Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 569

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 12-11а тоотод оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, РД:ОД56071818, Цагаагчингууд овогт Цэдэвийн Цэвээндоржийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Цэвээндорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1956 онд төрсөн, 60 настай. Би 1980 оноос эхлэн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Үйлдвэр бригадад хонь, ямаа маллаж тус нэгдэл тарах хүртэл ажилласан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон, хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул намайг Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1980 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Цэвээндорж нь миний аав юм. Тэрээр 1980 оны 4 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр нь байгаа боловч усанд норсон, тамгагүй учраас ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Ц.Цэвээндоржийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1980 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ц.Цэвээндорж нь Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1980 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Ц.Цэвээндоржид нээсэн 1981 оны 1 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтэр

2. Увс аймгийн Архивын тасгаас 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гаргаж ирүүлсэн Цэдэвийн Цэвээндоржийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1980 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

3. Гэрч Ж.Баттогтохын шүүхэд өгсөн: “Миний бие 1975 оноос Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Үйлдвэр бригадад манаач, туслах ажилчнаар 1994 оныг дуустал ажилласан юм. Ц.Цэвээндорж нь 1980 оноос манай нэгдлийн Үйлдвэр бригадад малчнаар 1990 он хүртэл ажилласан юм. Ц.Цэвээндорж бид хоёр нэг нутагт төрж өссөн хүмүүс учраас нэг нэгнээ эртнээс таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед нэгдлийн даргаар С.Намсрайжав, Хүрэлсүх гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

4. Гэрч З.Цэрэндолгорын шүүхэд өгсөн: “Миний бие 1971 оноос Увс аймгийн Зүүнговь сумын нэгдэл, захиргааны бичээчээр 2002 оныг дуустал  ажилласан юм. Ц.Цэвээндорж нь 1980 оноос манай нэгдлийн Үйлдвэр бригадад малчнаар 1990 он хүртэл ажилласан юм. Түүний эхнэр нь мөн Суварга бригадад малчин байсан. Ц.Цэвээндорж бид хоёр нэг нутагт төрж өссөн хүмүүс учраас нэг нэгнээ эртнээс таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,

5. Гэрч Ж.Баттогтох, З.Цэрэндолгор Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэл болон АДХ-ын гүйцэтгэх захиргаанд тус тус ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч Ц.Цэвээндорж нь Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1980 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, Увс аймгийн Архивын тасгаас 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гаргаж ирүүлсэн Ц.Цэвээндоржийн цалингийн тодорхойлолт, гэрч Ж.Баттогтох, З.Цэрэндолгор нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

        Иймд нэхэмжлэгч Ц.Цэвээндоржийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1980 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 9 жил, 9 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цэвээндоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаагчингууд овогт Цэдэвийн Цэвээндоржийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1980 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 9 /ес/ жил, 9 /ес/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цэвээндоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР