Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00949

 

 

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00949

 

ххххгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/00952 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххх-нд холбогдох

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,185,909 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххх миний бие 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 9 цаг 20 минутад манаачийн путекны хажууд халтирч унаж бэртсэн. Өмнөх шөнө нь их хэмжээний цас орсон байсан. Унахдаа 3 яс хугарч гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн 1 жил хүний асрамжид босож чадахгүй хэвтэрт орсон.

Зүүн хөлийн дунд чөмөг толгойн хэсгээрээ хугарч булуу яс дундуураа цуурсан, сүүжний ясанд цууралт өгсөн. Одоо зүүн хөлийн булчин мах хатаж хөл урт богино болсон. Баруун хөлийн өвдөг хавдаж баруун гарын үе хавдаж аяга цайгаа даахгүй болоод байна. 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хагалгаанд орсон 9 хоног эмнэлэгт хэвтсэн.

Тухайн үед СӨХ-ны жижүүр хххххэд хэлэхэд таны унаж бэртсэнийг жижүүрийн дэвтэр дээр бичсэн байгаа гэж хэлсэн. СӨХ-ны дарга ххххд бэртсэн эмчилгээний төлбөр авъя гэхээр тоодоггүй, нэг ч удаа биеийн байдлын талаар асууж байгаагүй. Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж байж бичиг хийж өгнө гээд одоо хүртэл тоохгүй байгаа. Би эрүүл байж байгаад гэмтсэндээ гомдолтой байна.

1.2. Хог хаягдлын тухай хуулийн 9.4.12-т зааснаар ойр орчмын 50 м зайд хамаарах цасыг тухайн аж ахуйн байгууллага цэвэрлэх үүрэгтэй гэж заасан. Тухайн өдөр би өглөө эрт гараагүй 9 цаг 40 минутад гэрээсээ гарсан. Цас орвол аль хэдий нь цэвэрлэх цаг хугацаа байсан. Хоносон жижүүр ажлаасаа буугаад дараагийн жижүүр нь ирсэн байсан. Энэ үүргээ биелүүлээгүй. Намайг гэмтсэн цагаас хойш миний охин ажлаасаа чөлөө аваад намайг асарч байгаа. Би байнга өдөр тутам эм ууж байгаа.

Би 2022 оны 11, 12 сарын төлбөрөө л нэхэмжилж байгаа, сахарын эмчилгээний зардлаа ч нэхэмжлээгүй, зөвхөн гэмтсэн бэртсэнтэй холбоотой төлбөрөө л нэхэмжилсэн. гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шөнө их хэмжээний цас орсон бөгөөд нэхэмжлэгчийн халтирч унасан гэх өглөө цас үргэлжлэн орсоор байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн үеийн цаг агаар, хур тунадасны талаарх мэдээлэл, лавлагааг Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргуулж өгөх болно.

2.2. Манай сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууц орчмын цас, мөсийг тогтмол цэвэрлэдэг бөгөөд тухайн үед гадаа цас ихээр орж байсан тул түр цэвэрлэх боломжгүй байсан. Мөн нэхэмжлэгчийг халтирч унасан байхыг харсан оршин суугчдын хэлснээр замын боржур дээр гишгэхдээ халтирч унасан байсан. Тухайн үед цас орсоор байсан тул зам талбай мөстөөгүй байсан бөгөөд нэхэмжлэгч нь цас, бороотой үед өөрийгөө эрсдэлээс сэргийлэхийн тулд халтирахаас сэргийлсэн хэсгээр явах боломжтой байсан гэж үзэж байна.

2.3. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нотлох баримт буюу гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээллээс үзэхэд 2022 оны 6, 7 дугаар саруудад Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзлэг, оношилгоо хийлгэсэн болох нь нотлогдож байна. Үүнээс харахад нэхэмжлэгч нь халтирч унахаас өмнө үе мөчний бэртэл, гэмтэлтэй байсан байх боломжтой байна.

Нэхэмжлэгч нь өөрийн буруутай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас халтирч унасан, хохирлыг хариуцагч төлөх үүрэг хүлээхгүй.

Халтирч унасан газрын тухайд нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өглөө энэхүү тайлбарын хавсралтад байх зурагт үзүүлснээр хотхоны орох гарах гарцаас гарч, явган хүний замын боржур дээрх хэсэгт халтирч унасан байна.

2.4. Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үүрэгтэй.

Дээрх үүргийн дагуу хххххх-ны харуул ээлж солигдохоос өмнө буюу 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 6 цагт цас орж байхад байрны үүдний явган хүний хэсгүүдийн цасыг цэвэрлэсэн. Мөн дараагийн ээлжийн харуултай 8:30 минутад ээлж солилцсон байдаг. Тухайн үед цас үргэлжлэн орсоор байсан ба цас орох бүрд орон сууц хоорондын талбайн цасыг байнга цэвэрлэдэг.

2.5. Иймд нэхэмжлэгчийн тухайн халтирч унасан хэсэг нь хххххх-ны нутаг дэвсгэрт хамааралгүй газар юм. Цаг уурын нөхцөл байдлын тухайд Цаг уур, орчны шинжилгээний газраас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрүүдийн цаг агаарын мэдээг ирүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шөнийн 04:42 цагаас 15:42 цаг хүртэл сул, дунд эрчимтэй цас орж байсан ба цаг агаарын температур нь -5 градусаас +2 градус хооронд, дундаж температур нь +1.9 градус байсан. Үүнээс харвал тухайн өдөр цас тасралтгүй орж байсан бөгөөд газар мөстөх боломжгүй байсан гэж үзэж байна.

Эмчилгээний зардал болон бусад зардлын тухайд нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт хавсаргасан гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээллээс үзэхэд нэхэмжлэгч нь Дүүргийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлэгт сар бүр үзлэг, оношилгоонд хамрагддаг, байнгын хөнгөлөлттэй эм худалдан авдаг болох нь тогтоогдож байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь өмнө нь ямар нэг бэртэл гэмтэлтэй эсхүл өөр ямар нэг өвчний улмаас байнгын асаргаанд байх шаардлагатай байсан байж болзошгүй байна.

Мөн хавтаст хэргийн 12 дугаар талаас 24 дүгээр тал хүртэл хавсаргаж өгсөн И-баримтын хуулбар нь ххххх гэж хүний нэр дээр байх бөгөөд эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,618,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад зардлыг төлөх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч хххххх-ноос гэм хорын хохиролд 1 671 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ххххд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 514 909 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч хххх нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч хххххх-ноос 41 926 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд,

Анхан шатны шүүх миний шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтыг бүрэн бодитой дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагаас 1,514,909 төгрөгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.

хххх миний бие 2022 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн өглөө 9 цаг 20 минутад манаачийн путекны хажууд халтирч унан бэртсэн. Өмнөх шөнө нь их хэмжээний цас орсон байсан. Унэхдаа 3 яс хугарч гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн 1 жил хүний асрамжид босож чадахгүй хэвтэрт орсон. Зүүн хөлийн дунд чөмөг толгойн хэсгээрээ хугарч, булуу яс дундуураа цуурсан, сүүжний ясанд цууралт өгсөн. Одоо зүүн хөлийн булчин мах хатаж хөл урт богино болсон. Баруун хөлийн өвдөг хавдаж баруун гарын үе хавдаж аяга цайгаа даахгүй болоод байна. 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хагалгаанд орсон 9 хоног эмнэлэгт хэвтсэн.

Өөрөө эм тариа, хоол, хүнс, ахуйн хэрэглээний зүйлээ босоод явж авч чадахгүй, хүүхдийнхээ бүрэн асаргаанд байсан тул эм тариа, хоол, хүнс, ахуйн хэрэглээний зүйлээ охин хххххгаар авахуулж байсан. Энэ талаарх баримтаа шүүхэд өгч өөрийн төрсөн охин болохоо хэлсэн. Одоо ч миний худалдан авсан эм, тарианы үлдэгдэл, хэвтэрт байхдаа хэрэглэж байсан памперс зэрэг зүйл бүгд байна. Би өөрт учирсан хохирлоо л шаардсан.

4.2. Би одоо 90 настай бөгөөд төлбөрийн чадваргүй тул шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульч, өмгөөлөгч авч оролцуулжчадаагүй. Бодит болсон зүйл, бодит гарсан зардал зэргээ шүүхэд хандан нэхэмжилсэн. Хэвтэрт байсан, хүний асаргаанд байсан хугацаандаа өөрийн охиноор худалдан авалт зэргийг хийлгэсэн нотох баримтыг шүүхэд өгч, өөрөө шүүхэд хэлж нотлохоос өөр арга байхгүй.

Өөрөө босч яваад худалдан авалт хийгээгүй байж татварын цахим и-баримтад гарсан зардлыг өөрийн нэрээр бүртгэл үүсгэвэл харин ч бусдыг, шүүхийг хуурсан зүй бус үйлдэл болох байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэгч хххх анхан шатны шүүхэд эмчилгээний зардал болон гэм хорын зардалд нийт 3,185,909 төгрөгийг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор гэмт хэргийн зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл, мөн и-баримтад бүртгүүлсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус нотлох баримтуудын зарим нь нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд тухайн зардлууд гэм хор учруулсан баримтуудтай шууд холбоотой эсэх нь тодорхойгүй баримтууд байсан. Мөн гэмтэл авсан цаг хугацаанаас хойш эрүүл мэндийн үзлэг, оношилгоо нь халтирч унаснаас болж байнга эмнэлгийн үзлэгт хамрагдах болсон эсэх нь тодорхойгүй.

5.2. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдааны явцад сахарын өвчний улмаас тухайн үзлэг, оношилгоонд байнга хамрагдаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мөн нотлох баримтад хавсаргасан хххххгийн нэр дээр бүртгүүлсэн и-баримтуудыг нэхэмжлэгчийн охиных гэх боловч нотлох баримт байхгүй. Нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд тухайлан тэмдэглэсэн эмийн сан болон дэлгүүрээс авсан гэх зардлууд нь гэм хор учирсан үйл баримтуудтай шууд холбоотой гарсан эм тариа, асаргааны зардал гэж нотлогдоогүй. Мөн нэхэмжлэгчийг хальтирч унасан гэх цаг хугацаа нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 12 минут гэх боловч тухайн өдөр 04 цаг 42 минутаас хойш 15 цаг 42 минут хүртэл цас орсон гэх тодорхойлолтыг Цаг уур орчны газраас гаргаж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Тухайн өдөр хххххх-ны харуул ээлж солигдохоос өмнө 06 цагт үүдний болон явган хүний хэсгийн цасыг цэвэрлэсэн бөгөөд дараагийн ээлж 08 цаг 30 минутад солигдсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч хххх нь хариуцагч хххххх-нд холбогдуулан гаргасан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,185,909 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь хагалгааны зардал 1,618,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг ... бусад баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, ххххг хотхоны орох, гарах гарцаас гарч, явган хүний замын боржур дээр халтирч унасан, Сууц өмчлөгчдийн холбоо нь орчны газрын цасыг цэвэрлэсэн байсан, цаг уурын нөхцөл байдлын хувьд цас тасралтгүй орж байсан, газар мөстөх боломжгүй байсан ..., өөрийн болгоомжгүй үйлдлээс гэмтсэн ... гэх үндэслэл заан эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. ххххгийн оршин суудаг хххххххх дүүрэг, хх дүгээр хорооны ххххх дугаар байрыг хххххх хариуцан ажилладаг. /хх31/

3.2. хххх нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өглөө хххххх-ны дундын өмчлөлийн нутаг дэвсгэрт хамаарах харуулын байрны хажууд замын боржур дээр гишгэхдээ халтирч унасны улмаас сүүжний 3 яс цуурч, эрүүл мэндэд нь гэм хор учирсан. /хх-1, 5-11, 25, 48-50,56/

3.3. Үүний улмаас мэс засалд орсон, эмчийн үзлэг /11,000+27,000+15,000/ болон мэс заслын төлбөр /1,618,000/-т нийт 1,671,000 төгрөгийн зардал гарсан. /хх-5-10, 55-56/

 

4. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 1,671,000 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 1,514,909 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

 

5. Хариуцагч тал энэ шийдэлд давж заалдах журмаар гомдол гаргаагүй, харин нэхэмжлэгч нь шийдвэрийн 1,514,909 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ. Тэрээр гомдолд ... өөрөө эм тариа, хоол, хүнс, ахуйн хэрэглээний зүйлээ босоод явж авч чадахгүй, хүүхдийнхээ бүрэн асаргаанд байсан тул эм тариа, хоол хүнс, ахуйн хэрэглээний зүйлээ охин хххххгаар авахуулж байсан, ... энэ баримтаа шүүхэд өгсөн , ... шүүх нотлох баримтад бодитой дүгнэлт хийгээгүй ... гэсэн үндэслэл заасан байна.

5.1. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Хуульд заасан зайлшгүй зардалд нэхэмжлэгчийн өдөр тутмын хоол хүнс болон ахуйн хэрэглээндээ худалдаж авсан хүнсний болон ахуйн барааны зүйлүүд хамаарахгүй.

5.2. Мөн Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 04/3993 дугаартай албан бичгийн хавсралтад тусгасан ххххгийн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл нь ххххгийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан зайлшгүй зардалд хамааруулан үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Улсын 2 дугаар төв эмнэлгийн амбулаторийн үзлэг, оношлогоо, шинжилгээний багц, Хан-Уул эрүүл мэндийн төвийн амбулаторийн үзлэг, Мэндсаруул өрх ӨЭМТөвийн оношлогоо, шинжилгээнд нэхэмжлэгч хамрагдаж байсан, хөнгөлттэй эм худалдан авсан баримт зэрэг нь ххххгийн халтирч унаж гэмтсэнтэй холбогдон гарсан эмчилгээний зайлшгүй зардалд хамааралтай, нэхэмжлэгчээс 1,514,909 төгрөгийн зардал гарсан гэдгийг нотлохгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

6. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч ххххгийн халтирч унасан 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 цаг 42 минутаас 15 цаг 42 минут хүртэл хугацаанд цас үргэлжлэн орж байсан болох нь хэргийн 50-51 дэх талд авагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06/143 дугаартай албан бичгийн хавсралтад тусгагдсан Улаанбаатар хотын Улаанбаатар өртөөний цаг агаар-ын мэдээгээр тогтоогджээ.

Иймээс, үргэлжлэн орж байгаа цасыг цэвэрлээгүй гэж хариуцагчийг шууд буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн халтирч унасан нөхцөл байдалд өөрийнх нь анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хэмжээг багасгаж тооцвол, хариуцагчийн хүлээх үүрэг 1,592,954 төгрөг байна. Гэвч хариуцагч нь 1,671,000 төгрөг гаргуулсан анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй учраас шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/00952 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД