Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 134/ШШ2016/00114

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Н

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Н нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Нэхэмжлэгч П.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Алтат хоршоололд үхэрчинээр орж 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Мөн 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдэлд малчинаар орж 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, байгаа хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй,  ажилд орсон, гарсан тушаал архиваас олдохгүй байгаа шалтгаанаар тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд миний дээрх хугацааны ажилласан байдлыг  тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Н нь Дундговь аймгийн “Алтат” хоршоололд 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчинээр, Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Ардын жаргал” нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчинаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нотлох баримтаа бүрдүүлэн жич дахин шүүхэд хүсэлт гаргах эрхтэйгээр үлдээлээ. Учир нь:

Нэхэмжлэгч П.Н нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Ардын жаргал” нэгдэлд 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчинаар ажиллаж байсан болох нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2/97 дугаартай Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ирүүлсэн  албан бичиг болон 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай 1987, 1989, 1990 оны цалингийн тодорхойлолт олгосон архивын лавлагаа, Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаартай албан бичгээр олгосон Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Ардын жаргал” нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаартай П.Н үхэрчинээр 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс ажилд томилсон тухай тушаалын хуулбар, Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 503241 дугаартай үнэмлэх, гэрч С.М У.М нарын түүнтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс дээрх нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо гэрч У.М ажиллаж байсан байдлаа тогтоолгосон тухай Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 006/ШШ2014/0115 тоот шийдвэрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж шийдвэрлэсэн болно.

Харин нэхэмжлэгч П.Н Дундговь аймгийн “Алтат” хоршоололд 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчинээр ажиллаж байсан байдлыг нотлох хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан боловч тухайн дэвтрийг хэний дэвтэр болохыг нотлох овог, нэр тэмдэглэсэн хэсэг нь урагдсан, ажилласан хоног, авсан хөлсийг тэмдэглэсэн хэсэгт тухайн үеийн “олгов” гэсэн тэмдэг дарагдаагүй, мөн гэрч Б.Т М.О нарын мэдүүлэг хэрэгт авагдсан боловч тэдний мэдүүлгийг харьцуулан үзэх өөр бичгийн баримтууд хэрэгт авагдаагүй, Дундговь аймгийн Архивын тасгаас архивт нотлох баримт байхгүй талаар албан бичгүүдийг ирүүлсэн байх тул  шүүхээс дээрх нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв нотлох баримт гэж үнэлэхэд эргэлзээтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Ардын жаргал” нэгдэлд ажиллаж байсан зарим байдал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 Гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэдэг журамтай тул энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаас өөр нотлох баримт олдсон тохиолдолд нэхэмжлэгч П.Н нь шүүхэд дахин хүсэлт гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зуут овогт П Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Ардын жаргал” нэгдэлд 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч П.Н улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.НАРАНЧИМЭГ