Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 0213

 

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч:   Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 00-р хороо, дунднаран 00 гудамж, 000 тоотод оршин суух Улаан соёо Самдангийн Дэлгэрмаа /РД: АЮ-/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0-р баг, 00дугаар байрны 0 тоотод оршин суух Сампилноров Цэндийн Сампилноров /РД: ТГ-/-д холбогдох,

2014 оны 03-р сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 2014 оны 03-р сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж нэг өрөө орон сууцыг гаргуулах тухай иргэний хэрийг 2016 оны 07-р сарын 18-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Дэлгэрмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг, хариуцагч Ц.Сампилноров, хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 008/004 тоот ажлын гэрээг 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдөр орон сууц захиалагч талаас Хөтөл Цемент шохой ХК-ний захирал А.Шоовдортой орон сууц ашиглалтанд орсоны дараа Цемент шохой ХК-ний хурлаас гарсан шийдвэрийн дагуу олон жил ажилласан, сайн ажилсан ажилчдынхаа нэрс өгсөний дагуу хөрөнгө оруулагч “Арбаяншанд” ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан байрнаасаа “Цемент шохой” ХК-ний ажилчдад зарж борлуулсан, үлдэгдэл байрыг “Арбаяншанд” ХХК-н зарж борлуулах эрхийн дагуу бусад Хөтөл хотын иргэдэд зарж борлуулсан. Үүнээс үлдсэн байрыг хөрөнгө оруулагч “Арбаяншанд” ХХК нь захирал С.Дэлгэрмаагийн нэр дээр үлдсэн 3 давхарын 8 тоот 58.96 м2 -1 өрөө байрыг иргэн Ц.Сампилноров нь түр хугацаагаар үнэ төлбөргүйгээр 1 жил сууж байгаад Ц.Сампилноров нь худалдан авах санал тавьсаны дагуу, С.Дэлгэрмаа би 37.000.000 төгрөгөөр зарах санал тавьж урьдчилгаа 10.000.000 төгрөг авч, худалдах, худалдан авах гэрээ хийж үлдэгдэл 27.000.000 төгрөгийг дараа өгнө гэснээр гэрээнд бичүүлсэн боловч одоо болтол өгөхгүй байгаа тул гэрээний дагуу 27.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...2014 оны 03-р сарын 28-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байгаа. Энэ байр маань 37.000.000 төгрөгийн өртөгтэй байр 10.000.000 төгрөгийг өгсөн учраас 2013 оны 08-р сарын 04-ний өдөр бэлэн мөнгөний орлогын баримтаар 10.000.000 төгрөг аваад үлдэгдэл 27.000.000 төгрөг үлдлээ гээд баримт үйлдээд өгсөн байгаа. Энэний дагуу бид нар 2014 оны 03-р сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийгээд үлдэгдэл 27.000.000 төгрөгөө аваагүй гэдгээ баталгаажуулаад бичсэн. Тэгээд хариуцагч үүргээ биелүүлээгүй учраас байраа буцааж авъя гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... Хариуцагч миний мөнгөний баримт өөр гээд байна. Яагаад гэхээр бид хоёр нэг нэг хувь дээр хийгээд Сампилноров гуай өөр дээрээ үлдэгдэл мөнгө аваагүй учраас би өөр дээрээ бичиж аваад энийгээ үзүүлээд нотариатаар гэрчлүүлсэн. Энэ гарын үсэг бүгд шинжээчийн дүгнэлтээр Сампилноровын гарын үсэг мөн байна, хариуцагч өөрөө мэдэж байгаа. Яагаад төлбөр дууссан байхгүй гээд байгаа юм бэ? гэрчилгээ гарсны дараа би мөнгийг чинь өгнө гэхээр нь би итгээд гаргаад өгсөн. Энэ хүнийг энэ мөнгийг өгөөч ээ гэдгийг би удаа дараа шаардаж байсан. Энэ хүн үл биелүүлсэн. Сүүлдээ загнаад утсаа авахаа больсон. Чаддаг юм бол аваарай гээд утсаа салгачихдаг.

“Цемент шохой” ХК-ний үйлдвэрийн хөрөнгөөр бариагүй манайх 100% өөрсдийнхөө хөрөнгөөр бариад “Цеменд шохой” ХК үйлдвэрт зарсан. Тэдний манай хоёрын хийсэн гэрээ байгаа. Сампилноров гуай надтай хамтарч ажиллах амалсан бичиг баримт гэрээ хэлцэл байхгүй... Энэ хүнээс нэг ч төгрөг гараагүй. Энэ хүн гэрээний дагуу надтай уулзаад явдаг байсан. Тэгэх болгондоо цалингаа үйлдвэрээс аваад явж байсан. Энэ хүнд би байшин барилга барьж өгнө гэсэн гэрээ хэлцэл юу ч байхгүй. Ерөөсөө л энэ байрыг өгөхгүй гэсэн нэг ийм юм яриад байгаа хүн. Байраа авахын тул би одоо үлдэгдэл мөнгөө өгөөч гэж удаа дараа ярьж байсан. Утсаар загнаад өгдөггүй энэ байгаа шигээ хүн биш, загнаж харааж зүхээд, чамайг авахыг нь харна гээд удаа дараа доромжлоод өгөөгүй. Тэгээд би гэрээний үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэл гаргасан... Энэ бичгийг л яриад байна. Энэ дээр чинь амлалтаа биелүүлсэн учраас 10.000.000 төгрөгөөр дуусгав гэсэн нэг ч үг байхгүй байгаа биздээ.

Би мэдээж энэ хүн тооцоогоо хийчихвэл гэрчилгээг нь шилжүүлж өгөх нь ойлгомжтой. Өөрөө энэ дээр 27.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд энэ дээр тавьчихая гээд гарын үсгээ зурчихаад мөнгөний баримтыг шинжээчийн дүгнэлтээр үнэн зөв бүх юм байгаа гээд гараад ирэхээр шинжээчийг хүртэл худлаа бичсэн болгоод хүний юм авах гээд луувирдаад байх юм. Удаа дараа Дэлгэрмаа хэлж байгаагүй гэж яриад байгаа. Анхан шатны эхний шүүх хуралын 5 дахь хуудсанд байна. Дэлгэрмаа байраа авах гэж утасдаж байсан нь үнэн гэж хэлж байсан. Даваахүү өмгөөлөгчөө, энэ бичгэн дээр чинь амлалтаа биелүүлсэн учраас 10.000.000 төгрөгөөр байраа өгчихлөө гэсэн нэг ч үг байхгүй. Та хаанаас юу олж хараад байгаа юм. 27.000.000 төгрөг авсан баримт хаана байна. Тэгвэл би энэ мөнгийг авсан юм бол надад өгсөн баримт нь хаана байна. Гол юм нь л энэ шүү дээ, би 27.000.000 төгрөгийг нэхээд өгөхгүй болохоор би байраа авна гэж байгаа. Би энэ хүнд итгээд өгсөн, амлалтандаа 10.000.000 төгрөгөөр өгч байгаа шүү гэсэн нэг үг байхгүй. 27.000.000 төгрөгийг өөрөө энэ дээр бичүүлсэн тэгчихээд одоо болохоор хүний юмыг хүчээр ингэж болохгүй шүү дээ. 27.000.000 төгрөг өгсөн баримт нь хаана байгаа юм бэ?...

Хариуцагч үйлдвэр манайд хөрөнгө оруулчихсан юм шиг юм яриад байна. Хөрөнгө оруулалт хийхэд нь би тусалсан гэж байна. Үгүй шүү дээ үйлдвэр манайхаас худалдаж авсан. Худалдаж авсан гэрээ байна. Тэрнээс биш үйлдвэр надад хөрөнгө оруулалт хийгээд тэрний төлөө яваад байсан юм биш... Манайх тухайн үедээ байр зарж байхдаа бүх хүмүүст яг ийм загварын гэрээ хийж явуулж байсан. Тухайн үед байсан нэг хувь байсан гэрээгээрээ л хийсэн... Бид хоёрт баримт байхгүй байсан учраас нэг нэг ийм ягаан цаас байгаа. Бид хоёр нэг нэгээр нь тус тусд нь бичсэн. Би өөрийнх дээрээ авч үлдэхдээ 27.000.000 төгрөгийг бичсэн. Энэний дагуу нотариат дээр энийгээ өгч байгаад гэрээгээ хийсэн. Би энэ дээр ерөөсөө 27.000.000 гэж сүүлд нь бичээгүй шүү... Надад гэрчилгээ гарчих юм бол би гэрчилгээгээ барьж гүйж байгаад мөнгийг чинь аваад өгчихнө гэхээр чинь би итгээд гаргаад өгсөн... 10.000.000 төгрөг өгөх ёстой байсан бол тэрийгээ өгөөд дууслаа гэсэн үг биздээ. Тэрнээс биш энэ байр чинь 10.000.000 төгрөгийн үнэтэй байр биш... Энэ байр маань тухайн үеийн ханшаараа 40 хэдэн сая төгрөгийн үнэтэй... Анхны нэхэмжлэл дээрээ би 27.000.000 төгрөг нэхэмжлээд байсан бол одоо бол шууд байраа л нэхэмжилж байгаа... Төлж байрагдуулав гэдгийг төлбөрөө гэрчилгээгээ гарсны дараа өгнө гэсэн. Нэг талдаа барьцаа болоод байгаа. Тийм учраас би энэ хүнд итгээд тэгж бичсэн..

Иймд орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, Гоё байшингийн 08 тоот орон сууцыг буцаан авах, 2014 оны 03-р сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж энэ орон сууцыг Ц.Сампилноровоос гаргуулж өгнө үү ...” гэв 

 

Хариуцагч Ц.Сампилноров шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дэлгэрмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бидний хооронд зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ огт хийгдээгүй. Харин орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Түүний дагуу байрны гэрчилгээ өмчлөх эрх надад шилжиж ирсэн. Байрны төлбөр барагдуулсан тухай бичгээр хэлцэл маягийн баримт үйлдэж гарын үсгээ зурж баталгаажуулсан байгаа. Энэ нэг өрөө байр нэгдүгээрт намайг урамшуулсан урамшуулал юм байна гэж би ойлгодог.

 Энэ комданид би ажил олж өгсөн. “Цемент шохой” ХК үйлдвэрийн барих гэж байсан барилгыг эдний компаниар бариулсан. Бидний ажилд та их тусалцлаа гэж баярлаж, талархаж Дэлгэрмаа олон удаа надад хэлж байсан. Тийм учраас урамшууллын байр юм байна гэж ойлгож байгаа. “Цемент шохой” ХК үйлдвэртэй ашигтай гэрээ байгуулсан. Гэрээг бол үндсэндээ бид хоёр байгуулсан. Барилгын явцад янз бүрийн асуудал гарахад энэ компаний эрх ашгийг би хамгаалж байсан. Хаана ч явсан Дэлгэрмаатай дандаа цуг явдаг байсан. Энэ орон сууцны барилга барьж эхлэхдээ миний барьж эхэлсэн хуувийн сууцны барилгыг барихад тусална гэж амалсан. Орон сууцны барилгыг эд нар бариад дуустал 3 жил гаруй хугацаа болсон. Энэ хугацаанд нэг ширхэг ч тоосго тавиагүй. Надад тусална гэсэн чинь яасан бэ? гэж үргэлж сануулдаг байсан. Та зүгээр л байж бай тусална гэдэг байсан. Сүүлдээ тусалж чадахгүй ажлаа дуусгаад явах болсон. Тэгэхээр энэ нэг өрөө байрыг тэр амлалтандаа хүрч чадаагүй гэж ойлгож өгч байна гэсэн бодол байдаг.

Энэ нэг өрөө байр харьцангуй том талбайтай байсан учраас би шудрага ёсыг бодож 10.000.000 төгрөг өгсөн. Тэгээд эцсийн тооцоо хийгээд үлдэгдэл үнэ гээд тэр 10.000.000 төгрөгийг өгсөн. Бас бичиг баримт үйлдээд гарын үсэг зурсан байгаа. Энэ орон сууцны барилгыг үйлдвэрийн хөрөнгөөр барьсан. Үйлдвэр санаачилсан, ажилчиддаа орон сууц барих асуудлыг шийдсэн байсан. Энэ ажлыг хариуцаж гүйцэтгэх хүнээр намайг томилсон байсан. Эдний компанийг би сонгосон. Улаанбаатарт тааралдаад ярилцаад хийлгэх болсон. Учир шалтгаан нь Дэлгэрмаа болон түүний нөхөр Хөтөлийн үйлдвэрийг барьж байхад анхны ажилтнаар ирж байсан залуучууд юмаа. Тэгээд сүүлд барилга барьдаг болоод бие даагаад явж байхаар нь би туслъя гэж бодсон. Бие дааж барилга барих боломжийг нь олгосон. Гэвч энэ нь үйлдвэр дээр нэлээн эсэргүүцэлтэй тулгарсан. Хүчин чадал муутай, хүнд механизмгүй юм байна, яаж барилга барьдаг юм гээд гэрээ байгуулах гэсэн ерөнхий нягтлан гарын үсэг зураагүй. Одоо хүртэл гарын үсэг зураагүй байгаа. Тэр болгоныг би хариуцаад ямар ч байсан бариулах болоод бариулсан...

 

Тэгэхээр 27.000.000 төгрөг гэж ярьж тохирсон зүйл бид хоёрын хооронд байхгүй. 10.000.000 төгрөгийг өгөөд бүх тооцоо дуусаж байгаа. Энэ бол эцсийн тооцоо гээд гэрээн дээр биччихсэн байгаа. Бичигдсэн ийм баримт байна. Энийг Дэлгэрмаа бичсэн өөрт нь яг ийм улаан хуудас байгаа. Энэ чинь хоёр өөр байгаа шүү дээ. Эхлээд гарын үсэг зурахад ижилхэн байсан. Сүүлд дээр нь нэмээд биччихсэн байгаа. Огт үзэгдэж харагдаагүй зээлээр худалдах, худалдан авах гэрээ гээд байгаа тийм зүйл байхгүй. Тэр гэрээ нь болохоор энхэр, нөхөр 2 хийсэн гэрээ байсан. Тэгээд тэрний гарын үсэг нь миний гарын үсэг мөн үү? шалгуулсан чинь миний гарын үсэг биш болж таарсан. Тэгэхээр энэ хоёр улаан хуудас бол хоёр байгаа. Сүүлд өөрийнхөө хуудсан дээр нэмээд 27.000.000 төгрөг гээд биччихсэн байгаа... 27.000.000 төгрөг гээд бичсэн баримт дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн, гэхдээ чи өөрөө 2 хувь хийгээд нэг хувийн чи өөрөө аваад явсан. Өөрийнхөө хувь дээр чи 27.000.000 гээд зөндөө юм нэмээд биччихсэн байна... Нотариатаар хийсэн худалдах, худалдан авах гэрээн дээр байгаа энэ гарын үсэг миний гарын үсэг мөн юм шиг байна. Энд сайн харагдахгүй байна. Гэхдээ мөн юм шиг байна... 27.000.000 төгрөг өгнө гэж бид хоёрын хооронд яригдаагүй. Үлдэгдэл тооцоог 10.000.000 төгрөгөөр хийнэ гэсэн л юм байгаа...

Энэ 10.000.000 төгрөгийг төлөөд байрны үнэний талаар ярих юмгүй болоод тэгээд байрны үлдэгдэл тооцоог хийсэн гээд гарын үсэг зураад тамгаа дарсан. Ингээд үдсэндээ байрны тооцоо дууссан. Бичиг баримтыг Дэлгэрмаа миний нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээсэн. Тэрний дагуу гэрчилгээг надад өгсөн. Тэгээд энэ гэрээг хийсэн. Энэ гэрээг бүгдийг төлсөн нэмэлт нөхцөл байхгүй ийм байдлаар хийсэн гэрээ , тэгээд гэрчилгээ надад ирсэн... энэ байр 10.000.000 төгрөгийн байр биш. Илүү үнэтэй байж таараа...  Чи надад байр өгнө гэсэн гэрээ, хэлцэл байхгүй, чи амаараа хийсэн. Сүүлд нь шүүх хурлаар ороод ийм зүйл болно гэж хэн мэдлээ... Гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн зүйл огт яриагүй... Тухайн үедээ баримтыг ижилхэн бичсэн байсан. Сүүлд нь 27.000.000 төгрөг гээд янз бүрийн тоонууд нэмэгдчихсэн байсан. Минийх бол хэвээрээ байгаа... Байрны гэрчилгээг таны нэр дээр болгоход ийм хүсэлт хэрэгтэй байдаг юм байна гэж орж ирээд бид хоёр цуг байж байгаад бичсэн. Ямар ч байсан байрны гэрчилгээг Дэлгэрмаа өөрөө надад авч ирж өгч байсан. Өгөхдөө баярласан талархснаа илэрхийлээд гардуулсан... 27.000.000 төгрөг нэмж өгөөд байрыг ав гэсэн бол би авахгүй. Надад тийм боломж байхгүй. Би настай хүн банкны зээлээс айдаг..” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхэд нэхэмжлэгч С.Дэлгэрмаа нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гоё байшингийн 8 тоот 1 өрөө орон сууцыг худалдсан төлбөрийн үлдэгдэл  27 000 000 төгрөгийг өгөхгүй байгаа тул гэрээний дагуу  27 000 000 төгрөгийг Ц.Сампилноровоос гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хариуцагч Ц.Сампилноровтой байгуулсан 2014 оны 03-р сарын 28-ны өдрийн орон сууц зээлээр худалдах, худалдан авах, орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзаж 1 өрөө байраа буцаан авах, 2014 оны 03-р сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хэлцлээр Ц.Сампилноровын шилжүүлэн авсан 1 өрөө орон сууцыг гаргуулах тухай болгосон.

   Шүүх хуралдаанд дээр 2014 оны 03-р сарын 28-ны өдрийн орон сууц  худалдах, худалдан авах тухай гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзаж, энэ  гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээгээр худалдсан Сайхан сумын 1-р багийн 17 айлын орон сууцны 1 өрөө орон сууцыг Ц.Сампилноровоос гаргуулах гэж  нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Хариуцагч Ц.Сампилноров нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч тал С.Дэлгэрмаагийн “Арбаян Шанд” ХХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум /Хөтөл/-д 2010-2011 оны хооронд барьсан 5 давхар орон сууцны барилгын 08 тоот нэг өрөө орон сууцыг хариуцагч Ц.Сампилноровт 2014 оны 03-р сарын 28-ны өдрийн  “орон сууц худалдах, худалдан авах” тухай гэрээний дагуу худалдсан болох нь уг гэрээгээр /хх-7/ нотлогдож байна. Гэрээний үнийн дүн дээр талууд маргаантай бөгөөд нэхэмжлэгч гэрээнд бичигдсэн “27 000 000 төгрөгөөр худалдах” гэдгийг тайлбарлахдаа 37 000 000 төгрөгөөр тохирч урьдчилгаа 10 000 000 төгрөгийг 2013 оны 08-р сарын 04-ний өдөр авсан, үлдэгдэл 27 000 000 төгрөг байрны бичиг баримт гарахаар өгнө гэж тохиролцсон гээд энэ үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч тал энэ гэрээн дээр “төлбөрийг төгрөгөөр төлж барагдуулсан”, “гэрээний нэмэлт нөхцлийн талаар ямар ч тохиролцоогүй, байрны үнийг 37 000 000  төгрөг гэж ярьж  байгаагүй 27 000 000 төгрөг нэмж төлөх талаар тохиролцоогүй, би настай хүн. Дэлгэрмаа тийм их үнээр байраа худалдсан бол худалдан авахгүй, би банкны зээлээс айдаг. Надад байр барьж өгнө гэсэн амлалтдаа хүрээгүй гэж л энэ байрыг өгсөн. Хэмжээ нь том учир би шударга ёсыг бодож  10 000 000 төгрөг өгсөн ” гэж тайлбарлаж байна.

Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас  дараах байдлууд тогтоогдож байна. Үүнд:

1.2014 оны 03-р сарын 28-ны өдөр зохигчдын хооронд  орон сууц худалдах, худалдан авах  гэрээ байгуулагдах үед ямар нэг дарамт шахалт аль нэг талаас ирээгүй хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, гэрээний агуулыг өөрсдөө тодорхойлж өгсөн байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан байдаг.

Дээрх гэрээний 1-5 дахь заалтад тохиролцсон гэрээний гол нөхцлийн утга нь ойлгомжгүй, салаа утгатай, агуулага нь тодорхойгүй зүйл байхгүй, төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан болохыг тодорхой тусгаж өгчээ. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар  зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэсэнтэй нийцэж байна.

Гэрээний 6 дахь заалтад гэрээний нэмэлт нөхцлийн талаар өөрөөр хэлбэл “нэхэмжлэгчийн 37 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцсноос 10 000 000 төгрөг төлөгдөж 27 000 000 төгрөгийг байрны баримт бичгээ аваад төлөхөөр тохиролцсон” гэж тайлбарлаж байгаа нь тусгагдаагүй. Харин гэрээнд ямар нэг нэмэлт нөхцөл “байхгүй” талаар бичжээ. Дээрх гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” байдал  тогтоогдохгүй байна.

2.Маргаан бүхий байрны төлбөр тооцоог орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгууллагдахаас өмнө бүрэн төлсөн болох нь 2013 оны 08-р сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг бэлнээр С.Дэлгэрмаад өгсөн өгсөн “...Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутагт байрлах Ногоон байшингийн 3-р давхарын 8 тоот сууцны үлдэгдэл үнэ болох 10,0 сая төгрөгийг иргэн Ц.Сампилноровоос Байрны эзэн С.Дэлгэрмаад төлж барагдуулав. Энэхүү байр нь одоогоор түр хугацаагаар банкны барьцаанд байгаа байдлыг харгалзан 09-р сарын 25-ны дотор банкны барьцаанаас чөлөөлж худалдан авагчийн нэр дээр бүх бичиг баримтыг шилжүүлэхийг байрны эзэн С.Дэлгэрмаа хариуцахаар болж тохиролцов. Байрны үлдэгдэл тооцоо хийсэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн. Байр худалдан авч тооцоо гүйцэтгэсэн Ц.Сампилноров, Байр үлдэгдэл үнийг хүлээн авсан, байрны эзэн С.Дэлгэрмаа...” гэх /хх-63/ баримт  нотолж байгаа бөгөөд, гэрээ байгуулагдах үед ямар нэг мөнгөн төлбөрийн үүрэг хариуцагч Ц.Сампилноровт байхгүй байсныг нотолж байна.

3.Хариуцагч Ц.Сампилноров 2014 оны 03-р сарын 28-ны өдрийн гэрээний дагуу маргаан бүхий орон сууцыг  худалдан авч Сэлэнгэ аймгийн эрхийн улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн болох нь 2016 оны 08-р сарын 16-ны өдрийн үзлэг  /хх-209, 210/-ээр тогтоогдсон.

4.Нэхэмжлэгч тал “...10 000 000 төгрөгийн үнэтэй орон сууц гэж байхгүй. Би орон сууцаа ийм хямдхан энэ хүнд өгөөгүй...”  гэж тайлбарлаж байгаа нь :

Хариуцагчийн “Хөтөлийн анхны анхдагч нар болох С.Дэлгэрмаа, түүний нөхөр нарыг сайн мэдэхийн учир энэ байрыг бариулах гэж бүхий л боломжоороо дэмжсэн. Энэ компани бие дааж барилга барьж байгаагүй анх удаа Хөтөлд барилга барьсан нь  энэ байшин. “Цемент Шохой” ХК-тай байгуулах гэрээнд С.Дэлгэрмаагийн гаргасан саналыг тусгаж гэрээ байгуулахад /хх-89-92/  би өөрөө биечлэн оролцож байгуулсан. Энэ хугацаанд миний фундамент цутгаад орхисон газар дээр байшин барьж өгнө гэж амлаад. Тэр амлалтаа биелүүлээгүй гэж надад нэг өрөө орон сууц өгсөн” гэх тайлбар нь бодит байдалтай нийцэж дээрх бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож  байна

5.Шүүх хуралдаан дээр шинжлэн судлагдсан 2013 оны 08-р сарын 04-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтын талаар нэхэмжлэгч “мөнгөний баримтыг бид 2 нэг, нэг хувь үйлдэж авсан, би өөрийнхөө баримтан дээр үлдэгдлээ мартахгүй тулд 27 000 000 гэж бичсэн” гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Уг баримтууд дээр бичсэн бичгийн үсгийн хэмжээ нь том жижиг, бичгийн агуулгууд нь хоорондоо илт зөрүүтэй баримтууд /хх-11, 62/-ыг нэг өдөр бичигдээд нэг, нэг хувь үйлдэж авсан гэж үзэх боломжгүй байна. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр уг баримт дээрх гарын үсэг нь Сампилноровын гэж гарсан байгаа ч аль баримт үнэн  болохыг тогтоох боломжгүй тул хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

6.Зохигчид анхнаасаа гэрээ байгуулахдаа ямар ч болзол тавиагүй гэрээ байгуулж, гэрээ хүчин төгөлдөр болж нэг өрөө байр Ц.Сампилноровын өмчлөлд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар бүрэн бодитойгоор шилжсэн тул нэхэмжлэгч С.Дэлгэрмаагийн  Ц.Сампилноров үүргээ биелүүлээгүй учир орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс урд өмнө татгалзаж байсныг өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дахь дуудаст байгаа Ц.Сампилноровт гэрээнээс татгалзах талаар мэдэгдэж байсан гэж  тайлбарлаж байгааг хүлээж авах боломжгүй байна.

 7.Нэхэмжлэгч байрны үнийг 37 000 000 төгрөг гэж тайлбарлаж байгааг нотлох баримт болох орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээн /хх-9-10/ дээрх гарын үсэг нь хариуцагч Ц.Сампилноровын гарын үсэг нь биш болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02-р сарын 15-ны өдрийн 1059 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч өөрөө энэ гэрээг хүчингүй гэрээ болохыг хүлээн зөвшөөрч байгаа тул үнэлэх боломжгүй юм.

Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн  243.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжилсэн нэхэмжлэгч С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Сампилноровт холбогдох  2014 оны 03-р сарын 28-ны өдрийн орон сууц  худалдах, худалдан авах тухай гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзаж, энэ  гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээгээр худалдсан Сайхан сумын 1-р багийн 17 айлын орон сууцны 1 өрөө орон сууцыг Ц.Сампилноровоос гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 392 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2016 оны өдрийн 01-р сарын 04-ний өдрийн 41 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг, нэхэмжлэгч нь өмгөөлөгч Л.Цуурайгаас татгалзсаныг, хариуцагч нь гэрч Д.Чандган Б.Дорж нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн зэргийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн  243.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжилсэн нэхэмжлэгч С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Сампилноровт холбогдох 2014 оны 03-р сарын 28-ны өдрийн орон сууц  худалдах, худалдан авах тухай гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзаж, энэ  гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээгээр худалдсан Сайхан сумын 1-р багийн 17 айлын орон сууцны 1 өрөө орон сууцыг Ц.Сампилноровоос  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Дэлгэрмаа, хариуцагч Ц.Сампилноров нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   А.НАРАНТУЯА