Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 326

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016.09.06                                             Дугаар 326                                        Баруун- Урт 

 

        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг сумын төвд ангийн 2 тоотод оршин суух ЛЕ62090507 регистртэй, Буурлууд овогт Жамсрангийн Сэргэлэнд холбогдох  “сум хөгжүүлэх сангийн зээл 5.450.000 / таван сая дөрвөн зуун тавин мянга / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Наран сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн 2014 оны 7-р сарын 17-ны өдрийн А/79 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас ЖДҮ-ийг дэмжих 15.000.000 төгрөгийн зээлийг 2014 оны 07-р сарын 21-ний өдөр гэрээ байгуулж наториатаар батлуулан авсан. Сүхбаатар аймгийн Аудитын газраас Наран сумын хугацаа хэтэрсэн зээлд акт тавигдсан. Актын дагуу эргэн төлөлтөө сум хөгжүүлэх сангийн 120555406 тоот дансанд хийхийг хугацаатай мэдэгдэл өгч утсаар удаа дараа мэдэгдсэн боловч төлөхгүй байна. Иймд Ж.Сэргэлэнгээс хугацаа хэтэрсэн зээл болох 5450000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Сэргэлэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Наран сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би сум хөгжүүлэх сангийн зээлээс 5.450.000 төгрөгийн зээл авч, тус  зээлээс 2.500.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2.950.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байгаа нь үнэн болно. Иймээс зээлийн төлбөр 2.950.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Наран сумын Засаг дарга нь хариуцагч Ж.Сэргэлэнгээс сум хөгжүүлэх сангийн зээл 5.450.000 / таван сая дөрвөн зуун тавин мянга / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Сэргэлэн нь 2.500.000 төгрөгийг төлсөн болох нь мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдож байх ба үлдэгдэл 2.950.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар сумын Засаг даргын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ж.Сэргэлэнгээс 5.450.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч шүүхэд нэхэмжлэл ирүүлэхээс өмнө буюу 2016.06.03-ны өдөр 2.500.000 төгрөг төлсөн байна. Иймд төлөгдөөгүй байсан 2.950.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 62.150 төгрөгийн 50 хувь болох 31.075 төгрөгийг хариуцагч Ж.Сэргэлэнгээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг даргын нэхэмжилсэн сум хөгжүүлэх сангийн зээл 5.450.000 / таван сая дөрвөн зуун тавин мянга / төгрөгийн 2.500.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2.950.000 төгрөгийг хариуцагч Ж.Сэргэлэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч Ж.Сэргэлэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд 51.075 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг даргын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэхүү захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                        Ш.ОЮУНГЭРЭЛ