Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00984

 

 

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00984

 

хххххгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/00876 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч хххххгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххх ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 85,958,291 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ххххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, хариуцагчийн өмгөөлөгч ххххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хххх дугаартай гэрээ байгуулан 7,964 ам.доллар болох 23,000,000 төгрөгийг ххххх ХХК-д оруулж гэрээнд заасны дагуу 5 хувийн хүүг сар тутам авдаг байсан. 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлтээр 13,000 ам.доллар болох 42,042,000 төгрөгийг оруулан хххх дугаартай гэрээг шинээр байгуулсан.

1.2. 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 22-51 дугаартай гэрээ байгуулан 48,940,200 төгрөгийг ххххх ХХК-д оруулж гэрээнд заасны дагуу 5 хувийн хүүг сар тутам авдаг байсан. 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 6,000 ам.доллар болох 21,006,000 төгрөгийг гэрээнд заасан дансаар татан авч, үлдэгдэл 10,200 ам.долларын хххх дугаартай гэрээг шинээр байгуулсан. 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тус хххх дугаартай гэрээнд заасан 10,200 ам.долларыг тухайн үеийн ханш болох 1 ам.доллар 3,430 төгрөгийн ханшаар тооцон 34,986,000 төгрөгийг өөрийн нэр дээрх дансанд татаж тус гэрээг хаасан.

1.3. 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 6 сарын хугацаатай хийсэн 20,964 ам.долларын зээлийн гэрээ 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3 сарын хугацаатай 4,000 ам.доллар зээлийн гэрээ эргэн төлөлт хийгдээгүй үлдсэн. 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зээлийн хүүгийн орлогыг авсан бөгөөд гэрээнд заасны дагуу сар бүр 5 хувь, зуны саруудад 3 хувиар тооцон, түүнээс татвар бодогдож, үлдсэн дүнгээр сар бүр авдаг байсан. Тухайн өдрийн ам.долларын ханшийн өөрчлөлтөөс хамааран хүүгийн дүн өөр өөр гардаг.

 

1.4. Иймд үндсэн зээл 24,964 ам.долларыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Монголбанкны ханшаар /1 ам.доллар 3,443 төгрөг/ тооцон 85,958,291 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компанийн зүгээс хувьцаа эзэмшигч хххххад холбогдуулан тус компанид хөрөнгө оруулалт хийсэн нийт иргэдийн мөнгийг залилан мэхэлж өөртөө авч, компанид 6,800,000 ам.долларын хохирол учруулсан үйлдлийг шалгуулахаар мөрдөн байцаах албанд гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа.

Иймээс тус хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэх хүртэл дээрх нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Тус компани нь 5 хувьцаа эзэмшигчтэй. Тэдгээрийн нэг болох ххххх нь компанийн санхүүтэй холбоотой бүхий л асуудлыг хариуцдаг байсан. Иргэдийн оруулсан мөнгийг компанийн данснаас авч, гадаад улс руу зорчсон тул хххххх нь компанийг төлөөлж дангаар хариуцлага хүлээх боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч эргэн төлөлтийг аль гэрээний үүрэгт төлүүлснээ тодорхой зааж, өөрийн тооцооллоо тайлбарлаагүй. хххххын үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж байгаатай холбогдуулан бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох баримтуудыг хэрэгт гаргаж өгөх боломжгүй байгаа гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ххххх ХХК-иас 85,958,291 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч хххххд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 587,741 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 587,741 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөн нотлох баримтын үндсэн дээр тус шийдвэр гараагүй гэж үзэж байна. Хариуцагч нь 2 үндсэн зүйлээр маргасан. Үүнд:

1.Хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан.

2.Зээлийн нийт төлбөр болох 24,964 ам.доллар буюу 85,958,291 төгрөгийг хэрхэн яаж тооцоолж нэхэмжлэлийн дүн гарсан.

4.2. Анхан шатны шүүх ххххх ХХК-ийн хувьцаа эзэмшигч хххххын үйлдэл эрүүгийн журмаар шалгагдаж байгаа нь ххххх болон ххххх ХХК-ийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж шийдвэрлэсэн нь хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Учир нь ххххх ХХК нь 5 хувьцаа эзэмшигчтэй. ххххх болон компани нар өөрсдийн зохиолцсон HBSC банкны алгоритмыг ашиглан Pepperstone брокер дээр өөрийн дансанд алт, ам.доллар хослол дээр арилжаанд оролцож байсан. Арилжаанд оролцох эр үүсвэрийг ххххх ХХК-ийн нэр дээр хувь хүмүүсээс зээл авч, хххххын Голомт банк дахь хххххххххх тоот данс руу шилжүүлдэг байсан. Арилжаанаас олсон ашгаас зээл авсан хувь хүмүүст графикийн дагуу зээлийн хүү төлж ирсэн. Энэхүү арилжааны алгоритм болон брокерын дансны мэдээлэл, нууцлал, мөн захиран зарцуулах эрх нь 100 хувь хххххад байсан. Тэр талаа ашиглаад бүх мөнгийг авч зугтсан. хххххгаас зээлсэн бүх мөнгө хххххын данс руу орсон.

Иймээс манай компанийн хувьд тус зээлтэй холбоотой маргааныг эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэл шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа.

4.3. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангахдаа нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүй, Иргэний хуулийн дагуу зээлийн гэрээний үүргийг зөв тооцоолж гаргаагүй.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.6-д Талууд зээлийн гэрээнд хугацаанаас хойш зээлдэгч нь хүүгийн төлбөрийг өөрөө хүлээн зөвшөөрч үргэлжлүүлэн төлсөн байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар энэ хугацааны хүүд төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох боломжгүй гэж шийдвэрлэсэн Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Учир нь 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл болох 7,964 ам.долларын үлдэгдэл дээр 13,000 ам.долларыг нэмээд 20,964 ам.долларын гэрээг байгуулсан байдаг тул 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 20,964 ам.доллар бодитоор олгогдоогүй учраас зээлийн гэрээний шаардлагыг хангахгүй байна.

Тус зээлсэн гэх 20,964 ам.долларыг аваагүй гэдгийг нотлох баримт /хэргийн 43 дугаар талд/ хххххгаас 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 9,702,000 төгрөгийг шилжүүлсэн баримт, мөн 45 дугаар талд 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 12,340,000 төгрөг, 48 дугаар талд мөн өдөр 20,000,000 төгрөг, нийт 34,382,000 төгрөгийн зээл авсан нь хххххгийн дансны хуулгаар нотлогддог. Ийм баримт хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр нотлох баримтанд тулгуурлаагүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.4. Мөн хариуцагч ххххх ХХК-аас хххххд төлсөн зээлийн төлбөрийг шүүх талууд зээлийн гэрээнд хүүг харилцан тохирч бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцсэн тул зээлдүүлэгч зээлийн гэрээг бичгээр байгуулсан үеэс хойш хугацааны хүүг шаардах эрхтэй. Эдгээр зээлийн гэрээний хугацаанаас хойш зээлдэгч нь хүүгийн төлбөрийг өөрөө хүлээн зөвшөөрч үргэлжлүүлэн төлсөн байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар энэ хугацааны хүүд төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох боломжгүй гэж хуулийг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Учир нь хэрэгт авагдсан хххххгийн ххххх банкны дансны хуулгын баримтуудаар ххххх ХХК-аас зээл төлсөн гэх утгатай байдаг. Гэтэл шүүхээс үндэслэлгүйгээр зээл төлсөн бүх зээлийн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох боломжгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийг ноцтой зөрчөөд байна.

Зээлийн гэрээний онцлог нь зээлийн гэрээний хугацаанд хүү тооцох эрхтэй буюу 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний бодитоор олгосон 34,382,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний дагуу 34,382,000*5/хувь хүү/=1,719,100 төгрөг /нэг сарын хүү/ *6 сар=10,314,600 төгрөгийн хүү болно. Ингээд үндсэн төлбөр 34,382,000 төгрөг+10,314,600 төгрөг, нийт 44,696,600 төгрөгийг төлөх ёстой байхад шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж шийдвэрлэхгүй шууд нэхэмжлэлийн шаардлага болох 85,958,291 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ нь хуулийн этгээд байгуулахгүйгээр тодорхой зорилгод хүрэх нөхцөлтэйгөөр тохиролцох шаардлага тавигддаг гэрээ юм. Гэтэл талууд ханшийн зөрүүнээс ашиг олохоор тохиролцсон үйл баримт байхгүй. ххххх ХХК нь иргэдээс хүүтэй зээл аваад санхүүжилт босгож цаашаа үйл ажиллагаа явуулдаг. Авсан мөнгөөрөө арилжаа хийдэг эсхүл өөр төрлийн үйл ажиллагаа явуулдаг эсэхийг мэдэхгүй. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч компанитай хамтран ажилласан үйл баримт байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 5 хувийн зээл өгөөд эргэн төлөлтийг шаардаж байгаа.

5.2. Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт дэлгэрэнгүй, ойлгомжтой гарсан. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын дотоод асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд уг маргааныг түдгэлзүүлэх боломжгүй. Эрүүгийн хэргийн шийдэл нь уг маргааныг шийдвэрлэхэд нөлөө үзүүлэхээр байвал түдгэлзүүлэх боломжтой. Гэтэл уг маргааны хүрээнд эрүүгийн хэргийн шийдвэр яаж ч гарсан зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд нөлөө үзүүлэхгүй.

5.3. Талууд хүүг 6 сараар тохиролцсон ч амаар хугацааг сунгаад хүүг өгч, авсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар уг харилцаа зөвтгөгдөнө. Талуудын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ 6 сарын хугацаатай байгуулагдаад хугацааг 3, 4 сараар нэг, нэг удаа сунгаад 7 сарын хүү төлсөн үйл баримт байдаг. 20,964 ам.долларын 1 сарын хүү нь 1,048 ам.доллар болно. Гэрээний үндсэн 6 сар, тохиролцож сунгасан 7 сарын хүүгийн хэмжээ 1.048 ам.доллараар төлөгдсөн. Эндээс илүү төлсөн гэж тайлбарлаад байгаа мөнгө нь үндсэн зээл биш хүү болохыг харж болно.

2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээний 1.4.2-т Зуны улирал буюу 7, 8 ,9 сард хүүгийн хэмжээг бууруулж, 3 хувиар тооцно гэж заасны дагуу 2023 оны 7, 8, 9 сард 3 хувиар тооцоод 629 ам.доллараар зээлийн эргэн төлөлтийн хүүг төлсөн. Гэрээний заалтын дагуу хүүг бууруулж төлсөн үйл баримтаас харахад талууд хүүгийн талаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. Иймд хариуцагчийн үндсэн зээлээс хасагдах ёстой гэсэн тайлбар үндэслэлгүй.

5.4. 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 7,964 ам.долларыг 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хүү төлөгдөөд 7 дахь сар дээр үндсэн зээлээ төлж чадахгүй байсан учир нэмж 13,000 ам.доллар зээлж, 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний дагуу төлөгдөх ёстой үндсэн зээл 7,964 ам.долларыг нэмж зээлж гэрээгээ шинэчлээд 20,964 ам.долларыг авч хүү тогтоогоод явсан үйл баримт байгаа. Хэргийг анхан шатны шүүхэд буцаах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа байхгүй. Мөн хариуцагч байгууллагын төлөөлөгч хххххх 20,964 ам.доллар авсан, төлөгдөх талаар маргаагүй. Гагцхүү ххххх гэх хүнээс болоод төлбөрийн чадваргүй болсон гэж ярьдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээгээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч ххххх ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,964 ам.доллар буюу 85,958,291 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа, тооцоолол ойлгомжгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. ххххх, ххххх ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал хххххх нар 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хххх дугаартай зээлийн гэрээг байгуулан, 7,964 ам.долларыг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай,

2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 22-51 дугаартай зээлийн гэрээг байгуулан, 16,200 ам.долларыг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай,

2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хххх дугаартай зээлийн гэрээг байгуулан, 20,964 ам.долларыг сарын 5 хувийн хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай,

2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хххх дугаартай зээлийн гэрээг байгуулан, 10,200 ам.долларыг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай,

2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 23-365 дугаартай зээлийн гэрээг байгуулан, 4,000 ам.долларыг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай тус тус зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болон зээлийн хүүг тохирсон хуваарийн дагуу буцаан төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх-6-40/

 

4. Нэхэмжлэгч ххххх нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22-51 дугаартай, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хххх дугаартай зээлийн гэрээний үүрэг тус тус дуусгавар болсон гэж тайлбарласан тул эдгээр гэрээтэй холбогдох нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй байна.

 

5. ххххх нь 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хххх дугаартай зээлийн гэрээний дагуу ххххх банк дахь хххххххххх дугаартай данснаас мөн өдөр 3,000,000 төгрөг, мөн сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус ххххх ХХК-ийн эзэмшлийн Голомт банк дахь данс руу шилжүүлсэн, ххххх ХХК-аас зээлийн хүүд 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1,115,277 төгрөг, мөн оны 7 дугаар сарын 16-ны өдөр 901,109 төгрөг, 8 дугаар сарын 16-ны өдөр 908,850 төгрөг, 9 дүгээр сарын 16-ны өдөр 923,759 төгрөг, нийт 3,848,995 төгрөгийг буцаан төлсөн байна. /хх-44, 45, 59-60/

Талууд 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хххх дугаартай зээлийн гэрээ байгуулж, хххх дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 7,964 ам.долларын үнийн дүн дээр 13,000 ам.доллар нэмж, нийт 20,964 ам.долларыг сарын 5 хувийн хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь сар бүрийн 16-ны өдөр зээлийн хүүд 1,048 ам.доллар, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үндсэн зээл 20,964 ам.доллар тус тус төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-6-12/

Уг гэрээний дагуу ххххх нь Голомт банк дахь эзэмшлийн хххххххххх дугаартай данснаас 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 9,702,000 төгрөг, ххххх банк дахь эзэмшлийн хххххх дугаартай данснаас 12,340,000 төгрөг, 20,000,000 төгрөгийг тус тус ххххх ХХК-ийн Голомт банк дахь данс руу шилжүүлсэн байна. /хх-43, 47-48/

Мөн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 23-365 дугаартай гэрээний дагуу ххххх нь 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Голомт банк дахь хххххххххх дугаартай данснаас 13,840,000 төгрөг ххххх ХХК-ийн тус банк дахь данс руу шилжүүлжээ. /хх-46/

 

6. Шүүх хуралдааны үеэр хариуцагчийн төлөөлөгч нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хххх дугаартай гэрээний дагуу 20,964 ам.доллар, 2023 оны 23-365 дугаартай гэрээний дагуу 4,000 ам.долларыг тус тус хүлээн авсан, гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдалд маргаангүй гэж тайлбарласан байна. /хх-140/

 

7. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг үндэслэн зээлдүүлэгч нь зээлдэгчийн данс руу бодитоор мөнгөн хөрөнгө шилжүүлэн өгсөн тул ххххх болон ххххх ХХК нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон. Иймд гэрээний дагуу 20,964 ам.долларыг бодитоор хүлээж аваагүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8. Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

8.1. Хариуцагч нь 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хххх дугаартай гэрээний үүрэгт 3,848,995 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хххх дугаартай зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 21,611,774 төгрөг, нийт 25,460,769 төгрөг,

2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 23-365 дугаартай гэрээний үүрэгт 414,480 төгрөг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан ххххх банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон байна./хх-60-62, 68/

8.2. Зохигч талууд зээлийн гэрээгээр хүү тогтоож, гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ. Мөн гэрээгээр сар бүрийн 16-ны өдөр зээлийн хүү, хугацааны эцэст үндсэн зээл төлөх хуваарийг баталсан байна.

8.3. Хариуцагчаас зээлийн үүрэгт төлсөн дүн, зээл төлсөн өдөр, талуудын байгуулсан зээлийн гэрээ, зээл төлөх хуваарь зэргийг харьцуулан үзвэл, хариуцагч нь гэрээний хугацаанд гэрээгээр тогтоосон 5 хувиар зээлийн хүү төлсөн байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн хүүд суутган тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан журамд харшлахгүй тул ...үүргийн гүйцэтгэлийг үндсэн зээлээс хасч тооцоогүй гэх хариуцагчийн гаргасан гомдол мөн үндэслэлгүй.

 

9. Нэхэмжлэгч ххххх нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хххх дугаар, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 23-365 дугаартай гэрээний үндсэн төлбөрт нийт 24,964 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үе /2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Монголбанкны ханш 1$=3,443.29₮/-ийн ханшаар тооцож нийт 85,958,291 төгрөгийг хариуцагч ххххх ХХК-аас нэхэмжилсэн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг хэрэглэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь, талууд гэрээг ам.доллараар байгуулсан боловч зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг төгрөгөөр шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийг нэхэмжилж буй 3 гэрээний дагуу 78,882,000 /23,000,000 +42,042,000 +13,840,000/ төгрөг шилжүүлсэн гэж үзэх бөгөөд энэ хэмжээгээр үүргийг буцаан төлөх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

10. Анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгэсэн үүргийг тооцохдоо хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан журмыг баримтлаагүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

10.1. Хэрэгт авагдсан ххххх банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл хариуцагч тал нь 23-78 гүйлгээний утгаар 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 17,411,012 төгрөг, 23-201 гүйлгээний утгаар 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 30-ны хооронд 1,513,640 төгрөг, 23-394 гүйлгээний утгаар 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3,609,999 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 5 дугаар сарын 16-ны өдрийн хооронд гэрээний дугааргүй, 3 удаагийн гүйлгээгээр 2,186,832 төгрөг, нийт 24,721,483 төгрөгийг нэхэмжлэгч хххххгийн данс руу шилжүүлсэн байна. /хх-64-80/

Уг төлбөрийн гүйлгээний утгад тэмдэглэсэн дугаар бүхий гэрээ талуудын хооронд байгуулагдсан талаар баримт хэрэгт авагдаагүйн гадна давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь дотоодын кодчилол байж магадгүй гэж тайлбарлаж байх тул зээлийн үүрэг болох 78,882,000 төгрөгөөс 24,721,483 төгрөгийг хасч тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасантай нийцнэ. Энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.

10.2. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22-51 дугаартай, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хххх дугаартай зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлан, уг гэрээнүүдийн үүргийг шаардаагүй тул дээрх гэрээний дугаар бүхий гүйлгээний утгаар шилжүүлсэн төлбөрийн баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэхгүй тул шүүх нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүй, зээлийн үүргийг зөв тооцоогүй... гэх агуулга бүхий хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхив.

10.3. Мөн хариуцагч талын гаргасан тус компанийн хувьцаа эзэмшигч ххххх ...манай компанийн нийт хөрөнгө 6.8 сая ам.доллар аваад гадагшаа зугтсан, бид цагдаагийн байгууллагад энэ үйлдлийг шалгуулахаар гомдол гарган, хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа, үүнтэй холбогдон эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэл тус зээлтэй холбоотой маргааныг шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх саад болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ххххх, хариуцагч ххххх ХХК-ийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргаанд тус компанийн хувьцаа эзэмшигч хххххын компанийн хөрөнгийг завшсан гэх үйлдлийг эрүүгийн журмаар шалгуулж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд хамаарахгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

11. Иймд хариуцагч ххххх ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 54,160,517 төгрөг гаргуулан нэхэмжлэгч хххххд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,797,774 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/00876 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ххххх ХХК-аас 54,160,517 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч хххххд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,797,774 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 587,741 гэснийг 428,753 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 588,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ч.ЦЭНД