Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00985

 

 

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00985

 

ххххх СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/00609 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххх СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххх ХХК-д холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххххы хххх байрны хх тоотын өмчлөгч хххххх ХХК нь тус талбайд үсчин, гоо сайханы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хотхоны инженерийн шугам сүлжээ буюу цэвэр, бохир ус, дулааныг ашиглаж өөрийн үйл ажиллагаагаа саадгүй, хэвийн үргэлжлүүлж байгаа боловч СӨХ-д төлбөл зохих төлбөрөө 2020 оны 01 дүгээр сараас хойш огт төлөөгүй. Бидний зүгээс дээрх асуудлаар тус компанийн захирал ххххххд удаа дараа утсаар болон бичгээр мэдэгдэж, холбогдох шаардлагуудыг хүргүүлж байсан.

1.2. Манай СӨХ нь 2007 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хариуцагч компани нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлж байсан. 2017 онд ххххххх гэх хүн СӨХ-ны захирлаар томилогдоод дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд өөрчлөлт оруулжСӨХ-ны жилийн төлбөр 600,000 төгрөг, нэг сард тооцох засвар, үйлчилгээний зардал нь 50,000 төгрөгөөр тооцсон. Энэ талаар баримтыг хххххх ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох ххххххд хүргүүлсэн.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол гэдэг заалтыг үндэслэж аж ахуйн нэгжийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаар тогтоолын хавсралтаар тогтоосон. Үүнд аж ахуйн нэгжүүдийн м.кв талбайн ашиглалтын зардлыг 2,000 төгрөгөөр бодсон. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм.

1.3. Хариуцагчийн зүгээс манайх бол ашиглалтын зардлаа төлдөг, өөрсдөө засвар үйлчилгээ хийдэг гэж хариу тайлбар ирүүлсэн байсан. Сууц өмчлөгчдийн холбооны зардал бол ашиглалтын зардал биш юм. Энэ нь ххххх СӨХ-д үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, оршин суугчдын дундын өмчлөлийн цахилгаан, дулаан, халаалт, бохир шугам сүлжээний засвар үйлчилгээнд зайлшгүй тогтмол үнээр төлөгддөг зардал юм.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлыг цаг хугацаандаа төлөх үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.1, 148.3 дахь хэсэгт заасны дагуу ашиглалт, засвар үйлчилгээний зардал 2,250,000 төгрөгийг хариуцагч хххххх ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээдийн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Учир нь уг нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх гаргасан. Хэрэгт итгэмжлэл авагдсан гүйцэтгэх захирал нь ххххххх гэж байна. Мөн ххххх СӨХ-ны гэрчилгээ авагдсан боловч гэрчилгээнд гүйцэтгэх захирал нь ххххххх гэх баримт байхгүй байна. Нийтэд илэрхий баримт буюу opendata.mn-ээс нэхэмжлэлд бичигдсэн регистрийн дугаараар шалгаж үзэхэд ххххх СӨХ гэх байгууллага байхгүй байна. Тийм учраас гүйцэтгэх захирал нь тодорхой бус байна.

2.2. Нэхэмжлэгч нь 2,250,000 төгрөгийг ямар үндэслэл, ямар графикийн дагуу хэн тогтоож байгаа, сард хэдэн төгрөг төлөх ёстой талаар ямар ч баримт хэрэгт байхгүй. Үүнд нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.5 дахь хэсэгт заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтыг хэн, хэрхэн яаж хариуцах талаар хуульд нарийвчлан тогтоож өгсөн байдаг.

Тус зохицуулалтаар бүх нийтийн гишүүдийн хурлаар сууц өмчлөгчдийн холбоог байгуулна. Уг хурлаар ашиглалтын зардал хэдэн төгрөг байх, өмчлөгч хэдэн төгрөг тушаах талаар тогтоодог. Мөн бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөлийг тогтооно. Харин удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг томилох хуулийн зохицуулалт байдаг. Ингээд гүйцэтгэх захирал нь үндсэн тушаалынхаа дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэл олгож, оршин суугчдаас төлбөрөө нэхэмжлэх эрх нь үүснэ. Гэвч үүнтэй холбоотой ямар ч баримт хэрэгт байхгүй. Тийм учраас ямар баримтыг үндэслэж, хаанаас гаргаж ирж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

2.3. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон. Гэвч хэрэгт хххххх ХХК нь нэхэмжлэлд дурдаад байгаа ххххх тоотын өмчлөгч мөн эсэхтэй холбоотой баримт байхгүй. Ямар баримтыг үндэслэж хххххх ХХК-ийг хариуцагчаар оруулж байгаа нь тодорхойгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.6, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч хххххх ХХК-аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ххххх СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүх хэргийн оролцогчийн шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмуудыг хэрэгжих боломжийг нэхэмжлэгчид олгоогүй хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн. Учир нь хариуцагч хххххх ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хариу тайлбар гаргахдаа энэ талаар дурдаагүй зүйлээ шүүх хурал болоход ярьж байгаа нь нэхэмжлэгч талыг мэтгэлцэх зарчмыг хязгаарлаж байна.

Мөн шүүгч шүүх хуралдааны явцад хариуцагчаас Танайх 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тайлбар гаргахдаа өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбарыг дурдаагүй байна. Өнөөдөр шүүх хуралдаанд ийм тайлбар гаргаж байгаа нь ямар учиртай вэ, нэхэмжлэгч талын мэтгэлцэх боломжийг танайх хязгаарлаад байх шиг харагдаж байна гэж асуусан мөртлөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй.

Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлэхтэй шууд холбоотой. Ийм байтал анхан шатны шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг шинээр шаардалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь уг шийдвэр үндэслэл бүхий байх үндсэн шаардлагыг шууд зөрчиж байна. Түүнчлэн шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэхдээ талуудын мэтгэлцэх эрх, эрх тэгш байдлыг хангах үүргээ биелүүлээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд:

Дээр дурдсанчлан шүүх мэтгэлцээний явцад шинээр шаардагдах нотлох баримтыг гаргуулаагүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар талууд шүүхийн өмнө эрх тэгш байх, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлээгүй улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг зөрчжээ.

Учир нь шүүх хэргийн талаар материаллаг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагдана.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчээс СӨХ-ны төлбөр нэхэмжилсэн шаардлагаа нотлох, холбогдох баримтуудыг гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл уг үүргээ хэрэгжүүлээгүй байж мэтгэлцэх зарчмыг хангаагүй нь шүүхийн буруу гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хэдэн төгрөг, СӨХ-ны төлбөрийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй.

5.2. Хариу тайлбартаа дурдаагүй зүйлээ шүүх хуралдаанд ярьсан гэж тайлбарлаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хязгаарласан зүйл байхгүй. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талаар татгалзлаа бичгээр гаргаж өгснийг мэдсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангав.

 

2. Нэхэмжлэгч ххххх СӨХ нь хариуцагч хххххх ХХК-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хххххх ХХК нь эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжилж буй 2,250,000 төгрөгийг ямар үндэслэлээрхэн тогтоосон, сард хэдэн төгрөг төлөх ёстой талаарх баримтгүй, хххххх ХХК нь нэхэмжлэлд дурдаад байгаа хххх тоотын өмчлөгч мөн эсэхтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, тухайн маргаанд хамаарах Иргэний хуульд заасан шаардах эрхийн зохицуулалтыг буруу хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

4. Давж заалдах шатны шүүхээс хэргийн нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4.1. ххххх СӨХ нь хххххххх дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг хэрэгжүүлэх, хариуцах эрх бүхий этгээд байх бөгөөд тус СӨХ-ны гүйцэтгэх захирал ххххххх болох нь хэргийн 6 дахь талд авагдсан СӨХ-ны 18/18 дугаартай гэрчилгээгээр нотлогдсон байна. Тус СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх нь гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэлийг үндэслэн хххххх ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул гэрчилгээнд гүйцэтгэх захирал ххххххх гэх баримтгүй, эрх бүхий этгээдийн талаар баримт хэрэгт авагдаагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

4.2. хххххх ХХК нь ххххххх дүүргийн хх дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хххххы хххх байрны хх тоот орон сууцанд 2017 оноос хойш үсчин, гоо сайханы чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, тэрээр 2020 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд төлж байсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-30-31/

4.3. Нэхэмжлэгч ххххх СӨХ нь 2020 оны 02 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг 1 сарын 50,000 төгрөгөөр тооцон, нийт 2,250,000 төгрөг нэхэмжилсэн үндэслэлээ Монголын Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаар тогтоолын хавсралтаар аж ахуйн нэгжийн м.кв талбайн ашиглалтын зардлыг 2,000 төгрөгөөр тогтоосон, нийтэд илэрхий үйл баримт, энэ жишгээр тогтоосон гэж тайлбарлан, тооцооллын баримтыг шүүхэд гарган өгчээ. /хх-7/

Хариуцагч хххххх ХХК нь дээрх тайлбар болон бичгийн нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна. Мөн хариуцагч нь хххх байрны хх тоот орон сууцны өмчлөгч биш гэж маргаж буй тохиолдолд татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 2,250,000 төгрөг гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

5.1. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.6-д заасныг тус тус баримталсан нь оновчгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/00609 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хххххх ХХК-аас 2022 оны 02 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ххххх СӨХ-нд олгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч хххххх ХХК-аас 50,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ххххх СӨХ-нд олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД