Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00947

 

 

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00947

 

ххххх, хххххх нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01168 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххх, хххххх нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххххх, хххх нарт холбогдох

 

Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххххх, хариуцагч хххх, түүний өмгөөлөгч ххххххх, ххххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ххххх нь ххххххххтой хххх онд гэр бүл болсон. хххх онд гэр бүлийн дундын өмчлөлд байсан хххххх дүүрэгт байрлах хх өрөө орон сууцаа 3,000,000 төгрөгөөр худалдаж, уг мөнгөөрөө ххххххххх дүүргийн хх хороо, хх хороолол, хх байрны хх тоот хаягт байрлах, хххххххххххх дугаартай, хх м.кв талбайтай, хх өрөө орон сууцыг худалдан авч өмчлөх эрхийн гэрчилгээг нөхөр ххххххххийн нэр дээр бүртгүүлсэн.

1.2. хххххххх нь хххх оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд ххххх, хххххххх нар нь албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй. Энэхүү орон сууцанд нэхэмжлэгч нь хүүхдүүдийнхээ хамтаар хххх оноос хойш өнөөдрийг хүртэл хх жил амьдарч байгаа бөгөөд хххх оноос хойш хххх он хүртэл нийт ххх жилийн хамтын хөдөлмөрийн үр дүнд худалдан авсан тул уг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байна.

1.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад цугларсан нотлох баримт болох хариуцагч ххххгийн хариу тайлбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн нотлох баримтын хүрээнд хариуцагч хххх, хххххххх нарын хооронд хийгдсэн хэлцэл болох 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл болох нь харагдаж байна. Учир нь хххххххх нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт иргэний гүйцэтгэх баримт бичгийн дагуу өр төлбөртэй байсан бөгөөд тухайн өр төлбөрийн зарим хэсэгт хххххххх дүүргийн хх хороо, хх хороолол, хх байр, хх тоот хаягт байрлалтай, хх м.кв талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулалттай улсын эрхийн бүртгэлийн хххххххххххх дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг тооцуулахаар харилцан тохиролцсон болох нь хариуцагч нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтүүдээс тодорхой харагддаг.

1.4. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах- худалдан авах гэрээгээр 150,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан мэтээр хийгдсэн байсан бөгөөд тус гэрээний 3.2-т төлбөрийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр худалдагчийн хххххх банк дахь ххххххххххх тоот дансанд төлсөн. Төлбөр тооцоо дууссан гэж тусгагдсан.

Худалдах, худалдан авах гэрээний гэрээний гол нөхцөл нь гэрээний зүйл, үнийг тохирсон байх явдал юм. Гэтэл хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээ нь гэрээний зүйл, үнийг тохирсон зохицуулалт нь бодит байдал дээр хэрэгжээгүй хариуцагч ххххххххид энэ үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт мөнгөн хөрөнгө шилжигдэж ирээгүй, мөн энэ гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зориг хариуцагч ххххххххид байгаагүй зэргээс гэрээний талууд худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөлийг тохирсон мэт гадаад илэрхийлэл бий болгож гэрээ байгуулсан байдаг.

1.5. Үнэн хэрэгтээ талуудад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өр төлбөрийн зарим хэсэгт тооцуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, хүлээн авах хүсэл сонирхлын хүрээнд хийгдэх хэлцлээ энэхүү худалдах-худалдан авах гэрээгээр халхавчилсан байна.

Иймд гэр бүлийн хамтын хүчээр бий болсон хөрөнгө болох ххххххх дүүргийн хх хороо, хх хороолол, хх байр, хх тоот хаягт байрлалтай, хх м.кв талбайтай хоёр өрөө, Орон сууцны зориулалттай улсын эрхийн бүртгэлийн хххххххххххх дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд гэр бүлийн гишүүдийг хамтран өмчлөгчөөр буюу нэхэмжлэгч нарыг тогтоож, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож тус гэрээнд үндэслэн хийгдсэн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаар бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ххххгийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. хххх нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй бүртгэлийн хххххххх дугаартай төлбөр авагч ххххөд төлбөр төлөгч ххххххххоос 360,000,000 төгрөг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ххххийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.

2.2. 2022 оны 10 дугаар сард төлбөр төлөгч ххххххххоос 150,000,000 төгрөгт тооцуулж, хххххххх дүүргийн хх дугаар хороо, хх дугаар хороолол, хх дугаар байр, хх тоот хаягт байрлалтай, хх м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг төлбөрийн зарим хэсэгт тооцон шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2022 оны 4-1756408 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр түдгэлзүүлсэн байсан орон сууцыг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр дээр хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу шилжүүлсэн.

2.3. Одоо төлбөр төлөгч хххххххх нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй бүртгэлийн хххххххх дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч ххххөд 200,000,000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байгаа. Нэхэмжлэл гаргаад буй иргэд ч бас өр төлбөрөө хуваах юм байна гэж ойлгогдож байна. Эдгээр иргэд нийлж ххххөөс 360,000,000 төгрөгийг авсан. ххххийг их хэмжээний өр зээлэнд унагаж, залилангийн гэмт хэрэгтэн болгосон хүмүүс өөрсдийгөө илчилж байна гэж дүгнэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ххххххххийн хариу тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Учир нь миний бие хххх онд нэхэмжлэгч хххххтай гэр бүл болсон бөгөөд маргаан бүхий орон сууц болох ххххххххх дүүрэг, хх дугаар хороо, хх дугаар хороолол, хх байр, хх тоот хаягт байрлалтай, орон сууцыг бид хамтын хөдөлмөрөөрөө худалдан авч тухайн үед өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байдаг.

3.2. Миний хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өр төлбөрөө төлөх мөнгийг олох зорилгоор бусдын өмчлөлд түр шилжүүлж байгаа учир хамтран өмчлөгч болох гэр бүлээсээ зөвшөөрөл аваагүй гэрээ хийсэн.

ххххтай хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр 150,000,000 төгрөгөөр миний бие үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан мэт гэрээ хийсэн боловч үнэн хэрэгтээ тухайн худалдах-худалдан авах гэрээний үүрэгт ганц ч төгрөг ххххгаас аваагүй энэ талаараа би шүүхэд өөрийн Хаан банкны ххххххххххх тоот дансны хуулга өгсөн байдаг.

3.3. ххххххххх дүүрэг дэх орон сууцанд миний гэр бүл үр хүүхэд амьдардаг учир би орон сууцаа бусдад худалдах зорилгоор бус түр тэр хүний барьцаанд байлгаж яаралтай мөнгө олж өгөх болзолтойгоор дээрх гэрээг хийсэн. Энэ талаар шийдвэр гүйцэтгэгч болон хариуцагч хххх нарын аль аль нь мэдэж байгаа. Би шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өр төлбөрөө төлнө гэх баталгаа болгож хариуцагч ххххгийн нэр дээр шилжүүлсэн.

Иймд ххххххххх дүүрэг, хх дугаар хороо, хх дугаар хороолол, хх байр, хх тоот хаягт байрлалтай орон сууц нь нэхэмжлэгч нарын дундын эд хөрөнгө мөн бөгөөд би нууцаар дур мэдэн бусдад түр шилжүүлсэн нь үнэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

4. Хариуцагч ххххгийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

4.1. 2022 оны 10 дугаар сард төлбөр төлөгч ххххххххоос 160,000,000 төгрөгт тооцуулж, хххххххххх дүүргийн хх дугаар хороо, хх дугаар хороолол, хх дугаар байр, хх тоот хаягт байрлалтай, хх м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг төлбөрийн зарим хэсэгт тооцон шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2022 оны 4-1756408 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр түдгэлзүүлсэн байсан орон сууцыг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр дээр хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу шилжүүлэн авсан.

4.2. Одоо төлбөр төлөгч хххххххх нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй бүртгэлийн хххххххх дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч ххххөд 200,000,000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ххххххххийн шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгэсний төлбөр 160,000,000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нийт төлбөрөөс хасч тооцсон баримт хэрэгт авагдсан байна.

4.3. Ийнхүү хххххххххх дүүргийн хх дугаар хороо, хх дугаар хороолол, хх дугаар байр, хх тоот хаягт байрлалтай, хх м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны хууль ёсны, шударга өмчлөгч болох нь улсын бүртгэлийн хххххххх тоот гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус баталгаажиж байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцыг албадан чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч нараас гаргасан тайлбарын агуулга:

5.1. ххххгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь ххххгийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эргэлзээтэй байгаа.

5.2. хххх нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ххххххххх тоот гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн хххххххххххх дугаар бүртгэлийн гэрчилгээгээр өмчлөгчөөр бүртгэгдсэн хэдий ч хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэн уг бүртгэлийг хийлгэсэн байдаг.

Тодруулбал, хххх, хххххххх нарын хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Дээрх нөхцөл байдлын хүрээнд ххххг хууль ёсны өмчлөгч гэж үзэх боломжгүй байна.

5.3. Харин ххххх, хххххх нар нь тухайн орон сууцны хууль ёсны хамтран өмчлөгч бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэдэг нь үндэслэлгүй.

Иймд хххххххххх дүүрэг, хх дугаар хороо, хх дугаар хороолол, хххх дугаар байр, хх тоот хаягт байрлалтай, хх м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 106 дугаар зүйлийн 106.1, 127 дугаар зүйлийн 127.1.2-т тус тус заасныг баримтлан хххххххх, хххх нарт холбогдох улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххххххх дүүрэг, хх дугаар хороо, хх дугаар хороолол, хххххххх дугаар байр, хх тоот хаягт байрлалтай, хх м.кв талбайтай хх өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, хххх, хххххххх нарын хооронд 2022.11.10-ны өдөр байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2022.11.11-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаар бүртгэлийг хүчингүй болгуулах тухай ххххх, хххххх нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

ххххгийн өмчлөлийн ххххххх дүүрэг, хх дугаар хороо, хх дугаар хороолол, хххххххх гудамж, хх дугаар байр, хх тоот хаягт байрлалтай, хх м.кв талбайтай хх өрөө орон сууцыг ххххх, хххххх нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид 2023.02.27-ны өдөр төлсөн 978,150 төгрөг /907,950+70,200/-ийг, хариуцагч ххххгийн 2024.01.25-нд төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч ххххд олгож шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүйд дараах үндэслэлээр гомдолтой байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн, нотлох баримтыг дутуу үнэлж шүүхийн шийдвэр гаргасан тухайд:

7.1. Нэхэмжлэгч нарын маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн зүгээс хариуцагч хххххххх нь хххх оны 01 дүгээр сарын 19-ний өдөр маргаан бүхий орон сууцыг ххххххххх, ххххххххх нараас бэлэглэлийн гэрээгээр хүлээн авсан байдал нь тухайн эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмч бус, харин түүний хуваарьт хөрөнгө гэх үндэсийг бүрдүүлэв гэж дүгнэсэн бөгөөд хууль зүйн үндэслэлийн тухайд Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т заасан зохицуулалтыг баримталсан.

7.2. Гэтэл бодит байдал болон нотлох баримтын хүрээнд шүүх дүгнэлт хийлгүй хэт хийсвэр хуулийн зохицуулалтыг баримталсанд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтаар нэхэмжлэгч ххххх нь хариуцагч ххххххххтой хххх онд гэр бүл болж хххх, хххх онуудад хүүхдүүдтэй болсон нь харагдах бөгөөд харин маргаан бүхий орон сууцыг хххх онд худалдаж авсан талаараа гэр бүлийн гишүүд болох нөхөр хххххххх, эхнэр ххххх нар шүүхэд тайлбар гаргадаг бөгөөд зохигчийн шүүхэд гаргасан тайлбар нь нотлох баримтаар үнэлэгддэг.

7.3. Анхан шатны шүүхийн хамтран өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т заасан зохицуулалт бөгөөд мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Гэр бүлийн гишүүний дараах хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна гэх зохицуулалт байх бөгөөд гэр бүлийн гишүүд хоорондоо энэхүү маргаан бүхий орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн юм гэж тайлбарлаад байхад шүүх үүнд дүгнэлт хийлгүй зөвхөн татвар болон бусад холбогдох хураамжаас зайлсхийж хийгдсэн бэлэглэлийн гэрээнд үндэслэн бусад нотлох баримт, гэр бүлийн гишүүдийн харилцан зөвшөөрч байгаа тайлбарт дүгнэлт хийлгүй шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

7.4. Түүнчлэн шүүхийн зүгээс нэхэмжлэгч хххххг орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр авснаас хойш хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх эрхээ эдлээгүй нь бэлэглэлийн гэрээг хүлээн зөвшөөрсөн буюу ххххххххийн хуваарьт хөрөнгө гэдгийг зөвшөөрсөн гэж дүгнэсэн. Гэтэл бодит байдал гэрлэгчид хэн нэгнийхээ нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулдаг. Энэхүү нөхцөл байдалд уялдуулан хууль тогтоогчийн зүгээс Иргэний хуульд гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна гэх зохицуулалтыг оруулж ирсэн байдаг. Гэрлэгчдийн хэн нэгний эрх ашиг хөндөгдөхөөс сэргийлэн оруулсан уг зохицуулалт болон гэрлэгчдийн аль алины тайлбарт дүгнэлт хийлгүй шүүх болон эрх бүхий төрийн байгууллагад хандаж байгаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч нарыг хохироож байгаад дээд шатны шүүхээс дүгнэлт хийж өгнө үү.

7.5. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг гэрээг үндэслэн хийгдсэн улсын бүртгэлийн бүртгэлийг хүчингүй болгох шаардлагын тухайд: Хариуцагч хххх нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээгээр орон сууцыг өмнөх өмчлөгч ххххххххоос 150,000,000 төгрөгөөр худалдан авч 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээг улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгүүлснээр өмчлөх эрхийг олж авчээ.

Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийнхээ хүрээнд дээрх маргаан бүхий гэрээг байгуулсан байх боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн хххххххх дугаартай хувийн хэрэг, гэрч ххххххххгийн мэдүүлгээр хариуцагч хххххххх нь бусдад төлөх өр, төлбөртөө тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэхээр байна. Төлбөр авагч нь ххххд олгосон итгэмжлэлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг хххх хүлээж авсан тул 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.

7.6. Энэхүү дүгнэлт нь анхан шатны шүүх өөрөө талууд худалдах, худалдан авах гэрээний үр дүнд бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэн гэдгийг нотолж байгаа бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцлийг уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино гэж тайлбарласан байдаг.

Хэрэгт авагдсан баримтуудаар талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлж буй хэлцлээ худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан хийсэн байх бөгөөд үүнд шүүх дүгнэлт хийгээгүй. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцэл, гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж тус хэлцлээр өмчлөгч тогтоогдож улсын бүртгэлийн уг бүртгэлийг үнэн зөв гэж үздэг.

7.7. Анхан шатны шүүх өөрөө тус үзэл баримтлалыг баримталж маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр ххххххххийг бүртгэсэн бүртгэлийн үндэслэл болсон бэлэглэлийн гэрээг үнэн зөв гэж үзсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн хоёр дахь шаардлагын хүрээнд улсын бүртгэлийн үндэслэл болсон худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй ч өр төлбөрийн харилцаа байсан тул тус харилцааны үр дүнд орон сууцыг шилжүүлэн авсан буюу бүртгэлийн үндэслэл болсон худалдах, худалдан авах гэрээ бодит байдал дээр хийгдээгүй ч гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцох хуулийн үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь шүүх хуулийг нэг мөр ойлгож, тайлбарлаж чадахгүй байгаагийн илрэл бөгөөд хийгдээгүй хэлцлийн үр дүнд үл хөдлөх эд хөрөнгө шилжих боломжтой гэж шүүх дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгаагийн илрэл байх бөгөөд анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

7.8. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өр, төлбөрөөс 160,000,000 төгрөгийг хасуулж, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4385 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч ххххд шилжүүлэн өмчлөгч болсон тул өөрийн өмчлөлийн орон сууцаа нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх маргаан бүхий орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллаагааны өр төлбөрт шилжигдсэн гэж үздэг. Энэхүү яригдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчөөр хххххххх, төлбөр авагчаар хххх, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хххх явж байгаа гэтэл шүүхийн дүгнэсээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд өр төлбөр авах ёстой этгээд болох хххх жинхэнэ өмчлөгч байх байтал ххххг жинхэнэ өмчлөгч гэж хоёр өөр дүгнэлт гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Шүүх хэнийг ямар хэлцлийн үндсэн дээр өмчлөгч гэж үзээд байгаа нь огт ойлгомжгүй байна.

7.9. Гуравдагч этгээдийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Анхан шатын шүүх нь 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01168 дугаар шийдвэрээр хариуцагч ххххг маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэж дүгнэсэн бөгөөд хавтас хэрэгт цугларсан баримтаар буюу хэргийн 153 дахь талд авагдсан ххххөөс ххххд олгосон итгэмжлэлийн дагуу хххх нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад олгогдох эд хөрөнгийг хүлээн авах эрхтэй этгээд болохоос өмчлөгч болох эрхтэй этгээд биш юм. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс ххххг энэхүү орон сууцны өмчлөгч гэж дүгнэсээр ххххийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөх боломжтой тул тус этгээдийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан.

Мөн нэхэмжлэгч ххххх, хариуцагч хххххххх нарын дундаас төрсөн хүү хххххххх нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд өөрийн төрсөн дүү ххххххээс 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр олгосон хххх бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байсан тул түүний эрх, ашиг сонирхол хөндөгдөх боломжтой гэх үндэслэл тогтоогдохгүй гэж шүүх дүгнэсэн. Гэтэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч нь төлүүлэгчийн төлөөлөн оролцсоноос өөрийгөө төлөөлөн оролцоогүй шүүх эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх эсэх талаар ххххххххөөс тайлбар аваагүй бөгөөд итгэмжлэлийн үндсэн дээр оролцсоныг эрх ашиг нь хөндөгдөхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай байсан.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхээс хуулийн дагуу хийгдэх ёстой ажиллагааг хийгээгүй тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохоор хуульчилсан бөгөөд хариуцагч ххххгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хххххх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр орсон шүүх хуралд хариуцагч хххх нь өөрийн биеэр орсон бөгөөд /хх-233/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ гэж заасан байх бөгөөд төлөөлөгчөөсөө татгалзаж байгаа талаар шүүхэд мэдэгдээгүй бөгөөд шүүх мөн шаардаагүй шүүх хуралдаа өөрийн биеэр оролцсон. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх нь оролцсон буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч, төлөөлүүлэгч нь ээлжлээд шүүх хуралд оролцоод аль аль нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адилхан эрх, үүрэг эдлээд яваад байдаг энэхүү асуудалд шүүхийн зүгээс ажиллагаа хийдэггүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиараа төлөөлөгчтэй оролцож болно биечлэн оролцох тохиолдолд төлөөлөгчөөсөө татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр мэдэгдэхээр заасан байхад уг ажиллагааг шүүхээс хийгээгүй байдаг.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

8.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь дундын эд хөрөнгийг тогтоолгож, хууль бус өмчлөх эрхийг гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, гэр бүлийн дундын эд хөрөнгийг ямар шалтгаанаар зөвшөөрөл авахгүйгээр захиран зарцуулсан талаар маргадаг. Уг нөхцөл байдлыг Улсын Дээд шүүхийн тайлбарт хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүй тохиолдолд заавал зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг заасан шаардлагад нийцээгүй байна.

 

2. Нэхэмжлэгч ххххх, хххххх нар нь хариуцагч хххххххх, хххх нарт холбогдуулан ххххххххх дүүрэг, хх дугаар хороо, ххх дугаар хороолол, хххххх гудамж, хх дугаар байр, хх тоот хаягт байрлалтай, хх м.кв талбайтай хх өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, хххх, хххххххх нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хххххххх хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

Хариуцагч хххх нь ...хххххххх нь миний төрсөн дүүгийн хүү ххххийг хуурч мэхлэн их хэмжээний мөнгө буюу 360,000,000 төгрөгийг зээлж аваад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 150,000,000 төгрөгийн өрөнд маргаан бүхий орон сууцыг шилжүүлж өгсөн. Миний хувьд ххххөөс олгосон итгэмжлэлийн дагуу орон сууцыг авсан ..., ... тус орон сууцны хууль ёсны өмчлөгч ... гэх үндэслэл заан эс зөвшөөрч, ххххххххххх дүүрэг, хх дугаар хороо, хх дугаар хороолол, ххххххх гудамж, хх дугаар байр, хх тоот хаягт байрлалтай, хх м.кв талбайтай хх өрөө орон сууцыг ххххх, хххххх нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. ххххх, хххххххх нар нь хххх оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, ххххх оны 8 дугаар сарын 12-ны өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдгээрийн дундаас хххх оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүү хххххххх, хххх оны 6 дугаар сарын 08-ны өдөр охин хххххх нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэгчдийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /1хх-8, 11, 12/

 

4. Анхан шатны шүүх хэргийн 1 хавтасны 94 дэх талд авагдсан иргэн ххххххххх, хххххххх нарын хооронд байгуулагдсан хххх оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Орон сууц бэлэглэх гэрээ нэртэй гэрээг үндэслэн зохигчийн маргаж буй орон сууцыг хариуцагч ххххххххийн хуваарьт хөрөнгө гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүйн гадна талуудын маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буруу хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан дүгнэж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4.1. Гэрлэгчид нь хххх онд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Сүхбаатар дүүрэгт байрлах 1 өрөө орон сууцыг худалдсан хөрөнгийн эх үүсвэрээр ххххххххх дүүргийн хх хороо, хх хороолол, хх байрны хх тоотод байрлах, хххххххххххх дугаартай, хх м.кв талбай бүхий хх өрөө орон сууцыг худалдан авч, нөхөр ххххххххийн өмчлөлд бүртгүүлсэн болох нь тэдгээрийн тайлбар болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хххх дугаартай гэрчилгээ зэргээр нотлогдсон байна. /1хх-95, 2хх-54-58/

Иймээс дээрх 02 тоот орон сууц нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасан гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна.

 

5. Нэхэмжлэгч ххххх болон хххххх нар дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хариуцагч ххххг өмчлөгчөөр бүртгүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох, тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

5.1. Учир нь хххххххх, хххх нар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч хххххххх нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох ххххххх дүүргийн хх хороо, хх хороолол, хх байрны хх тоот хаягт байрлах, хх өрөө орон сууцыг худалдан авагч ххххгийн өмчлөлд шилжүүлж, тэрээр хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /1хх98-99/

5.2. ххххх, хххххххх нар нь хххх оноос хойш тусдаа амьдарч байгаа боловч гэрлэлтээ цуцлуулаагүй байх бөгөөд ххххх нь охин ххххххий хамт маргааны зүйл болох орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдсон. /1хх7, 210-211, 2хх54-55/

5.3. Мөн хххххххх нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өмчлөх эрхийг ххххд шилжүүлэхдээ Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасан журмын дагуу гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болох эхнэр ххххх, охин хххххх нараас нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй үйл баримт Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2/6675 дугаартай албан бичиг, хавсралтаар хүргүүлсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5.4. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хүүлийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар хххххххх, хххх нарын хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4385 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

5.5. Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, эрхээ сэргээлгэхийг шаардах эрхтэй тул ххххххххх дүүргийн хх хороо, хх хороолол, хх байрны хх тоот хаягт байрлах, хх өрөө орон сууцны өмчлөгчөөр ххххг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ххххх, хххххх нарыг тус орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах нь зүйтэй байна.

5.6. Үүнтэй холбогдон хариуцагч ххххг ххххххххххх дүүргийн хх хороо, ххх хороолол, хх байрны хх тоот хаягт байрлах, хх өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэгч нараас орон сууцыг чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

6. Хэрэгт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2022/02435 дугаартай захирамжийн дагуу төлбөр төлөгч ххххххххоос төлбөр гаргуулахтай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн хххххххх дугаартай хувийн хэрэг нотлох баримтаар авагдсан байна. /1хх112-159/ Эдгээр бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч ххххг маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт заасан ажиллагаатай холбогдон нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул уг нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралгүй нотлох баримт гэж үнэлсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01168 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3, 128.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ххххххххх дүүрэг, хх дугаар хороо, хх дугаар хороолол, хххххх гудамж, хх дугаар байр, хх тоот хаягт байрлалтай, хх м.кв талбай бүхий хх өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч ххххх, хххххх нарыг тогтоож, хамтран өмчлөгчөөр ххххх, хххххх нарыг бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж, хариуцагч хххххххх, хххх нарын хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч ххххг өмчлөгчөөр бүртгэсэн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хххххххххххх дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгосугай. гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ххххх, хххххх нарт холбогдох хххххххх дүүрэг, хх дугаар хороо, хх дугаар хороолол, хххххх гудамж, хх дугаар байр, ххх тоот хаягт байрлалтай, хх м.кв талбайтай хх өрөө орон орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч ххххгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэсэн нэмэлт оруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан нэхэмжлэгч нараас 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч ххххд олгосугай гэснийг хариуцагч ххххххххоос 70,200 төгрөг, хариуцагч ххххгаас 978,150 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ххххх, хххххх нарт олгосугай. гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 3, 4 гэсэн дугаарлалтыг 4, 5 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хххххгаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,048,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД