| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0624/Э |
| Дугаар | 667 |
| Огноо | 2019-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 667
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл ҮД:2-01,
хохирогч О.Отгонбаатар, түүний өмгөөлөгч М.Батмөнх ҮД:18-28 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Совогт Д.Д-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00738 0650 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Д
Холбогдсон хэргийн талаар:
Д.Д нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаникийн автобусны эцсийн буудлын “Амьжиргаа” нэртэй дэлгүүрийн гадаа иргэн О.Отгонбаатарыг гараараа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө манай дэлгүүрт үл таних хүн орж ирсэн. Орж ирэхээсээ өмнө дэлгүүрийн цонхоор дахин дахин шагайгаад байхаар нь би болохгүй гэж хэлтэл намайг чамтай тааралднаа гэж заналхийлсэн маягтай хэлж байсан. Би байцаагчид энэ хүнийг олох талаар хэлж байсан. 12 дугаар сарын 27-ны өдөр дэлгүүрт Отгонбаатар орж ирсэн байгааг хараагүй байтал худалдагч охин энэ манай дэлгүүрийг шатаасан хүн байна гэж хэлсэн. Тэгээд хартал гараад явсан. Би араас нь гараад дуудаад уулзъя, та маскаа авчих гэтэл үгүй гэж уурласан. Би зууралдаж байгаад маскийг нь авсан чинь Отгонбаатар мөн байсан. Бид хоёр зууралдаж байгаад би Отгонбаатарыг унагаасан нь үнэн. Тэгээд босч ирээд намайг яана шүү гэж хэлэхэд би айсан. Хутгатай байвал яанаа гэж бодсон. Тухайн үед цагдаагийн газар очоод би манай дэлгүүрийг шатаасан хүнийг би олоод ирлээ гэж хэлсэн. Би Отгонбаатарыг унах үед гараар цохиж, босоод ирэхэд нь өшиглөсөн. Тэгээд дэлгүүртээ оруулаад цагдаа дуудсан. Тухайн өдөр Раднаабазар байцаагч дээр очсон. Тэгээд гэмтэл дээр очиж компьютерт харуулсан чинь зүгээр байна гэж хэлсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Отгонбаатар мэдүүлэхдээ: Дэлгүүр шатаасандаа гэмшиж байгаа. Хуулинд хүн амаараа зохиож ярьж болохгүй байх. Би ээждээ харамсаж байна. Тэр өдөр дэлгүүр шатаасан шалтгаан нь намайг өмнө нь дэлгүүрт ороход хөөж гаргаад, зодсоноос болсон. Би дэлгүүрээс нь гуйлгачин шиг хөөгдөж зодуулсан байгаа. Дэлгүүрийг нь яагаад шатаах болсон бэ гэдгийг үнэн зөвөөр асууж, тодруулахгүй байна. Энэ хүн намайг зодоход миний хамар хугарсан. Би компьютерийн зураг авахуулсан мөнгөө л нэхэмжилсэн. Энэ хүнийг цаашид хүнтэй дахин тэгж битгий харьцаасай гэж хүсэж байна. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Отгонбаатарын өгсөн: ...Тухайн өдөр би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зооринд байдаг найзтайгаа 1 шил архи хувааж уугаад автобусанд сууж Ботаникийн эцсийн буудал дээр буусан юм. Тэгээд Дэлгэрэхийн дэлгүүрийн хажуугаар явж байхад Дэлгэрэх дэлгүүрээсээ гарч ирээд намайг гадаа гудамжинд зодож байгаад дэлгүүр рүүгээ чирч оруулаад хамар руу мөргөж, хамар руу цохисон. Тэгээд цагдаа ирсэн. Тухайн үед миний хамарнаас их хэмжээний цус гарсан. Би зодуулснаасаа хойш хоригдож байгаа болохоор эм тариа худалдан аваагүй. Надад хамрын зургаа авахуулсан 120.000 төгрөгийн баримт байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 324 дугаартай шинжээчийн:
1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1621 үндэслэлтэй байна.
2. Натур эмнэлгийн 2019.02.19-ний өдрийн Толгойн КТГ шинжилгээгээр О.Отгонбаатарын хамар яс хуучин хугаралтай байна. Хамар ясны хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.
3. О.Отгонбаатарын биед тогтоогдсон хамар ясны хугарал үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Шинжээч эмч Б.Ганзориг, М.Золжаргал, О.Оюунбаясгалан гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Дийн: ...2018 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Отгонбаатар гэдэг залуу миний ажиллуулдаг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаникийн эцэст байдаг “Амьжиргаа” нэртэй дэлгүүрийг галдан шатаасан юм. Би тухайн үед Отгонбаатарын царай төрхийг нь сайн тогтоож авсан байсан юм. Дараа нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дэлгүүр дээрээ байж байхад Отгонбаатар манай дэлгүүрт орж ирээд гарсан байсан. Би тухайн үед нь анзаараагүй. Тэгтэл манай худалдагч Даваадэлгэр надад Дэлгэрэх ах аа, манай дэлгүүрийг шатаадаг хүнтэй их адилхан хүн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би араас нь гүйж гараад Отгонбаатар дээр очоод Отгонбаатарт чи байж байгаарай хоёулаа дэлгүүр рүү ороод учраа олъё гэж хэлэхэд Отгонбаатар намайг яах гээд байгаа пизда вэ би ажилдаа явах гээд яарч байна гээд надтай уулзахгүй зугтаах гээд байсан. Тухайн үед Отгонбаатар нүүрэндээ маск зүүчихсэн байхаар нь би маскыг нь авч царайг нь хартал манай дэлгүүрийг шатаасан Отгонбаатар мөн байсан. Тэгэхээр нь би дэлгүүр рүүгээ оруулж цагдаа дуудаад өгчихье гэж бодоод татахад Отгонбаатар машины хамар дээр нь унасан. Тэгээд босч ирэхдээ намайг муу банди минь чамайг нэвт шаана гэж хэлсэн. Тэгтэл цаанаас хамт ажилладаг Мөнхбаяр гарч ирээд бид хоёр Отгонбаатарыг хоёр талаас нь чирч дэлгүүр рүүгээ авч орсон. Дэлгүүр рүү орох замдаа би Отгонбаатарын хамар руу гараараа нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр тал/,
- Хохирлын баримт /хх-ийн 21 дүгээр тал/
- Шүүгдэгч Д.Д-н иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33, 34, 36 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч П.Учралгэрэл нь: Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №1621 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 2018 оны 12 дугаар сарын 27-нд ГССҮТөвд авахуулсан гэх рентген зураг, гэмтлийн эмчийн үзлэгийн бичиг ирээгүй тул дүгнэлтийг гаргав...1. О.Отгонбаатарын биед гэмтэл тогтоогдоогүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар тал/,
Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №324 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд: 1. Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №1621 үндэслэлтэй байна. 2. Натур эмнэлгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Толгойн КТГ шинжилгээгээр О.Отгонбаатарын хамар яс хуучин хугаралтай байна. Хамар ясны хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 3. О.Отгонбаатарын биед тогтоогдсон хамар ясны хугарал үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Шинжээч эмч Б.Ганзориг, М.Золжаргал, О.Оюунбаясгалан гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар талд/ ба шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгөхийг хүсч мэтгэлцэж байна.
Хэдийгээр хавтаст хэрэгт 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасан боловч эхний шинжээчийн дүгнэлт гаргахдаа 2018 оны 12 дугаар сарын 27-нд ГССҮТөвд авахуулсан гэх рентген зураг, гэмтлийн эмчийн үзлэгийн бичиг ирээгүй тул дүгнэлтийг гаргасан тухайгаа тэмдэглэсэн байдаг. Хоёр дахь дүгнэлт буюу Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №324 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Натур эмнэлгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Толгойн КТГ шинжилгээгээр “О.Отгонбаатарын хамар яс хуучин хугаралтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг ба Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №324 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь энэ хэргийн хохирогч О.Отгонбаатар нь шүүгдэгч Д.Дийн эд хөрөнгийг шатаасан хэрэгт холбогдон 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс цагдан хоригдсон болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 361 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байх энэ хугацаанд гэмтэл авах бололцоогүй байна. /хх-ийн 66-69 дүгээр тал/
Шүүгдэгч Д.Д-н өмгөөлөгч П.Учралгэрэлийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Д.Д нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаникийн автобусны эцсийн буудлын “Амьжиргаа” нэртэй дэлгүүрийн гадаа иргэн О.Отгонбаатарыг гараараа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч О.Отгонбаатар, яллагдагчаар өгсөн Д.Д нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 324 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч О.Отгонбаатар КТГ-д харуулсан 120.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд уг хохирлыг шүүгдэгч төлсөн тул нотлох баримтаар төлөх төлбөргүй байна. /хх-ийн 21, 63 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.4-д заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Д-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ