Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00989

 

 

 

 

 

 

 

 

2024 05 10 210/МА2024/00989

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/00598 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч М ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 15,608,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ****** хотхоны барилгын хашааны гадна талд цемент цутгах зориулалттай автомашинууд дараалан зогссон байсан ба энэ үед барилгын цутгалтын үйл ажиллагаа зохих журмын дагуу явагдаагүй, хамгаалалтгүйгээс болж миний автомашин дээр цутгалтын зуурмаг унасан. Үүний улмаас урд салхины шил цуурсан, урд хамар болон тээвэр хонхойлт үүссэн, будаг ховхорсон, зүүн хаалганы будаг сэвтсэн байдалтай байсан.

1.1. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд тус компанийн захирал үүссэн хохирлыг барагдуулна гэсэн боловч одоог хүртэл барагдуулаагүй. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг барилгын цутгалтын үйл ажиллагаа явуулж байхдаа учруулсан болгоомжгүй үйлдэл байх тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн хэдий ч тус компанийн хохирол учруулсан үйлдлийг тогтоосон байдаг.

1.2. Автомашиныг сэргээн засварлаж, хэвийн байдалд оруулахад хэдий хэмжээний зардал гарахыг тодруулахаар Т ХХК-д хандсан бөгөөд тус компанийн зүгээс нийт үйлчилгээний хөлс 15,608,700 төгрөг болохыг тодорхойлсон. Иймд уг хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай компанийн барилгын бетон зуурмагийн ажил явагдаж байх явцдаа зуурмагийн машинаас хайрга, чулуу үсэрч нэхэмжлэгчийн ******** улсын дугаартай автомашины салхины шилийг цуулсан. Салхины шилний хохирлыг төлөхийг зөвшөөрч байгаа. Харин бусад эд ангид хохирол учруулаагүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 9,356,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,252,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 164,654 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: М ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр барилгын ажил явуулж, барилгын бетон зуурмаг авч байх үед буюу тус өдрийн 21 цагийн үед бетон цутгаж байсан машинаас чулуу үсэрч Б.Б-ын эзэмшлийн ********* улсын дугаартай лексус-570 маркийн автомашин дээр унаж салхины шилэнд цууралт үүсгэж гэмтэл учруулсан.

4.1. Тухайн үед барилга хариуцсан захирал П.Л болон нэхэмжлэгч нар нь автомашиныг шалгаж угаалгасны дараа учирсан гэм хорын талаар тохиролцож хариуцагчаас тодорхойлолт бичиж өгч салхины шилэнд учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ дурдсан. Үүний дараа боломжит хувилбараар гэм хорыг арилгах талаар тохиролцох гэсэн ч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхсэн тул нэхэмжлэгчтэй тохиролцож чадаагүй.

4.2. Анхан шатны шүүхээс хариуцагчийн бодитой учруулсан гэм хорын хэмжээг тогтоолгүйгээр ганцхан үнэлгээний дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргасан нь буруу. Гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд гэм хор учруулагч нь учруулсан гэм хорын хэмжээнд хохирлыг арилгах үүрэгтэй. Хэрэгт авагдсан С ХХК-аар хийлгэсэн үнэлгээнээс үзэхэд тухайн дээвэр, хаалга, копуданд учирсан гэм хор нь хэзээ бий болсон, өмнө нь байсан эсэх талаар дурдсан зүйл байхгүй. Автомашин бүх гэмтэлтэй эд ангийг давхар үнэлүүлэх боломжтой үнэлгээ болсон байна. Иймд хариуцагчийн учруулсан гэм хорын хэмжээг бодитойгоор тооцож дүнг багасган хариуцагчаас тээврийн хэрэгслийн салхины шилэнд учирсан гэм хорын үнэ болох 5,591,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлсон. М ХХК-ийн барьж байсан барилгаас цутгалтын зуурмаг унаж нэхэмжлэгчийн автомашинд хохирол учруулсан учир эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх ёстой гэж анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр С ХХК-ийн үнэлгээний тайлан гарч, уг тайланд хохирлын хэмжээг шинэ автомашины гэмтлийг сэргээх зардлаар тооцоогүй, автомашины засварын 2 дугаар зэрэглэлийн дундаж тарифыг үндэслэж гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 15,608,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2728 дугаар тогтоолоор ...Б.Б-ын унаж явж байсан тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг барилгын цутгалтын үйл ажиллагаа явуулж байхдаа М ХХК-ийн учруулсан болгоомжгүй үйлдэл гэж дүгнэсэн байна./хх6-7/

3.1. Хэрэгт М ХХК-ийн барилга хариуцсан захирал П.Л нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр барилгын бетон зуурмагын ажил явагдах явцад зуурмагийн мексер автомашинаас хайрга, чулуу үсэрч ********** улсын дугаартай лексус-570 маркийн автомашины салхины шилэн дээр үсэрч цав гаргаж цуулсан тул салхины шилэнд гарсан дээрх эвдрэл гэмлтийг төлж хохиролгүй болгоно. гэж тусгажээ.

3.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул хариуцагч М ХХК нь бусдад учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4. С ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2-295 дугаар үнэлгээгээр ...********* улсын дугаартай лексус-570 маркийн автомашины техникийн эвдрэл, гэмтлийн засварлах зардалд нийт 9,356,500 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэжээ./хх53-55/ Хариуцагч компанийн гэм буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээний тайланг гэм хор учирсан нөхцөл байдал, талуудын мэтгэлцээний байр суурьтай харьцуулан дүгнэвэл тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

5. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан бодитойгоор үнэлж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учрахад хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл, эс үйлдлээс шалтгаалан хохирол учирсан зэрэг нөхцөл байдалд зөв дүгнэлт өгч, хариуцагч М ХХК-аас гэм хорын хохиролд 9,356,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,252,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.

6. Хариуцагч тал ...нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн урд салхины шилэнд цууралт үүсгэсэн гэм хорыг арилгах боломжтой ба бусад дээвэр, хаалга, каподанд учирсан гэм хорыг учруулаагүй тул хариуцахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзсан татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар өөрөө нотлох үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчийн хууль бус үйлдлээс шалтгаалан хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлан болон бусад баримтуудаар тогтоогдсон тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

7. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ ил тод байдал, шударга ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд хуульд заасан журмын дагуу оролцоно гэж тус тус заажээ. Анхан шатны шүүх хуралдаанд зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргасан байх тул анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/00598 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,993 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН