Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00571/И |
Дугаар | 573 |
Огноо | 2016-09-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 573
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 4-10 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, РД:ОЮ66042449, Монголмууд овогт Бүргээгийн Алтанцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1974-1982 оны хооронд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 1 дүгээр сургуульд суралцаж төгсөөд улмаар 1983 оны 4 дүгээр сард барилгын 45 хоногийн курст суралцаж төгссөн. Барилгын курс төгсөөд 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар орж, Өлзийбаяр ахлагчтай 3-р бригадад засалчнаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар ажиллаж байсан. Би ажиллах хугацаандаа үйлдвэр баазын барилга, Өндөрхангай, Ховд, Сагил сумын сургуулийн барилга дээр тасралтгүй ажиллаж барилгын хана шохойдох, шавар, замаск, эмүүлс, будаг шохой хийх, обой наах зэргээр заслын бүх төрлийн ажлыг хийдэг байсан. Би Барилга угсралтын трестэд 1983 оноос 1995 он хүртэл ажилласан боловч 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жилээ нөхөн тооцуулж авсан тул шүүхээр 1983 оноос 1989 оны хооронд Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна. Барилга угсралтын трест 1995 онд тарж, би ажлаас гарсан ба 2007 оны 8 дугаар сараас 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Увс аймгийн Увс Өргөө ХХК-д засалчнаар тасралтгүй ажилласан ба ажиллаж байхдаа Улаангом сумын барааны зах дээр Шаазгай төвийн барилга, Малчин сумын сургуулийн засвар, Наранбулаг сумын сургуулийн дотуур байрны засвар, Бөхмөрөн сумын сургуулийн засвар хийхэд засалчнаар, мөн Улаанбаатар хотод 3 давхар үйлчилгээний төв барихад засалчнаар тус тус ажилласан юм. Ингээд тэтгэврийн бичиг баримтаа цуглуулахад Увс Өргөө ХХК нь миний 2007 оноос 2012 оны хооронд ажилласан нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна. Миний бие Увс Өргөө ХХК-иар ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэхээр шүүхэд хандах гэсэн боловч Нийгмийн даатгалын хэлтсийн зүгээс Та шүүхээр 2007-2012 оны хооронд Увс Өргөө ХХК-д ажиллаж байснаа тогтоолгоод ирвэл дээрх хугацааны шимтгэлээ өөрөө бөөнд нь нэг удаа төлөөд ажилласан жилээ тооцуулах боломжтой гэж хэлсэн юм. Ийм учраас Увс Өргөө ХХК-иар шимтгэлээ төлүүлэхгүйгээр өөрөө нөхөн олговроор төлөх боломжтой тул дээрх хугацаанд ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна. Иймд миний 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар, 2007 оны 8 дугаар сараас 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Увс аймгийн Увс Өргөө ХХК-д барилгын засалчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал засалчнаар, Увс Өргөө ХХК-нд 2007 оны 8 дугаар сараас 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл засалчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн №199 тоот Ажилд томилох тухай тушаалд ...Бүргээ овогтой Алтанцэцэг нарыг 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн барилгачнаар томилон ажиллуулсугай гэжээ,
2. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн Бүргээгийн Алтанцэцэгийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
3. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн архивын лавлагаа,
4. Увс Өргөө ХХК-ийн захирлын 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №26 тоот Ажилд томилох /хөдөлмөрийн гэрээ байгуулах/ тухай тушаалд Бүргээ овогтой Алтанцэцэгийг засалчнаар томилж, 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн байгуулсугай гэжээ,
5. Увс Өргөө ХХК-ийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №71 тоот Ажлаас чөлөөлөх /хөдөлмөрийн гэрээ цуцлах/ тухай тушаалд Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Бүргээгийн Алтанцэцэгийг засалчны үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн цуцалсугай гэж бичигджээ,
6. Гэрч Ч.Цэрэнчимэдийн шүүхэд өгсөн: Миний бие 1981 оноос Увс аймгийн Барилга угсралтын трестэд цахилгаанчин, гагнуурчнаар ажилд орж, улмаар өрлөгчин зэрэг ажлыг 1991 оны 11 дүгээр сар хүртэл хийгээд Өрнөл ББХК болоход үргэлжлүүлэн 1994 оныг дуустал ажилласан юм. Б.Алтанцэцэг нь 1983 оноос Барилга угсралтын трестэд засалчнаар ажилд орж 1989 оныг дуустал ажилласан. Бид хамтдаа тус байгууллагын нэгдсэн 3 дугаар бригадад ажиллаж байсан учраас бид нэг нэгнээ сайн таньж мэднэ, хамт ажиллаж байсан нь үнэн. Б.Алтанцэцэгийн аав, ээж нь мөн манай байгууллагад засалчин, мужаанаар ажиллаж байсныг санаж байна. Тухайн үед Барилга угсралтын трестийн даргаар Т.Батзул гэх хүн ажиллаж байсан юм гэх мэдүүлэг,
7. Гэрч Ш.Сайнбаярын шүүхэд өгсөн: Миний бие 2005 оноос Увс аймгийн Увс Өргөө ХХК-д засалчнаар 2012 он хүртэл ажилласан. Б.Алтанцэцэг нь 2007 онд манай Увс Өргөө ХХК-д засалнаар ажилд орж 2012 он хүртэл ажиллаад Улаанбаатар хот руу шилжсэн хүн байгаа юм. Манай байгууллага Улаанбаатар хотын Баянхошууны худалдааны төв, Улаангом сумын Шаазгай худалдааны төв, сумдын засварын ажлуудыг хийж гүйцэтгэж байлаа. Б.Алтанцэцэгийн нөхөр Баттогтох манай байгууллагад туслах ажилчнаар ажиллаж байсан юм. Тухайн үед Увс Өргөө ХХК-ийн захирлаар Д.Буяннэмэх гэх хүн ажиллаж байсан гэх мэдүүлэг,
8. Гэрч Ч.Цэрэнчимэдийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Ш.Сайнбаярын Увс Өргөө ХХК-нд ажиллаж байсныг нотлох түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал засалчнаар, Увс Өргөө ХХК-нд 2007 оны 8 дугаар сараас 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл засалчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн №199 тоот Ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолт, Увс Өргөө ХХК-ийн захирлын 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №26 тоот Ажилд томилох /хөдөлмөрийн гэрээ байгуулах/ тухай тушаал, Увс Өргөө ХХК-ийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №71 тоот Ажлаас чөлөөлөх /хөдөлмөрийн гэрээ цуцлах/ тухай тушаал, гэрч Ч.Цэрэнчимэд, Ш.Сайнбаяр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал 6 жил, 5 сар, 15 хоног засалчнаар, Увс Өргөө ХХК-нд 2007 оны 8 дугаар сараас 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 5 жил, 4 сар, 12 хоног засалчнаар, нийт 11 жил, 9 сар, 27 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монголмууд овогт Бүргээгийн Алтанцэцэгийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал 6 /зургаа/ жил, 5 /тав/ сар, 15 /арван тав/ хоног засалчнаар, Увс Өргөө ХХК-нд 2007 оны 8 дугаар сараас 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 5 /тав/ жил, 4 /дөрөв/ сар, 12 /арван хоёр/ хоног засалчнаар, нийт 11 /арван нэг/ жил, 9 /ес/ сар, 27 /хорин долоо/ хоногажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР