Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 134/ШШ2016/00115

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Ж.Э нэхэмжлэлтэй Г.Г-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 970 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Би Г.Г 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 12 200 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Г.Г нь зээлийн төлбөрийг төлөөгүй ба гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл сунгахыг хүссэн. Г.Г нь өөрийн гараар сунгах гэрээг бичиж, бид гарын үсгээ зурж баталгаажуулсан. Гэвч Г.Г нь 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болоход мөн л зээлийг төлөлгүй өнөөг хүрч байна. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож, үндсэн зээл 12 200 000 төгрөг, түүний хүү 670 000 төгрөгийн хамт нийт 18 970 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч анхны нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 13 670 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлнө гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Э анхны нэхэмжлэлийн шаардлага болох 18 970 000 төгрөгнөөс 13 670 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Зохигчид хоорондоо: ...Нэхэмжлэгч Ж.Э нь анхны нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээл, зээлийн хүү 13 670 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.Г нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ж.Э төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, зохигчид хоорондоо эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

                  Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Г.Г холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 970 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд дараах байдлаар эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байх тул тус шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 134/ШЗ2016/00768 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж”-ийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон,  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ж.Э нь анхны нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, алданги нийт 18 970 000 төгрөгийг багасгаж, зээл, зээлийн хүү 13 670 000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Г.Г нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч талууд харилцан тохиролцсон байна.

Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Талууд эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тохиролцоогүй тул хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд  урьдчилан төлсөн 252 800 төгрөгийн тавин хувь болох 126 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 126 400 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 113 150 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Тус шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 134/ШЗ2016/00768 дугаартай Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Э нь анхны нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээл, зээлийн хүү 13 670 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.Г нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ж.Э төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, зохигчид хоорондоо эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд  урьдчилан төлсөн 252 800 төгрөгийн тавин хувь болох 126 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 126 400 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 113 150 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

4.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.НАРАНЧИМЭГ