Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00482/И |
Дугаар | 566 |
Огноо | 2016-09-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 566
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 5 дугаар баг, 11-07 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, РД:ОЛ60121276, Таргууд овогт Юнгэрэнгийн Алтайгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Алтай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1960 онд төрсөн, 56 настай. Би Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1976 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал малчнаар, 1980 оны 7 дугаар сараас 1983 оны 7 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан. Улмаар 1985 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд тус тус малчнаар ажиллаж байсан. Одоо насны тэтгэвэрт орох болсон ба хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн, тус нэгдэл тарж нөхөн бичүүлэх боломжгүй тул миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Алтай нь Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1976 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргаж ирүүлсэн Юнгэрэнгийн Алтайгийн Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1976 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Гэрч М.Отгонбаатарын шүүхэд өгсөн: “Би 1985 оноос эхлэн Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд тракторчнаар 1995 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Ю.Алтай нь намайг 1985 онд анх нэгдэлд ажилд ороход манай нэгдлийн Баянзүрх бригадын малчнаар ажиллаж байсан бөгөөд 1990 он хүртэл бид хамт ажилласан юм. Бид нэг нутгийн хүмүүс учраас бие биенээ эртнээс таньж мэднэ, хамт ажиллаж байсан нь үнэн. Ю.Алтайгийн эхнэр Отгоо нь мөн Баянзүрх бригадын малчин байсан бөгөөд одоо ч хувьдаа малаа маллан амьдарч байгаа хүмүүс. Тухайн үед Сагил сумын “Ялалт” нэгдлийн даргаар Р.Содномжамц, Ц.Давааням гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
3. Гэрч Ч.Орослойгийн шүүхэд өгсөн: “Би 1985 оноос эхлэн Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдлийн Баянзүрх бригадад малчнаар 1992 он хүртэл ажилласан юм. Намайг 1985 онд анх нэгдэлд ажилд ороход Ю.Алтай нь манай нэгдлийн Баянзүрх бригадын малчнаар ажиллаж байсан бөгөөд 1990 он хүртэл бид хамт ажилласан юм. Бид садан төрлийн холбоотой хүмүүс учраас Ю.Алтайг сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн. Ю.Алтай нь ажиллах хугацаандаа “Сайн малчин”-аар шалгарч малаар шагнуулж байсан удаатай юм” гэх мэдүүлэг,
4. Гэрч М.Отгонбаатар, Ч.Орослой нарын Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ю.Алтай нь Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1976 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргаж ирүүлсэн Ю.Алтайгийн Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1976 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч М.Отгонбаатар, Ч.Орослой нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ю.Алтайгийн Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1976 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал 4 жил, 6 сар малчнаар, 1985 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 4 жил, 3 сар малчнаар, нийт 8 жил, 9 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ю.Алтайгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ю.Алтайд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Би хөдөө амьдардаг ба мал харах хүнгүй байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй боллоо. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Таргууд овогт Юнгэрэнгийн Алтайгийн Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1976 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/сар малчнаар, 1985 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 4 /дөрөв/ жил, 3 /гурав/ сар малчнаар, нийт 8 /найм/ жил, 9 /ес/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ю.Алтайгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР