Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00495/И |
Дугаар | 574 |
Огноо | 2016-09-14 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 574
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би
Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 5 дугаар баг, 10-09 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, эрэгтэй, РД: ОЛ72090774, Хоньч овогт Чимэддоржийн Доржсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 029 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эрэгтэй, РД: ОЛ90022670, Торгуд овогт Даваанямын Цагаанхүүд холбогдох,
Гэм хорын хохирол 2.270.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Доржсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багт амьдардаг. Хувиараа мал маллаж амьдардаг малчин хүн. Би 29 жил хурдан морь уяж, уралдуулж олон наадмын айраг, түрүү авч байсан. Морьдынхоо чанар, хурдыг сайжруулахын тулд өөр аймаг сумдаас хурдан удмын азарга, гүү зэрэг морьд худалдан авч адууныхаа чанарыг дээшлүүлэхийг эрмэлздэг, аймгийн алдарт уяач хүн. 2015 оны намар манай адуунууд Сагил сумын 1 дүгээр баг, Хүнхэрхээн чиглэлд намаржсан юм. Гэтэл бэлчээрт байсан адуунаас маань 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сагил сумын 5 дугаар багийн иргэн Д.Цагаанхүү хурдан хээр морийг маань миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барьж унасан, улмаар 7 тооны адууг үлдээж бусдыг нь хөөж туусан байсан. Би 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Д.Цагаанхүүг адууг маань хөөж туусныг мэдээд адууныхаа хойноос яваад очиход миний “Боргио хээр” хурдан морины маань зоо нуруу нь авагдаж, хөл нь доголсон байсныг авчирч Сагил сумын “Мал мэнд” хоршооны малын их эмч О.Энхтайванд үзүүлж, эмчилгээ хийлгэж тэжээсэн боловч хурдан морины маань хөл нь эдгэрсэн ч цаашид дахин уралдах боломжгүй болж одоог хүртэл тэжээлгэж байна. “Боргио хээр” морь маань аймагтаа алдартай хурдан морь байсан бөгөөд манай гэр бүлийн санхүүгийн эх үүсвэр болдог байсан. Гэтэл одоо дахин уралдах боломжгүй болсон тул манай гэр бүл эдийн засгийн болон сэтгэл санааны маш их хохирол хүлээгээд байна. Иймд Д.Цагаанхүүгээс “Боргио хээр” хурдан морийг эмчлүүлж тэжээхэд гарсан зардал нийт 2.270.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Цагаанхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Давааням овогтой Цагаанхүү миний бие 2015 оны 10 дугаар сарын сүүлээр Сагил сумын 5 дугаар багийн нутаг “Хүнхэрхэй” хэмээх газар байрлах өөрийн өвөлжөөгөө эргэхээр очиход голдуу хээр, алаг зүсмийн 27 гаруй тооны адуу бэлчээр талхалж, бэлдсэн хужир идээд байсан болохоор доошоо тууж буулгасан. Энэ үед би бага морь унаж явсан учраас ядраад зогсчихсон тул иргэн Ч.Доржсүрэнгийн мориноос нэг морийг барьж унаад тухайн морьдыг доош намаржин руу тууж буулгасан. Бүрэнхий болж байсан учраас ямар морь барьж унаснаа сайн анзаараагүй. Улмаар тууж доошоо “Ар хуудсан” хэмээх газар намаржих байсан ээжийнхээ гадаа аваачиж хонуулсан. Гэхдээ би унасан морио ямар нэгэн байдлаар гэмтээж бэртээгээгүй. Үүнийг тухайн үед байсан манай ах нар болох Д.Ганзориг, Д.Бодьсайхан, мөн маргааш өглөө нь ээжийн гадаа намаржин дээр “Ар хуудсан” гэх газар мал усалж байсан манай сумын 5 дугаар багийн малчин н.Сэнгээ дүүтэйгээ гэрчилнэ. Би өөрөө олон жил мал малласан, манайх бас 23 адуутай. Морийг хэрхэн эдлэн хэрэглэх, зүй зохистой унах тал дээр бүрэн мэдлэгтэй. Тухайн морийг би 5 км газар л унасан. Намайг морьдыг доош намаржин руу тууж оруулсны маргааш үдээс хойш иргэн Ч.Доржсүрэн өөрийн биеэр ирж адуугаа хайгаад манай ах нар Шар хад руу гарлаа гэж зааж өгсөн. Адуундаа очоод өөрийн унаж явсан морийг юүлээд одоо бэртсэн гээд байгаа морио авч сумын төв рүү орсон байдаг. Үүнээс 5 хоногийн дараа намайг дуудаж “Морины нуруу авсан, хөл бэртээсэн” гэж хэлсэн. Тэр үед би “Тийм зүйл байхгүй, та намайг гүтгэж байна, надтай хамт явсан маргааш нь намаржаа дээр таарсан хүмүүс гэрчилнэ” гэдгээ хэлсэн. Гэтэл 2016 он гаргаад иргэн Ч.Доржсүрэн намайг өөр 7 адууны хулгайд сэрдэж сумын цагдаад гомдол гаргасан байдаг. Тухайн үед би Түргэн сумын харьяат Хараа гэх залуугаас 5 тооны адуу худалдаж аваад байсан юм. Гэтэл намайг “7 тооны адууг хулгайлж өөр адуугаар сольж авсан” гэж гүтгэсэн. Би худалдаж авсан гэдгээ цагдаад нотолж тухайн үед нэр төрөө сэргээлгэж авсан. Үүнийг манай Сагил сумын малын хулгай хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад н.Батжаргал нотолно. Ч.Доржсүрэн гэх хүн намайг удаа дараа гүтгэж улмаар шат шатны хуулийн байгууллагад худлаа гомдол гаргаж миний нэр төрийг сэвтээж байгаад иргэн хүний хувьд би бас гомдолтой байна. Тухайлбал иргэн Ч.Доржсүрэнгийн “Боргио хээр” хэмээх хурдан морь нь аймгийн чанартай уралдаанд орж байгаагүй, сумын наадамд айраг түрүү авч байгаагүй, зөвхөн багийн өдөрлөг, тахилга зэрэг жижиг баярт нэг л түрүүлж бусдад нь айрагдаж байсан морь юм. Гэтэл гомдолдоо тухайн морио аймагтаа алдартай хурдан морь байсан, өөрийн гэр бүлийн амжиргааны гол эх үүсвэр гэж худал мэдүүлжээ. Мөн энэ өвөл тэжээж эмчилсэн 2.270.000 төгрөгийг надаас нэхэмжилсэн байна. Үнэндээ тухайн морийг тусгайлан эмчилж тэжээгээгүй сумын төвийн голын модон дахь “Туулын арал” гэх газар өвөлжсөнийг Сагил сумын ард түмэн гэрчилнэ. Тиймээс би иргэн Ч.Доржсүрэнгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй, гүтгэлгийн шинж чанартай гэж үзэж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Доржсүрэн, хариуцагч Д.Цагаанхүү нар 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан эвлэрийн гэрээндээ: “Иргэн Ч.Доржсүрэн миний бие хариуцагч Д.Цагаанхүүгээс гэм хорын хохирол 2.270.000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх явцад дээрх мөнгөнөөс 1.400.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Доржсүрэн нь хариуцагч Д.Цагаанхүүд холбогдуулан гэм хорын хохирол 2.270.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Доржсүрэн нь хариуцагч Д.Цагаанхүү нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ч.Доржсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.400.000 төгрөгийг хариуцагч Д.Цагаанхүү төлж барагдуулахаар, нэхэмжлэгч нь үлдэх хэсэг болох 870.000 төгрөг гаргуулахаас татгалзаж тохиролцсон болох нь нэхэмжлэгч Ч.Доржсүрэн, хариуцагч Д.Цагаанхүү нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 51.270 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 1.400.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37.350 төгрөгний тал хувь 18.675 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 32.595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цагаанхүүгээс 18.675 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Доржсүрэнд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Доржсүрэн, хариуцагч хариуцагч Д.Цгаанхүү нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ч.Доржсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.270.000 төгрөгөөс 870.000 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, 1.400.000 төгрөгийг нь хариуцагч Д.Цагаанхүү 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Төрийн сан /150000941 тоот данс/-аас 18.675 төгрөг, хариуцагч Д.Цагаанхүүгээс 18.675 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Доржсүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР