Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 01

 


******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй
 иргэний хэргийн тухай

Говь-******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж 
заалдах шатны шүүхийн шүүх 
хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч: Т.Жаргалсайхан 
Шүүгчид: Л.Нямдорж, Л.Уламбаяр


Говь-******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэгийн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 159 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч ******* сумын Засаг дарга Т.Баярцэцэгийн давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны  шүүх хэргийг 2016 оны 6 дугаар сарын 9-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцээд  

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч Говь-******* аймгийн ******* сумын Засаг дарга нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Говь-******* аймгийн ******* сумын Баян-Овоо багийн  иргэн ******* ахлагчтай бүлэг нь 2013 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх Гэр хорооллын гудамж тохижуулах тендерт шалгарсан тул сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/27 тоот захирамжаар гэрээ байгуулах эрхийг олгож ажлыг дуусгавар болгосон юм. ******* ахлагчтай бүлэгт гэр хорооллын гудамж тохижуулах ажлын үргэлжлэл болгож сумын Засаг даргатай харилцан тохиролцсоны үндсэн дээр тус бүлэгт Сум хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэр гаргасан юм. 2014 онд Сум хөгжүүлэх сангийн 12.750.000 төгрөгийн санхүүжилтээр стандарт “00” хийж гүйцэтгэх ажлыг өгч хэрэгжүүлсэн юм. Дээрх ажлын бүлэгт 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 7.750.000 төгрөгийг тус тус шилжүүлж ажлыг гүйцэтгүүлсэн боловч одоо өгөгдсөн санхүүжилтээс хийгээгүй ажил болон тооцооны үлдэгдэл 5.984.500 төгрөгийг ******* ахлагчтай бүлгээс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* сумын Засаг дарын Тамгын газраас стандарт бие засах газар хийлгэхээр 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр *******ийн дансанд 7.750.000 төгрөг, *******ын дансанд 5.000.000 төгрөгийг тус тус хийсэн. Дээрх мөнгөтэй холбоотой тооцоог 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 6.765.500 төгрөгийн банзыг ******* сумын Засаг даргын Тамгын газар хүлээж авсан. Үлдсэн 5.984.500 төгрөгтэй холбоотой ямар ч тооцоо баримт нийлээгүй. Иймд уг мөнгийг нэхэмжилсэн гэжээ. 
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2013 онд иргэдийн бүлгээрээ 19.000.000 төгрөгийн санхүүжилттэй гэр хорооллыг тохижуулах төсөл хэрэгжүүлэхэд оролцож, тамгын газрын нягтлан бодогч Н.Ишдолгортой тооцоо нийлж дуусган, үлдэгдэл банзыг багийн Засаг дарга С.Бат-Эрдэнэд тоолж хүлээлгэн өгөөд өр авлагагүй болсон. Харин энэ төсөл дээр Засаг даргын Тамгын газартай ямар нэгэн гэрээнд гарын үсэг зурж, эрх үүрэг хүлээсэн зүйл байхгүй. Мөн нэхэмжлэлд дурдсан 2014 оны “Стандарт ОО” төслийн талаар би огт мэдэхгүй бөгөөд энэ төслийг хэрэгжүүлнэ гэж гэрээ байгуулж, гарын үсэг зурж, эрх үүрэг хүлээсэн зүйл огт байхгүй. Өмнөх 2013 оны гэр хорооллыг тохижуулах төсөл бол 19.000.000 төгрөгийн санхүүжилттэй байсан. Яагаад дээрхи төслөөс тэс өөр төслийн мөнгийг надаас нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. Ийм учраас миний бие нэхэмжлэлд шаардсан 5.984.500 төгрөгийг төлөх ёсгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч ******* анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 5.984.500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл стандарт бие засах газрын ажлыг хийж хэрэгжүүлэхээр санхүүжилтийг нь авч модон материалыг ******* сумд татаж нийлүүлсэн. Тухайн үед сумын Засаг даргын шийдвэрээр айл өрхүүд, иргэдэд модон материалыг нь тарааж өгсөн. Гэрээнд тусгагдсан ажил тодорхой зохих хэмжээнд хийгдсэн. Материалын үлдэгдэл хэсгийг ******* сумын Засаг даргын Тамгын газрын нярав, үйлчлэгч Мөнхөө, багийн Засаг дарга Бат-Эрдэнэ нарт тоолж, хүлээлгэн өгсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1- д зааснаар Говь-******* аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох 5.984.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-*******, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Говь-******* аймгийн ******* сумын Засаг дарга Т.Баярцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-******* аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 онд Говь-******* аймгийн ******* сумын Баян-овоо багийн иргэн Доржсүрэн овогтой Мэндбаяр, Доржсүрэн овогтой Шижир нарт, сумын Засаг даргаас 2014 оны 5 дугаар сарын 14 нд 5.000.000 төгрөг, 5 дугаар сарын 26 нд 7.750.000 төгрөг, нийт 12.750.000 төгрөгийг шилжүүлж сумд "Стандарт 00" хийлгэхээр харилцан тохиролцож үйл ажиллагаа явагдсан боловч энэхүү ажлыг зохих ёсоор бүрэн хийгдээгүйн улмаас сумын Засаг даргын тамгын газартай хийсэн тооцооны үлдэгдэл дутуу мөнгө болох 5.984.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж шийдвэрлүүлсэн боловч тухайн нэхэмжилсэн төрийн мөнгөтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.
Иймд нэхэмжлэгч сумын Засаг даргын тамгын газраас дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаагаа илэрхийлж давж заалдах шатны шүүхэд гомдлоо хүргүүлж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. 

Хэрэгт авагдсан баримтаас харахад 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 209 дугаартай “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

Уг захирамжид шинжээч дүгнэлт гаргахын өмнө Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14, 17 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдтэй урьдчилан танилцаж, дүгнэлт гаргахаар ажиллахдаа хэргийн оролцогчдыг байлцуулахаар шийдвэрлэжээ. 

Гэтэл шинжээчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-46.6-д заасан эрх, үүргийг тайлбарласан нь “...Шинжээч дүгнэлт гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална...” гэснийг зөрчсөн байна. 

Шүүх дээрх дүгнэлтийг үндэслэн *******ийг хариуцагчаар татан оролцуулж улмаар хэргийг хянан шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “...нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэж заажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 159 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ   хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.ЖАРГАЛСАЙХАН

    ШҮҮГЧИД                              Л.НЯМДОРЖ
                                                      Л.УЛАМБАЯР