Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2016/00105/И |
Дугаар | 134/ШШ2016/00116 |
Огноо | 2016-09-05 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 134/ШШ2016/00116
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д.М хүсэлттэй
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.М нь 1985 онд Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг малын эмчийн мэргэжлээр суралцан төгссөн юм. Сургууль төгссөнөөс хойш малын эмчийн мэргэжлээр Архангай аймагт ажиллаж байгаад 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Дорноговь аймгийн Сүмбэрийн сангийн аж ахуйн даргын 149 дүгээр тушаалаар малын эмчээр шилжин ирж ажилласан болно. 1991 оны 06 дугаар сард миний ажиллаж байсан байгууллага Сүмбэр сумын мал эмнэлгийн тасаг, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс Чойр хотын мал эмнэлгийн мал эмнэлгийн үржлийн алба, 1994 онд Говьсүмбэр аймаг байгууллагдсантай холбоотойгоор Говьсүмбэр аймгийн мал эмнэлгийн үржлийн алба болон тус тус нэрээ өөрчилсөн юм. 1991 оноос эхэлсэн байгууллагын нэршлийн өөрчлөлтөөс болж миний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаалуудад 1991.06.01-ний өдрөөс Сүмбэр сумын мал эмнэлгийн үржлийн албанд аптекийн бага эмчээр томилов, 1991.10.15-ны өдрөөс Чойр хотын мал эмнэлгийн үржлийн албаны аптекийн бага эмчээр ажиллуулав, 1994 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс Говьсүмбэр аймгийн мал эмнэлгийн үржлийн албаны аптекийн эрхлэгч, бага эмчээр авч ажиллуулав гэж бичигдсэн байна. Би 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1996 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малын бага эмчийн ажлыг тасралтгүй хийж байсан. Тухайн үед ажлын байрны шаардлагаар малын бага эмч нь аптекийн эрхлэгчээ давхар хийдэг байсан юм. Тухайн үеийн дарга нар тушаал бичихдээ арай өндөр албан тушаал болох аптекийн эрхлэгч, аптекийн бага эмч гэж тушаалуудад бичилт хийсэн байсан. Би угтаа бол малын бага эмчээр тус байгууллагад ажиллаж байсан юм. Би хөдөлмөрийн хүнд нөхцлөөр тэтгэвэрт гарах гэтэл миний ажилд томилсон 1991.06.01-1996.07.31-ний хоорондох тушаалуудад аптекийн бага эмч, аптекийн эрхлэгч гэж бичигдсэнээс болж хүнд хортой нөхцөлд ажилласнаар тэтгэвэрт гарах боломжгүй болчихоод байна. Малын эмчээр ажиллаж байсан нь хүнд нөхцөлд хамаардаг, харин аптекийн эрхлэгч нь хүнд нөхцөлд хамаарахгүй юм байна. Иймд намайг 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хуучнаар Сүмбэр сумын мал эмнэлэг үржлийн алба, Чойр хотын мал эмнэлэг үржлийн алба, Говьсүмбэр аймгийн мал эмнэлэг, үржлийн албанд тасралтгүй малын бага эмч, аптекийн эрхлэгч, байцаагч эмчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь Сүмбэр сумын Мал эмнэлэг, үржлийн албанд /сүүлд Чойр хотын Мал эмнэлэг, үржлийн алба, Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэг, үржлийн алба болон өөрчлөгдсөн/ 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малын бага эмч, аптекийн эрхлэгчээр хавсран, мөн байцаагч эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.М нь Сүмбэр сумын Мал эмнэлэг, үржлийн албанд /сүүлд Чойр хотын Мал эмнэлэг, үржлийн алба, Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэг, үржлийн алба болон өөрчлөгдсөн/ 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малын бага эмч, аптекийн бага эмчээр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэг, үржлийн албанд байцаагч эмчээр тус тус ажиллаж байсан болох нь 1991 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2 дугаартай Мал эмнэлэг үржлийн албаны даргын “Малын эмч нарт халдвартын нэмэгдэл олгох тухай” тушаалын хуулбар, Д.М 135758 тоот 1985 оны хөдөлмөрийн дэвтэр, 069487 тоот 2005 оны нийгмийн даатгалын дэвтэр, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 250 дугаартай “Мал эмнэлэг 1992, 1993, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн” тухай архивын лавлагаа, мөн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1109 тоот Д.М нь 1995, 1996, 1997 онуудад Мал эмнэлэг, үржлийн албанд ажиллаж байхдаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 06/905 дугаартай архиваас тушаал хуулбарлаж олгосон тухай албан бичиг, Д.М нь 1982-1985 онд Дундговь аймаг дахь Хөдөө аж ахуйн техникумд малын бага эмч мэргэжлээр суралцаж төгссөн диплом, хавсралтын хуулбар, Чойр хотын Мал эмнэлэг, үржлийн албаны 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар, Чойр хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны харъяа Мал эмнэлэг, үржлийн албаны даргын 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот ...аптекийн эрхлэгчээр бага эмч Д.М томилсон тухай тушаалын хуулбар, Чойр хотын Мал эмнэлэг, үржлийн албаны даргын 1994 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 13 тоот ...аптекийн бага эмч Д.М 1994 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэг үржлийн албаны мэдэлд шилжүүлсэн тухай тушаалын хуулбар, гэрч Ш.А Г.Н нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.М 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр анх ажилд томилохдоо “аптекийн бага эмчээр” хэмээн ажилд томилсон тухай хөдөлмөрийн дэвтрийн бичилт байгаа боловч тухайн үед аптекийн бага эмч гэсэн албан тушаал байгаагүй, аптекийн ажлыг малын бага эмч нар хариуцан хавсран гүйцэтгэдэг байсан талаар гэрчүүд мэдүүлсэн, Чойр хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны харъяа Мал эмнэлэг, үржлийн албаны даргын 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот тушаалд ...”аптекийн эрхлэгчээр бага эмч Д томилсугай” гэж тэмдэглэсэн зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Д.М үндсэн албан тушаал нь малын бага эмч байх бөгөөд аптекийн бага эмч албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь ...аптекийн эрхлэгчээр ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргасан хэдий ч тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг “аптекийн бага эмч” нэрээр ажилд томилсон байх тул энэ нэрээр нь ажиллаж байсан байдлыг тогтоолоо.
Мөн Сүмбэр сумын Мал эмнэлэг, үржлийн алба нь Чойр хотын Мал эмнэлэг, үржлийн алба, Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэг, үржлийн алба болон нэршлийн хувьд өөрчлөгдөн зохион байгуулагдаж байсан нь хөдөлмөрийн дэвтрийн бичилт болон архиваас олгосон даргын тушаалуудаар тогтоогдож байх бөгөөд Д.М 2005 оны нийгмийн даатгалын дэвтэрт даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийг нөхөн тэмдэглэхдээ Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэг үржлийн албаны байцаагч эмчээр 1995 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн томилсон байх тул түүнийг энэ үеэс эхлэн байцаагч эмчээр ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн гэж үзсэн болно.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.М Сүмбэр сумын Мал эмнэлэг, үржлийн албанд /сүүлд Чойр хотын Мал эмнэлэг, үржлийн алба, Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэг, үржлийн алба болон өөрчлөгдсөн/ 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малын бага эмч, аптекийн бага эмчээр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэг, үржлийн албанд байцаагч эмчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.М улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ