Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 571

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, РД:ТВ66041601, Зургаадай овогт Пүрэвийн Оюунцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нанжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч П.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1988 оноос Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд барилгачнаар 1991 оныг дуустал ажиллаад, 1992 оны 1 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал “Арцат” ХХК-д барилгачнаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болсон бөгөөд ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүй байгаа учраас миний 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нанжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Оюунцэцэг  нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс барилгачнаар 1991 оныг дуустал ажиллаад, 1992 оны 1 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал “Арцат” ХХК-д барилгачнаар тус тус ажиллаж байсан. Тэрээр одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болсон бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь олдохгүй байгаа тул түүний 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан хугацааг нь тогтоож өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч П.Оюунцэцэг нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал барилгачнаар, “Арцат” ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. П.Оюунцэцэгт 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээсэн бүрэн бичилттэй №120241 тоот хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2. Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 64 тоот “Зарим хүмүүсийг ажилд томилох тухай” тушаалд “...П.Оюунцэцэг нарыг 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус тус ажиллуулсугай” гэжээ,

3. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргаж ирүүлсэн шимтгэл төлөлтийн лавлагаанд “Арцат” ХК нь 1992 онд Увс аймаг Цагаанхайрхан суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн болно” гэжээ,

4. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 34 тоот “Тодорхойлолт”,

5. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн архивын лавлагаа,

6. Гэрч Б.Уранчимэгийн шүүхэд өгсөн: “Би 1984 оноос Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн сүү тосны заводод туслах ажилчнаар 1991 оныг дуустал, 1992 оноос “Арцат” ХХК-д 1994 оныг дуустал тус тус ажилласан юм. 1988 онд П.Оюунцэцэг нь Дархан хотоос манай суманд шилжиж ирж тус нэгдлийн барилгын бригадад барилгачнаар ажилд орж 1993 оныг дуустал ажилласан юм. Бид хоёр нэг нутагт төрж өссөн, найз нөхдийн холбоотой, хамт нэг байгууллагад ажиллаж байсан учраас би П.Оюунцэцэгийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг,

7. Гэрч П.Дуламжавын шүүхэд өгсөн: “Би 1980 оноос Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн оёдлын тасагт оёдолчноор 1990 оны 5 дугаар сар хүртэл ажилласан юм. П.Оюунцэцэг нь 1988 онд манай нэгдлийн барилгын бригадад барилгачнаар ажилд орсон бөгөөд 1990 онд намайг ажлаас гарахад тэндээ ажиллаад үлдсэн юм. Би П.Оюунцэцэгийн авга ахынх нь эхнэр учраас 1979 оноос 2012 он хүртэл хугацаанд П.Оюунцэцэгийг таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,

8. Гэрч Б.Уранчимэгийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, П.Дуламжавын Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ахуйн үйлчилгээний төвд ажиллаж  байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 266 тоот шийдвэрийн хуулбар зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч П.Оюунцэцэг нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал барилгачнаар, “Арцат” ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал барилгачнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 64 тоот “Зарим хүмүүсийг ажилд томилох тухай” тушаал, шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч Б.Уранчимэг, П.Дуламжав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

        Иймд нэхэмжлэгч П.Оюунцэцэгийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал 3 жил, 2 сар, 15 хоног барилгачнаар, “Арцат” ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал 3 жил барилгачнаар, нийт 6 жил, 2 сар, 15 хоног барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зургаадай овогт Пүрэвийн Оюунцэцэгийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сар, 15 /арван тав/ хоног барилгачнаар, “Арцат” ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал 3 /гурав/ жил барилгачнаар, нийт 6 /зургаа/ жил, 2 /хоёр/ сар, 15 /арван тав/ хоног барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч П.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР