| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0626/Э |
| Дугаар | 629 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 629
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням, улсын яллагч Ц.Ганцэцэг, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А овогт Б.Мд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 0796 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, А овогт Б.М,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.М нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Өлгийн 20-290 тоотод хойд эцэг болох П.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2-3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор П.Боос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 4-6, 9-11/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.Цэрэндолгорын өгсөн мэдүүлэг /хх-н 12-14/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.Байгальмаагийн өгсөн мэдүүлэг /хх-н 15-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3732 дугаар дүгнэлт /хх-н 24/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 43-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/, хохирогчийн хүсэлт /хх-н 38/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс яллагдагч Б.М нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Өлгийн 20-290 тоотод хойд эцэг болох П.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Мг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Өлгийн 20-290 тоотод хойд эцэг болох П.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.Бын хохирогчоор өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хамтран амьдрагч Цэрэндолгор бас манай найз Ганзориг нарын хамт цэргийн баяр болж байсан болохоор ганц юм уугаад сууж байсан. Тэгсэн 17 цагийн үед Б.М эхнэртэйгээ гаднаас нэг шил архи ээждээ сүү аваад орж ирсэн. Тэгээд тэр архийг нь бид нар хувааж уугаад манай найз Ганзориг харьлаа гээд охиныгоо дуудаад явсаны дараа Б.Мгийн эхнэр нь надад миний хүүхдийн ажил явдал дээр ирээгүй гээд гомдоллохоор нь би эхнэрт нь “та хоёрын архи уудаг чинь буруу, танай хүүхэд нас барсан чинь миний буруу биш” гэж хэлсэн. Тэгсэн Б.М уурлаад манай эхнэрийг доромжиллоо гээд шууд босч ирээд намайг багалзуурдаж унагаагаад миний нүүр рүү гар болон хөлөөрөө зөндөө олон удаа өшиглөж зодож цохисон. Дандаа миний хоёр нүд, шанаа хэсэг рүү хөл гараараа цохьсон. Тэр үед Б.М, түүний эхнэр, манай хамтран амьдрагч Цэрэндолгор бид дөрөв л байсан." гэх мэдүүлэг /хх-н 10-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Цэрэндолгорын өгсөн: "...Тэгээд удаагүй Байгалмаа Б.Мг “явъя явъя” гээд гарнаас нь угзраад байсан чинь Б.М явах гээд гарснаа эргэж орж ирээд "манай эхнэрийг доромжиллоо чи" гээд П.Бтой барьцалдаж авахаар нь би салгах гээд дундуур нь орсон чинь салахгүй Б.М П.Бын нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд тэр хоёр жоохон маргалдаж байгаад салцгаагаад манай гэрт унтацгаасан. Өглөө нь Б.М эхнэртэйгээ 08 цагийн үед гараад явснаас хойш уулзаагүй. Зодуулсны дараа П.Бын шанаа болон хоёр нүд нь маш их хавдсан байсан." гэх мэдүүлэг /хх-н 13-14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Байгалмаагийн өгсөн: "...Тэгээд намайг хэл амаар доромжлоод "архи уучихаад чи үр хүүхдээ алаа биз" гээд элдвээр хэлээд байсан. Тэгээд манай нөхөр намайг өмөөрөөд уурлаад "нялх биетэй хүн цохиж, зодоод байхдаа яадаг юм" гээд хоорондоо зууралдаад байхаар нь арай гэж салгаад хойд аавыгаа унтуулсан. Манай нөхөр Б.М хойд эцэг П.Быг гараараа л цохих шиг болсон. Орон дээр ноцолдоод байсан. Гартаа юм бариагүй харагдсан." гэх мэдүүлэг /хх-н 16-17/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3732 дугаартай:
1. П.Бын биед хоёр зовхинд цус хуралт, баруун хацарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, эрүү, баруун чихний ард, нуруунд цус хуралт, хамрын хуруу, зүүн хацар, зүүн хөмсөг, духанд зулгаралт, дээд уруулын дотор салстад язрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. “ гэх дүгнэлт /хх-н 24 /
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Мгийн өгсөн: "... Би 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед эхнэр Байгальмаагийн хамт ээжийнхээ гэрт очиж хойд аав П.Бт цэргийн баярын мэнд хүргэх гээд архи, сүү аваад очсон. Тэгсэн П.Б ах ажлынхаа нэг эрэгтэй хүнтэй архи уугаад сууж байсан. Тэгээд би авч ирсэн сүүгээ ээжид, П.Б ахад архиа өгчихөөд тэрнээс 2 татсан байх. Тэгээд урьд өдрүүдэд нь ажил ихтэй байсан болохоор ядраад унтчихсан. Тэгээд унтаж байсан П.Б ах зуух түлхэж унагаагаад босоод ир хоноцын шээсээ алалцъя алаад өгье гээд байхаар нь миний уур хүрээд би босоод очсон. Тэгсэн манай эхнэр бид хоёрын дундуур ороод салгах гэсэн чинь П.Б ах манай эхнэрийг янхан минь энэ тэр гээд хэл амаар доромжлоод байхаар нь би зодчихсон." гэх мэдүүлэг /хх-н 43-44/
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид учруулсан хохирлыг төлж, эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Мд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “...хохирол төлбөрөө авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 38/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.