Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 562

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр ҮД:13-38,

шүүгдэгч Б.У , түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан ҮД:07-41,

шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч О.Алтанчулуу ҮД:02-28,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбат,

шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ, Ч.Эрдэмболор, М.Энхбаяр,

иргэдийн төлөөлөгч Э.Батзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр сарын 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б, Б.Х,Б.У нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625013558 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Б.У

2. Монгол улсын иргэн, Б.Б

3. Монгол улсын иргэн, Б.Х

Холбогдсон хэргийн талаар:

Б.У, Б.Б, Б.Хнар нь бүлэглэж согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” захын автомашины зогсоол дээр Б.Баттогтохыг зодож, “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Нарантуул” зах дээр 13 цагийн үед машин угаадаг газар Цолмонбаяр, Болдтулга, Хнар байхад би араас нь очсон. Болд, Цолмонбаяртай хэрэлдэж байсан. Би Цолмонбаяраас яасан бэ? гэж асуухад зүгээр зүгээр гэж хариулсан. Талийгаач цаашаа явахдаа намайг “түлэнхий банди” гэж дуудахад нь би хажуугаар нь юу ч хэлээгүй гараад явахдаа зүгээр байгаарай гэж хэлчихээд цаана очиж 100 грамм архи уучихаад буцаж очоод хажуугаар нь гарахдаа би нэг цохьсон. Тэр зодоон надаас болсон. Тухайн үед Хирээд салгасан. Ийм л зүйл болсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Би тухайн үед хамт архи уучихаад хамгийн  сүүлд маргаан гарч байгаа газар очсон. Зодоон болоод эхэлчихсэн байсан. Талийгаачтай У  маргаж байсан. Би юу болсон бэ? гэхэд цаанаас нь нэг танихгүй хүүхэн гарч ирсэн. Сүүлд сонсоход талийгаачийн эхнэр нь байсан. Намайг юу ч мэдэхгүй зогсож байхад тэр эмэгтэй машин угаадаг алчуураар намайг ороолгоод байсан. Тухайн үед У тай андуураад байсан юм шиг байсан. Би биш, танай нөхөртэй зодолдоогүй, маргалдаагүй зохицуулах гээд явж байна гэж хэлэхэд, чи манай нөхрийг зодлоо гээд байсан. Тэгээд боль гээд байхад болихгүй намайг цохиод байхаар нь би тэр эмэгтэйг татаж унагаасан. Тэгээд би талийгаачид чамаас болж эхнэр чинь ийм байдалд орлоо, чи боль гээд талийгаачийг хоёр удаа цохьсон. Өөр миний зүгээс талийгаачид гар хүрсэн асуудал байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х  мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр явж байхад У тай хохирогч өөрөө эхлээд зодолдоод байхаар нь би очиж  салгасан. Би салгаж байхад явчихад яадаг юм бэ? гээд хохирогчийг нэг удаа алгадаад явуулсан. Өөр цохьсон асуудал байхгүй гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбат мэдүүлэхдээ: Би талийгаачийн төрсөн ах. Манай зүгээс гомдолтой байна. Энэ хэргээс болж бүхэл бүтэн нэг гэр бүл бутраад алга болчихсон. Ийм л амьдрал үлдэж байна. Шүүгдэгч нараас оршуулгын зардал гэж 2 сая төгрөг нэхэмжилсэн боловч өгөөгүй байгаа. Би хохирол төлбөр дээр нэмээд хүүхдийг нь 18 нас хүртэлх тэтгэмж гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Талийгаач Б.Баттогтох нь хүүгийн хамт саарал өнгийн автомашиныг угааж байв. Талийгаачийг цайвар өнгийн юүдэнтэй цамцтай дээгүүрээ бараан өнгийн хувцастай, саравчтай малгайтай залуу /Б.У / ертөнцийн зүгээр зүүн талаас алхаж ирээд талийгаачийн хажуугаар гарахдаа баруун гарын тохойн хэсгээр зүүн талын мөр хэсэг рүү нь 1 удаа явдал дундаа цохиод өнгөрөхөд талийгаач араас нь очиж баруун гараараа баруун талын шанаа руу цохиход Б.У нь эргэж очиж талийгаачийн үснээс зууран ноцолдов. Тэгэхэд дээгүүрээ цайвар цэнхэр өнгийн хувцастай залуу /Б.Х / ирж голоор нь орж салгах гэж оролдоход талийгаачийн эхнэр араас нь ирэв. Тэр дөрөв дээр хар өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн өмдтэй залуу /Ө.Цолмон/, цайвар цэнхэр өнгийн өмдтэй дээгүүрээ хар өнгийн хувцастай залуу /Б.Б/ болон талийгаачийн хүүхэд тэд нар дээр ирэв. Б.У нь дахин дайрч талийгаачийн зүүн талын шанаан тус газар нь гараараа цохиж дахин зууралдаж 3-4 удаа толгойн зүүн хэсэгт баруун гараараа цохив. Тэр хоёрын голоор Б.Х  болон талийгаачийн эхнэр орж салгаж байхад Б.Бталийгаачийн хөлрүү зүүн, баруун хөлөөрөө тус тус 1 удаа өшиглөв. Талийгаачийн хүү Б.Бараас барьж байсан алчуураараа 1 удаа ороолгоход Б.У хүүхдийн араас хөөхөд Б.Бнь талийгаачийг баруун гараараа 1, зүүн гараараа 1 удаа цохиход Б.Х  малгай газар унав. Талийгаачийн эхнэр Б.Бараас татахад Б.Бэхнэрийнх нь толгой руу 1 удаа, нуруу руу нь 1 удаа цохиж газар унаган дээрээс нь гараараа 2-3 удаа цохив. Энэ үед Б.У нь талийгаачийн толгойн зүүн хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохиж холдоход Б.Бнь талийгаач дээр очиж зүүн гараараа толгойн баруун хэсэгт 1 удаа, баруун гараараа толгойн зүүн хэсэгт 1 удаа цохив. Мөн Б.У нь зүүн гараараа талийгаачийн толгойн баруун хэсэгт 1 удаа цохиход Б.Бнь мөн зүүн гараараа талийгаачийн толгойн баруун хэсэгт 1 удаа цохив. Ингээд ойр орчмын хүмүүс ирж салгаж тэд нар хоорондоо хэрэлдэж байхад Б.Х  нь талийгаачийн толгойн зүүн хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохив. Тэгээд тэд нар хэрэлдэж байгаад салцгаан талийгаач эхнэртэйгээ зүүн тийш явж бараан өнгийн машиныг угааж байгаа дүрс харагдав.” гэх тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 25-26 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Мөнхзулын өгсөн: ...Манай нөхөр толгойны өвчтэй татаж унадаг тул 10 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед ганцаараа 200 грамм архи уусан. Тэгээд зах дээр машин угааж байж байгаад 13:30 цагийн үед зах дээр хулгай хийгээд явдаг хүн нөхрийн хажуугаар гарахдаа “Шар бандиа чамайг мэдэхгүй юм байна” гэснээс болж нөхөр маань тэр хүнтэй муудалцаад тэр хүн хамт явсан 3 хүнтэй нийлээд манай нөхрийг зодсон, 1 хүн намайг зодсон. Тэгээд зах дээр машин угааж байгаад татаад унасан ба босч ирээд бие сонин болоод гээл 15-16 цагийн үед надад “би ер нь явлаа” гээд байхаар нь би 5000 төгрөг өгөөд нөхрөө явуулсан. Тэгээд би хүүгийн араас 19 цагийн үед буудлын өрөөнд очиход нөхөр маань унтаж байснаа босч ирээд “нөгөө мөнгө чинь байгаа шүү дээ” гээд надад буцаан өгөөд би 2 ширхэг банана авч орсны нэгийг идээд бас нэрс жимс идсэн. Тэгээд байж байгаад “дотор муухай оргиод байна” гээд босоод жорлонд бөөлжөөд буцаад хэвтсэн, дараа нь бас орны өмнө бөөлжсөн. Тэгээд бид 20 цаг гээд унтсан. Би хэсэг нам унтсан байсан. Шөнө 01-02 цагийн үед сэрэхэд нөхөр цээж нь бөглөрөөд байгаа юм шиг чимээ гаргаад сонин болсон хэвтэж байсан. Би нөхрөө яагаад байна гэхэд юм хариулаагүй хэхрээд байхаар нь би буудлын эгч дээр очоод түргэн дуудаад өг гэж гуйгаад буудлын эгч 103 руу залгасан. Тухайн үедээ би нөхрөө нас барсан гэж мэдээгүй, урьд нь байнга татаад байдаг болохоор татчихаад байгаа байх гэж бодсон. Гэтэл түргэн тусламж удаагүй ирж эмч үзээд нөхрийг маань нас барсан байна гэсэн. 3 жилийн өмнө хүнд толгой руугаа тоосгоор цохиулснаас болоод тэрнээс хойш татаж унадаг, толгой нь байнга өвддөг өвчтэй болсон. Тухайн үед цагдаагаар шалгуулаагүй, дараа нь бас 1 жилийн өмнө бас хүнд толгой руугаа цохиулж байсан. Эмнэлэгт үзүүлж байгаагүй, архи өгөхгүй болохоор саваад татаад уначихдаг, сард 2-3 удаа татаж унадаг байсан ба архи өгчихөөр татах нь зүгээр болчихдог байсан. Толгой тархи нь өвдөнө, өөр архаг хууч өвчин гээд байх зүйлгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-37 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч М.Батбаатарын өгсөн: ...тэгээд ээж 2 угаах машин олоод ээж, аав 2 угааж байтал 4 ах ирээд аавд хандаж “чи хэзээнээс эхэлж машин угаадаг болсон юм бэ” гээд хөөсөн тэгтэл аав “2000 оноос хойш угааж байна” гэж хэлээд маргалдсан. Тэгээд зодолдож эхэлсэн. Нөгөө гурван ах хажуунаас нь орж аавыг бас нийлээд тал талаас нь өшиглөж зодсон. Аав газар унаад больё гээд арай гэж босч ирэхэд нь нүүрэндээ сорвитой нэг ах “ямар овоо мөргөдөг юм бэ” гээд элэг хавь руу нь цохиж унагаасан. Тэгээд ээжийн үснээс зулгааж дугтарч унагаад намайг хөөхөд би зугтаасан. Тэгтэл хажууд машин угаадаг Зулаа гэдэг эгч “та нар болиоч, нэг хүн рүү  гурав, дөрвүүлээ дайраад бас эмэгтэй хүнийг зодохоо боль” гээд салгасан. Тэгээд нөгөө 4 хүн хэрэлдэж байгаад яваад өгсөн. Тэгээд аав босч ирээд машин угаагаад байж байгаад татаж унасан. Тэгээд байж байгаад босоод ирсэн. Тэгээд ээж чи явж бай гэж хэлээд нэг машин угаасан 5000 төгрөгөө өгөөд аавыг 16 цагийн орчим явуулсан...Тэгээд шөнө сэрээд бөөлжөөд байсан ба босч чадахгүй байсан. Ээж аавыг босгоод ариун цэврийн өрөөнд оруулсан. Тэгээд эргээд унтсан. Тэгээд 03 цагийн орчим дахиад ээж намайг сэрээгээд аав чинь сонин болоод байна гэсэн. Тэгэхэд аав хоолойгоо засаад байгаа юм шиг байснаа дахиад чимээгүй болсон, би гайгүй байлгүй гээд эргээд унтсан. Тэгээд ээж дахиад намайг сэрээсэн. Тэгээд ээж 103 дуудсан бөгөөд түргэний машин ирээд авч явахгүй гэсэн. Тэгээд цагдаа ирээд бас авч яваагүй. Дараа нь моргийн машин ирээд аваад явсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43-44 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Бурмаагийн өгсөн: ...нөхөр нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед ганцаараа ирээд өрөөндөө орохоор нь “чи яагаад эхнэр, хүүхдээсээ түрүүлээд ирээ вэ” гэсэн чинь “бие өвдөөд би түрүүлээд ирлээ” гээд өрөөндөө ороод хэвтээд өрөөнөөсөө гараагүй. Тэгээд эхнэр хүүхэд нь 18 цаг өнгөрөөд ирсэн. Тэгээд шөнө үүрээр эхнэр нь “манай нөхөр бие нь тааруу сонин болчихлоо” гэж хэлэхээр нь 103 дуудсан чинь эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Урьд өмнө нь хэрүүл, зодоон хийж байгаагүй. Эмнэлгээр явж үзүүлээд байдаг, зарим үед унаж татдаг, нэг удаа эмнэлэгт үзүүлсэн чинь хавдартай байна, намайг удахгүй гэж байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 47-48 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Цэдэвдоржийн өгсөн: ...Тэрнээс хойш машин угааж байхад миний машин угааж байсан эгнээнд хүмүүс зодоон хийгээд байхаар нь харахад машин угаадаг Баттогтох, эхнэр Зулаа нар нь Цоомоо бас хажууд нь 2, 3 хүмүүс хэрүүл хийгээд зодоон хийгээд байгаа бололтой байсан. Би тэр үед нь 200 метр орчим газар машин угаагаад байж байсан. Тэгээд машинаа угааж дуусаад тэд нар дээр ирээд юу болсон юм гэсэн чинь машин угаадаг Тулгаа ахын эхнэр, мөн Мөөгий гэдэг ахын эхнэр нь Баттогтохыг өмөөрөөд хэрүүл хийсэн Баттогтох хэдэн хүмүүстэй хэрүүл хийхэд нь өмөөрөөд хэрүүл хийгээд байсан чинь нөгөө залуучууд нь цаашаа явцгаасан, би тэгээд дахин машин угаахаар цаашаа явсан. Намайг очиход зодоон болоод дуусчихсан. Баттогтох ах угааж байсан машиныхаа хажуу талд 38 гэсэн нэг жижиг шилтэй архи уучихсан сууж байснаа миний дүү татах уу гэхээр нь нэг татчихаад салаад явсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49-50 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Мөнхзулын өгсөн: ...Ингээд “Нарантуул” зах дээр ирээд “Нарантуул” захын урд хаалга буюу төв хаалганы урд зогсож байсан чинь зүс таних Баттогтохыг нүүрэндээ түлэнхий сорвитой намхан, бүдүүн залуу заамдчихсан маргалдаад байсан. Миний сонссоноор бол тэр нүүрэндээ түлэнхий сорвитой залуу Баттогтохыг “чи хэзээ ийм том болчихсон юм бэ, машин угаадаг хүмүүс ийм том байхыг мэдэхгүй юм байна” гээд маргалдаад байсан. Ингээд Баттогтох тэр түлэнхий нүүртэй залуутай заамдалцаж байсан чинь нэг өндөр нуруутай залуу түлэнхий нүүртэй залууг цаашаагаа дагуулаад салгаад аваад явсан. Тэр хоёр  залуутай Бүлтүүш хамт явсан. Ингээд Баттогтох эхнэртэйгээ хамт машин угаагаад зогсож байсан чинь барзгар түлэнхий нүүртэй залуу дахиж ирээд Баттогтохыг шууд хэд хэдэн удаа алгадсан. Би холоос харж байсан болохоор яг хаана нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тэгээд Баттогтохыг зодуулж байхыг эхнэр Зулаа нь хараад гүйгээд очсон чинь тэр түлэнхий нүүртэй залуу Зулааг барьж аваад унагаагаад дээрээс нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би ямар дээрэлхүү залуу вэ гэж бодоод нөгөөдүүл дээр очсон. Би очоод болиоч гэсэн чинь та нарт ямар хамаатай юм гээд салахгүй Зулааг зодоод байсан. Харин цаад талд нь өндөр нуруутай, цагаан саарал куртиктай залуу Баттогтохыг заамдчихсан бас алгадаад “би чамайг өчнөөн өмөөрч байгаа шүү” гээд байсан. Зулааг зодож байхад хүү нь хажууд нь байсан болохоор ээжийгээ өмөөрөөд нөгөө барзгар нүүртэй залууг хэл амаар доромжлоод нөгөө барзгар нүүртэй залуу араас нь хөөсөн. Ингээд түлэнхий нүүртэй залуутай нөгөө хүүхдийг гүйцэхгүй болохоороо орхиод бие засах газрын тийшээ бөөнөөрөө явсан. Ингээд би ч бас гэр рүүгээ эртхэн харья гэж бодоод яваад өгсөн...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 51 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Уранчимэгийн өгсөн: ...Тэгтэл Цоомоо тэр хавиар явж байснаа Баттогтохыг “хөөш өвгөн Батаа” гэж тоглоомоор дуудтал Баттогтох уурлаад Цоомоотой хэрэлдтэл хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй гурван залуу хүрч ирснээ түлэнхий юм шиг нүүртэй залуу нь Баттогтоход хандан “зах хэзээ нээгдсэнийг мэдэх үү, та нар яадаг болчихсон юм бэ, та нар миний нүүрийг ийм болохоор ингээд байна уу” гэж хэлээд Баттогтохыг нэг удаа цохих шиг болсон. Би тэгэхэд тонгойгоод  машин угааж байсан болохоор хэн нь цохисныг сайн харж чадаагүй. Тэгэхэд нь Цоомоо “больцгоо” гээд нөгөө залуусыг дагуулаад явсан. Тэгээд Цоомоо нөгөө залуучуудтайгаа хамт машинуудын ард нэг шил архи хувааж уучихаад эргээд хүрээд ирчихсэн явж байсан. Тэгэхэд би мөн машин угааж байсан бөгөөд хүмүүс орилолдоод байхаар нь хартал Цоомоо болон түүний найзууд нь Баттогтох болон түүний эхнэр Мөнхзул нарыг тойрчихсон зодож байх шиг байсан. Хэн нь хэрхэн яаж цохисныг мэдэхгүй байна. Би бага зэргийн зайтай зогсож байсан юм. Тэгэхэд Баттогтохын хүү Батбаатар аав, ээжийгээ өмөөртөл тэр залуусын нүүрэндээ түлэнхийнх юм шиг сорвитой залуу нь Батбаатарыг “мангар бацаан минь ална шүү” гээд хөөгөөд байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 52 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Цолмонгийн өгсөн: ...Эхлээд түлэнхий нүүрт Ууганаа маргаж зодолдож эхэлсэн бөгөөд Хашаа, Болдоо нар надтай хамт эхлээд салгаж байсан ба сүүлдээ Батааг нөгөө гурав маань нийлээд зодоод эхэлсэн юм. Энэ бичлэгт сая харснаар бол эхлээд түлэнхий нүүрт Ууганаа шанаадаж байна, харин бичлэгийг бүрэн үзээгүй болохоор хэн, хэн хаана, хаана нь цохиж байгааг сайн хэлж мэдэхгүй байна. Харин тухайн үед миний харснаар түлэнхий нүүрт Ууганаатай бол зууралдаад зодолдоод цохилоод байсан ба Ууганаа 2-3 удаа цохиод үснээс нь зулгаагаад доошоо дараад 2 удаа өшиглөж байсан. Тэр үед нь Хашаа бид хоёр салгасан ба дараа нь Хашаа, Батаатай зууралдсан бас маргаад цохиод байсан, би дахин очоод салгасан ба энд тэнд л бужигналдаад Тулгаа эхнэртэй нь маргачихсан байсан. Би тэд нарыг нэгэн зэрэг салгаж чадаагүй болохоор энд тэнд бужигналдаад нэгийг нь салгахаар нэг нь барьж авчихаад байсан юм. Ямар ч байсан миний харснаар бол Ууганаа 2-3 удаа шанаанд нь цохиод үсдээд дарж байгаад бас 2-3 удаа өшиглөсөн. Харин Хашаа, Тулгаа хоёр намайг салгаж байх үед мөн Ууганаатай маргаж байх үед хажуугаар нь ороод хэд хэдэн удаа шанаадаж байсан болно...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 53-56 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1868 дугаартай шинжээчийн:

1. Талийгаач Б.Баттогтохын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн ар хэсгийн язарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, эрүүний төвгөрийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ.

4. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

5. АВО системээр В 3 дугаар бүлгийн цустай байна.

6. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчингүй байна. Шинжээч эмч Г.Энхбаатар гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 73-74 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн материалаар хийсэн 196 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн:

1. Урд гаргасан шүүх эмнэлгийн 1868 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Талийгаач Б.Баттогтохын үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас нас барсан байх бөгөөд дээрх гэмтэл Б.Х , Б.У , Б.Бнарын цохилтуудын аль цохилтоос үүссэнийг ялгаж тогтоох боломжгүй.

3. Дээрхи гавал тархины гэмтэл унах үед үүсэх боломжтой.

4. Талийгаачид гавлын ясны хугарал үүсээгүй, тархины эдийн няцрал үүсээгүй байх тул  хүч үйлчилсэн цэгийг нарийвчлан тогтоох боломжгүй байх боловч задлан шинжилгээний тэмдэглэлд... баруун чихний  дэлбэн ард  1.5х0.2 см зах ирмэг тэгш биш язарсан шарх, баруун чамархайн булчинд 2х2см хүрэн улаан  хуралттай гэсэн байх тул  уг гэмтлийг учруулсан хүч нь толгойн баруун хэсэгт  үйлчилсэн байх боломжтой байна. Уг гэмтэл нь  унах үед учирсан бол  толгойн баруун хэсгээр савж унахад үүссэн байх боломжтой.

5. Дээрх гавал тархины гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд нас барахаас 14-16 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч М.Энхбаяр, Ч.Эрдэмболор, Г.Ханхүү гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 9-10 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн материалаар хийсэн 914 дугаартай шинжээчийн:

1. Талийгаач Б.Баттогтохын үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь шинэ гэмтэл байна.

2. Дээрх цусан бүлэн нь 6-12, 12-18 цаг болсон бүлэн байна. Шинжээч эмч Т.Амартүвшин, С.Одончимэг, М.Аригуунтөгс гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 161-163 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Г.Энхбаатарын өгсөн: ...Талийгаачид учирсан үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь толгойд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу талийгаачийн толгой хэсэгт хүч үйлчлэх үед  үүсэх боломжтой. Бичлэгээс харахад дээрх хүмүүс талийгаачийн толгойн хэсэг рүү гараараа цохиж байна. Мөн дээрх үйлдлүүд нь нэг цаг хугацаанд болж байх тул яг алиных нь цохилтоос тархины гэмтэл учирсан болохыг ялгах боломжгүй. Уг гавал тархины гэмтэл нь нэг болон түүнээс дээш удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Гэхдээ яг аль цохилтоос гэдгийг тогтоох боломжгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 109-110 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.Х  оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хх-ийн 190, 191, 192 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.Биргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 198, 199, 203-205 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.У урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хх-ийн 218, 219 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.У, Б.Б, Б.Хнар нь бүлэглэж согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” захын автомашины зогсоол дээр Б.Баттогтохыг зодож, “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтэл учруулж Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч М.Мөнхзулын өгсөн “...Тэгээд зах дээр машин угааж байж байгаад 13:30 цагийн үед зах дээр хулгай хийгээд явдаг хүн нөхрийн хажуугаар гарахдаа “Шар бандиа чамайг мэдэхгүй юм байна” гэснээс болж нөхөр маань тэр хүнтэй муудалцаад тэр хүн хамт явсан 3 хүнтэй нийлээд манай нөхрийг зодсон, 1 хүн намайг зодсон. Тэгээд зах дээр машин угааж байгаад татаад унасан ба босч ирээд бие сонин болоод гээл 15-16 цагийн үед надад “би ер нь явлаа” гээд байхаар нь би 5000 төгрөг өгөөд нөхрөө явуулсан...” гэх /1-р хх 36-37/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч М.Батбаатарын өгсөн “...тэгээд ээж 2 угаах машин олоод ээж, аав 2 угааж байтал 4 ах ирээд аавд хандаж “чи хэзээнээс эхэлж машин угаадаг болсон юм бэ” гээд хөөсөн тэгтэл аав “2000 оноос хойш угааж байна” гэж хэлээд маргалдсан. Тэгээд зодолдож эхэлсэн. Нөгөө гурван ах хажуунаас нь орж аавыг бас нийлээд тал талаас нь өшиглөж зодсон. Аав газар унаад больё гээд арай гэж босч ирэхэд нь нүүрэндээ сорвитой нэг ах “ямар овоо мөргөдөг юм бэ” гээд элэг хавь руу нь цохиж унагаасан. Тэгээд ээжийн үснээс зулгааж дугтарч унагаад намайг хөөхөд би зугтаасан. Тэгтэл хажууд машин угаадаг Зулаа гэдэг эгч “та нар болиоч, нэг хүн рүү  гурав, дөрвүүлээ дайраад бас эмэгтэй хүнийг зодохоо боль” гээд салгасан. Тэгээд нөгөө 4 хүн хэрэлдэж байгаад яваад өгсөн...” гэх /1-р хх 43-44/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Цэдэвдоржийн өгсөн “...Тэрнээс хойш машин угааж байхад миний машин угааж байсан эгнээнд хүмүүс зодоон хийгээд байхаар нь харахад машин угаадаг Баттогтох, эхнэр Зулаа нар нь Цоомоо бас хажууд нь 2, 3 хүмүүс хэрүүл хийгээд зодоон хийгээд байгаа бололтой байсан. Би тэр үед нь 200 метр орчим газар машин угаагаад байж байсан. Тэгээд машинаа угааж дуусаад тэд нар дээр ирээд юу болсон юм гэсэн чинь машин угаадаг Тулгаа ахын эхнэр, мөн Мөөгий гэдэг ахын эхнэр нь Баттогтохыг өмөөрөөд хэрүүл хийсэн Баттогтох хэдэн хүмүүстэй хэрүүл хийхэд нь өмөөрөөд хэрүүл хийгээд байсан чинь нөгөө залуучууд нь цаашаа явцгаасан би тэгээд дахин машин угаахаар цаашаа явсан...” гэх /1-р хх 49-50/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Цолмонгийн өгсөн “...Эхлээд түлэнхий нүүрт Ууганаа маргаж зодолдож эхэлсэн бөгөөд Хашаа, Болдоо нар надтай хамт эхлээд залгаж байсан ба сүүлдээ Батааг нөгөө гурав маань нийлээд зодоод эхэлсэн юм. Энэ бичлэгт сая харснаар бол эхлээд түлэнхий нүүрт Ууганаа шанаадаж байна, харин бичлэгийг бүрэн үзээгүй болохоор хэн, хэн хаана, хаана нь цохиж байгааг сайн хэлж мэдэхгүй байна. Харин тухайн үед миний харснаар түлэнхий нүүрт Ууганаатай бол зууралдаад зодолдоод цохилоод байсан ба Ууганаа 2-3 удаа цохиод үснээс нь зулгаагаад доошоо дараад 2 удаа өшиглөж байсан. Тэр үед нь Хашаа бид хоёр салгасан ба дараа нь Хашаа, Батаатай зууралдсан бас маргаад цохиод байсан би дахин очоод салгасан ба энд тэнд л бужигналдаад Тулгаа эхнэртэй нь маргачихсан байсан. Би тэд нарыг нэгэн зэрэг салгаж чадаагүй болохоор энд тэнд бужигналдаад нэгийг нь салгахаар нэг нь барьж авчихаад байсан юм. Ямар ч байсан миний харснаар бол Ууганаа 2-3 удаа шанаанд нь цохиод үсдээд дарж байгаад бас 2-3 удаа өшиглөсөн. Харин Хашаа, Тулгаа хоёр намайг салгаж байх үед мөн Ууганаатай маргаж байх үед хажуугаар нь ороод хэд хэдэн удаа шанаадаж байсан болно...” гэх /1-р хх 53-56/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Мөнхзулын өгсөн “...Ингээд “Нарантуул” зах дээр ирээд Нарантуул захын урд хаалга буюу төв хаалганы урд зогсож байсан чинь зүс таних Баттогтохыг нүүрэндээ түлэнхий сорвитой намхан, бүдүүн залуу заамдчихсан маргалдаад байсан. Миний сонссоноор бол тэр нүүрэндээ түлэнхий сорвитой залуу Баттогтохыг “чи хэзээ ийм том болчихсон юм бэ, машин угаадаг хүмүүс ийм том байхыг мэдэхгүй юм байна” гээд маргалдаад байсан. Ингээд Баттогтох тэр түлэнхий нүүртэй залуутай заамдалцаж байсан чинь нэг өндөр нуруутай залуу түлэнхий нүүртэй залууг цаашаагаа дагуулаад салгаад аваад явсан. Тэр хоёр  залуутай Бүлтүүш хамт явсан. Ингээд Баттогтох эхнэртэйгээ хамт машин угаагаад зогсож байсан чинь барзгар түлэнхий нүүртэй залуу дахиж ирээд Баттогтохыг шууд хэд хэдэн удаа алгадсан. Би холоос харж байсан болохоор яг хаана нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тэгээд Баттогтохыг зодуулж байхыг эхнэр Зулаа нь хараад гүйгээд очсон чинь тэр түлэнхий нүүртэй залуу Зулааг барьж аваад унагаагаад дээрээс нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би ямар дээрэлхүү залуу вэ гэж бодоод нөгөөдүүл дээр очсон. Би очоод болиоч гэсэн чинь та нарт ямар хамаатай юм гээд салахгүй Зулааг зодоод байсан. Харин цаад талд нь өндөр нуруутай, цагаан саарал куртиктай залуу Баттогтохыг заамдчихсан бас алгадаад “би чамайг өчнөөн өмөөрч байгаа шүү” гээд байсан. Зулааг зодож байхад хүү нь хажууд нь байсан болохоор ээжийгээ өмөөрөөд нөгөө барзгар нүүртэй залууг хэл амаар доромжлоод нөгөө барзгар нүүртэй залуу араас нь хөөсөн. Ингээд түлэнхий нүүртэй залуутай нөгөө хүүхдийг гүйцэхгүй болохоороо орхиод бие засах газрын тийшээ бөөнөөрөө явсан. Ингээд би ч бас гэр рүүгээ эртхэн харья гэж бодоод яваад өгсөн...” гэх /1-р хх 51/,

гэрч А.Мөнхзулын өгсөн “...Ингээд “Нарантуул” зах дээр ирээд “Нарантуул” захын урд хаалга буюу төв хаалганы урд зогсож байсан чинь зүс таних Баттогтохыг нүүрэндээ түлэнхий сорвитой намхан, бүдүүн залуу заамдчихсан маргалдаад байсан. Миний сонссоноор бол тэр нүүрэндээ түлэнхий сорвитой залуу Баттогтохыг “чи хэзээ ийм том болчихсон юм бэ, машин угаадаг хүмүүс ийм том байхыг мэдэхгүй юм байна” гээд маргалдаад байсан. Ингээд Баттогтох тэр түлэнхий нүүртэй залуутай заамдалцаж байсан чинь нэг өндөр нуруутай залуу түлэнхий нүүртэй залууг цаашаагаа дагуулаад салгаад аваад явсан. Тэр хоёр  залуутай Бүлтүүш хамт явсан. Ингээд Баттогтох эхнэртэйгээ хамт машин угаагаад зогсож байсан чинь барзгар түлэнхий нүүртэй залуу дахиж ирээд Баттогтохыг шууд хэд хэдэн удаа алгадсан. Би холоос харж байсан болохоор яг хаана нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тэгээд Баттогтохыг зодуулж байхыг эхнэр Зулаа нь хараад гүйгээд очсон чинь тэр түлэнхий нүүртэй залуу Зулааг барьж аваад унагаагаад дээрээс нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би ямар дээрэлхүү залуу вэ гэж бодоод нөгөөдүүл дээр очсон. Би очоод болиоч гэсэн чинь та нарт ямар хамаатай юм гээд салахгүй Зулааг зодоод байсан. Харин цаад талд нь өндөр нуруутай, цагаан саарал куртиктай залуу Баттогтохыг заамдчихсан бас алгадаад “би чамайг өчнөөн өмөөрч байгаа шүү” гээд байсан...” гэх /1-р хх 51/,

гэрч Б.Уранчимэгийн өгсөн “...Тэгтэл Цоомоо тэр хавиар явж байснаа Баттогтохыг “хөөш өвгөн Батаа” гэж тоглоомоор дуудтал Баттогтох уурлаад Цоомоотой хэрэлдтэл хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй гурван залуу хүрч ирснээ түлэнхий юм шиг нүүртэй залуу нь Баттогтоход хандан “зах хэзээ нээгдсэнийг мэдэх үү, та нар яадаг болчихсон юм бэ, та нар миний нүүрийг ийм болохоор ингээд байна уу” гэж хэлээд Баттогтохыг нэг удаа цохих шиг болсон. Би тэгэхэд тонгойгоод машин угааж байсан болохоор хэн нь цохисныг сайн харж чадаагүй. Тэгэхэд нь Цоомоо “больцгоо” гээд нөгөө залуусыг дагуулаад явсан. Тэгээд Цоомоо нөгөө залуучуудтайгаа хамт машинуудын ард нэг шил архи хувааж уучихаад эргээд хүрээд ирчихсэн явж байсан. Тэгэхэд би мөн машин угааж байсан бөгөөд хүмүүс орилолдоод байхаар нь хартал Цоомоо болон түүний найзууд нь Баттогтох болон түүний эхнэр Мөнхзул нарыг тойрчихсон зодож байх шиг байсан. Хэн нь хэрхэн яаж цохисныг мэдэхгүй байна. Би бага зэргийн зайтай зогсож байсан юм...” гэх /1-р хх 52/ мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1868 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 73-74/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн материалаар хийсэн 914 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2-р хх 161-163/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн материалаар хийсэн 196 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2-р хх 9-10/,

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 25-26/ зэрэг хэрэгт  цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий Си-Ди болон камерийн бичлэгийн тэмдэглэлээс үзэхэд хохирогч Б.Баттогтохыг машин угааж байхад шүүгдэгч Б.У хажуугаар нь өнгөрөхдөө цохиж хэрүүл маргаан үүсгэн эргэн очиж талийгаачийн үснээс нь зуурч зүүн шанаа болон толгойн зүүн баруун тал руу хэд хэдэн удаа цохиж байгаа, мөн дараа нь шүүгдэгч Б.Бзүүн баруун хөлөөрөө талийгаачийг өшиглөж, мөн гараараа толгойн зүүн, баруун хэсэг рүү цохиж байх ба шүүгдэгч Б.Х  нь эхлээд салгаж байснаа сүүлд нь талийгаачийн толгой руу гараараа цохиж байгаа бичигдсэн байна. /1-р хх 25-26/,

Дээрх нотлох баримтыг үндэслэн дүгнэхэд шүүгдэгч Б.У, Б.Б, Б.Хнар нь гурвуулаа үйлдлээрээ нэгдэн талийгаач Б.Баттогтохыг алах гэмт хэргийг гэм буруугийн шууд бус санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Хүнийг алах гэмт хэргийг зүйлчлэхэд амь хохирогч хэзээ нас барсан болох нь нөлөөлөхгүй юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар “талийгаач зодуулсны дараа таталт өгч унаснаас тархинд гэмтэл авсан байх магадлалтай” гэж мэтгэлцэж байх боловч талийгаач Б.Баттогтохыг унаж татдаг өвчтэй байсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх ба шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээч эмч М.Энхбаярын “...тархины хатуу хальсанд үүссэн цусан хураа тархийг дарсанаас болж нас барсан. Гавал тархины цусан хураа тэр дороо тархийг дарахгүй, аажимдаа дардаг. Цусан хураа нь анх үүссэн цагаас эхлэн нэмэгдэж байдаг учир анх 18 цагийн өмнөөс эхлэн цусан хураа үүсч эхэлсэн гэж үзэж болно” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Түүнчлэн амь хохирогч зодоон болсны дараагаар унасан нь шүүгдэгч нарын зодсоноос болж буюу тархинд битүү гэмтэл авснаас унасан байх боломжтой тул тэдний тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Талийгаач Б.Баттогтохтой хамтран амьдарч байсан М.Мөнхзул нь “Нарантуул” зах дээр машин угааж, зочид буудалд түр амьдарч байсан, гэр бүлийн баталгаагүй, тодорхой оршин суух хаяггүй, энэ үйл явдал болсноос хойш насанд хүрээгүй хүү Батбаатарыг талийгаач эцгийнх нь хамаатнуудад орхин явсан, одоо хаана байгаа нь тодорхойгүй, шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар дуудахад олдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар Б.Баттогтохын амь нас хохирсон нь шүүгдэгч Б.У, Б.Б, Б.Х нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар гэм хорын хохирол буюу амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч төрсөн ах Б.Доржбат оршуулгын зардалд 2.310.000 төгрөгийг нэхэмжилж гарсан зардлаа хавтаст хэрэгт хүснэгтээр гаргажээ.

Хохирогч нас барсан, түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй гарах зардалд нэхэмжилж буй 2.310.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн /2.310.000:3=770.000/ гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “талийгаагчийн насанд хүрээгүй хүү гэрчээр асуугдсан Батбаатарт тэжээгчээ алдсаны тэтгэмж” нэхэмжилж байх боловч хүүхдийн төрсний гэрчилгээ, холбогдох бичиг баримт байхгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбат нь насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой бичмэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь шалтгаангүйгээр зодоон эхлүүлж хохирогчийг зодсон, улмаар Б.Б нь шалтгаангүйгээр хохирогчийг нэмж цохиж зодсон, Б.Х  нь зодооныг салгаж явснаа сүүлд нь мөн хохирогчийг зодсон зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Б.Б, Б.У нарт оногдуулсан хорих ялыг хаалттай, Б.Х д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийн талаар:

            Б.У 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 655 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, сэжигтнийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шүүхийн шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, шүүгчийн захирамж, шүүхийн цагаатгах тогтоол зэргээр тогтоогдож байна. /1-р хх-н 128-138, 239-247-р тал, 2-р хх-н 28-29, 39-40, 141-145, 172-175, 209-210-р тал, 3-р хх-н 03-10, 51-55, 66-67, 80-81, 110-111, 149-150,158-159-р тал, 4-р хх-н 01-08-р тал/,

            Б.Б 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 656 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, сэжигтнийг цагдан хорих тухай шүүгчийн  захирамж, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шүүхийн шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, шүүгчийн захирамж, шүүхийн цагаатгах тогтоол зэргээр тогтоогдож байна. /1-р хх-н 117-127, 239-247-р тал, 2-р хх-н 20-21, 43-44, 141-145, 183-186, 183-186, 213-213-р тал, 3-р хх-н 03-10, 51-55, 66-67, 84-85, 102-103, 113-114, 151-152, 156-157, 4-р хх-н 01-08-р тал/,

            Б.Х  2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 656 хоног хоригдсон болох нь сэжигтнийг баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, сэжигтнийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шүүхийн шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, шүүгчийн захирамж, шүүхийн цагаатгах тогтоол зэргээр тогтоогдож байна. /1-р хх-н 139-148, 239-247-р тал, 2-р хх-н 24-25, 41-42, 141-145, 179-182, 179-182, 211-212-р тал, 3-р хх-н 03-10, 51-55, 66-67, 82-83, 116-117, 147-148-р тал, 4-р хх-н 01-08-р тал/

            Шүүгдэгч Б.У цагдан хоригдсон 655 хоногийг, Б.Х  цагдан хоригдсон 656 хоногийг, Б.Б цагдан хоригдсон 656 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалах нь зүйтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй.

            Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.5. 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Б.Б, Б.Х,Б.У нарыг Хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар Эзэн овогт Батхуягийн У , Гоё овогт Буянтогтохын Болдтулга нарт тус бүр 14 /арван дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял, Төмөрчин овогт Балжиннямын Хаш-Эрдэнэд 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, Б.У нарт оногдуулсан 14 /арван дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Б.Х-д оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-н цагдан хоригдсон 656, Б.Х-н цагдан хоригдсон 656, Б.У-н цагдан хоригдсон 655 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар оршуулгын зардалд Б.У, Б.Б, Б.Х нараас тус бүр 770.000 /долоон зуун далан мянган/ төгрөгийг, нийт 2.310.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Батсүхийн Доржбатад /РД: /-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбат нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой бичмэл нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б, Б.Х , Б.У нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.У, Б.Б, Б.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.У, Б.Б, Б.Хнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Н.ОДОНТУУЛ

                       

                                                  ШҮҮГЧИД                           Т.ШИНЭБАЯР

 

                                                                                               Ч.АЛТАНЦЭЦЭГ