Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 570

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын 3 дугаар багт оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, РД:ОС64061704, Шарилж овогт Буяннэмэхийн Уранчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нанжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1964 онд төрсөн, 52 настай. Би 1984 онд Увс аймгийн Хөдөө аж ахуйн ТМС-ийг сүү хүлээн авагч мэргэжлээр төгсөөд 1984 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн сүү тосны заводад туслах ажилчнаар 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаад, 1992 оны 1 дүгээр сараас “Арцат” ХК-д мөн туслах ажилчнаар 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болсон бөгөөд ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүй байгаа учраас миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нанжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Уранчимэг нь 1984 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн сүү тосны заводад туслах ажилчнаар 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаад, 1992 оны 1 дүгээр сараас “Арцат” ХК-д мөн туслах ажилчнаар 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан. Түүний бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд нь олдохгүй байгаа учраас дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Б.Уранчимэг нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар, “Арцат” ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Б.Уранчимэгт 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн бүрэн бичилттэй №077766 тоот хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргаж ирүүлсэн шимтгэл төлөлтийн лавлагаанд “Арцат” ХК нь 1992 онд Увс аймаг Цагаанхайрхан суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн болно” гэжээ,

3. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн архивын лавлагаа,

4. Гэрч Б.Долгорын шүүхэд өгсөн: “Би 1984 оноос Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн хивсний тасагт хивчнээр 1991 оныг дуустал ажиллаад, 1992 оноос “Арцат” ХХК болоход үргэлжлүүлэн 1993 он хүртэл ажилласан юм. 1984 онд намайг Цагаанхайрхан суманд шилжиж очоод нэгдэлд ажиллаад удаагүй байхад Б.Уранчимэг манай нэгдлийн сүү тосны заводад туслах ажилчнаар ажиллаж байсан бөгөөд би удалгүй жирэмсний амралтаа аваад 2 сарын дараа нэгдлийн туслах үйлдвэрийн даргаар дахин ажиллаж эхэлсэн юм. Би нэгдлийн бүх ажилчидтай өдөр тутам харьцаж байсан хүний хувьд Б.Уранчимэгийг сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,

5. Гэрч П.Оюунцэцэгийн шүүхэд өгсөн: “Би 1988 оноос Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн барилгын бригадад 1991 оныг дуустал, 1992 оноос “Арцат” ХХК-д 1993 оныг дуустал тус тус  ажилласан юм. Намайг 1988 онд Дархан-Уул аймгаас шилжин ирж “Сүхбаатарын зам” нэгдэлд ажилд ороход Б.Уранчимэг тэнд хивсний цехэд хивчнээр ажиллаж байсан бөгөөд намайг 1993 оны сүүлээр ажлаас гарахад тэндээ ажиллаад үлдсэн хүн байгаа юм. Бид хоёр нэг нутагт төрж өссөн, найз нөхдийн холбоотой, хамт нэг байгууллагад ажиллаж байсан учраас би Б.Уранчимэгийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг,

6. Гэрч Б.Долгор, П.Оюунцэцэг нарын Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Б.Уранчимэг нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар, “Арцат” ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч Б.Долгор, П.Оюунцэцэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Б.Уранчимэгийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал 7 жил, 5 сар, 27 хоног туслах ажилчнаар, “Арцат” ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал 3 жил туслах ажилчнаар, нийт 10 жил, 5 сар, 27 хоног туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарилж овогт Буяннэмэхийн Уранчимэгийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1984 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал 7 /долоо/ жил, 5 /тав/ сар, 27 /хорин долоо/ хоног туслах ажилчнаар, “Арцат” ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал 3 /гурав/ жил туслах ажилчнаар, нийт 10 /арав/ жил, 5 /тав/ сар, 27 /хорин долоо/ хоног туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР