Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 560

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Ц.Гантулгабат, шүүгдэгч Ж.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Ж.Л-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 19069 0464 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Ж.Л нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 201-139 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдаргч О.Бг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Л мэдүүлэхдээ: “…Тэр өдөр ажлаасаа 16 цаг гэж гарсан. Үсээ засуулчихаад хүүхдээ орой 7 цагаас оройтуулж авсан. Гэртээ ирсэн боловч гэр цоожтой байсан. Эхнэр руугаа залгасан чинь 10 цагт ирнэ гэсэн. Манай эхнэр Б 21 цаг 15 минутад ирсэн. Чи хүүхдээ авахад яадаг юм, үсээ засуулаад гээд орилоод байсан. Би “битгий орилоод бай” гэсэн чинь амнаас нь архи үнэртсэн. Над руу хашгираад байхаар нь би баруун хацар руу нь алгадсан чинь хажуу талынхаа ханыг налаад унасан.” гэв.  

            Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 2/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Бэс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5-6/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгоноос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2285 дугаартай дүгнэлт /хх-н 12/, мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Лын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 27/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 15/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 16/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас Ж.Л нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 201-139 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдаргч О.Б зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.      

            Шүүхээс шүүгдэгч Ж.Лыг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдаргч О.Б зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор О.Б өгсөн: “...Гэрийн гадаа хамтран амьдрагч Ж.Л том хүүгээ цэцэрлэгээс авсан, гэрийн түлхүүргүй гээд хүлээж байсан. Гэрт ороод "Хүүхдээ эртхэн авахгүй яасан юм бэ, 2 цаг шахуу танай хүүхдийг харж байна гээд багш нь утасдаад байсан. Үсээ засуулах байсан бол хамт яваад засуулчихгүй" гэж хэлсэн. Тэгтэл Лүн-Уул "Чи яагаад над руу томроод байгаа юм, битгий хүн цагдаад бай, чи яасан том юм" гэж уурлаад намайг нүүрэн тус газар нүд орчим цохиж, би хана налж унасан. Тэгээд хоёр гуя руу өшиглөсөн." гэх мэдүүлэг /хх-н  5-6/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Отгоны өгсөн: “...Над руу Б яриад “Лүн-Уул намайг зодоод явчихлаа, явуулахгүй утас булааж аваад би зугатаагаад гараад ирлээ" гээд уйлаад байсан. Тэгээд би Б дээр хүрч ирэхэд баруун нүд нь хөхөрч хавдаад уйлаад орж ирсэн." гэх мэдүүлэг /хх-н 7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.Тн өгсөн: "...Гэртээ ороод хоорондоо хүүхдээ оройтуулж авлаа гээд маргалдаад байсан. Тэгээд Б эгч гэнэт уйлаад байсан. Уйлж байхдаа "Танай ах чинь намайг ийм болгочихлоо" гээд хөмсөгний орчим нь хавдсан байсан." гэх мэдүүлэг /хх-н 28/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2285 дугаартай:

1. "...О.Б биед тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, хацарт хаван, хавдар цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно." гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ж.Лын өгсөн: "...Над руу хуруу гараа гозолзуулаад дайраад байхаар нь зүүн хацар руу нь баруун гараараа 1 удаа алгадсан. Б зүүн шанаагаараа хана мөргөж унасан." гэх мэдүүлэг /хх-н 24/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.   

            Иймд шүүгдэгч Ж.Лыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Л нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Шүүхээс шүүгдэгч Ж.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.     

Шүүгдэгч Ж.Л Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 299 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялыг төлсөн болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн баримтаар тогтоогдож байна.