Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00993

 

 

 

 

 

 

 

 

2024 05 10 210/МА2024/00993

 

 

У ОНӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 104/ШШ2024/00148 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч У ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Г-дхолбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: У нь С.Г-тэй 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр орон сууц үнэ төлбөргүйгээр ашиглуулах тухай гэрээ байгуулсан. Уг гэрээний 1.1-д С.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох хүртэл хугацаанд үнэ төлбөргүйгээр ашиглуулна гэж заасан.

1.1. С.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг УСУГД-ын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/349 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн цуцалсан бөгөөд түүнтэй байгуулсан орон сууц үнэ төлбөргүй ашиглах гэрээний 4.1.1-д зааснаар орон сууц ашиглах эрх цуцлагдсан.

1.2. С.Г нь орон сууц үнэ төлбөргүй ашиглах гэрээний 3.6-д орон сууцыг байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусад этгээдэд худалдах, хөлслүүлэх, түрээслэх, ашиглуулах, барьцаалахыг хориглоно., 3.7-д гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг эзэмшигчид бүрэн бүтэн буцааж өгнө гэж заасныг зөрчиж уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байх тул Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 74 дүгээр байр, 2 дугаар орцны 39 тоот орон сууцыг С.Г-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

1.3. Нэхэмжлэл гаргасны дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монгол улсын Засгийн газрын 373 дугаар тогтоолоор дээрх ***********айлын орон сууцыг хувьчилсан. Уг хувьчлалд С.Г-ийн байр ороогүй. Иймд манай байгууллагыг дээрх орон сууцны эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие Налайх дүүрэг, 5 дугаар хороо, *************тоотод 2012 оны 06 дугаар сард дотор талыг өөрийн хөрөнгөөр засварлан 10 гаруй жил амьдарч байна.

2.1. У 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 7/288 тоот албан бичигтээ ...Налайх дүүрэг, 5 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн 74 дүгээр байр нь танай яамны хөрөнгийн бүртгэлд байгаа төрийн өмч тул хувьчлах эсэх асуудалд манай байгууллага оролцох хууль эрх зүйн боломж байхгүй байна гэж Батлан хамгаалахын яамны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/428 дугаар албан бичигт хариу өгчээ.

2.2. Налайх дүүргийн Засаг даргаар уламжлуулан олон албан хүсэлтийг Батлан хамгаалах яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргэснээр Батлан хамгаалах яам, Төрийн өмчийн бодлого зохицуулатын газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/1/270 тоот албан бичгээр 74 дүгээр байрны 1, 2 дугаар орцны 37 байрыг оршин суугчидад нь хувьчлах асуудлаар тохиролцсон. Налайх дүүргийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайдад 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 05/1792 тоот албан хүсэлтэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/2738 дугаар албан бичгийн дагуу орон сууц хувьчлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтад заасан 36 айлын орон сууцны судалгаа гарын үсэг хүргүүлсэн боловч манай байр Засгийн газрын тогтоолоор хувьчлагдаагүй үлдсэн.

2.3. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 373 дугаар тогтоолд У-ын балансад дуусаагүй барилга нэртэйгээр бүртгэлтэй, 354,600,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг үндсэн хөрөнгийн данс бүртгэлээс хасах шийдвэр гарсан тул У дээрх орон сууцыг нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Батлан хамгаалахын сайдын хамтарсан хөрөнгө оруулалт хийх тухай 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн өдрийн 173 дугаар тушаалыг үндэслэн У-аас 354,600,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тухайн үеийн 15 дугаар байр, одоогийн 74 дүгээр байр буюу 80 айлын орон сууцны 1, 2 дугаар орцны нийтийн эзэмшил, дээвэр, гадна дотор цахилгаан сантехникийн ажлыг У-ын ажилтнууд өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэн Батлан хамгаалахын яамны комисст хүлээлгэн өгсөн.

3.1. Батлан хамгаалахын сайдын 2011 оны 173 дугаар ангийн тушаалаар дээрх 74 дүгээр байрны 3, 4 дүгээр орцны 41-80 тоот 40 айлын байрыг Батлан хамгаалах яам эзэмшиж, 1, 2 дугаар орцны 1-40 дүгээр айлын байрыг У-ын эзэмшилд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон боловч Нийслэлийн өмчид одоог хүртэл шилжээгүй байна. Дээрх 74 дүгээр байр нь 4 орцтой, 4500 м.кв талбай бүхий байрыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн н/65 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн үндсэн хөрөнгийн дансанд авсан гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар Налайх дүүрэг 5 дугаар хороо, *************тоот үл хөдлөх хөрөнгийг хариуцагч С.Г-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, уг байрны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/2738 дугаартай албан бичгийн дагуу орон сууц хувьчлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтад заасан 36 айлын орон сууцны судалгаа гарын үсэг хүргүүлсэн боловч манай байр болон өөр 2 айлын байрыг шалтгаангүйгээр жагсаалтаас хассан байсныг сүүлд мэдсэн. Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 373 дугаартай тогтоолд У-ын балансад дуусаагүй барилга нэртэйгээр бүртгэлтэй 354,600,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг үндсэн хөрөнгийн данс бүртгэлээс хасах шийдвэр гарсны үндсэн дээр УСУГД-ын тушаалаар үндсэн хөрөнгөөс хассан атлаа 3 байрыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд тус байгууллага уг байрыг нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5.2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа С.Г-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөрчилтэй шийдвэр болсон. У уг байрыг эзэмшдэг гэх боловч тус байр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд байдаггүйг. Нэгэнт албан ёсны бүртгэлд байдаггүй эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай ойлголт байхгүй. Үүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ. Тус 37 дугаар байрнаас 3 байрны эзэмшил, өмчлөлийн маргаан нь хуульд заасан шаардлагад нийцээгүй. С.Г болон нэр бүхий 3 хүнийг ямар шалтгаан үндэслэл, шалгуур үзүүлэлтээр хувьчлалд оруулах жагсаалтаас хасч хувийн ашиг сонирхолын үүднээс хандаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: У-ын зүгээс 2011 онд уг 74 дүгээр байрны 1, 2 дугаар орцонд амьдарч буй дээд эх үүсвэрийн нийт 33 ажилтантай орон сууц үнэ төлбөргүйгээр ашиглуулах гэрээ байгуулан байрыг тодорхой зорилго, хугацаатайгаар ашиглуулж ирсэн. С.Г-тэй 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр орон сууц үнэ төлбөргүйгээр ашиглах гэрээг байгуулсан. Уг гэрээний 1.1-д С.Г-д 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хүртэл хугацаанд үнэ төлбөргүйгээр ашиглуулна гэж заасан. С.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг УСУГД-ын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/349 дүгээр тушаааар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн цуцалсан бөгөөд түүнтэй байгуулсан Орон сууц үнэ төлбөргүй ашиглах гэрээний 4.1.1-д зааснаар цуцлагдсан. Гэтэл С.Г нь орон сууц үнэ төлбөргүй ашиглах гэрээний 3.6, 3.7-д заасныг зөрчиж, уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч У ОНӨААТҮГ нь хариуцагч С.Г-д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. У ОНӨААТҮГ нь Зэвсэгт хүчний 137 дугаар анги /одоогийн 353/-тай 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 15 дугаар байр ашиглах гэрээ байгуулж, уг гэрээгээр У ОНӨААТҮГ нь Налайх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар байрыг балансаас балансад шилжүүлэн авч, өөрийн ажилчдад ашиглуулахаар тохиролцжээ./хх5-6/

3.1 Уг гэрээний дагуу У ОНӨААТҮГ нь маргаан бүхий хөрөнгийг авсны дараа Батлан хамгаалахын Сайдын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар тушаалаар тус яаманд 40-өөс доошгүй орон сууцны байруудын дотоод заслыг Зэвсэгт хүчний ангиудын хүчээр гүйцэтгүүлэх-ээр шийдвэрлэсэн /хх-7/ байх ба Зэвсэгт хүчний жанжин штабаас тухайн 15 дугаар байрны 2 орцыг Нийслэлийн өмчид шилжүүлээгүй учраас 1, 2 дугаар орцны Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн мэдэлд ашиглаж байгаа 4, 12, 16 тоотоос бусдыг нэхэмжлэгчид тодорхой хугацаанд эзэмшүүлэх саналаа илэрхийлсэн байна./хх7-10/

3.2. Дээрх үйл баримтаас үзвэл У ОНӨААТҮГ нь маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхийн хүрээнд өөрийн албан хаагчдыг тус орон сууцанд гэрээний үндсэн дээр ашиглуулсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

4. У ОНӨААТҮГ нь С.Г-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба түүнтэй 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр орон сууц үнэ төлбөргүйгээр ашиглуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Налайх дүүрэг, 5 дугаар хороо, *************** тоот орон сууцыг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хүртэл хугацаанд үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар харилцан тохиролцсон. /хх17-18/

4.1. С.Г нь тухайн орон сууцыг ашиглаж байсан боловч тус газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/349 дугаар тушаалаар түүнийг Ус хангамжийн албаны Дээд эх үүсвэрийн цахилгааны техникчээр ажиллаж байхдаа байгууллагын орлогыг хувьдаа ашигласан, ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалаас чөлөөлсөн байна. /хх-16/

4.2. Иймээс гэрээний 1.1-д гэрээний хугацааг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хүртэл хугацаагаар ашиглах, 3.7-д гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг эзэмшигчид бүрэн бүтэн буцааж өгнө, 4.1.1-д байр эзэмшигч ажилтны ажил олгогчтой байгуулсан гэрээ дуусгавар болсон тохиолдолд орон сууц ашиглах гэрээний харилцаа дуусгавар болж буцаан өгөхөөр тохиролцсоны дагуу С.Г нь байрыг чөлөөлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх эрхтэй.

4.3. Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор Налайх дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэсвэгт хүчний 353 дугаар ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ***********айлын орон сууцыг хавсралтад заасан нэр бүхий оршин суугчдад үнэ төлбөргүй хувьчлахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт зөвшөөрсөн /хх70-71/ байх ба маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө хувьчлагдаагүй тул нэхэмжлэгч У ОНӨААТҮГ-ын эзэмшлийн хөрөнгө гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэл болгож шаардах эрхээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх ёстой. Нэхэмжлэгч нь эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байгаа уг саадыг арилгуулахаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.

5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн уг шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч С.Гийг орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

5.1. Учир нь хариуцагч С.Г нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон тул эзэмшигч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

6. Нэхэмжлэгч нь орон сууцны эзэмшигчээр тогтоолгохоор гаргасан шаардлага нь бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байхад уг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байгаа тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад уг байрны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хассан өөрчлөлтийг оруулна.

7. Хариуцагч нь тус байгууллага нь уг байрыг нэхэмжлэх эрхгүй, эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгч уг байрыг эзэмшдэг боловч албан ёсны бүртгэл байхгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх агуулгаар гомдлоо гаргажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаар уг байр хувьчлагдаагүй, нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байгаа болох нь тогтоогдсон тул эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 104/ШШ2024/00148 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар Налайх дүүрэг, 5 дугаар хороо, ************** тоот орон сууцыг хариуцагч С.Г-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН