Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00494/И |
Дугаар | 569 |
Огноо | 2016-09-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 569
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 2-04 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, РД:ОЮ65111005, Шавгууд овогт Цэвэгийн Оюунбэлэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Оюунбэлэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оюунбэлэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1965 онд төрсөн, 51 настай. Би 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1997 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан. Миний хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн юм. Иймд миний Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оюунбэлэг нь Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1981 оны 12 дугаар сараас 1997 оны 2 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1981 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 121 тоот “Үйлчлэгч ажиллуулах тухай” тушаалд “Цэвэг овогтой Оюунбэлэгийг 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн биеийн тамирын зааланд үйлчлэгчээр түр ажиллуулсугай” гэжээ,
2. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Цэвэгийн Оюунбэлэгийн УУвс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1981 оны 12 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
3. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан шимтгэл төлөлтийн лавлагаад Ц.Оюунбэлэг нь 1995 оны 1 дүгээр сараас 1997 оны 2 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаангом сумын “1-р 10 жил”-д ажиллаж шимтгэл төлж байжээ,
4. Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захиргаанаас 1996 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ц.Оюунбэлэгийг шагнасан “Сайшаалын үнэмлэх”,
5. Гэрч Т.Эрдэнийн шүүхэд өгсөн: “Миний бие 1991 оноос Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд бага ангийн багшаар 2015 он хүртэл тасралтгүй ажилласан. Ц.Оюунбэлэг нь 1991 онд намайг тус сургуульд багшаар ажилд ороход сургуулийн үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд цэвэрлэгч, жижүүр зэрэг ажлыг 1997 оны эхэн хүртэл хийгээд жирэмсний амралтаа аваад ажлаасаа гарсан. Миний санаж байгаагаар Ц.Оюунбэлэг нь 1 давхрын захирлын өрөөний гадна коридорыг цэвэрлэдэг байсан санагдаж байна. Тухайн үед 10 жилийн 1 дүгээр сургуулийн захирлаар н.Даваа, Ж.Үрлээ, н.Төгөлсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
6. Гэрч Д.Цэцэгмаагийн шүүхэд өгсөн: “Миний бие 1977 оноос Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд цэвэрлэгч, тогооч, бичээч, дотуур байрны жижүүр зэрэг ажлыг 2002 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Ц.Оюунбэлэг нь 1981 оны сүүлээр манай сургуульд үйлчлэгчээр ажилд орж 1997 он хүртэл ажилласан. Тухайн үед Ц.Оюунбэлэг нь биеийн тамирын заал, 2 давхрын коридор, улаан булан зэрэг газруудыг цэвэрлэдэг байсан, би тэгэхэд сургуулийн жижүүрээр ажиллаж байсан санагдаж байна. Ц.Оюунбэлэгийн гэр нь сургуулийн ойролцоо байсан учраас түүний гэрт манай ажилчид очиж цай уудаг байсан бөгөөд түүний нөхрийг н.Намсрайжав гэдэг, их олон хүүхэдтэй айл байсан юм” гэх мэдүүлэг,
7. Гэрч Т.Эрдэнэ, Д.Цэцэгмаа нарын Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ц.Оюунбэлэг нь Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1981 оны 12 дугаар сараас 1997 оны 2 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь түүний Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1981 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 121 тоот “Үйлчлэгч ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Ц. Ц.Оюунбэлэгийн цалингийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын хэлтсээс гаргаж ирүүлсэн шимтгэл төлсөн эсэх лавлагаа, ажиллаж байхдаа буюу Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захиргаанаас 1996 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захиргаанаас шагнуулсан “Сайшаалын үнэмлэх”, гэрч Т.Эрдэнэ, Д.Цэцэгмаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Оюунбэлэгийн Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1981 оны 12 дугаар сараас 1997 оны 2 дугаар сарыг дуустал 15 жил, 3 сар үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оюунбэлэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шавгууд овогт Цэвэгийн Оюунбэлэгийн Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1981 оны 12 дугаар сараас 1997 оны 2 дугаар сарыг дуустал 15 /арван тав/ жил, 3 /гурав/ сар үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оюунбэлэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР