| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0571/Э |
| Дугаар | 634 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 634
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Т.Мөнх-Амгалан, шүүгдэгч С.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Алтансүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт С.Чод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02028 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.Ч нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 33 дугаар сургууль дотор иргэн С.Үын толгойн тус газар аягаар цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ч мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор С.Үаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-10/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Б.Гомбосүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 11/, гэрч Н.Болор-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3793 дугаар дүгнэлт /хх-н 16/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 23/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас шүүгдэгч С.Ч нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 33 дугаар сургууль дотор иргэн С.Үын толгойн тус газар аягаар цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч С.Чыг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө иргэн С.Үын толгойн тус газар аягаар цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Үын өгсөн: "...2019 оны 03 дугаар сарын 20-ны орой 33 дугаар сургуулийн химийн багш Гомбосүрэн хамт “Хавай” нэртэй пабд тус бүрдээ 4 ширхэг пиво ууж байгаад Гомбоо баг сургууль руугаа орж цүнхээ авна гээд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 33 дугаар сургууль руу орсон. Тэр үед би үүдэнд хүлээгээд байж байтал сургуулийн жижүүр нь согтуу намайг хэл амаар доромжилж хөөсөн. Би тухайн үед нь гараад явсан ба хэсэг хугацааны дараа орж ирсэн. Гэтэл намайг хэл амаар дахин доромжилж байсан ба шууд шинжтэй аяга аваад над руу шидсэн. Тэр аяга нь миний толгойг онож хагалсан. Тэгээд би түргэн дуудаж эмч ирж хагарсан байна гээд 4 оёо тавьсан." гэх мэдүүлэг, /хх-н 7-10/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Гомбосүрэнгийн өгсөн: "...2019 оны 03 дугаар сарын 20-ны орой би сургууль дээрээ ирж өрөөнөөсөө мөнгө авах гээд ирсэн. Ирэхдээ 127 дугаар сургуулийн нийгмийн ажилтан С.Үтай хамт ирсэн ба С.Ү намайг хүлээгээд сургуулийн үүдэнд үлдсэн. Би өрөөндөө ороод 5 орчим минутын дараа буцаад үүдэн буугаад иртэл С.Ү багш манай сургуулийн жижүүр С.Чтой маргалдаад байж байсан. Би найз С.Үыг аваад гарах гээд байж байхад жижүүр С.Ч С.Ү руу аяга шидэж толгойг нь оноод толгойг нь хагалсан.” гэх мэдүүлэг /хх-н 11/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3793 дугаар,
1. С.Үын биед тархи доргилт, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна,
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 16/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч С.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Хохирогч С.Ү нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 120.000 төгрөгийг хүлээн авсан, одоо гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийн энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч С.Чод ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.