Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01009

 

 

 

 

 

 

 

 

2024 05 13 210/МА2024/001009

 

 

ЧДЦГ-ын

хүсэлттэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2024/01702 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ЧДЦГ-ын хүсэлттэй

Г.З-ыг албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.З (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Боржигон овогт Гончигдагвын Золцацрал нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ****************** тоотод байнга архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, зөрчил гаргаж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсгэж байгаа бөгөөд согтууруулах донтой этгээдийн эмнэлгийн магадалгаагаар 1-2 зэргийн донтолттой байна. 2024 оны 3 дугаар сард гэр бүлийн хүчирхийллээр 2 удаа баривчлах шийтгэл авсан. Иймд Г.З-ыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үүгэжээ.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Би 10 болон 25 настай хүүхэдтэй. Миний эгч ажилтай, би өөрөө гэртээ байдаг. Хэрвээ би эмчилгээнд явбал миний ар гэр болон хүүхдүүд хэцүүднэ. Архины албадан эмчилгээнд явах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Г.З-ыг захиргааны журмаар албадан эмчилж, Хүсэлт гаргагч ЧДЦГ-ын хүсэлт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Г.З-ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар Г.З-ыг албадан эмчилгээнд явуулах тухай шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг ЧДЦГт үүрэг болгож шийдвэрлэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Миний бие Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Төв аймгийн Баян сумын архины албадан эмчилгээнд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ирсэн болно. Би бага ангийн багшийн ажил эрхэлдэг. Өөрийн биеийн байдлын улмаас 1 жилийн чөлөө авсан. Нөхөр Ц.А нь Өмнөговь аймагт улирлын чанартай ажил эрхэлдэг. Ам бүл 4. Хүүхэд асран хамгаалах хүнгүй учир энэхүү албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Хүсэлт гаргагч ЧДЦГ нь гуравдагч этгээд Г.З-ыг байнга архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, өөрийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсгэдэг үндэслэлээр захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргасан.

2.1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гуравдагч этгээд Г.З-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг түүний гэр бүлийн гишүүн болон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга нар гаргасан байна./хх-6, 7/

2.2. Мөн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Г.З-ыг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлгийн дотор, сүрьеэ, мэс засал, арьс, хавдар, мэдрэл, гэмтэл, эмэгтэйчүүд, халдвартын төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт оруулсан байна. Сэтгэц-донтолтын эмчийн үзлэгээр түүнийг архинд донтох өвчин 2-3 дугаар үе гэсэн байх бөгөөд захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болох талаарх дүгнэлт гаргасан байна. /хх-15, 16/

2.3. Гуравдагч этгээд Г.З архидан согтуурсны улмаас олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсгэдэг нь түүний удаа дараа саатуулагдаж, эрүүлжүүлэгдэж байсан талаарх лавлагаагаар тогтоогдсон байна. /хх31-38/

2.4. Иймд анхан шатны шүүх гуравдагч этгээд Г.З-ыг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэсэн нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт нийцсэн, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Гуравдагч этгээд Г.З нь захиргааны журмаар архины албадан эмчилгээнд сайн дураар хамрагдахаас татгалзсан, давж заалдах гомдлын үндэслэлээ ...бага ангийн багшийн ажил эрхэлдэг. Өөрийн биеийн байдлын улмаас 1 жилийн чөлөө авсан. Нөхөр Ц.А нь Өмнөговь аймагт улирлын чанартай ажил эрхэлдэг. Ам бүл 4. Хүүхэд асран хамгаалах хүнгүй гэж тайлбарласан боловч хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй байх ба Г.З-ын хүү А.Ч нь эхийгээ албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасан байна.

Мөн мэргэжлийн эмч нарын үзлэгээр түүнийг архины албадан эмчилгээнд явуулж болох талаар дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан албадан эмчлэхийг хориглох нөхцөл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул уг гомдлыг хангахгүй.

4. Дээрх үндэслэлээр гуравдагч этгээд Г.З-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2024/01702 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Г.З-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН