Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 279

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3 дугаар” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т” ХХК.

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.

Нэхэмжлэлийн шаардлага: “Т” ХХК-ийн XV-18109 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, тус тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК нь ХV-018109 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг зохих хууль дүрмийн хүрээнд эзэмшдэг. Манай компани нь хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлсөн байтал Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл, 56.1.2 дахь заалтыг үндэслэн ХV-018109 тоот зөвшөөрлийг цуцалсан болохыг 2016 оны 11 сарын 23-ны Ашигт малтмал газрын тосны газрын цахим хуудаснаас олж мэдсэн юм. 

“Т” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн байтал ийнхүү цуцлан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул Ашигт малтмал газрын тосны газрын дарга Б.Бд гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөөгүй учир шүүхэд хандаж байна. 

Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбараа дэмжин ажиллах бодлоо баримталж байгаа боловч төрийн байгууллагын уялдаагүй үйл ажиллагаанаас болж аж ахуйн нэгжүүд хэвийн ажиллах нөхцөлгүй болж байна. Монгол Улсын Засгийн Газраас уул уурхайн салбараа дэмжин ажиллах бодлого баримтлаж байгаа боловч төрийн байгууллагын уялдаагүй үйл ажиллагаанаас болж аж ахуйн нэгжүүд хэвийн ажиллах нөхцөлгүй болж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргаан байгууллага тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт баггаан тусгай зөвшөөрөрл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.“ гэжээ. Гэтэл манай компанид өнөөдрийг хүртэл ямар нэг мэдэгдэл ирээгүй ба хайгуулын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.

Хэрэв Кадастрын хэлтэс хуулиар олгосон үүргээ биелүүлж мэдэгдэл ирүүлсэн бол мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3,-т заасны дагуу манай компани холбогдох нотлох баримтыг гаргаж хүргүүлэх боломжтой байсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дээрх үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;” зарчмаас хазайж манай компанийн эрх ашгийг хөндсөн үйлдэл болсон төдийгүй мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны актыг бичгээр гаргах хэлбэрийн шаардлагыг хангалгүй Т ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа захиргааны акт бичгээр гаргаагүй байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Т ХХК-ийн ХҮ-018109 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, тус тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т” ХХК нь Баян-Өлгий аймгийн Аптанцөгц, Баяннуур сумдын нутаг Алтан нэртэй 18749.93 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өргөдөл гаргасан ба Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр тус компанид ашигт малтмалын хайгуулын ХВ-18109 тоот тусгай зөвшөөрөл олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “Т” ХХК нь ХВ-18109 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 “хуульд зааснаар хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан байх бөгөөд “Т” ХХК-д тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл төлөх боломж хуулиар олгогдсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6/3469 тоотоор хүргүүлсэн ба тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол цуцална ” гэж зааснаар “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-18109 тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр цуцалсан байна.

Цуцалсан тухай мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/2025 тоотоор хүргүүлж байсан болно.

Тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан тухай мэдэгдлүүд нь компанидаа очсон ба буцалт хийж ирсэн талаарх тэмдэглэгээ шуудангийн дэвтэрт тэмдэглэгдээгүй байгаагаас харахад “Т” ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд “Т” ХХК-ийн гаргасан кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээс өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын ХВ-18109 тоот тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Т” ХХК-ийн XV-18109 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах тус тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч компани нь 2015 оны 05 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн хайгуулийн тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу эзэмшиж ирсэн. Дээрх хугацаанд холбогдох хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлж ирсэн. 2016 оны 06 дугаар сард хоёр мэдэгдэл ирсэн байдаг ба уг мэдэгдлийн дагуу 06 дугаар сарын 06-ны өдөр төлбөрөө төлсөн. Төлбөр төлөхдөө компанийн ажилтан гэрчилгээгээ авч очоогүй, харин хариуцагч байгууллагаас хоёр дахь жилийн төлбөр төлсөн талаар баримт тодорхойлолт хийж өгсөн. Гэтэл сүүлд 10 дугаар сарын эхээр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөөгүй байна гэсэн зүйл ярьсан. Энэ талаар хариуцагч байгууллагатай очиж уулзахад дансаа андуур ч төлсөн байна гэдэг тайлбарыг хэлсэн ба дахин 10 дугаар сарын 10-ны өдөр дахин төлбөрөө төлсөн. Гэтэл 12 сард манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай шийдвэрийг манай захирал цахим хуудаснаас олж мэдсэн. Үүнтэй холбоотойгоор Баатарцогт даргад хүсэлтээ бичиж өгсөн байдаг. Уг хүсэлтийн хариуд шүүхэд хандаж асуудлаа шийдүүл гэсэн хариу өгсөн. Хариуцагч тал мэдэгдэл хүргүүлсэн гэдэг зүйлийг хэлж байна. Уг мэдэгдлийг манай компани огт хүлээж аваагүй, компанийн хаяг өөрчлөгдөөгүй. Мөн уг мэдэгдлийг нэхэмжлэгч компани хүлээж авсан эсэх талаар ямар нэгэн баримт, тэмдэглэл байдаггүй. Үүнтэй холбоотой баримтыг хариуцагч талаас гэсэн гаргаж өгөөгүй. Манай тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулаагүй, хариуцагч байгууллага нь хянан шалгах үүрэг хүлээсэн төрийн захиргааны байгууллага юм. Мөн 06 дугаар сарын 06-ны өдөр төлбөр төлөх хугацаа дууссан байхад сүүлд 12 дугаар сард цуцалсан тухай шийдвэрийг гаргасан. Энэ хооронд болсон үйл баримтыг яагаад хариуцагч тал судалж үзэлгүйгээр шийдвэр гаргасан юм. Үүнээс болж нэхэмжлэгч компанийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. Мөн Захиргааны ерөнхий хуульд эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буюу этгээдэд мэдэгдэх сонсгох ажиллагаа хийнэ гэж заасан байдаг. Гэтэл мэдэгдэх ажиллагаа огт хийгээгүй хэрнээ тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа мэдэгдэл хүргүүлж байгаа нь ойлгомжгүй, мөн уг мэдэгдлийг гардуулж өгөөгүй байдаг. Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн өргөдөл, гомдол гаргах талаар Монгол Улсын иргэний адил эрх эдэлнэ. Мөн хуулийн 7 дугаар зүйлд төрийн захиргааны албан хаагчдийн хүлээх хариуцлагыг зохицуулсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Хуульд заасан эрх зүйн чадамжтай иргэн, хуулийн этгээд болон хуулиар эрх олгогдсон этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхтэй гэж тус тус заасан. Тиймээс дээрх бүх зүйлийг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баян-Нуур сумдын нутагт Алтан нэртэй 18749.93 м.кв талбайд ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрөл хүсэж өгөгдөл гаргасныг 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр тус компанид хайгуулийн 18109 тоот хайгуулийн тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Хайгуулийн тусгай зөвшөөрөл эзэмшигч маань Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу жилийн төлбөрийг мөн хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан хэмжээний дагуу тус хуулийн 34.2-т зааснаар урьдчилан жил бүр төлдөг. Нэхэмжлэгч компаний хувьд 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө нь төлөх боломжтой байсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч маань Ашигт малтмалын тухай 34 дүгээр зүйлийн 34.7-т заасны дагуу төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй бол алдангийн хамт төлөх боломж нь олгогдсон байдаг. Нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрөө төлөөгүй байсан учраас цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдлийг анх өргөдөл гаргасан хаягаар явуулсан байдаг. Уг хугацаанд төлбөрөө төлсөн эсэх талаар баримтыг манай байгууллагад ирүүлээгүй учраас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хайгуулийн тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр цуцалсан байдаг. Цуцалсан талаарх мэдээллийг компаний хаягаар хүргүүлсэн. Мэдэгдэл манай байгууллага дээр буцаж ирээгүй байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийг төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Ж.Б ХV2018109 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 147 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, тус тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК ХV-18109 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн байхад түүнийг үл харгалзан энэ үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж тус хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа нь хууль бус гэж маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон шүүгчийн захирамжийг биелүүлж 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “Т” ХХК-ийн XV-18109 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж шүүх энэ шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн боловч шүүх хуралдааны үед “..тус тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах” гэж нэмэн тодруулснаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

“Т” ХХК Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баяннуур сумдын нутаг Алтан нэртэй 18749.93 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өргөдөл гаргасан ба Кадастрийн хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр тус компанид ашигт малтмалын хайгуулын ХВ-18109 тоот тусгай зөвшөөрөл олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.” гэж зааснаар тус компани ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой бөгөөд энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “хуульд зааснаар хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл тусгай зөвшөөрлийг цуцлана.” гэж зохицуулснаас үзэхэд “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл төлөх боломжтой байна. 

Харин нэхэмжлэгч “Т” ХХК 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр энэхүү тусгай зөвшөөрлийн төлбөр болох 5715000 төгрөгийг төрийн сангийн 900018003 тоот дансанд төлсөн бөгөөд энэ тухай мөн өдрийн Ашигт малтмалын газрын Кадастрийн хэлтсээс дээрх төлбөрийг төлсөн тухай “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт”-оор баталгаажуулжээ.

 Гэтэл нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрийг Төрийн сан дахь Улсын төсвийн 900000712 тоот дансанд бус тусгай зөвшөөрлийн эрх олгосон үйлчилгээний хөлс тушаах 900018003 тоот дансанд тушаасан тул буцаагдсан байна.

Хариуцагч дээрх үндэслэлээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг данс андуурч тушаасан тул буцаасан талаараа тухайн үед нэхэмжлэгч компанид мэдэгдээгүй бөгөөд  тус компани 2016 оны 10 сард энэ тухай мэдэж тусгай зөвшөөрлийн төлбөрийг дахин тушаажээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг данс андуурч төлснөө залруулж алдангийн хамт 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 6693537 төгрөгийг төрийн сангийн 900000712 тоот дансанд төлсөн байхад 2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 147 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрийн хэлтсийн даргын шийдвэр хуульд нийцээгүй байна.

Хариуцагч Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрөл цуцалсан 147 дугаар шийдвэрийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 7/2025 дугаар “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр хүргүүлсэн гэх боловч байгууллагын “явуулсан бичгийн” бүртгэлээр нэхэмжлэгч компанид хүлээлгэж өгсөн талаар баримт авагдаагүй энэ талаараа нотлоогүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “Т” ХХК-ийн анх Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа бүрдүүлсэн материал, хуулийн этгээдийн тодорхойлолтод бичсэн албан ёсны хаяг, утасны дугаар өөрчлөгдөөгүй бөгөөд энэ хаягаар тусгай зөвшөөрөл цуцалсан тухай шийдвэрийг хүргэх боломжтой байсан хэдий ч хариуцагч энэ талаарх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө 2016 оны 06 дугаар сарын 06, 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд төлсөн байхад энэ үйл баримтуудыг хянаж шалгаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрийг эзэмшигчид мэдэгдэнэ.” гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл хариуцагч энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалсанаа мэдэгдээгүй нь мөн хуулийн 56.3-т заасан “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийг  зөвшөөрөхгүй байгаагаа нотлох боломжоор хангаагүй байна.  

Тодруулбал хариуцагч “Т” ХХК-ийг тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө хуулинд зааснаар 2016 оны 06 дугаар сард төлөх байсныг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн атлаа түүнээс 5 сарын дараа буюу мөн оны 11 дүгээр сард шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн 10 сард төлсөн баримтыг нягтлан шалгаагүй нь уг тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр хуулийн дээрх зохицуулалтуудтай нийцээгүй байна.

Нөгөө талаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргаж энэ талаар хуульд нийцсэн хариу өгөөгүй байх тул тус тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ийнхүү хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөөгүй үндэслэлээр тусгай зөвшөөрөл цуцалсан Кадастрийн хэлтсийн даргын шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудтай нийцээгүй байх тул  ХV2018109 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 147 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон тус хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4-т заасныг баримтлан “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV2018109 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 147 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон тус хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        А.НАСАНДЭЛГЭР