| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 175/2021/0056/Э |
| Дугаар | 302 |
| Огноо | 2021-11-10 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., 10.1.2.7., 10.1.2.8., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 302
Ж.Зд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 39 дүгээр магадлалтай, Ж.Зд холбогдох 2031000000194 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй,
2002 оны 03 дугаар сарын 05-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2004 оны 04 дүгээр сарын 14-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял,
2007 оны 11 дүгээр сарын 19-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгүүлсэн, Боржигон овогт Ж.З нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Зыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 1 нас 4 сартай А.Бийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар шүүгдэгч Ж.Зд 20 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 207 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.2-т заасныг тус тус баримтлан Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөнөөс оршуулгын зардал 5.119.482 төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний зардал 2.000.000 төгрөг, нийт 7.119.482 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ат олгуулах, шүүгдэгч Ж.Заас 7.119.482 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд буцаан оруулах,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Р.Атарцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Ж.Зд холбогдох хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцээд 61 дугаартай шийтгэх тогтоол гаргасан. Ж.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтуудаар гэм буруутайд тооцон 20 жилийн хорих ялаар шийтгэж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Уг шийтгэх тогтоолыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргаснаар хэргийг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж, 39 дугаартай магадлал гаргасан. Уг магадлалын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь эргэлзээтэй байхад хуульд заасан хугацаатай хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэл зааж 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхийг давж заалдах шатны шүүхэд олгосон. Монгол Улсын Их хурлын 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор хүндрүүлэх эрхийг давж заалдах шатны шүүхэд олгоогүй. Тиймээс хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж ялыг хүндрүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.
2.Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэхэд эргэлзээтэй байна гэж үзэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /31 тал/ “... түүнийг цээрлүүлж, шударга ёсны зарчмыг удирдлага болгон ...20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн бол түүнд хугацаатай хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ“ гэж зааснаар шүүгдэгчид хугацаатай хорих ял оногдуулж шийдвэрлэсэн болно” гэж маш тодорхой дурьдсан байгаа юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Би хуульчийнхаа хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэсэн зарчмыг гэм буруугийн шүүх хуралдаанаас гэм буруутайд тооцсоны дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч болно гэж ойлгож байгаа. Тэрнээс заавал урьдчилж гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадах эрхгүй гэж бодож байгаа юм. Гэвч миний үйлчлүүлэгч гэм буруугийн шүүх хуралдаан дээр гэм буруугийн талаар маргахгүй, хэрэгт цугларсан баримтаар надаас өөр хүн энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж ойлгож байна гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн юм. Тиймээс давж заалдах шатны шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь эргэлзээтэй гэх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна.
3.Анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж хугацаатай хорих ял оногдуулсан нь хууль зөрчөөгүй. Харин ч давж заалдах шатны шүүх эргэлзээтэй гэдгийг юуг үндэслэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гэж ямар нөхцөл байдлуудыг хэлээд байгаа нь тодорхой бус байна.
Хэдийгээр энэ хэрэгт хийх ёстой дутуу дулимаг ажиллагаа байгаа боловч энэ хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэх санал, хүсэлтийг 3 шатны прокурорын байгууллага хүлээн аваагүй юм. Тэгсэн хэдий ч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд холбогдсон хэргийн талаар маргаан үүсгэхгүйгээр гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болно.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаартай магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Гансүх хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд манай үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарладаг боловч Ж.З нь зүйлчлэлийн талаар маргадаг. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийг би үйлдээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Д.А бусадтай бүлэглэн үйлдсэн байж болзошгүй гэх мэтээр мэтгэлцдэг учраас манай үйлчлүүлэгч гомдолтой байгаа. Анхан шатны шүүх хугацаатай хорих ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэнэ гэсэн зохицуулалтыг хэрэглэхдээ хувийн байдлыг нь анхаарч үзээгүй. Нөгөөтэйгүүр хохирогчийн санал, гомдол, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдлыг огт дүгнээгүй хугацаатай хорих ял оногдуулсанд нь хохирогчийн тал гомдолтой байсан учраас давж заалдах гомдол гаргасан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийг гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.З нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ж.З нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоолтой танилцаж, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө болон анхан шатны шүүх хуралдааны явцад үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлоос тодорхой хэмжээгээр барагдуулсан байх тул түүнд анхан шатны шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 20 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 39 дүгээр магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан гомдлын дагуу Ж.Зд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Анхан шатны шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Ж.З нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3 дугаар баг, Усан сангийн 6 дугаар гудамжны 617 тоотод өөрийн төрсөн хүү болох 1 нас 4 сартай А.Бийг зодож, гавал тархины цөмөрсөн хугарал, гавлын хөндийд нэвтэрсэн шарх, хурц цус алдалт бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэж санаатай алсан болох нь гэрч Д.А /1хх-59/, Л.Ц /1хх-78/, Д.А /1хх-80/, насанд хүрээгүй гэрч А.Б /1хх-12, 120/ нарын мэдүүлгүүд болон Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 80 дугаартай /1хх-198/ дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Зыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д тус тус зааснаар 20 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.
Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгчид бүх насаар хорих ял оногдуулах талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн Ж.Зд холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь хөнгөн болсон гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.
Учир нь анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Зы үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учирсан хор уршиг, гэмт хэрэгтний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулиар тогтоосон хорих ялын дээд хэмжээ болох 20 жил хорих ялыг сонгон оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг илтэд зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.
Иймд энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг тус тус хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүнд зөвхөн эмчилгээний зардал, эсхүл оршуулгын зардлыг “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан”-гаас гаргуулахаар заасан байхад анхан шатны шүүх гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний зардал болох 2.000.000 төгрөгийг Засгийн газрын дээрхи тусгай сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул уг мөнгийг шүүгдэгч Ж.Заас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ат олгуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 39 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөнөөс ... нийт 7,119,482 /долоон сая нэг зуун арван есөн мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ат олгож,
...гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөнөөс төлөгдсөн нийт 7,119,482 /долоон сая нэг зуун арван есөн мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг шүүгдэгч Ж.Заас гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд буцаан оруулсугай” гэснийг
“...гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгөнөөс оршуулгын зардал 5,119,482 /таван сая нэг зуун арван есөн мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ат олгож,
...нийт 7,119,482 /долоон сая нэг зуун арван есөн мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг шүүгдэгч Ж.Заас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний зардал болох 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ат олгуулж, оршуулгын зардал 5,119,482 /таван сая нэг зуун арван есөн мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд буцаан оруулсугай.” гэж өөрчилж, уг тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН