Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00487/И |
Дугаар | 565 |
Огноо | 2016-09-07 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 565
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан
авсныг батлах тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би
Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багт оршин суух, 1996 онд төрсөн, 20 настай, эмэгтэй, ОЮ96090709 регистртэй, Борлууд овогт Чимэдийн Уртнасангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багт оршин суух, 1995 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, ОО95020711 регистртэй, Цорос овогт Дамжингийн Жамбалдоржид холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Уртнасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Дамжингийн Жамбалдоржтой гэр бүл болсон. 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр охин Золзаяаг төрүүлсэн. Гэр бүл болсноос хойш Д.Жамбалдорж нь ямар нэг шалтгаангүй архи ууж, агсам тавьж, охин бид хоёрыг үр хэлээр доромжлон айлган сүрдүүлж архи уусан үедээ удаа дараа зодож байнгын дарамтанд байлгах болсон. Мөн гэр орондоо тогтохгүй үеийн залуустай мөрийтэй тоглоом тоглож, архидан согтуурч 7-14 хоногоор гэр орноосоо явдаг. Гэр орны амьдрал, хань ижил, үр хүүхэд гэж санаа зовсон шинжгүй ирээд дээрх ёс бус үйлдлүүдийг гаргаж байсан. Иймд охин Ж.Золзаяаг миний асрамжид үлдээж, эцэг болох Д.Жамбалдоржоос хуулийн дагуу тэтгэлэг тогтоож, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Жамбалдорж шүүхэд гаргасан тайлбартаа: “Би эхнэр Ч.Уртнасангаас салахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сагил сум руу яваад бие муутай өвөөгөө эргэчихээд ирэхэд эхнэр маань аавынхаа хамт өөрийнхөө эд хөрөнгийг аваад салаад явсан байсан. Иймд миний гэр бүлийг эвлэрүүлж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Уртнасан шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан билээ. Хүүхэд маань 1 нас хүрээгүй байгаа тул нэхэсмжлэлээ татан авах хүсэлтэй байна. Хүүхдээ 1 нас хүрэхээр нь нэхэмжлэл гаргах хүсэлтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Уртнасан нь хариуцагч Д.Жамбалдоржоос гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Уртнасан нэхэмжлэлээ татан авахаар шийдвэрлэсэн тухайгаа илэрхийлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ татан авсныг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.Уртнасангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.Уртнасанд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Уртнасан нь хариуцагч Д.Жамбалдоржоос гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авсныг баталсугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ч.Уртнасанд олгосугай.
Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР