Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01007

 

 

 

 

 

 

 

 

2024 05 13 210/МА2024/01007

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/00956 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

НШШГГ-т холбогдох,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, Э.Хүсэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 750 дугаар захирамжаар Б ХХК нь У ТӨХК-д 76,667,978 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн.

1.1. НШШГГ нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 28886 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2494 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа болно.

1.2. Б ХХК нь У-тай цахилгаан хэрэглэгчийн гэрээ байгуулаагүй, тухайн байгууллагын үйлчлүүлэгч хэрэглэгч биш боловч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш У-ийн шаардлагын дагуу төлбөр авагчийн Т, Х банкны дансанд 76,667,978 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

1.3. Гэтэл НШШГГ-ынзүгээс ажиллагааны явцад 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Г-ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж, арилжааны банкуудад эзэмшдэг дансны зарлагын гүйлгээг битүүмжилж эрхийг нь зөрчсөн. Иймд Б ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 750 дугаар захирамжаар Б ХХК-аас 76,938,623 төгрөгийг гаргуулж, У-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгохоор шийдвэрлэсэн.

2.1. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасны дагуу Б ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Г-ын хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулж харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг битүүмжилж, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлж, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байна.

2.2. Төлбөр авагч У-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 25/559, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/115, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25/14, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 25/259, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 25/387 дугаар албан бичгээр төлбөр төлөгдөөгүй болохыг тодорхойлсон байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлгүй тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 750 дугаар захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулахыг хүссэн Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б ХХК нь У-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй аливаа цахилгаан хэрэглэгчийн гэрээ байгуулаагүй боловч Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 сарын 29-ний өдрийн 750 дугаар захирамж хүчин төгөлдөр болсноос хойш хуулийн дагуу У-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн шаардлагаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөр авагчийн Т, Хбанкны дансанд 76,667,978 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

4.1. Б ХХК нь төлбөр авагч У-ийн Баянзүрх хэрэглэгчийн төвтэй эвлэрэх нөхцөл шалтгаан тухайн үед байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эрх, үүргийг нягтлан Б.Б-т итгэмжлэн даалгасан.

Энэхүү маргаанд дурдагдаж байгаа Б ХХК болон У-ийн Баянзүрх хэрэглэгчдийн төв хооронд 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэх 546528 тоот цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг 2023 онд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Ж-ээс мэдэж, шүүхийн төрөлжсөн архиваас авсан тухайн хэргийн материал дотор Б.Б-т миний олгосон итгэмжлэл дээрх гарын үсгээс өөр нэг ч гарын үсэг байхгүй.

546528 тоот цахилгаан эрчим хүчээр хангах гэрээндэх гарын үсэг нь миний гарын үсэг биш болохыг анхан шатны шүүхэд удаа дараа тайлбарлаж, гэрээний эх хувийг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч Т.Ж гэрээ олдохгүй байгаа гэсэн тайлбараар хангаагүй. Хэрэв эх гэрээг гаргуулбал гарын үсэг үнэн бодит эсэхэд шинжээч томилуулах боломжтой байсан. Анхан шатны шүүх хэрэгт хамгийн ач холбогдолтой баримтыг бодитоор үнэлээгүй гэж үзэж байна. Тус гэрээ нь хуурамч буюу У-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв өөрт хэрэг болсон, шаардлагатай үед хуурамчаар үйлдсэн. У-ийн Баянзүрх хэрэглэгчийн төв манай компаниас нэхэмжилсэн төлбөрийн дүнг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хэрэглээний тооцоогоор үндэслэн гаргаж ирсэн байдаг боловч 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ч ********* гэсэн кодоор УНК компаниас төлбөр авч байсан нь хэргийн материалд нотлох баримтаар байгаа.

4.2. Шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нэхэмжлэгчийн хүссэн нотлох баримт ирүүлэхийг даалгасан боловч хариуцагчийн татгалзлыг дэмжсэн гуравдагч этгээд болох У-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн төлөөлөгч Т.Ж баримт ирүүлээгүй байхад шүүх зөвхөн түүний тайлбарыг нотлох баримтад тооцож шийдвэрлэсэн. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг хэрэглэх байсан боловч хэрэглээгүй. Ийнхүү хууль зүйн илт алдаатай үндэслэлээр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэртэй иргэний хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаагүй болно.

6. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд У-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тайлбарын агуулга: У-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв нь тухайн үеийн Эрчим хүчний зохицуулах хорооноос батлагдсан тарифын дагуу тухайн үеийн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт тооцоод бодит үнэ 76,700,000 төгрөг гарсан. Үүнийг Б ХХК хүлээн зөвшөөрч 2015 онд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж гарсан. Гэтэл хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамж байхад 2015 оны гэрээтэй холбоотой асуудлыг ярьж байгаа нь үндэслэлгүй. Гэрээнд гарын үсэг зурсан эсэх нь энэ хэрэгт хамааралгүй. Нэгэнт 76,700,000 төгрөгийг төлөх нь захирамжаар тодорхой болсон. Нэхэмжлэгч Бльюскай партнерс ХХК нь манайхтай ямар нэгэн байдлаар тооцоо нийлж байгаагүй. Б ХХК-ийн төлсөн гээд байгаа дансны хуулган дээрх данс нь хэрэглэгчээс цахилгаан, эрчим хүчний төлбөрийг авдаг манай Т  банк болон Х банкны данс байгаа. Нэхэмжлэгчид ийм тоот данс руу төлбөрөө төлөөрэй гэсэн боловч тухайн данс руу нэг ч удаа төлөлт хийж байгаагүй. Б ХХК-ийн хэлээд байгаа УНК ХХК нь одоогоор манайд 300,000,000 гаруй төгрөгийн өр төлбөртэй байгаа. Шүүгчийн захирамжууд хэрэгт авагдсан байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 750 дугаар захирамжаар У-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 76,667,978 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч Б ХХК нэхэмжлэлийн шаардлага 76,667,978 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./хх30-31/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх зарчимтай.

4. Дээрх шүүхийн шийдвэрийг Б ХХК нь сайн дураар биелүүлээгүй тул 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 3346 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГГ 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна./хх-29, 33/

5. Тус ажиллагааг эхлэхээс өмнө буюу 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлбөр төлөгч Б ХХК-аас төлбөр авагч У-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дансанд шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр гэсэн утгатайгаар шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна./хх-9/

Харин төлбөр төлөгчөөс 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд төлбөр авагчийн дансанд нийт 68,150,000 төгрөг шилжүүлснийг шүүх дээрх баримтуудтай харьцуулан үзэж, уг дүнг албадан гүйцэтгэж буй шүүхийн шийдвэрт хамааралгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь тухайн төлбөрүүдийн гүйлгээний утгад код *********, Бльюскай партнэр ХХК-с, ЦАХ төлбөрт, цахилгааны төлбөр гэсэн бичилттэй буюу шүүхийн шийдвэрийн дагуу төлөх утга илэрхийлээгүй.

Түүнчлэн, Б ХХК нь ********* код бүхий Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр У-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй байгуулсныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь зөв үнэлсэн байна.

6. Үүний зэрэгцээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагчийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 25/259, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 25/387 дугаар албан бичгүүдээр шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй талаар НШШГГ-т хандаж байжээ.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4-164/246021 тоот мэдэгдлийг төлбөр авагчид хүргүүлж, төлбөр авагчтай тооцоо нийлж холбогдох баримтыг ирүүлэхийг мэдэгдсэн байх бөгөөд төлбөр авагч У-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 25/495 тоот албан бичгээр төлбөр төлөгч Б ХХК 24,619,140 төгрөг төлж, 52,319,483 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар хариу мэдэгдсэн байна. /хх-105, 157/

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцох үндэслэлүүдийг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 29.1.3-т заасан төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

8. Иймд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 750 дугаар захирамж биелэгдээгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

9. НШШГГ-ыншийдвэр, үйл ажиллагаанд гаргасан гомдол бүхий тус маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Б ХХК болон У-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хооронд цахилгаан эрчим хүчээр хангах тухай гэрээ байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт өгөх үндэслэлгүй болно. Иймээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан цахилгаан хэрэглэгчийн гэрээ байгуулаагүй, уг гэрээнд зурагдсан гарын үсэг Ө.Ашхүүгийн гарын үсэг биш бөгөөд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь өөрт хэрэг болсон, шаардлагатай үед хуурамчаар үйлдсэн гэрээ гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй. /хх136-142, 204-207/

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/00956 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН