Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00964

 

 

 

 

 

 

 

 

2024 05 06 210/МА2024/00964

 

 

Г.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00760 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Ц-гийн хариуцагч ХААИС-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхийг даалгах, цалин хөлсийг хугацаа хэтрүүлсэн алдангид 966,506 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Г.Ц 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Хөдөө аж ахуй их сургуулийн харьяа Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирлын туслах, бичиг хэргийн ажилтнаар түр томилон ажиллаж байгаад 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс байр аж ахуйн эрхлэгчийн албан тушаалд үндсэн орон тоонд томилогдон дээрх хоёр албан тушаалыг хавсарган гүйцэтгэж байсан. Тус Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирлаар н.Э солигдсоноос хойш тухайн сургуульд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, аж ахуйн эрхлэгч болон захирлын туслах бичиг хэргийн ажилтан албан тушаалыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсгийг баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болж байгаа мэдэгдэл өгч, ажил үүргээс нь чөлөөлсөн. Өмнө хийж байсан хоёр ажлын байрыг нийлүүлээд захиргааны ажилтан болгосон. Тэр ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан гэх боловч сонгон шалгаруулалтыг нэр төдий авсан бөгөөд өмнө ХААИсургуулийн захирлын тэнхимийн туслах Л.Б-ийг ажилд авсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй тус дүүргийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар гурван талт хороонд хандсан. Гэвч тухайн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул тус дүүргийн шүүхэд хуулийн хугацаанд хандаж гомдол гаргасан. Өмнө нь эрхэлж байсан хоёр ажлын байрыг нэгтгээд нэршлийг захиргааны ажил албан тушаал гэж нэг болсон. Иймээс энэ албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговорт 32,512,850 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалтыг хийлгэх, мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл бичиг хэргийн ажилтны албан тушаалыг хавсарган гүйцэтгэж байсан цалингийн олгоогүй хоног тутмын 0,3 хувийн алданги 966,506 төгрөг тус тус хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 6 их сургуулийн дундах удирдах зөвлөл хурлаар 6 их сургуулийн бүтэц орон тоог өөрчлөх үүрэг болгосон. Хөдөө аж ахуй их сургуулийн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор 43 ажлын байрыг цомхотгосон ба Г.Ц-гийн ажиллаж байсан байр, аж ахуйн эрхлэгчийн албан тушаал цомхотголд багтсан. Үүний дагуу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г.Ц-гийн эрхэлж байсан ажил албан тушаал цомхотголд орсон талаар хуульд зааснаар 30-аас доошгүй хоногт мэдэгдлийг хүргүүлсэн. Ингээд 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шинээр бий болсон захиргааны ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан. Энэ шалгаруулалтад Г.Ц хангалтгүй 56 оноо авсан. Харин Л.Б нь 91 оноо авч тухай ажлын байранд томилогдсон. Улмаар 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр сонгон шалгаруулалтын шийдвэрийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.8-т заасны дагуу тэтгэмж өгч ажлаас чөлөөлсөн. Г.Ц оролцоод тухайн шаардлагад нийцээгүй байгаа учраас нэхэмжлэгч тухайн ажлын байранд томилогдох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага тухайн хуучин ажиллаж байсан ажлын байранд томилуулах гэсэн байсан. Тухайн ажлын байр нэгэнт байхгүй болсон учраас нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Ц-г ХААИ сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захиргааны ажилтны ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ХААИ сургуулиас ажилтны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин олговорт 32,512,850 төгрөг, алданги 966,506 төгрөг, нийт 33,479,356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ц-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Ц-гийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ХААИС-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ХААИ сургуулиас 395,547 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн *****  тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхээс 2 ажлын байр хасагдсан болох нь эргэлзээгүй нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.1. Г.Ц-гийн эрхэлж байсан аж ахуйн эрхлэгч болон бичиг хэргийн ажилтан гэсэн ажлын байрууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар хасагдсан. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр торийн өмчийн 6 их дээд сургуулийн дундын Удирдах зөвлөл хуралдаж, бүтэц орон тоог оновчтой тогтоохыг үүрэг болгосон. Үүний дагуу ХААИ сургуулийн Удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 11 дугаар тогтоолыг батлан 43 ажлын байрыг хасаж цомхотгосон бөгөөд 5 дугаар хавсралтаар Эдийн засаг, бизнесийн сургуулийн захиргааны ажилтан 1 гэж тогтоосон. Уг шинээр батлагдсан захиргааны ажилтан ажлын байранд хийж гүйцэтгэх үүрэг нь урьд байсан байр аж ахуйн эрхлэгч болон бичиг хэргийн ажилтан гэсэн ажлын байрнуудад хийж гүйцэтгэх үүргээс өөр юм. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасны дагуу ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. ХААИсургуулийн захирлын бүтэц орон тоог батлах тухай 01 дугаар тушаалаар байр аж ахуйн эрхлэгч болон бичиг хэргийн ажилтан гэсэн ажлын байрууд нь байхгүй болсон нь нотлогддог. Гэтэл шүүхээс тухайн 2 ажлын байр байхгүй болсон нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн нэгэнт ажлын байрыг хасагдаж байгаа учраас шинээр бий болсон ажлын байранд сонгон шалгаруулалт явуулахад Г.Ц тэнцээгүй. Нэхэмжлэгч нь ажлын байр хасагдаж, ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу тэтгэмж авсан.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг, хариуцагч тайлбарын үндэслэлийг нотлох үүрэг тус тус хүлээнэ. Гэтэл анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2 ажлын байр тухайн байгууллагын бүтэц орон тооноос хасагдсан талаар нотлох нь ажил олгогчид хамаарна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс ажлын байрны нэршил өөрчлөгдсөн гэдгээ нотолж чадаагүй байхад шүүхийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн нотлох үүргийг хэрэгжүүлэх ёстой үндэслэлийг хариуцагч нотлох ёстой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.3. Шүүхээс нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын буюу 2022 оны 12-р сар, 2023 оны 01-р сар, 2023 оны 02-р саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Г.Ц-гийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцоолсон нь үндэслэлгүй. Учир нь 2023 оны 2 сард олгосон цалин хөлс гэх 5,353,727.88 төгрөгт үндсэн цалин хөлснөөс гадна Г.Ц-гийн урьд ажил үүрэг хавсран гүйцэтгэж байсны нэмэгдэл, ээлжийн амралт, орон тоо хасагдаж ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олгосон тэтгэмж зэрэг багтсан байхад үндсэн цалингаас бус дээрх дүнгээс тооцсон нь үндэслэлгүй гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч тал гомдол гаргаад байгаа юм уу эсхүл хүлээн зөвшөөрөөд байгаа юм уу гэдгийг ойлгохгүй байна. Олговор дээр маргаж байгаа юм уу эсхүл шүүхийн шийдвэр бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа юм уу гэдгийг нь ойлгохгүй байна. Тушаал нь хүртэл эргэлзээтэй байгаа. Хариуцагчийн гаргаж байгаа тушаал нь тодорхой бус. н.Билэгжаргал гэж хүн ажлаасаа гараад 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс Г.Ц энэ ажлыг хавсарч хийсэн байдаг. н.Билэгжаргал хүүхэд асрах чөлөөнөөсөө буцаж орно гэж мэдэгдсэн зүйл байхгүй. Хавсран хийж гүйцэтгэж байгаа тушаал нь байгаа. Бичиг хэргийн ажилтан, байр, аж ахуйн эрхлэгчийн орон тоо цөөрсөн, цомхотгосон эсэх нь тодорхой бус. Хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхдээ Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд хандсан. Хан-Уул дүүрэгт хандахдаа ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгсөн. Хэргийн 24 дүгээр талд захиргааны ажилтны ажлын байрны тодорхойлолт авагдсан. Эх хувь нь байхгүй баримт байгаа. Тэр баримт зөвхөн хуралд зориулж гарсан эсэх нь тодорхой бус. Ажлын байрыг нь харахаар байр, аж ахуйн эрхлэгчтэй яг ижилхэн байгаа. Бидэнд ажлын байрны тодорхойлолтыг өгчих гэхээр байхгүй гэж хэлдэг. Баримт гаргаж өгснийг нь гурван талт хорооны шийдвэрээ авахдаа л мэдсэн. Хэргийн 143 дугаар талд авагдсан 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 729 дугаар тогтоолд Л.Б гэж хүн ямар ч ажлын байрны тодорхойлолтгүй ажиллаж байна гэх тодорхойлолтыг захирал н.Баасансүх гаргаж өгсөн. Мөн хэргийн 148 дугаар талд авагдсан 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар тодорхойлолтод Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирлын туслах, бичиг хэргийн ажилтан, байр, аж ахуйн эрхлэгчийн албан тушаал нь ХААИсургуулийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/26 дугаар захирлын тушаалаар захиргааны ажилтан болсон бөгөөд тус албан тушаалд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Л.Б ажиллаж байгаа болохыг тодорхойлов гээд тодорхойлолт гаргаж өгсөн. Гурван талт хороонд гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолтоо гаргаж өг гэхээр судалж үзээд хариу хэлье гээд ийм бичиг хийж өгсөн байсан. Тэрнээс ямар нэгэн байдлаар хийгдээгүй, бичиг хэрэгтэй холбоотой асуудал захирлын туслахтай хамааралгүй бичиг хэргийн ажил хийгдэж байгаа. Ямар нэгэн байдлаар тухайн байгууллага хасагдаад ажил, үүрэг явагдахгүй байгаа нэг үг, үсэг байхгүй. Гаргаж байгаа тушаал нь 2 зөрүүтэй гарсан. Иймд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч ХААИС-д холбогдуулан тус сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн байр аж ахуйн эрхлэгчийн албан тушаал, хавсран гүйцэтгэж байсан захиргааны туслах, бичиг хэргийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, хамтын гэрээний 2.11 дэх заалтын дагуу 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх бичиг хэргийн ажилтны албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан олгоогүй цалингийн хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алдангийг нөхөн олгуулсан тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо ...байр аж ахуйн эрхлэгчийн ажлаа хийж байхад 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай мэдэгдэхдээ ажил үүргийг чөлөөлөөд өмнө хийж байсан хоёр ажлын байрыг нийлүүлээд захиргааны ажилтан болгосон. Тэр ажлын байранд сонгон шалгаруулалтыг нэр төдий явуулж Л.Б-ийг ажилд авсан. Үүнийг зөвшөөрөхгүй байгаа тул ХААИ сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/75 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Г.Ц-г ХААИ сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захиргааны ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажуулах, бичиг хэргийн ажилтны албан тушаалыг хавсран гүйцэтгэж олгогдоогүй байсан цалингийн 126 хоногийн алдангид 966,506 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ./хх1, 2, 199-202/

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...Г.Ц ХААИ сургуулийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/239 дугаар тушаалаар ХААИ сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн бичиг хэргийн ажилтнаар түр ажиллаж байгаад захирлын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/228 дугаар тушаалаар мөн сургуулийн байр аж ахуйн эрхлэгчээр томилогдон ажилласан бөгөөд түүний бичиг хэргийн ажилтнаар хавсран ажиллуулах талаар ямар нэгэн эрх зүйн акт гаргаагүй байна.

ХААИ сургуулийн Удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаар тогтоолоор сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн тогтоож, нийт 113 ажлын байр, орон тоог тогтоож, 41 ажлын байр орон тоог цомхотгож, Эдийн засаг, бизнесийн сургуулийн захиргааны 38 ажлын байр, орон тоог 25 болгон цөөрүүлсэн байдаг. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/290 дугаартай тушаалаар бүрэлдэхүүн сургуулийн албан тушаал, орон тоог баталсан ба үүнтэй холбогдуулан захирлын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 дугаартай тушаалаар ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, удирдамжийг баталсан.

ХААИ сургуулийн Эдийн засгийн бизнесийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа талаарх мэдэгдлийг бүх ажилтан, албан тушаалтнуудад мэдэгдсэн ба энэхүү мэдэгдлийг Г.Ц-д 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гардуулсан байна. Бүх албан тушаал, ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зөвхөн сургуулийн ажилтан, албан хаагчдыг оруулж явуулсан.

Эдийн засаг, бизнесийн сургуулийн захиргааны ажилтан гэсэн 1 албан тушаалд 3 хүн оролцож Л.Б 91 оноо, С.А 80 оноо, Г.Ц 56 оноо тус тус авсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасныг үндэслэн Г.Ц-г Эдийн засаг, бизнесийн сургуулийн байр аж ахуйн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлж 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ./хх50-52, 200-202/

4. Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож ...Г.Цг байр аж ахуйн эрхлэгчийн ажлаа гүйцэтгэж байхад нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай мэдэгдэл өгөхдөө ажил үүргийг нь чөлөөлөөд өмнө нь хийж байсан хоёр ажлын байрыг нийлүүлээд захиргааны ажилтан болгосон. Тэр ажлын байранд сонгон шалгаруулалтыг нэр төдий зарлаж Л.Б-ийг ажилд авсан тул Г.Ц-г ХААИ сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захиргааны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх бичиг хэргийн ажилтан албан тушаалыг хавсран гүйцэтгэж олгоогүй байсан цалингийн алдангийг нөхөн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад анхан шатны шүүх уг өөрчилсөн шаардлагыг зохигчдоос тодруулж, мэтгэлцүүлээгүй байна.

4.2. Хэрэгт ХААИсургуулийн Удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дүгээр тогтоол/хх66, 67, 152-156/,

ХААИсургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/290 дугаартай тушаал/хх68-70/-ын хавсралтууд бүрэн авагдаагүйгээс хариуцагчийн ...байр аж ахуйн эрхлэгч гэдэг албан тушаал цомхотголд орсон, уг ажлын байрыг хангамж үйлчилгээний алба гэдэг харьяалах нэгжийг бий болгож, тэнд чиг үүрэг нь шилжсэн гэх тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримттай харьцуулан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байр аж ахуйн эрхлэгч, бичиг хэргийн ажилтан, захиргааны ажилтан гэх ажил, албан тушаал цомхотгогдож ажлын байр нь бодитойгоор цөөрсөн, ХААИ сургуулийн хангамж, үйлчилгээний албанд чиг үүрэг нь шилжин хадгалагдаж байгаа зэрэг үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байна.

5. Түүнчлэн, хэргийн 19-28 дугаар талд авагдсан Эдийн засаг, бизнесийн их сургуулийн байр аж ахуйн эрхлэгч, захирлын туслах, захиргааны ажилтны ажлын байны тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүйг дурдах нь зүйтэй.

Дээрх дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00760 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,547 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН