Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00983

 

 

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00983

 

хххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00593 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххд холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 3,600,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, зардал 70,200 төгрөг, нийт 5,470,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххххх ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ахуйн цэвэрлэгээний Кирби сентра /Kirby Sentria/ төхөөрөмжийг худалдан борлуулдаг. ххххх нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, ххххх нь 5,700,000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг худалдан авахдаа эхний төлөлт 300,000 төгрөгийг 3 хоногт, үлдсэн төлбөрийг 18 сарын туршид 300,000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр төлж дуусгах нөхцөлтэйгөөр тохиролцон гэрээ байгуулсан.

1.2. Үүний дараа ххххх нь дараах байдлаар төлөлт хийсэн. 2014 оны 4 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 300,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, нийт 2,100,000 төгрөгийг төлсөн. Харин үлдэгдэл 3,600,000 төгрөгийг төлөөгүй байна.

1.3. Гэрээнд заасны дагуу /6.4/-д үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор заасан ба алдангийг Иргэний хуульд заасны дагуу нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 1,800,000 төгрөг, мөн эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөг, үндсэн төлбөр 3,600,000 төгрөг, нийт 5,470,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Эхлээд 5 сая гаран төгрөг авсан. Манайд дрож угааж өгөөд хөөс л гарсан байсан. Тэгээд мэргэжлийн хүнийг авч ирж үзүүлье гэхэд нэг ч хүн ирээгүй. Би ганцхан тоосонцорын бөөрөнхий зүйлийг л хэрэглэдэг. Өөр юу ч хэрэглээгүй. 4, 5 жилийн өмнө эдний нэг ажилчин хүрч ирээд та төлөх үү, эсхүл буцааж өгөх үү гэхээр нь буцааж өгье гэсэн. Төхөөрөмжийн ганцхан зүйлийг л ашигласан.

2.2. Ноолуур, ор, хөнжил, хөшиг, дрож угаадгийг ерөөсөө хэрэглээгүй. Мэргэжлийн хүнээ авч ирж сургалт хийж өгнө, хошууг нь бичиж өгье гэсэн нэг ч хүн ирж юу ч бичиж өгөөгүй. Манайх өгсөн мөнгөө буцааж авна гэтэл 1 сая төгрөгийг буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй. Манайх хүрч ирээд сургалтаа хийж өгнө үү гэж олон удаа залгаж хэлсэн. Тэгээд за буцааж өгье гэсэн. Үүнээс хойш 4, 5 жил болсон байна. Манайх төхөөрөмжөө буцаагаад өгсөн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хххххаас нийт 3,850,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч хххххх ХХК-д олгон, үлдсэн 1,620,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч хххх хххххх ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,473 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хххххаас улсын тэмдэгтийн хураамжид 76,553 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч хххххх ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Хариуцагч нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хххххх ХХК-тай Кирби сентра /Kirby Sentria/ төхөөрөмжийг 5,700,000 төгрөгөөр худалдан авсан. Тус компани төхөөрөмжийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл, ашиглах заавар зөвлөгөө өгөөгүйн улмаас бүрэн ашиглаж чадахгүй болохоор нь хадгалаастай байсан бөгөөд 2019 онд энэ компаний нэг ажилтан хүрч ирээд та төхөөрөмжөө буцааж өгөх үү, үлдэгдэл төлбөрөө төлөх үү гэхээр нь ххххх буцааж өгье гээд хүлээлгэн өгсөн.

Ингээд ххххх төлсөн мөнгөө буцааж авъя гэхэд 1,000,000 төгрөгийг буцааж төлье гээд төхөөрөмжөө аваад явсан ч 1,000,000 төгрөгөө хххххд хххххх ХХК-аас олгоогүй, ххххх хохирч үлдсэн байдаг. Улмаар 2019 оны 10 сарын 22-ны өдөр төхөөрөмжөө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан акт үйлдэж тэмдэглэлийн дэвтэр дээр бичүүлж авсан бөгөөд тухайн компанийн хххххххх гэсэн утасны дугаартай ажилтан хүлээн авсан гэж гарын үсэг зурж баталгаажуулаад төхөөрөмжөө аваад явсан.

4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч компанийн ямар ажилтан ирээд төхөөрөмжийг аваад явсан тухай тодруулаагүй, татгалзалын үндэслэлээ тайлбарлах, нотлох баримт бүрдүүлж өгөх хугацаа олголгүй.

Тухайн төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн акт үйлдсэнээ өөрийн лагар руу явж баримтаа олж ирэхтэй зэрэгцэн хурал зарлагдаж шийдвэр гарсан. Хариуцагч нь хурал болохын өглөө сандралтай, шүүх хуралдааныг хойшлуулж болдог тухай мэдээгүй, ямар хүсэлт гаргаж өгөхөө ч ойлгоогүй шийдвэр гаргуулсан. ххххх 2019 онд төхөөрөмжийг хүлээлгэн өгч 2,100,000 төгрөгийг төлж хохирсон ба анхан шатны шүүхийн шийдвэрээр 3,850,200 төгрөгөөр дахин хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд хариуцагч хххххы зүгээс баримт өгөөгүй. Хариуцагч баримтаа өөрөө бүрдүүлэх боломжтой. Энэ талаар шүүх авч хэлэлцсэн, буцааж өгсөн баримт байгаа эсэх талаар нэлээн ярилцаад хариуцагч баримт өгөөгүй. Би шүүх хуралдааны өмнөх өдөр нэхэмжлэгч компанитай холбогдоход хариуцагч төхөөрөмжийг буцааж өгсөн гэж хэлээгүй, өгөөгүй учраас энэ олон жил хайж, хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр эрэн сурвалжлуулж, шүүхэд нэлээн олон хандсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч хххххх ХХК нь хариуцагч хххххд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 3,600,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, зардал 70,200 төгрөг, нийт 5,470,200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч төхөөрөмжөө буцааж өгсөн гэж эс зөвшөөрч маргажээ.

 

3. хххххх ХХК нь хххххтай 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр худалдагч хххххх ХХК нь Кирби сентра /Kirby Sentria/ төхөөрөмжийг иж бүрдлийн хамт хүлээлгэн өгөх, худалдан авагч ххххх нь худалдан авсан төхөөрөмжийн үнэ болох 5,700,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг 3 хоногийн дотор, үлдсэн төлбөрийг сарын бүрийн 25-ны өдөр 300,000 төгрөгийг 18 сарын хугацаанд төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-5-12/ Гэрээний дагуу тоног төхөөрөмжийг ххххх хүлээн авч, гэрээний үүрэгт 2,100,000 төгрөг төлсөн үйл баримтад маргаангүй.

 

4. Хариуцагч нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ..Кирби сентра төхөөрөмжийг танай борлуулагч нэг залуу тоног төхөөрөмжийг авчирч өгсөн, танайх мэргэжлийн хүн авчирч, хэрхэн ажиллуулах талаар тайлбарлаж өгнө гэсэн боловч хүн ирээгүй учир анх авч ирсэн залууд буцаан хүлээлгэж өгсөн , нэхэмжлэгч компанид ажиллаж байсан хүмүүсийн анкет байгаа байх, шүүх хуралдаан хойшлуулж, тэр баримтыг үзмээр байна гэх агуулгаар тайлбар гарган, талууд маргажээ.

Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

5. Уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00593 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,554 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД