Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/01032

 

 

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/01032

 

ххххх ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00851 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххх ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ххххххт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 62,078,774 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1.ххххх ХК нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэн ххххххтай зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг жилийн 34,8 хувийн, сарын 2,9 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар зээлээр олгосон. Зээлийн барьцаанд ххххххх дүүргийн хх дугаар хороо, хххххххххх байр, ххх тоот ххх м.кв талбайтай орон сууцыг барьцаалуулсан.

1.2. Зээлдэгч нь нийтдээ 1,411,068 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний үүргийн 2.1.5, 2.1.10-д заасан үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүг зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар, төлөгдөөгүй зээлийн дүнгээс хугацааг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс тооцож эхэлсэн.

Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл нь 39,999,968 төгрөг, хуримтлагдсан зээлийн хүү 7,048,802 төгрөг байсан. Одоо үндсэн зээлд 39,999,968 төгрөг, зээлийн хүүнд 20,441,409 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,063,923 төгрөг, авлага, нотариатын зардал 573,469 төгрөг, нийт 62,078,774 төгрөг хариуцагчаас нэхэмжилж байна.

Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 62,078,774 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагч нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээ байгуулсан. 40,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийг хүлээн авсан, маргаан байхгүй. Зээлийн хугацаанд нийт 1,411,100 төгрөгийг зээлийн хүүд төлсөн. Мөн бид барьцааны гэрээ байгуулагдсанд маргахгүй. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны эд хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн зээлийн төлбөрт 47,830,460 төгрөг төлөхийг бол хүлээн зөвшөөрч байна. Харин зөрүү мөнгийг буюу 14,248,315 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй.

2.2. Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа үндсэн төлбөр 39,999,960 төгрөг, зээлийн хүү 7,741,802 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,689 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 47,830,460 төгрөг нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна.

2.3. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж нэхэмжлэл гаргасан учраас нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн авлага гээд 573,469 төгрөг нь юуных болох нь тодорхойгүй байна. Нэмэгдүүлсэн шаардлага гаргах үед гэрээний хугацаа дуусаагүй байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч ххххххаас зээлийн гэрээний үүрэгт болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 47,830,632.78 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ххххх ХК-д олгож, нэхэмжлэлээс 14,248,141.87 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан хариуцагч нь сайн дураар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл, 2022.02.15-ны өдрийн ххххххххххххххх дугаартай Ипотекийн гэрээний барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххххын өмчлөлийн, ххххххххххх дүүргийн ххх дугаар хороо, ххххххххх, ххххххххх гудамж, хххх дугаар байр, хх тоот хаягт байрлах, ххх м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Хариуцагч ххххххын арилжааны банкууд дахь харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоосон шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.11.16-ны өдрийн 182/ШЗ2023/14861 дугаар захирамжийг үйлчлэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлэхийг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467,303 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ххххххаас улсын тэмдэгтийн хураамжид 267,303 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт 3ээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан ба зээлдэгч хххххх нь гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор хуулийн дээрх зохицуулалтыг тодорхой тайлбарласан байдаг.

Анхан шатны шүүхээс "ххххх" ХК болон хххххх нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон ипотекийн гэрээг хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэсэн. Дээрх гэрээгээр зээлдэгч нь зээлээ бүрэн төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх тухай талууд харилцан тохиролцож, баталгаажуулсан байдаг.

4.2. Түүнчлэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон гэрээг хугацаанаас өмнө цуцалсан үйлдлээс хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч "ххххх ХК нь хариуцагч ххххххаас шаардах эрхтэй.

Шүүхээс эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоосон ч хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр хэргийн хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ххххх ХК нь хариуцагч талын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай байгаа зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ ихэсгэсэн бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсон, эсхүл гэрээ цуцлагдсан эсэхээс үл хамааран зээлдэгчээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах эрхтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан асуудлыг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, дүгнэсэн гэж үзэж байна. Мөн гэрээ дуусгавар болгох, гэрээг цуцлах холбоотой асуудлыг талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тохиролцсон гэдгийг зөв дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.4-т зааснаар мэдэгдэл хүргүүлэх ёстой. Мэдэгдэл хүргүүлэхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс хугацааг зөв тооцож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгч ххххх ХК нь хариуцагч ххххххт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 47,830,460 төгрөг, гаргуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 62,078,774 төгрөг болгон нэмэгдүүлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххх дүүргийн хх дугаар хороо, хххххххххх гудамж, ххх дугаар байр, хх тоот хаягт байрлах, ххххх м.кв талбайтай, хх өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг шаардлагаас хариуцагч нь 47,830,460 төгрөгийг хүлээн зөвшөөрч, ...талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлдэгч нь өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа дахин зээлийн хүү хуримтлуулан нэмж тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, 573,469 төгрөгийн авлага гэсэн нь тодорхойгүй... гэсэн үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Талууд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ххххххххххххх дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 40,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр баталсан хуваарийн дагуу зээл, хүү төлөх, зээлийн төлбөр болон хүүг хэсэгчлэн болон бүрэн биелүүлээгүй тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-13-17/

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ххххххххххххххх дугаартай ипотекийн гэрээг талууд байгуулж, хариуцагч ххххххын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххххххх дүүргийн ххх дугаар хороо, ххххххххх гудамж, ххх дугаар байр, хх тоот хаягт байрлах, ххх м.кв талбайтай, хх өрөө орон сууцыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-18-21/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

4.1. Улмаар хэрэгт цугларсан зээлийн гэрээ, гэрээний хавсралт 1 батлагдсан зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн үүргээ гүйцэтгэх талаарх мэдэгдэх хуудас, зээлийн дансны хуулга, талуудын маргаангүй тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн, нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн дүнг 47,830,460 төгрөг гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

4.2. Мөн талууд зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан боловч хариуцагч гэрээний үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй, нэхэмжлэгч тал үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгосон боловч үүргийн зөрчил арилаагүй, үүнтэй холбогдон нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт зөв.

 

5. Анхан шатны шүүх талуудын гэрээний 10.1.3-т заасныг үндэслэн зээлийн гэрээ цуцалснаас хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах боломжгүй гэж дүгнэн, уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ.

Нэхэмжлэгч нь зээлийг бүрэн төлөх хүртэлх хугацааны зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 61,522,305 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангана.

 

6. Хариуцагч хххххх нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг зөвшөөрч, маргаагүй байна. Анхан шатны шүүх уг тайлбар болон хэрэгт авагдсан 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Ипотекийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн, хххххх нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн ххххххххххххх дүүргийн хх дугаар хороо, ххххххххх гудамж, хххх дугаар байр, ххх тоот хаягт байрлах, ххх м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, хх өрөө орон сууц буюу барьцааны зүйлийг худалдан борлуулж түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

7. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 17,000 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг хэрэглэн хангаж, үйл ажиллагааны зардалд 573,469 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэлд зохигч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн дүнг буруу бичсэн алдааг залруулж, мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00851 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 47,830,632.78 гэснийг 61,522,305 гэж, 14,248,141.87 гэснийг 556,469 гэж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтын 467,303 гэснийг 715,982 гэж, 267,303 гэснийг 715,982 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,191 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД