Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00477/И |
Дугаар | 563 |
Огноо | 2016-09-07 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 563
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн х сумын х баг, х тоотод оршин суух, х онд төрсөн, х настай, х, РД:х, Х овогт П-ийн Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн х сумын х баг, х тоотод оршин суух, х онд төрсөн, х настай, х, РД:х, Б овогт Н-ийн Г-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ц, хариуцагч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Ц миний бие 2012 онд Н.Г-тэй танилцаж 2014 онд үерхэж байгаад 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор гэр бүл болсон. 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр охин Г.З мэндэлснээс хойш 2015 оны 8 дугаар сар хүртэл хадам аавын гэрт амьдраад 8 дугаар сарын 16-ны өдөр өөрийн аав П-ийн гэрт охиноо авч ирсэн. Хадам аавынд байх хугацаанд нөхөр Н.Г надтай байнга хэрэлдэж “Яв, зайл” гэх мэтээр хөөдөг байсан. Нөхөр маань “Чи өвчтэй хүүхэд төрүүлсэн, эмчилгээний төлбөр их гарч байна” гэж удаа дараа хэрүүл маргаан гаргадаг байсан. 2015 оны 8 дугаар сараас хойш надтай 2 удаа уулзсан, түүнээс хойш өнөөдрийг хүртэл охин бид хоёрыг эргэж ирээгүй, анхаарал халамж тавиагүй, уучлалт гуйж эргээд хамтран амьдрах талаар яриагүй, утсаар ч яриагүй. Би өөрөө эргээд ирэх байх гэж хүлээгээд 4-5 удаа мессэж бичсэн боловч хариу ирээгүй. Миний бие барилгын засал чимэглэлийн ажил хийдэг, хүүхэд маань бага учраас өөрийн ээжээр охиноо асран хамгаалуулж өнөөдрийг хүрсэн. Нөхөр маань өнөөдрийг хүртэл надтай хамт амьдрах санаачлага гаргаагүй, түүний гэр бүл, ах дүү нар нь мөн надтай ирж уулзаагүй тул цаашид би Н.Г-тэй хамтран амьдрах ямар ч боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Г.З-г миний асрамжид үлдээж, Н.Г-ээс хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү, бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Хариуцагч Н.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Н.Г нь П.Ц-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. П.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн тэтгэлэгийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын үзэл бодол огт таардаггүй. Хүүхэд шөнө сэрээд хөхөө хөхөх гээд уйлахад хүүхэд авсангүй гэх мэтээр надтай хэрэлддэг. Мөн цаашид эхнэр П.Ц-тэй эвлэрч хамт амьдрах боломжгүй. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Ц нь хариуцагч Н.Г-с гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
П.Ц нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
П.Ц, Н.Г нар 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж хамт амьдарсан, тэдний дундаас 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр охин Г.З төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох дугаар 8501000095 тоот гэрлэлтийн гэрчилгээ, дугаар 8501000392 тоот төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2015 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Мөн эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо зэрэг нөхцөл байдал болон зохигчдын тайлбарыг харгалзан охин Г.З-г эх П.Ц-н асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Г.З-г 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Н.Г-р сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан тул хариуцагч Н.Г-с улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ц-т олгох, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж /Увс аймагт хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ нь 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 164.800 төгрөг байх мөн үүний 50 хувь буюу 82.400 төгрөгийг сар бүр нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх тул үүнийг 12 сараар тооцвол нийт 988.800 төгрөг, үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 төгрөгийг хариуцагч Н.Г-с гаргуулж улсын орлогод оруулах зэрэг үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б овогт Н-н Г /РД:х/, Х овогт П-ийн Ц /РД:х/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Г.З-г эх П.Ц-н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-д зааснаар охин Г.З-г 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Н.Г-р тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т нэхэмжлэгчийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г-ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ц-т олгож, хариуцагч Н.Г-ээс 28.281 /хорин найман мянга хоёр зуун наян нэг/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР