Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/01000

 

 

 

 

 

 

 

 

2024 05 10 210/МА2024/01000

 

 

Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/01062 дугаар шийдвэртэй, Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Х-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 38,396,272 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч С.Х нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр FX/2020/91 дугаар зээлийн гэрээ байгуулж, 19,200,000 төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.

1.1. Зээлдэгч нь үндсэн зээл 1,047,814 төгрөг, зээлийн хүү 1,398,425 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115,761 төгрөгийг тус тус төлсөн.

1.2. 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 18,152,186 төгрөг, зээлийн хүү 16,336,976 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,628,834 төгрөг, нийт 38,308,572 төгрөгийг төлөхөөр байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, зээлийн хүү төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж зээлийн үлдэгдэл 18,152,186 төгрөг, зээлийн хүү 16,888,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,267,497 төгрөг, эрэн сурвалжилсан 70,200 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 38,396,272 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: С.Х нь хэн нэгэн этгээдээс автомашин худалдан аваагүй бөгөөд тус ББСБ-аас бодитоор зээл аваагүй. Мөн зээлийн гэрээний дагуу түүний дансанд мөнгө орж ирээгүй. ********* улсын дугаартай автомашиныг нэг ч удаа харж байгаагүй. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нотлох баримт ирсэн үед дэлгэрэнгүй тайлбар гаргах боломжтой гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Х-аас 38,308,572 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,931 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 349,931 төгрөгийг гаргуулж Ф ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байна.

4.1. Иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаан нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 00 минутад товлогдсон байсан. Энэ шүүх хуралдаа нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт ирсэн бөгөөд шүүхийн байрны цагдаад ирцээ бүртгүүлсэн. Бага насны хүүтэйгээ хамт байсан болохоор цагдаагийн алба хаагч намайг хүүгээ үлдээж ороорой гэсэн тул төлөөлөгч Т.Г-ийг өмнөөсөө хуралд оруулж би хүүтэйгээ шүүхийн байрны нэг давхарт үлдсэн. Өмнөх шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-ээс татгалзсан байсан тул шүүх түүнийг шүүх хуралдаанд ажиглагчаар суулгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан эрхийг зөрчсөн. Миний бие шүүх хуралдаа цагтаа ирж, цагдаад бүртгүүлсэн бөгөөд төлөөлөгч Т.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчид намайг ирсэн, нэг давхарт бага насны хүүтэйгээ хамт хүлээж байгаа талаар мэдэгдсэн боловч намайг шүүх хуралдаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэдэг үндэслэлээр эзгүйд шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох эрхээр хангаж өгөөгүй бөгөөд мэтгэлцэх зарчим дээр ажиллагааг явуулаагүй.

4.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ф ХХК нь зөвхөн хуулийн этгээдийн гэрчилгээг гаргаж өгсөн бөгөөд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхтэй тусгай зөвшөөрлөө гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, тус байгууллага зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй, өдөр тутмын үйл ажиллагааны хэлбэрээр зээл олгох эрхтэй эсэх, банк бус санхүүгийн байгууллага мөн эсэх нь эргэлзээтэй, нотлогдоогүй байхад шүүх эдгээр нөхцөлийг шалгаагүй шууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан надаас 38,308,572 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.3. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн FX/2020/91 дугаар автомашин худалдан авах зээлийн гэрээг Иргэний хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, журам, заавар, зээлдэгчээс гаргасан зээлийн өргөдөл зэргийг үндэслэн байгуулсан. Иймээс 2021 оны Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг хэрэглэх боломжгүй тул 1995 оны Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг ашиглаж хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Харин тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан. Тэгэхээр зээлийг миний дансанд, надад олгоогүй, өөр хүний данс руу шилжүүлсэн нь нэхэмжлэгч өөрийнхөө мөрдөх ёстой зээлийн үйл ажиллагааны журмыг болон 1995 оны Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг тус тус зөрчиж гүйлгээг хийсэн нь зээл олгосон гэж үзэх үндэслэлгүй.

4.4. Энэхүү зээлийг би аваагүй бөгөөд миний нэр дээр Б.Б авсан. Б.Б-ийг гэрчээр дуудаж мэдүүлэг авахуулах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй. Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг шүүхийн журмаар гаргуулсан ба 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд Б.Б зээл авснаа хүлээн зөвшөөрсөн. Мөн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө ...миний нэр дээр ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 19,200,000 төгрөгийг зээлсэн талаар зөвшөөрч мэдүүлсэн. Гэтэл шүүх эдгээр гэрчийн мэдүүлгүүдийг хэргийг шийдвэрлэхэд үнэлсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Б.Б-ээс гэрчийн мэдүүлэг авахуулах хариуцагчийг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаан хариуцагчийн хүсэлтээр удаа дараа хойшилсон. 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч С.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38,396,272 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1. Ф ХХК нь С.Х-тай 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр FX/2020/91 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Ф ХХК нь зээлдэгч С.Х-д 19,200,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна./хх13-17/

3.2. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

3.3. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

4. Талууд зээлийн гэрээний 2.5-д “зээлдэгч тухайн худалдан авах автомашины борлуулагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасан автомашины үнийн дагуу борлуулагчийн Хаан банкин дахь харилцах 5079148010 дугаар дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээлийн олгосонд тооцох”-оор тохиролцжээ.

Тухайн автомашины борлуулагч Ө.Б нь Ш.Ц-д уг автомашиныг худалдах, худалдан авагчтай гэрээ байгуулах болон бусад бүрэн эрх олгосон итгэмжлэл хийж нотариатаар гэрчлүүлсэн байна./хх-84/

Дээрх итгэмжлэлийн үндсэн дээр Ш.Ц нь С.Хтай 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тоёота кровн хайприд маркийн автомашиныг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, нэхэмжлэхээр тухайн тээврийн хэрэгслийн үнийг Ш.Цолмонгийн Худалдаа хөгжлийн банкин дахь ********** тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсоны дагуу Ф ХХК-ийн зүгээс 19,200,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй байна.

Иймээс Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг ... гэрээ ...-т заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зааснаар зээлдүүлэгч Ф ХХК-ийг зээлдэгч С.Х-д зээлийн мөнгөн хөрөнгө болох 19,200,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзнэ. шилжүүлсэн гэж үзнэ.

1995 оны Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан боловч талууд уг зээлийн зориулалттай холбоотойгоор дээрх байдлаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг зөрчөөгүй.

Анхан шатны шүүх 2021 оны Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой.

4.1. Нэхэмжлэгч Ф ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 18,152,186 төгрөг, зээлийн хүү 16,888,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,267,497 төгрөг, эрэн сурвалжилсантай холбоотой 70,200 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 38,396,272 төгрөгийг хариуцагч С.Хаас гаргуулахаар шаардсан.

4.2. Зээлийн гэрээний 2.3 дахь хэсэгт хүү сарын 2,5 хувь, 2.4 дэх хэсэгт нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 452.2 дахь заалтыг үндэслэн тухайн сард төлөх зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар тооцох, 2.11 дэх хэсэгт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлдэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, зээлийн гэрээний хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй, 2.15 дахь хэсэгт нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн төлбөрийг төлбөл зохих өдрийн дараагийн өдрөөс эхлэн тооцохоор тус тус тохирсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна. Нэхэмжлэгч нь гэрээний нөхцөлөөр хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тооцооллоор зээлдэгчээс үндсэн зээл 1,047,814 төгрөг, зээлийн хүү 1,398,425 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115,761 төгрөг, нийт 2,562,000 төгрөг төлж, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй үйл баримт тогтоогдсон байна.

6. Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

6.1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан ба талууд гэрээний 2.3, 2.4 дэх хэсэгт хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар тус тус тохиролцсон тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

7. Иймд зээлдэгч үндсэн зээлийн үлдэгдэл 8,152,186 төгрөг, зээлийн хүү 16,888,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,267,497 төгрөг төлөөгүй байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Х-аас үндсэн зээл 8,152,186 төгрөг, зээлийн хүү 16,888,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,267,497 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

7.1. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжилсан 70,200 төгрөг, нотариатын зардал 50,400 төгрөгийг нэхэмжлэгч хохиролд тооцож шаардсан нэхэмжлэлийн уг шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

8. Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд дээрх зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг зурсан тул зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй гэх хариуцагчийн татгалзал болон энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

8.1. Хариуцагчийн “...нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхтэй тусгай зөвшөөрлөө гаргаж өгөөгүй, зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх нь тодорхойгүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй” гэх агуулгаар гомдол гаргажээ. Хэргийн 18 дугаар талд нэхэмжлэгч Ф ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан. Уг баримтад тус байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь зээлийн үйл ажиллагаа гэж тусгагдсан нь Ф ХХК-ийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хариу тайлбар гарган маргаж оролцохдоо энэ талаар маргаагүй байх тул уг гомдлыг хангахгүй.

8.2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Хариуцагч С.Х нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-ээс татгалзаж, өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 00 минут хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулжээ./хх131-132, 133-134/

Хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч С.Х-д 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн ба тэрээр уг баримтад гарын үсгээ зурсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дах хэсэгт заасантай нийцсэн./хх-135/ Улмаар хариуцагч нь мөн өдрийн шүүх хуралдаанд ирээгүй байх ба нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгүүлэх хүсэлт /хх-139/ гаргасан тул анхан шатны шүүх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүхээс хариуцагч талд шүх хуралдааны тов мэдэгдсэн, түүний шүүх хуралдаанд оролцох боломж, эрхийг хангасан учраас нэхэмжлэгчийн хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Иймд хариуцагчийн “анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Хариуцагч С.Х гаргасан хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулан мэтгэлцэх, хариу тайлбар гаргах эрхээр хангуулах тухай давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

8.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Б.Б-ээс гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шүүхээс “...гэрчийн оршин суух хаяг тодорхойгүй, шүүхэд дуудан ирүүлэх, мэдэгдэх хуудас хүргүүлэх боломжгүй” гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь гэрчийг дуудан ирүүлэх оршин суух хаяг тодорхойгүй байгаа үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар ажиллагаа явуулах боломжгүй тул хариуцагчийн энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

8.4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг маргааны үйл баримттай харьцуулан дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/01062 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН