Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2023/0014

 

“Э” ХХК, “Г о” ХХК, “Р х м м” ХХК нарын

 нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:    Г.Банзрагч

Танхимын тэргүүн:  Д.Мөнхтуяа

Шүүгчид:                     М.Батсуурь

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:          Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: А.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгч “Г о” ХХК-ийн төлөөлөгч Д.М, түүний өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нарыг оролцуулан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар: Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг 1 дүгээр хавсралт ёсоор, зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталж,

2 дахь заалтаар: Засгийн газрын 2015 оны 103 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлоход ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлал”-ын 2.1-ийн “Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 31-д” гэснийг “Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4-т” гэж, Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ын 2.1-ийн “Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 61 дэх хэсэгт” гэснийг “Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 7-д” гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтаар:  Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Биржийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 88 дугаар тогтоол, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 39 дүгээр тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 74 дүгээр тогтоол, “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 131 дүгээр тогтоолын 2 дугаар зүйл, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 89 дүгээр тогтоол, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 220 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, “Аргачлал баталж, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 103 дугаар тогтоолын 3, 4 дүгээр зүйл, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 489 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 47 дугаар зүйлийн 47.14 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК, “Г о” ХХК, “Р х м м” ХХК-иас гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А гомдолдоо: ... “Э” ХХК, “Р х м м” ХХК, “Г о” ХХК нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна. Одоогийн мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14 дэх хэсгийн “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэсэн заалтад дээрх тогтоолыг батлах үед “47.12” гэсэн дугаартай, томьёоллын хувьд “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэсэн агуулгатай байсныг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар дугаарыг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар зохицуулалтыг одоогийн байдлаар тус тус өөрчилсөн байна.

3.2. Иймд Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоол гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 47.12 дахь хэсгийн дугаар 47.14 гэж, “Биржийн нэрийг” гэснийг биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг” гэж тус тус өөрчилснөөр уг зохицуулалтыг нэхэмжлэлд дурдсанчлан “хүчингүй болсон” гэж үзэж болохгүй.

3.3. Өөрөөр хэлбэл холбогдох хэсгийн дугаар нь өөрчлөгдсөн ч, Ашигт малтмалын тухай хуульд Засгийн газарт эрх олгосон зохицуулалт хэвээр байгаа энэ тохиолдолд “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” тогтоолыг уг хуулийн 47.14 дэх хэсэгт заасныг үндэслэн дахин батлаагүй нь хууль бус гэж дүгнэх үндэслэл болохгүй.” гэж үзсэн. Хэдийгээр хуулиар эрх олгосон заалт нь байгаа боловч тус Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эрх олгосон заалт нь өөрчлөгдсөн тул энэхүү хуулийн нэмэлттэй холбогдуулан Засгийн газар шинээр тогтоол гаргаж хуулийн үндэслэлээ зөв тусгах ёстой бөгөөд энэ тухай Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-д зааснаар хуулийн зүйл заалтыг тодорхой заах нь хэм хэмжээний актад тавигдах хуулийн шаардлага юм.

3.4. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-д “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана.” гэж зааснаар олон улсын жишиг үнэ тогтоодог бирж болон зэх зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлахаар заасан гэж байгаа боловч төрөөс зах зээлийн үнийг шууд тогтоосон.

3.5. Харьяа татварын газар энэ компаниудаас биржийн үнээр татвар авч байгаа нь үнэ тогтоож байгааг шууд харуулж байна гэтэл шүүхээс 2 өөр ойлголт шууд тогтоосон гэж үзэхгүй гэж тайлбарлаж байгаа нь цаад талыг харахгүй өнгөц дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч компаниуд нь татвар төлөхөөс зайлсхийгээгүй хэт шударга бус олоогүй орлогоос татвар авч байгааг эсэргүүцэж энэхүү гомдол, нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

3.6. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж олон иргэдийг ажлын байраар хангаж өөрийн үйлдвэрлэлийг эрхэлж бүтээгдэхүүн гаргаж гадаадын зах зээлд өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахаар олон өрсөлдөгчтэй өрсөлдөж худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрээний дагуу бүтээгдэхүүнээ экспортод гаргахад Монгол Улсын Засгийн газар гэрээний үнэ чинь хамаагүй бид өөрсдөө үнээ тогтоож та нараас татвар авна гэж хувийн компанийн өндөр үнэтэй сайтын үнээр олоогүй орлогоос татвар авч байгаа нь хэт шударга бус, эдийн засгийн бодлоор аж ахуй нэгж байгууллагыг дарамталсан хууль бус үйл ажиллагаа энэхүү хуулийн цаана хэрэгжиж байгаа юм.

3.7. Шүүхийн үндэслэх хэсэгт дурдсанаар “Хуульд заасан “олон улсын зах зээлийн үнээр борлуулах” гэдгийг уур уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн үнэтэй харьцуулах байдлаар л тогтоохоос бус өөрөөр тогтоох боломжгүй.” гэсэн боловч харьцуулахгүйгээр шууд тогтоогоод байгаад гомдолтой байгаа юм.

3.8. Нэхэмжлэгч “Э” ХХК нь уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулж экспортод гаргадаг аж ахуйн нэгж байгууллага бөгөөд уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Гэтэл үйлдвэрлэсэн жонш буюу бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд борлуулахад үндэслэлгүйгээр олоогүй орлогоос татвар авч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон нь манай компаниa эрх ашигт шууд нөлөөлж байгааг харуулж байгаа гэтэл эрх ашиг нь зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.9. Нэхэмжлэгч нар нь Засгийн газрыг зах зээлийн үнэ тогтоогоод байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байгаа болохоос зэх зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг зарлах эрхгүй гэж маргаагүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй”, 4.1.1-д “Хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хувь, хэмжээг Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу тогтворжуулах”, 4.1.2-т “Чөлөөт бүсэд мөрдөгдөх татварын тусгай дэглэмийг Чөлөөт бүсийн тухай хуулиар тогтоож, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг татварын холбогдох хуулиар зохицуулах” гэж зааснаар Засгийн газар зах зээлийн үнийг тогтоож үүнээс татвар авах нь хууль бус, Төрийн гаргасан аливаа шийдвэр, тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд иргэдээс авч буй төлбөр, хураамж, татварыг хуульд заасан үндэслэл хэмжээгээр авахаар хуульчилсан байтал Монгол Улсын Засгийн газрын 81 дугаартай тогтоолоор Засгийн газар зах зээлийн үнэ тогтоож олоогүй орлогоос татвар авч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байгаа билээ.

3.10. Миний бие энэхүү маргаан бүхий хэм хэмжээний актаар компаниудаас олоогүй орлогоос татвар авч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болохын дээр Татварын тухай хуультай холбож тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг шүүхээс маргаан шийдвэрлэхэд нөлөөлөх хүчин зүйл биш, маргаан бүхий тогтоолыг хуульд нийцээгүй, эрхээ буруу хэрэгжүүлсэн гэж дүгнэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж байгаа нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

3.11. Учир нь нэхэмжлэгч нар нь хэрэгт бүтээгдэхүүн дотоодоос худалдан авсан буцаан олон улсад худалдаасан гэрээнүүд болон бусад нотлох баримтууд болох татварын тайлангаа гаргаж өгч татвараас хэрхэн яаж татвар авсан болохыг нотлох, нэхэмжлэлийн үндэслэлийг батлах зорилгоор нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт гаргаж өгсөн бөгөөд Засгийн газар зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг заах нэрээр зах зээлийн үнийг тогтоож байгаа нь өөрөө хуульд нийцээгүй, эрхээ буруу хэрэгжүүлж нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна гэсэн агуулга үндэслэлээр нэхэмжлэл гаргасан, мөн адил энэхүү гомдлыг гаргаж байгаа билээ.

3.12. Иймд энэхүү гомдлыг хүлээн авч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн, 106 дугаар зүйлийн 106.3.8-д захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох; гэж тус тус зааснаар аливаа этгээдээс захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж буй тохиолдолд нэгдүгээрт, тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцээгүй байхын зэрэгцээ хоёрдугаарт, тухайн маргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн бол шүүх нэхэмжлэлийг хангах зохицуулалттай.

6. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж зааснаас үзэхэд, олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан нийтэд зарлах эрхийг уг хуулиар Засгийн газарт тусгайлан олгожээ.           

7. Ийнхүү Засгийн газраас 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэр”-ийг, 2 дугаар хавсралтаар “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийг тус тус шинэчлэн баталсан байна.

8. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай[1] хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.12 дахь заалтын дугаарыг “47.14” гэж, мөн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “47.14 дэх хэсгийн "биржийн нэрийг” гэснийг “биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг” гэж тус тус өөрчилснөөс өөрөөр Засгийн газарт олгосон уг эрхийг өөрчилж, хүчингүй болгоогүй бөгөөд эрх олгосон заалт урьдын адил хэвээр тохиолдолд хуулиар эрх олгогдоогүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-т дээрх байдлаар оруулсан өөрчлөлтийн дагуу Засгийн газраас дахин тогтоол гаргаагүй нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж буй нь тодорхойгүй.

9. Хэдийгээр биржийн үнийг зарласнаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох жишиг үнэ болж байгаа боловч нэгэнт хууль тогтоогчоос Засгийн газарт эрх олгосон тул маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг хууль бус гэж үзэхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

10. Тодруулбал, экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнийг тогтоодог биржийн нэрийг зарлаж буй нь шууд утгаараа татварын хувь хэмжээг тогтоож буй хэрэг биш юм. Иймд нэхэмжлэгчийн “... Засгийн газар зах зээлийн зээлийн үнийг тогтоож үүнээс татвар авах нь хууль бус, олоогүй орлогоос татвар авч, эрх ашигт халдсан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

11. Харин давж заалдах шатны шүүхийн “... зах зээлийн үнийн эх сурвалж мөн эсэх, өөр эх сурвалж байж болох эсэх, аль нь бодитой үнэ тогтоодог эсэхэд шүүх дүгнэлт өгөх боломжгүй, Засгийн газрын хуулиар олгосон бүрэн эрхэд хөндлөнгөөс халдах эрхгүй” гэсэн дүгнэлт буруу, энэ нь шүүхийн хянан шийдвэрлэх хүрээнээс хэтэрсэн гэж үзэхгүй. Гэвч уг маргааны хувьд нэхэмжлэгчийн зүгээс “Засгийн газрын зарласан бирж нь олон улсын жишиг үнэ тогтоодог бирж биш” гэж маргаагүй тул уг дүгнэлт нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн шийдэлд нөлөөлөхгүй юм.

12. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4” гэсэн боловч уг хуульд “27.4” гэж заалт байхгүй, техникийн алдаа гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

13. Иймд, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын   16-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                  М.БАТСУУРЬ

                                                                                     П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                      Х.БАТСҮРЭН

 

[1] Төрийн мэдээлэл эмхэтгэл 2019 он №13.