Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 0214

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул, Дархан сумын 00-р баг, 0 хороолол, 00 байр, 00 тоотод оршин суух Өндөр Самбуу-Ёндонгийн Цэрэннадмидын /РД: ТГ-/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтэд холбогдох иргэний хэргийг 2016 оны 08-р сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Цэрэннадмид, гэрч Б.Батсүх, М.Чулуунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 С.Цэрэннадмид шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод МХЗЭ илгээлтээр 1981 онд ирж Ашиглалтын өмнөх захиргааны АТК-д маз машины жолоочоор 1981-1987 он хүртэл ажилласан. 1983-1984 он хүртэл 4-н жил олдохгүй байгаа учир ажилласан жилийг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч С.Цэрэннадмид шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...1981 оноос 1987 оныг хүртэл ажиллаж байсан. Ажилд орсон тушаал нь байгаа. Дунд нь 1984, 1985 оны хооронд ажиллаж байсан баримт нь Эрдэнэтийн архиваас ухаад олдсон баримт байгаа. Тэгээд бусад жилийнх нь баримт олдохгүй байгаа юм... 1984 оноос 1985 оны хооронд ажиллаж байсныг тогтоох шаардлагагүй. 1981 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1984 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 01-р сарын 01-ээс 12-р сарын 31-нийг дуустал  ажиллаж байсан байдлаа тогтоолгоно... Эрдэнэт яваад бүх бичиг баримтаа авч ирээд шүүх хурлаар ороод тогтоолгоод ир гэсэн... 1981 онд илгээлтээр ирээд ашиглалтын өмнөх захиргаа, АТК гээд Оросын компанид жолоочоор ирсэн... 1987 оныг дуустал ажиллаад дараа нь баазад блаз машин барьдаг байсан... Хөдөлмөрийн дэвтэр ерөөсөө байдаггүй. Олдохгүй байгаа... Эвлэлийн батлах байхгүй, ганц байгаа юм нь Архангайгаас өгсөн эвлэлийн илгээлт байдаг. Энд болохоор 1981 онд ажилд авсан тушаал байгаа... Хөдөлмөрийн дэвтэр нээсэн, манай зоо Эрдэнэтийн АТК-н нэг колон байж байгаад нүүгээд явахад нь бүх бичиг баримт нь хамт яваад өгсөн байсан. Бичиг баримт энд байгаа гэж бодоод байсан чинь байдаггүй. Архивт байхгүй. Эрдэнэтээс очоод хайсан чинь бас байхгүй. 2 жилийн цалингийн тодорхойлолт гарч ирсэн... Оросын байгууллага авто тээврийн колонк гэдэг байсан. Тэгээд АТК гэж нэрлэдэг байсан... Дархан руу 1987 оны 07-р сард шилсэн. Тэгээд буцаад Монгол бааздаа орсон... Дархан руу шилжихдээ ч эндээ ажилладаг байсан. 1987 он хүртэл белаз машин барьдаг байсан... Би 29-51 гэсэн дугаартай хөх өнгийн машин барьж байсан...” гэв.  

 Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

             Хүсэлт гаргагч С.Цэрэннадмид  нь 1981 оноос 1987 оны хооронд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр хүсэлтээ 1981 оны 09 сараас 1984 оны 01-р сарын 01-ний өдөр, 1986 оны 01-р сараас 12 сарыг дуустал Дархан хотын Хөтөлийн “АТК” /авто тээврийн колонк/-д “МАЗ” машины жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай болгож өөрчилсөн.

 

            Хүсэлт гаргагч С.Цэрэннадмид нь 1981 оны 09-р сарын 01-нээс 1984 оны 01-р сарын 01-нийг хүртэл, 1986 оны 01-р сарын 01-нээс 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дархан хотын Хөтөлийн “АТК” /авто тээврийн колонк/-д “МАЗ” машины жолоочоор ажиллаж байсан болох нь:

Гэрч Д.Бат-Өлзийгийн: “...С.Цэрэннадмид нь 1981 оны 02-р сарын үед Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Архангай аймгаас эхнэр, хүүхдийн хамт ирж ажиллаж байсан. Эхнэр нь манайд үсчингээр ажиллаж, нөхөр С.Цэрэннадмид нь “АТК” /авто тээврийн комбинат/-д жолооочоор ажиллаж байсан. “АТК” гэж Оросоор нь хэлж байгаа юм. Энэ “АТК” нь ямар учраас байгуулагдсан бэ? гэхээр Хөтөлийн Цемент Шохой барилга байгууламжид угсралтын ажлын үйлчилгээнд, шавар, шороо зөөх зориулалтаар байгуулагдсан... 1981 оны 02-оос 04 сарын хооронд л ирсэн юм. Яг сар өдрийг нь марчихсан байна. Ингээд 1987 онд “АТК”-ний жолоочийн ажлаа өгөөд, белазын жолоочийн сургалтанд яваад ЦШК-д авто базад дагалдангаар ажиллаж байгаад белазын жолоочоор үйлдвэрт ажиласан хүн байгаа юм. “ЦШК-ийн ашиглалтын өмнөх захиргаа” татан буугдаад “Цемент Шохой комбинат” болсон юм. Угтаа нэг байгууллага юм. 

1986 оны 12 сард л ЦШК-д базын жолоочоор шилжүүлж ажиллуулсан. Ажлаас гарсан өдрийг нь гарсныг сайн санахгүй байна.Эрдэнэтийн үйлдвэр, хотыг, Хөтөлийн үйлдвэр, хотыг, Багануурын үйлдвэр, хотыг барихад жолооч нар дуудагдан ажилладаг байсан. 2-3 сараар ажиллахаар явдаг, энэ ажиллах хугацаанд нь хөдөлмөрийн дэвтрийг өгч явуулдаг юм. /Оросуудад өгчихдөг байсан/. Төв удирдлага нь Эрдэнэт хотод байсан. Хөтөлд болон Багануурт салбар нь байдаг байсан. Энэ гурван газар дуудан ажиллуулж байгаад бичигдээгүй, будилчихсан... С.Цэрэннадимд нь 1981 оноос 1986 оны 12 сарыг дуустал тасралтгүй ажиллаж байсныг гэрчилж байна. 1987 оноос  анхны Монгол базын жолоочоор ажилласан. Сайн ажилладаг, сайн ч шагнал авдаг байсан.  

Өндөр цалинтай ч 1200-1300 төгрөгний цалин авдаг, өдөр шөнөгүй л ажиллаж байсан даа...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Чулуунбатын өгсөн: “...Би 1981 оны 09-р сард илгээлтээр ирсэн. Цэрэннадмид миний дараа ирсэн санагдаж байна. Би АТК-д Эрдэнэтэд байж байхад Цэрэннадмид МАЗ бариад Орхон голоос элс хайрга зөөдөг байсан. Би 1984 оны 06-р сард АТК-аас өөрийн хүсэлтээр гарсан. Тэгэхэд энэ хүн байсан...” гэх мэдүүлэг, 

Гэрч Б.Батсүхийн өгсөн: “...1983 оны 11-р сард би илгээлтээр ирсэн. 1984 оны 2 сар хүртэл энэ хүмүүстэй АТК-д цуг ажиллаж байсан. Маз машин барьдаг байсан.... Оросын бааз татан буугдаад тэгээд энэ хүн Монгол баазад белаз машин барьдаг байсан... Монгол баазад 1987 онд орж байсан санагдаж байна... Ажиллаж байсан. Нэлээн хэдэн жил белаз барьсан. Манай баазын анхы хүмүүсийн нэг... С.Цэрэннадмид блаз машин барьдаг байсан. Оросын байгууллагад байхдаа МАЗ машин барьдаг байсан...” гэх мэдүүлэг,  

             болон Архангай аймгийн МЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга О.Цэвэгжав илгээлт №82579 /хх-н 28-р хуудас/,  Монголын үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 11-р сарын 02-ны өдрийн 210-р тогтоолоор “Монголын үйлдвэрчний эвлэлийн 50 жилийн ойн хүндэт тэмдэг”-ээр шагнав №5280 /хх-н 28-р хуудас/ үнэмлэх,1987 оны Монгол баазын жолооч нарын зураг, 1986 оны 40 жилийн белаз №09 гэх фото зургууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож  байна.

Барилга, Барилгын материалын үйлдвэрийн Яамны харьяа Хөтөлийн Цемент-Шохой үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 1981 оны  12-р сарын 08-ны өдрийн 06 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал дээр 5. С.Цэрэннадмид гэж гараар нөхөж бичсэн /хх-6-р хуудас/, “Почетная грамота” 7 ноября 1982 года гэх Орос хэл дээрх баярын бичиг /хх-29-р хуудас/  зэрэг нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хүсэлт гаргагч нь  1984,1985 оныг тогтоолгох шаардлагагүй гэсэн тул 1984 оны цалингийн зэс /хх7-8-р хуудас/-ийг дээрх нотлох баримтуудын хамт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Дархан-Уул аймгийн архивын тасгийн 2016 оны 08-р сарын 02-ны өдрийн 509, 510 дугаартай тодорхойлолтуудаар С.Цэрэннадмидын Дархан хотын Хөтөлийн “АТК” /авто тээврийн колонк/-д ажилд орсон болон гарсан тушаал олдохгүй байгаа нь нотлогдож байна.  

Дээрх байдлуудыг дүгнээд хүсэлт гаргагч С.Цэрэннадмидыг 1981 оны 09-р сарын 01-нээс 1984 оны 01-р сарын 01-нийг хүртэл, 1986 оны 01-р сарын 01-нээс 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дархан хотын Хөтөлийн “АТК” /авто тээврийн колонк/-д “МАЗ” машины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар С.Цэрэннадмидын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгүүдэд заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Өндөр Самбуу-Ёндонгийн Цэрэннадмидыг 1981 оны 09-р сарын 01-нээс 1984 оны 01-р сарын 01-нийг хүртэл, 1986 оны 01-р сарын 01-нээс 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дархан хотын Хөтөлийн “АТК” /авто тээврийн колонк/-д “МАЗ” машины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож үлдэх, 1984, 1985 онуудыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.  

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар С.Цэрэннадмидын улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.   

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон С.Цэрэннадмид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг  мэдэгдсүгэй. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Цэрэннадмид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

                              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.НАРАНТУЯА