэмбэрэлийн өгсөн: “... Тухайн үед би, Энхбаатар, Болормаа нарын хамт сууж байтал хажуу ширээнд сууж байсан хэсэг залуучууд ямар ч шалтгаангүй ирээд хэрүүл маргаан үүсгэсэн. О ширээний наана цаанаас маргалдаад байсан. Отгонболд 1 залуутай барьцалдаж автал дээлийг нь урчихсан байхаар нь би салгасан.” гэх мэдүүлэг /хх-н 28/,
ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8562 дугаартай дүгнэлт:
1. "... Б.Оын биед эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, доод зовхинд зулгаралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-н 31/
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Хохирогч шүүгдэгчээс нотлох баримтын шаардлага хангасан нийт 547.000 төгрөгийг нэхэмжилсэнийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Б.Оод олгож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Бт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.