Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/01221

 

Ч.Т, Н.Ч, Б.Э, Т.Ш нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00670 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1209 дүгээр магадлалтай,

Ч.Т, Н.Ч, Б.Э, Т.Ш , Ч.Ж  нарын нэхэмжлэлтэй,

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 9 дүгээр сарын цалин болон 8, 9 дүгээр сарын цалинг тогтоосон хугацаандаа олгоогүй, алданги гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, тэдгээрийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, Н.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ч.Т, Н.Ч, Б.Э, Т.Ш бид Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвд ажиллаж байсан. Гэтэл Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийг татан буулгасан гэсэн үндэслэлээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар бид нар ажлаас үндэслэлгүй халагдсан. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Эрдэнэбаяр нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдээд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 40.1.1, 40.1.2-т заасныг зөрчсөн. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв нь Засгийн газрын шийдвэрээр татан буугдсан хэдий ч чиг үүргүүд нь “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт” зэрэг байгууллагуудад шилжсэн. Нэхэмжлэгчдийн чиг үүрэг буюу ажлын байр хэвээр хадгалагдсаар байхад хариуцагч байгууллага шинээр ажилтан авч, өөр газар хэлтсээс тус ажлын байруудад ажилтан томилж байгаа нь хууль бус байна. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв татан буугдснаар чиг үүрэг эд хөрөнгө төсөв нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжсэн. Үүнийг үндэслэн хуучнаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Ажилтнуудыг шилжүүлэх тухай” Б/124 тоот тушаал гарснаар цалин хөлсийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар олгох ёстой. Гэтэл уг байгууллага бидний 8 дугаар сарын цалинг бүтнээр нь 1 удаа 9 дүгээр сарын 07-ны өдөр олгосон. Мөн 9 дүгээр сарын цалинг өнөөдрийг хүртэл олгоогүй. Иймд нэхэмжлэгч Ч.Т, Н.Чимэдргэзэн, Б.Э, Т.Ш биднийг ажилд эгүүлэн тогтоож, 8, 9 дүгээр сарын цалинг тус тус тогтоосон хугацаандаа олгоогүй тул хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид ногдуулж ажилтан Ч.Тд 179.716 төгрөг, Н.Чд 174.887 төгрөг, Б.Эд 98.561 төгрөг, Т.Ш т 138.589 төгрөг, мөн 9 дүгээр сарын цалин Ч.Тд 964.200 төгрөг, Н.Чд 909.605 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1.364.407 төгрөг Б.Эд 725.654 төгрөг, Т.Ш т 735.050 төгрөг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Ж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан.

Хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 55 дугаар тогтоол гарч төсвийн зарим байгууллагуудыг татан буулгаж, өөрчлөн зохион байгуулсан. Уг тогтоолын 3 дахь хэсэгт заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийг татан буулгасан тул тус төвийн ажилтнуудад тогтоолыг танилцуулж, байгууллага татан буудсаныг үндэслэн захиргааны санаачлагаар цуцалсан болно. Түүнчлэн байгууллагын ажилтанд 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж энэ тухай ажилтанд хуульд заасан хугацааны буюу 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Мөн 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж болон 8 дугаар сарын цалин олгогдсон бөгөөд 9 сарын цалинг олгоогүй тухайд сангийн яаман дээр шийдвэр гармагц олгогдох боломжтой болно.

Иймд иргэн Ч.Т, Н.Ч, Б.Э, Т.Ш нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00670 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дах заалтыг тус тус баримтлан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 9 дүгээр сарын цалин болон 8, 9 дүгээр сарын цалинг тогтоосон хугацаандаа олгоогүй, алданги гаргуулах тухай Ч.Т, Н.Ч, Б.Э, Т.Ш нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1209 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00670 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чий давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №183/ШШ2017/00670 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1209 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ч.Т, Н.Ч, Б.Э, Т.Ш нарт хариуцагч /Хөдөлмөр, халамжийн, үйлчилгээний ерөнхий газар/ 2016 оны 09, 10 дугаар саруудын цалин болон ажлаас халагдсаны тэтгэмж олгон, ажлаас чөлөөлсөн. Мөн татан буугдсан байгууллага болох Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн чиг үүргийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь хэвээр хадгалан үргэлжлүүлж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх үнэлээгүй нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журам зөрчсөн. Мөн “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв”-ийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/15 дугаар “Ажлын байрны чиг үүрэг батлах тухай” тушаалаар батлагдсан Захиргаа, удирдлагын газрын дарга, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, гадаадад ажиллах хүч, дадлагажигч илгээх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн үндсэн чиг үүрэг нь “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар”-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/8 дугаар “Орон тоо, ажлын байрны чиг үүрэг батлах тухай” тушаалаар батлагдсан ажлын барны чиг үүрэг хэвээр хадгалагдан ажлын нэршил нь тамгын газрын дарга, гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, ажиллах хүч гадаадад гаргах асуудал хариуцсан мэргэжилтэн болгож өөрчилснийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байгааг анхаарч эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Хөдөлмөр, халамжийн, үйлчилгээний ерөнхий газар нэхэмжлэгч Ч.Түмэнжаргап, Б.Э, Т.Ш нарт 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр буюу 30 хоногийн өмнө ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өгч улмаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар чөлөөлсөн. Н.Чд ямар нэг мэдэгдэл өгөлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хэрэгт авагдсан баримтаар баталгаажсан. Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт сул орон тоо гарсан. Гэтэл уг орон тоон дээр ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийн, чиг үүрэг хадгалагдаж буй нэхэмжлэгч биднийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.4, Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.5-д заасныг тус тус зөрчсөнийг нотлох баримтуудтай харьцуулсан дүгнэлтийг хийж чадаагүй алдаа гаргаж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/00670 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1209 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Ж нэхэмжлэлээсээ татгалзсан ба нэхэмжлэгч Ч.Т, Н.Ч, Б.Э, Т.Ш нар нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2016 оны 9 дүгээр сарын цалин, 8, 9 дүгээр сарын цалинг тогтоосон хугацаанд олгоогүй тул алданги гаргуулах шаардлагыг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв” татан буугдсан гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарын ажиллаж байсан Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийг татан буулгаж, зарим чиг үүргийг нь “Дадлагажигч ажилтан гадаадад бэлтгэх төв” УҮГ-тай нэгтгэн, “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт” болгон өөрчлөн зохион байгуулжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас дээрх тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах үүргийг даалгасны дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга 2016 оны 10 дугаар сарын 03-ний өдөр тушаал гаргаж нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгожээ.

Нэхэмжлэгч нарын ажиллаж байсан “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв” татан буугдсан, энэ тохиолдолд хариуцагч нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, тэтгэмж олгосныг буруутгах үндэслэлгүй байна.

Байгууллага татан буугдсан тул хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцлахыг нэхэмжлэгч нарт 2016 оны 9 дүгээр сарын 2-ний өдөр бичгээр мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах заалтыг зөрчөөгүй байна /хэргийн 99-101 дүгээр тал/.

Хоёр шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэлт хийж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дах заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00670 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1209 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ