Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 567

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, РД:ОЗ66080105, Борлууд овогт Нинжээгийн Ариунаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Н.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 16 настайгаасаа буюу 1984 оны 1 дүгээр сараас илгээлтээр малчин болж Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1989 оныг дуустал хонь ямаа маллаж байсан. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон юм. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас намайг Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1984 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Н.Ариунаа нь Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1984 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн Нинжээгийн Ариунаагийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1984 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Гэрч Б.Нордодын шүүхэд өгсөн: “Би 1976 оноос эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын Хүн эмнэлгийн бригадын эмчээр 2006 он хүртэл ажилласан юм. Н.Ариунаа нь 1984 онд 10 дугаар ангиа төгсөөд Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1990 он хүртэл ажилласан юм. Н.Ариунаа нь улсын аварга малчин Т.Нинжээгийн охин бөгөөд түүний нөхөр нь аймгийн аварга малчин М.Цэрэндорж гэж хүн байдаг юм. Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн даргаар Т.Цэвээн, н.Доржсүрэн, н.Орших, н.Сайнжаргал гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

3. Гэрч Ш.Сидийн шүүхэд өгсөн: “Би 1976 оноос эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын –“Пионер” нэгдлийн Адуунчулуун бригадад малын эмчээр ажилд орж 1984 оныг дуустал ажиллаад, 1985 оноос Хужирт багийн бригадын дарга, сумын орлогч дарга, багийн засаг даргаар 2013 он хүртэл тус тус  ажилласан юм. Н.Ариунаа нь 1984 онд Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн малчнаар 1990 он хүртэл ажилласан юм. Би Н.Ариунааг айл хоршоо амьдарч байсан, нэг нутгийн хүмүүсийн хувьд сайн таньж мэдэх бөгөөд түүний амьдарч байсан багийн даргаар нь ажиллаж байлаа. Түүний аав улсын аварга малчин бөгөөд ах дүү 11-үүлээ нэгдлийн малчин, хадам аав нь аймгийн хошой аварга малчин хүн байсан” гэх мэдүүлэг,

4. Гэрч Б.Нордод, Ш.Сид нарын Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч Н.Ариунаа нь Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1984 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн Н.Ариунаагийн цалингийн тодорхойлолт, гэрч Б.Нордод, Ш.Сид нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Н.Ариунаагийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1984 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 6 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Ариунаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

    Нэхэмжлэгч Н.Ариунаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие тус шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Миний бие өвчтэй нөхрөө сахидаг тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борлууд овогт Нинжээгийн Ариунаагийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1984 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 6 /зургаа/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Ариунаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР