Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/01034

 

 

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/01034

 

ххххын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/00816 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххын нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххт холбогдох

 

Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу хөрөнгө оруулалтад зарцуулсан 40,058,752 төгрөгийг гаруулах, үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэсэн бол зайлшгүй орох байсан орлого болох 81,590,854 төгрөг, нийт 121,649,606 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хххха, түүний өмгөөлөгч хххххх, хариуцагч ххххх, түүний өмгөөлөгч хххххх, хххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххха, хххххтэй хамтран ажиллахаар тохиролцож, бүх зардал болон ашгаа 50, 50 хувиар гарган, хувааж авахаар харилцан тохиролцсон. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хххххийн санал болгосон хххххххх дүүрэг, хх дугаар хороо, хххххххх цогцолбор, ххх байрны хх дугаар давхар, ххх тоот байршил бүхий ххх м.кв талбайг түрээслэхээр тохирч, түрээсийн төлбөрийн 50 хувь болох 5,069,000 төлбөрийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр, үлдэх төлбөрийн 50 хувь болох 5,069,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тус тус хариуцагч хххххийн хххххх тоот дансанд шилжүүлсэн.

1.2. Үүнээс хойш салоны тохижилтын ажлын зураг гаргуулах, тохижилтын ажлыг гүйцэтгүүлэх, тавилга захиалах, гадна хаяг хийлгэх гэх мэт ажлууд өрнөж, эдгээрт нийт 41,615,640 төгрөгийг хххха төлсөн.

1.3. Талууд 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 01 дугаартай "Хамтран ажиллах тухай гэрээг нөхөж байгуулсан. Гэрээ байгуулах үед ххххх нь өөрийн олсон орлогыг 100 хувь өөрөө авах, мөн салоны үйл ажиллагааг өөрөө бие даан явуулж буй тул орлогын 70 хувийг авах нэмэлт нөхцөл тавьсныг хххха арга буюу зөвшөөрч, гэрээ байгуулсан.

1.4. ххххх нь гэрээний 2.2, 2.6, 2.7-д тус тус заасан үүргийг биелүүлээгүй. Тавьсан шаардлага хүлээж аваагүй тул 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 01 дугаартай "Хамтран ажиллах тухай гэрээ"-нээс татгалзаж байна. 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийг дуустал ххххаас зөвхөн хххххийн данс руу 34,632,113 төгрөг шилжүүлсэн байна.

ххххх нь 3 нь удаагийн үйлдлээр 2,546,500 төгрөг буцаан шилжүүлсэн, үүнээс гадна салонд бараа материал худалдан авах, дотор гадна тохижилтын ажлын хөлс төлөх, салонд зээлээр худалдан авсан тавилга, ус цэвэршүүлэгч зэргийн төлбөрийг нэхэмжлэгч өөрөөсөө төлж зардал гарсан тул анхны нэхэмжлэлдээ "хариуцагчид шилжүүлсэн гэсэн байсныг "салоны хөрөнгө оруулалтад зарцуулсан" хэмээн тодруулж, 41,625,640 төгрөгийн тооцооллыг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд нийцүүлэн, мөн хариуцагчийн буцаан шилжүүлсэн мөнгийг хасаж 40,058,752 төгрөгийг нэхэмжилнэ.

1.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ххххх нь өөрийн эзэмшлийн ХААН банкны хххххх дугаартай дансны хуулгыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Уг дансны хуулгаар ххххх нь салоны орлого байх ёстой мөнгийг их хэмжээгээр өөрийн хувийн дансандаа авсан байхаас гадна салоны үйл ажиллагаанд ашиглагддаг Голомт банкны ххххххххххх дугаартай дундын дансанд хуримтлагдсан мөнгөнөөс цалин, бараа материалын зардал гэх мэт" утгатайгаар өөрийн дансандаа татан авсан байна. ххххх нь ийнхүү өөрийн дансандаа татан авсан салоны орлого болох мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, цалин гэж тухайн хүмүүст нь олгоогүй, өөрийн хувийн хэрэгцээнд захиран зарцуулж, зарим хэсгийг нь бусад банк дахь өөрийн дансандаа төвлөрүүлсэн болох нь нотлогдсон.

Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр үүсэх эрх зүйн харилцаанд талуудын оруулсан хураамжаас хамааран ашиг, алдагдлаа хуваарилдаг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас тооцоолол хийхэд салоны үйл ажиллагаанд гарсан нийт өртөгийн 85 хувийг хххха нь гаргасан байдаг. ххххх нь салон бий болоход эдийн бус хөрөнгөөр буюу мэргэжлийн болон бусад мэдлэг, чадвар, ажил хэргийн нэр хүнд, харилцаа холбоогоо ашигласан, уг зүйлсээр хөрөнгө оруулсан болохыг бодолцож, салон бий болоход 50, 50 хувийн оролцоотой байсан гэж тооцоолон, салоны 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны орлого буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл олсон орлогын 50 хувь болох 81,590,854 төгрөгийг нэхэмжилж байна.

1.6. Иймд 121,649,606 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие ххххх нь 2022 оны 4 дүгээр сард ххххатай хамтарч салон ажиллуулах санал тавихад зөвшөөрч, хамтарч ажиллахаар болсон. Ингээд хххххххх дүүрэг хххх хороо, хххххххххх цогцолбор хотхоны хххх байрны хх давхрын ххх тоот үйлчилгээний зориулалттай талбайг түрээслэхээр шийдэж, гоо сайхны салоны тохижилтийн засвар хийж тухайн барилгыг улсын комисс хүлээн авсан цаг хугацаанаас буюу 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс түрээсийн гэрээг байгуулж, Snow гоо сайхны салоны үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

2.2. хххха болон ххххх нь салоны үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүжилт, тохижилтын зардал, эхний 3 сарын түрээсийн төлбөр болон 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа төлбөр зэргийг адил тэнцүү буюу 50, 50 хувиар гаргасан.

Миний хувьд энэхүү салбарт 12 жилийн хугацаанд ажилласан туршлагатай учраас гоо сайхны салоны үйл ажиллагаагаа явуулах, салоны гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх байдлаар ажиллаж байсан, ххххын хувьд энэ талын мэдлэггүй учраас дээрх ажиллагаанд оролцоогүй.

2.3. Гоо сайхны салоны үйл ажиллагаа явуулахад маш олон хүндрэлтэй зүйл байдаг учраас нэг хэсэгтээ салоны хувьд үйл ажиллагаанаас ашиг, орлого олоход хэцүү эхний нэг жилийн хувьд бол салон ашиг олохгүй, харин үйл ажиллагаагаа жигдлэх, үйлчлүүлэгч татах, тохижилт үйлчилгээний асуудлаа бүрэн шийдвэрлэхэд анхаарч ажиллах талаар ххххад анх хамтарч ажиллаж эхлэх үеэсээ хэлсэн.

хххха нь "эгч нь хувийн бизнестэй болох гэж л ингэж байгаа юм, эхлээд үйл ажиллагаагаа явуулаад жигдлээд авах хэрэгтэй, ашиг орлогыг тодорхой хэмжээнд хүлээж чадна" гэж хэлж байсан.

2.4. Хэдийгээр салон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн мэт боловч тоног төхөөрөмж дутуу, тохижилт дутуу байсны улмаас үйл ажиллагаа жигдрээгүй бөгөөд хөрөнгө оруулагчид болохын хувьд ххххх, хххха нарын аль аль нь 2022 оны 10 сар хүртэл хугацаанд хувиасаа зардал гаргасаар л байсан.

Анх гоо сайхны салон нээхдээ бидний аль аль нь тус бүрдээ 40 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, үүнээс 20 сая төгрөгийг эхний түрээсийн төлбөр болон барьцаанд, үлдсэн 60 сая төгрөгөөр тохижилт, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхээр тохирч байсан бөгөөд одоо тооцоод үзэхэд тус бүрдээ 38 орчим сая төгрөг гаргасан байна.

2.5. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргаж өгсөн ХААН банкны ххххххххххх дугаартай дансны хуулгыг харахад хххха салоны үйл ажиллагаанд зарцуулахаар 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 31 удаагийн үйлдлээр 40,219,100 төгрөгийн зарлага гаргасан байна. Миний бие данснаасаа 2 удаагийн гүйлгээгээр хххха руу 2,160,500 төгрөг шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл ххххын дансны хуулгаас үзэхэд 38,058,600 төгрөгийг салоны үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулсан гэж харагдаж байгаа бөгөөд миний бие дээрх дансны хуулганд тэмдэглэгдсэн мөнгөн дүнгээс 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр M нэртэй ББСБ-д шилжүүлсэн 250,000 төгрөгөөс бусад дүнг буюу 37,808,600 төгрөгийг салонд зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

2.6. Миний бие ххххаас гаргасан тус нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад байгууллагын үйл ажиллагааг явуулахад зориулж, худалдан авсан, засвар үйлчилгээ хийлгэсэн зардал, засварын ажилчдын хөлс, тоног төхөөрөмж зэрэг бүхий л зардлын дүнг нэгтгэн шүүж үзэхэд 76,424,900 төгрөгийн зардлыг бид өөрсдөөсөө гаргасан байгаа нь бидний хэн аль нь энэхүү ажилд тэнцүү хэмжээгээр зардал гаргасан гэдгийг нотлож байна.

2.7. хххха, ххххх нарын хоорондоо харилцан тохиролцоод ххххх би үйл ажиллагаа явуулж, ажилтнуудыг сургаж, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа гэдгээрээ үйл ажиллагаанаас олох ашгаас илүү хувь хэмжээгээр буюу 75 хувийн ашгийг хүртэх, энэ хэмжээгээрээ эрсдлээ хариуцах, нийт шинээр гарах зардлын 75 хувийг хариуцах, хххха нь ашгаас 25 хувийг хүртэх, гарах зардлаас 25 хувийг хүртэхээр харилцан тохиролцож ярилцсан боловч яг гэрээ байгуулах үедээ энэ хувь хэмжээг 70, 30 болгож өөрчилсөн.

2.8. Нэгэнт ххххын зүгээс цаашид хамтарч ажиллахгүй гэж үзэж, хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээнээс гарч байгааг миний бие хүлээн зөвшөөрч байна. Төлбөр тооцооны хувьд ххххын зарцуулсан 37,808,600 төгрөгөөс 7,603,500 төгрөг нь Snow салоны үйл ажиллагааны урсгал зардал буюу байгууллагын түрээсийн үйл ажиллагаанд зарцуулагдсан, тухайн үедээ хамтарч ажиллана гэж тохиролцоод адилхан зардал гаргасан тул энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 30,205,100 төгрөгийн хувь Snow гоо сайхны салоны тохижилт, засвар, тоног төхөөрөмжийн зардалд зарцуулагдсан гэдгийг зөвшөөрч байгаа.

2.9. Бид хамтарч үйл ажиллагаа эхлүүлэхдээ үйл ажиллагаанаас олсон орлогоос бүх зардлуудаа төлж барагдуулах, хэрэв орлого нь хүрэлцэхгүй бол шаардлагатай нэмэлт зардлуудыг өөрсдөө 70:30 хувиар тооцож, төлөхөөр тохиролцсон. 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр түрээсийн төлбөр төлөх болоход дундын дансанд нийт 13,000,000 төгрөгийн орлого цугларсан байсан ба энэ мөнгөөр түрээс төлөхөд дахин 2,000,000 төгрөг дутагдаж байсан. Энэхүү зардлыг бидний харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу 70:30 хувиар тооцож гаргах ёстой байсан боловч хххха нь 400,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 200,000 төгрөгийг нь төлөөгүй ба энэ дүнгээ нийт салоны үйл ажиллагаанд зарцуулсан дунд нэгтгэж тооцсон байна.

Мөн хамтран ажиллах гэрээнд заасны дагуу ххххх миний бие өөрөө ажиллаж олсон орлогыг хувьдаа авах ёстой байсан тул 11,714,000 төгрөгийг хувиасаа гаргаж, түрээсийн төлбөрт төлсөн гэж үзэхээр байна. Иймд энэ дүнгийн 30 хувь болох 3,514,200 төгрөгийг хххха нь төлөх ёстой байсан боловч төлөөгүй.

Иймд ххххад буцаан төлөх, түүний оруулсан хөрөнгө оруулалтаас салонд шингэсэн зардал болох 30,205,100 төгрөгийн зардлаас 4,114,200 төгрөгийг хасаж, 26,090,900 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна.

Харин байгууллагын дансаар хийгдсэн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх гүйлгээний задаргааг харахад хөрөнгө оруулагч нарт шууд хуваарилах хэмжээний ашиг орлого олоогүй байгаа нь харагдана гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч хххххээс хамтран ажиллах гэрээний үүрэгт 75.040.912 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ххххад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46.608.694 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ххххын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 924.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хххххээс 533.155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ххххад олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүхээс ... Нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн Голомт банк болон хариуцагчийн ХААН банкинд орсон орлогоос цэвэр ашиг 163,166,708 төгрөгийг хариуцагч маргаагүй, үүнийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул тухайн орлого 163,166,708 төгрөгийн 30 хувь болох 48,950,012 төгрөгийг хариуцагч хххххээс гаргуулж, нэхэмжлэгч ххххад олгохоор шийдвэрлэлээ" гэж дүгнэн, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг үндэслэн хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэлийн шаардлага болох 26,090,900 төгрөг дээр 48,950,012 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ба шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв үнэлж дүгнэж чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн.

4.2. Нэхэмжлэлийн шаардлагаас 48,950,012 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх, SNOW салон 2022 оны 8 сараас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд 163,166,708 төгрөгийн цэвэр орлого олсныг хариуцагч маргаагүй гэж, хариуцагчийн яриагүй, тайлбарлаагүй, бичгээр илэрхийлээгүй үйл баримтыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбарлаж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй, бодит байдлаар хувь эзэмшигчид ноогдол ашиг хуваарилах хэмжээний ашиг олоогүй салоны үйл ажиллагааны орлогыг төвлөрүүлэх дундын дансны хуулга, ххххх нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 1 дугаартай Хамтран ажиллах тухай гэрээний 8.1 дэх хэсэгт заасан Б тал /хххххийн/-ын өөрийн гараар хийсэн ажлын хөлс нь салоны орлогод хамаарахгүй бөгөөд өөрийн хувийн орлого болно гэх заалтын дагуу өөрийн гараар хийсэн орлогыг төвлөрүүлж байсан.

Мөн өөрийн бусад бизнесийн үйл ажиллагааны орлогыг төвлөрүүлж байсан ХААН банкны хххххххххх дугаартай дансны хуулгад тусгагдсан бүх орлогын гүйлгээг цэвэр ашиг байна гэж дүгнэж, илт хууль зөрчсөн, орлого болон цэвэр ашгийн талаар ойлголтгүй, нийт 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалт гаргаж, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буй, шинээр нээгдсэн салон нь 5 сарын хугацаанд 163,166,708 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан мэтээр дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хавтаст хэрэгт бичгээр авагдсан нотлох баримт болох Хамтран ажиллах гэрээ-нд тодорхой тусгасан гэрээний зохицуулалтыг яагаад үнэлж дүгнэхгүй орхигдуулж, хариуцагчийн татгалзлын үндэслэлд няцаалт хийлгүй орхигдуулж байгаад гайхаж, энэ нь шүүх хэт нэг талыг барьсан, хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан гэж үзэх, шүүхэд итгэх итгэлийг алдагдуулах нөхцөл байдлыг үгүйсгэж байна.

Бизнесийн ажиллагаа явуулж буй хувь хүн, хуулийн этгээдийн хувьд 163 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллахын тулд үүнээс 5 дахин, 10 дахин их хэмжээний борлуулалтын орлого олсон байх нөхцөл байдал үүсдэг. Гэтэл шүүхээс дансны хуулганд тусгагдсан орлого бүрийг цэвэр ашиг гэж үзэж, салоны орлогод хамаарахгүй хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн орлогод тооцогдох орлогыг болон хариуцагчийн хувийн бусад бизнесийн үйл ажиллагаа, түүний гэр бүлийн орлого зарлагад хамаарах дансны гүйлгээг бүхэлд нь салоны орлого гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн хариуцагч хххххийг зөвхөн Snow гоо сайхны салоны үйл ажиллагаанаас орлого олдог, өөр орлогогүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд салоны үйл ажиллагаа явагдаж эхлэхээс өмнөх цаг хугацаанд буюу 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх цаг хугацаан дахь хххххийн ХААН банкны хххххх дугаартай дансны хуулгыг харахад л 110 сая төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Snow гоо сайхны салон нь бизнесийн үйл ажиллагааныхаа орлогыг нэхэмжлэгч, хариуцагч нарын хамтран эзэмшдэг Голомт банкны ххххххххххх дугаартай дансанд төвлөрүүлж, захиран зарцуулсан, дансны гүйлгээний мэдээлэлд тусгагдсан баримтаар хамтран ажиллах гэрээний хувь нийлүүлэгчдэд хуваарилах цэвэр ашиг олоогүй болох нь тогтоогдож байх ба ххххх нь гэрээний 8.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн гараар хийсэн орлогыг дансандаа төвлөрүүлж байсан нь түүнийг хууль, гэрээнд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Түүний ХААН банкны хххххх дугаартай дансны орлого, зарлагын гүйлгээг хамтын үйл ажиллагаанаас олсон цэвэр ашиг гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 48,950,012 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү.

4.3. Хууль хэрэглээний ойлгомжгүй байдлыг үүсгэж буй талаар,

Хариуцагчийн өмгөөлөгч хххххх миний бие 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцож, талуудын хооронд үүсэж буй маргаантай үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт гаргасан. Шүүх энэ дүгнэлтэд няцаалт тайлбар хийлгүйгээр, хууль хэрэглээний хувьд талууд хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтын үйл ажиллагаа үргэлжилсэн баримтад талууд маргаагүй байхад хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон эсэх, эсхүл аль нэг талын буруутай үйл ажиллагааны улмаас нөгөө тал нь гэрээнээс татгалзсан эсэх, гэрээнээс татгалзахтай холбоотой Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасан журам зөрчигдсөн эсэх үйл баримтын талаар нэг ч дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьж, хариуцагчийн маргаж буй үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбарлан хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.4. Шүүх хуралдааны тэмдэглэл бичгээр гараагүй талаар,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлд шүүх хуралдааны оролцогчдийн тайлбар тэдгээрийн мэтгэлцээн, нотлох баримтыг шинжлэн судалсан байдал, хэргийн тагаар асууж тодруулсан байдал зэргийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж, шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор бэлэн болгох, хэргийн оролцогч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, тэмдэглэлд засвар оруулах санал гаргах журмыг хуульчилсан.

Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэл 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд бичгээр гараагүй байх ба анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн бичгээр гаргасан тайлбартаа няцаан тайлбарласан үйл баримтыг эсрэгээр буюу хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбар, өмгөөлөгчийн дүгнэлт тайлбартаа хамтран ажиллах гэрээний дагуух үйл ажиллагааны орлого нь зөвхөн талуудын хамтран эзэмшиж байсан Голомт банкны дундын дансанд төвлөрч, захиран зарцуулагдаж байсан, ххххх нь гэрээнд заасны дагуу өөрийн гараар хийсэн хувийн орлогыг дансаараа авч байсан, мөн бусад хувийн үйл ажиллагааны орлогыг өөрийн дансаасаа хүлээн авч, захиран зарцуулж байсан талаар дурдсан байхад хариуцагчийн татгалзалд тусгаагүй үйл баримтыг шүүхийн шийдвэрт дурдаж, хариуцагч хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбарлаж байгаа бөгөөд дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдааны тэмдэглэлээс тодруулах бүрэн боломжтой боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдөж байгааг давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргаж буй гомдолд тусгах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 75,040,912 төгрөгөөс 48,950,012 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн дансанд орсон 166,000,000 төгрөгийн 112,000,000 төгрөг нь салоны ашиг гэж үзээд өөрт оногдох хувийг нэхэмжилсэн. ХААН банкны дансны хуулгыг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг дансны хуулгатай танилцаад дансны орлого, зарлагын тооцоолол хийж нэхэмжлэгч талаас 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай хариуцагч өөрөө танилцаж, шүүх хуралдаанд талууд эрх, тэгш мэтгэлцсэн бөгөөд хариуцагчийн зүгээс салоны үйл ажиллагаанаас өөр бизнесийн орлого олдог талаар баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүйг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй гэж үзэх үндэслэл мөн.

5.2. Талууд тайлбар, татгалзлаа шүүхэд гаргаж өгөх, түүнийг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагчаас ХААН банк ХК-ийн дансны хуулгын талаар тайлбарлахдаа гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг иш татдаг ч уг орлогыг өөрийн бизнесийн орлогоос олсон гэдгээ нотлоогүй. Уг салон нь үсчингийн нийт 6 сандалтай, маникур болон үсний эмчилгээний өрөөтэй, бүтээгдэхүүн зарж борлуулдаг том үйлчилгээний талбайтай. Гэтэл ийм том салоны орлого 82,000,000 төгрөг, хариуцагчийн хувийн орлого 155,000,000 гэж тайлбарлаж байгаа нь илтэд үнэмшилгүй. хххххийн хувийн дансанд өөр утгатай орсон гүйлгээнүүдийг шалгаж 40,000,000 төгрөгийг хассан.

5.3. Салоны үйлчилгээний тариф болох үс будахад 100,000-500,000 төгрөг, үсний эмчилгээ хийхэд 550,000 төгрөг, үс залгахад 600,000-1,200,000 төгрөгийг ханштай үйл ажиллагаа явуулдаг. Хавтас хэргийн 79-81 хуудсанд хариуцагчийн хамтран ажиллах гэрээнээс татгалзсаныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт авагдсан. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг дагуу үнэлж, дүгнэсэн. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдож байна.

 

2. Нэхэмжлэгч хххха нь хариуцагч хххххт холбогдуулан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсонтой холбогдон оруулсан хөрөнгө 40,058,752 төгрөг, хамтын үйл ажиллагаанаас олсон орлого 81,590,854 төгрөг, нийт 121,649,606 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нь оруулсан хөрөнгөөс 26,090,900 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг ... хамтын үйл ажиллагааны зардалд зарцуулсан, үйл ажиллагаа жигдрээгүй, ашиг олоогүй ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

3. хххха /Б тал/, ххххх /А тал/ нар 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үсчин, маникюр, педикюр чиглэлээр хамтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр үйл ажиллагаа эхлэх зардлыг 50:50 хувиар хураамж төлж, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөр, цахилгаан, СӨХ-ны зардал, хогны төлбөр болон үйл ажиллагааны бусад зардлыг 70:30 хувиар, хамтын үйл ажиллагаанд ямар нэг доголдол, хүндрэл, ашигтай байсан ч Б тал 70 хувь, А тал 30 хувиар тооцон ашиг, орлогыг хувааж байх, ХААН банк болон Голомт банкны аль нэгд харилцах дундын данс нээж, 3.2-т заасан хувийг авах нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх7-8/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

5. Дээрх гэрээний дагуу талуудын төлсөн хураамжаар тэдгээрийн дундын хөрөнгө бий болж, улмаар хамтын үйл ажиллагаа явуулж байсан үйл баримтыг хэрэгт авагдсан ххххын ХААН банк дахь депозит дансны хуулга, Голомт банк дахь дундын харилцах дансны хуулга, талуудын тайлбар зэрэг баримтуудыг анхан шатны шүүх харьцуулан үнэлэн зөв тогтоосон.

 

6. Мөн хамтын үйл ажиллагаанд зориулж нэхэмжлэгч хххха нь 40,219,100 төгрөг оруулснаас 2,160,500 төгрөгийг хариуцагч ххххх буцаан шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан ХААН банк дахь дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлэн зөв тогтоож, нэхэмжлэгч ххххын оруулсан хөрөнгийн хэмжээг 38,058,600 төгрөг гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

7. Харин хамтын гэрээ дуусгавар болсонтой холбогдон түүний үр дагаврыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчиж, хариуцагчаас 48,950,012 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн байна.

7.1. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлд хамтран ажиллах гэрээний үргэлжлэх хугацаанаас хамаарч гэрээнээс татгалзах, гарах үндэслэл, 478 дугаар зүйлд хамтын үйл ажиллагаанаас бий болсон ашгийг хуваарилах, алдагдлыг хүлээх хариуцлагын талаар тухайлан зохицуулсан.

7.2. Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээнээс ашиг олоогүй, хамтын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөгүй, салоны орлого, зарлагын тайланг үнэн зөвөөр гаргаж өгөөгүй, салоны орлогыг их хэмжээгээр өөрийн хувийн дансандаа авсан гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгөө буцаан шаардаж, ашиг хуваарилахын шаардсан агуулгатай нэхэмжлэл гаргажээ.

7.3. Талууд гэрээнд хугацаа заагаагүй байна. Хариуцагч нь гэрээнээс татгалзан гарах нэхэмжлэгчийн саналыг хүлээн авч, оруулсан хөрөнгөөс 26,090,900 төгрөгийг буцаан өгөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-т зааснаар тэдгээрийн хамтын гэрээ дуусгавар болсон гэж үзнэ.

7.4. Гэрээний 3.7-д зааснаар талууд хамтын үйл ажиллагааны орлогоо Голомт банк ХК-д ххххххххххх дугаартай дундын дансанд шилжүүлж байсан баримт хэрэгт авагджээ. /1хх49-71/ Уг нотлох баримтаас ххххх болон хххха нарын эзэмшлийн ххххххххххх дансны орлого, зарлагын гүйлгээний дүнг талуудын хамтран ажилласан хугацаагаар /2022.08.05-ны өдрөөс 2023.01.05-ны өдрийг хүртэл/ тооцвол, гүйлгээний орлого 83,349,145 төгрөг, зарлага 87,380,138 төгрөг байна.

Хариуцагч нь ... 76,424,900 төгрөгийн зардлыг би болон хххха эгчийн зүгээс гаргасан гэдгийг нотолж байна. ... гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байх тул энэ хэмжээгээр хамтын үйл ажиллагааны зардлыг тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцнэ.

7.5. Талууд гэрээний 3.1-т А тал, Б тал нь хамтын үйл ажиллагааны зардлыг 30:70 хувиар тооцон нийт орлогоос төлөх, 3.2-т ашиг орлогыг 30:70 хувиар хувааж байхаар тус тус харилцан тохиролцжээ. /1хх7/ Уг гэрээний дагуу талуудын хамтын үйл ажиллагааны орлого 83,349,145 төгрөгөөс нэхэмжлэгчид ногдох 30 хувь нь 25,004,743 төгрөг, зардал 76,424,900 төгрөгөөс нэхэмжлэгчийн хариуцан төлөх 30 хувь нь 22,927,470 төгрөг байх бөгөөд үүнээс харилцан тооцвол 2,077,273 төгрөг нэхэмжлэгч ххххад хуваарилагдаж байна.

7.6. Талууд гэрээний 8.1-д Б талын өөрийн гараар хийсэн ажлын хөлс нь салоны орлогод хамаарахгүй бөгөөд өөрийн хувийн орлого болно гэж харилцан тохиролцсон байна. Хариуцагч нь өөрийн эзэмшлийн ХААН банк дахь хххххх тоот данснаар хувийн орлогоо авдаг талаар шүүх хуралдаанд тайлбарлажээ. Нэхэмжлэгч тал уг тайлбарыг үгүйсгээгүйн гадна салоны орлогыг их хэмжээгээр өөрийн хувийн дансандаа авсан гэх тайлбарын үндэслэл нь түүний шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ХААН банк ХК болон бусад банкны дансны хуулгын баримтуудаар тогтоогдохгүй байна. /1хх119-208, 226-245/

Хариуцагч хххххийн эзэмшлийн ХААН банк дахь хххххх тоот дансны орлогыг талуудын хамтын үйл ажиллагааны үр шимд тооцон, 81,590,854 төгрөгийн орлого хуваарилахыг нэхэмжлэгч шаардаж буй нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй.

 

Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч хххххээс 40,135,873 /38,058,600+2,077,273/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ххххад олгох нь зүйтэй байна. Энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

8. Хариуцагч тал шүүх хуралдааны тэмдэглэл бичгээр гараагүй, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах боломжоор хангаагүй гэх агуулгыг давж заалдах гомдолд тусгажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар үйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэл бэлэн болоогүй, шүүх хуралдааны оролцогчдын тайлбарыг тэмдэглэлд бүрэн тусгаагүй, алдаатай бичигдсэн, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг баталгаажуулах журамтай. Иймээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэх хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/00816 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч хххххээс 40,135,873 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ххххад олгож, нэхэмжлэлээс үлдэх 81,513,733 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 533,155 гэснийг 358,629 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 402,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД